| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2021/05686/И |
| Дугаар | 210/МА2025/02081 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/02081
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/07941 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** ХХК, Н.******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт нийт 133,115,000 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* миний бие Н.*******тай дунд сургуулийн найз бөгөөд Н.******* нь ******* гэх байгууллага гишүүнчлэлээр элсүүлээд авто замын ажил авч өгдөг юм байна, надад мөнгө байхгүй учраас мөнгө зээлдүүлээч гэсэн. Ингээд 2016 оны 09 сард 30,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Баримт дээр ****** ХХК-ийн гишүүнчлэлийн татвар гэж бичээд ******* миний бие гарын үсэг зурсан. 2016 оны 10 сард Н.*******т дахин 20,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Үүнээс хойш *******ын хүсэлтээр 2017 оны 01 сараас 2019 оны 05 сар хүртэлх хугацаанд нийт 34,250,000 төгрөг нэмж зээлдүүлсэн. Н.******* нь авто замын ажлаа хийж дуусгаад мөнгө буцааж төлнө гэж хэлдэг. Талуудын аман тохиролцоогоор 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн.
Иймд хариуцагч Н.*******аас зээл 84,250,000 төгрөг, 2019 оны 05 сараас 2021 оны 10 сар хүртэлх хугацааны хүү 48,865,000 төгрөг, нийт 133,115,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын хариу тайлбарын агуулга: ******* нь 2016 оны 09 сард *******-ийн захирал Ц.******* гэж хүн гишүүнээр элсүүлээд компаниудад ажил хуваарилж өгдөг юм байна, чи тэрэнд орох уу гэж эхэлж өөрөө хэлсэн. Гишүүнд элсэх мөнгө байхгүй гэхэд би мөнгө гаргая ажил төрөл аваад дараа нь буцаагаад төлнө биз дээ гэсэн. Ингээд ******* нь *******-ийн оффис дээр очиж гарын үсгээ зурж 30,000,000 төгрөг тушаасан. Ингээд залилангийн хэрэгт холбогдоод намайг их хэмжээний хохиролд оруулах эрсдлийг тавьсан. ******* нь өөрөө санаачилж тушаасан 30,000,000 төгрөг, өөр хохирол байвал Ц.*******эс нэхэмжлэх хэрэгтэй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д тус тус зааснаар хариуцагч ****** ХХК, Н.*******аас нараас 52,768,506 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, үлдэх 80,346,494 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 823,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****** ХХК, Н.******* нараас 421,792 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг анхааралтай хянаж, зөв үнэлж дүгнээгүйгээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийдвэртээ ...хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... *******-аас замын ажил авч өгч байна, хамтарч ажиллая гэсэн санал гарган тус байгууллага дээр очиж Ц.******* гэх хүнд 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө тушаасан гэж тайлбарласан боловч эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгч, хохирогчоор Н.******* тогтоогдсон байна... гэж зөв дүгнэсэн атлаа дээрх эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн эсэхийг тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь миний эрх ашгийг зөрчихөд хүргэж байна.
4.2. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийн шийдвэр эцэслэн гарахдаа *******ын аваачиж өгсөн мөнгийг надад шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Учир нь 2025 оны 05 сарын 28-ны өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож одоогийн байдлаар анхан шатны шүүх рүү тус эрүүгийн хэрэг хянагдахаар шилжээд байгаа болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: ******* нь 2021 оны 11 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2025 оны 09 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг. Н.******* болон ******* нарын хооронд аман хэлцлээр зээлийн гэрээ байгуулагдсан. Гэвч анхан шатны шүүх Н.*******ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар хэргийг шийдвэрлэсэн учир нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй. Н.******* нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо би Ц.*******эс өөрийн мөнгийг авсан тохиолдолд *******ын хохирлыг төлж барагдуулна гэж тайлбарлаж байна. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан үндэслэлд тухайн асуудал нь хамаарахгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ****** ХХК, Н.******* нарт холбогдуулан зээл 84,250,000 төгрөг, зээлийн хүү 48,865,000 төгрөг, нийт 133,115,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгч нь өөрөө санаачилж тушаасан 30,000,000 төгрөг, бусад хохирлоо Ц.*******эс нэхэмжлэх ёстой, уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан 2016 оны 09 сарын 21-ний өдрийн 0139 дугаартай кассын орлогын ордер, Хаан банк дахь *******ын эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 07 сарын 07-ны өдөр Цагдаагийн байгууллагад Н.*******ын өгсөн гэрчийн мэдүүлэг, ******* ГҮТББ болон ****** ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 09 сарын 21-ний өдрийн АГ/034 дугаартай Гишүүнчлэлээр хамтран ажиллах түншлэлийн гэрээ, 2016 оны 10 сарын 03-ны өдрийн 16/09/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2017 оны 03 сарын 29-ний өдрийн АГ-01/2 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2017 оны 03 сарын 30-ны өдрийн АГ-01/06 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу харьцуулан үнэлбэл нэхэмжлэгчийн гаргасан ...хариуцагч нь ******* ГҮТББ-д мөнгө өгч гишүүнээр элсээд ажил авдаг юм байна, мөнгө зээлдүүлээч гэсний дагуу мөнгө зээлдүүлсэн, улмаар Н.******* захиралтай ****** ХХК нь 2016 оны 09 сарын 21-ний өдөр тус ГҮТББ-д гишүүнээр элсэж, үүний дараа авто замын ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан... гэсэн агуулгатай тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй.
Дээр дурдсан 2016 оны 09 сарын 21-ний өдрийн 0139 дугаартай кассын орлогын ордер-т нэхэмжлэгч ******* гарын үсэг зурсан боловч ****** ХХК-ийн нэрийн өмнөөс 30,000,000 төгрөгийг ******* ГҮТББ-д тушаасан, үүний дагуу ****** ХХК уг ГҮТББ-д гишүүнээр элсэж, уг ГҮТББ-тай ажил гүйцэтгэх гэрээнүүд байгуулсан байх тул хариуцагч талын гаргасан ...нэхэмжлэгч нь өөрөө санаачилж тушаасан 30,000,000 төгрөг, бусад хохирлоо Ц.*******эс нэхэмжлэх ёстой... гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй.
4. Анхан шатны шүүх хэргийн баримтаар нотлогдож буй 52,768,506 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж, улмаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримталж маргааныг хянан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул давж заалдах шатны шүүх уг алдааг залруулж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна.
5. Анхан шатны шүүх хариуцагч нараас 52,768,506 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд зохигчид давж заалдах гомдол гаргаагүй тул уг шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй.
6. Хариуцагч талын гаргасан ...анхан шатны шүүх уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээгүй... гэсэн агуулгатай гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Учир нь Ц.******* нарт холбогдуулан гаргасан Н.*******ын гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь ****** ХХК, Н.******* нарт холбогдуулан гаргасан *******ын нэхэмжлэл, түүний үндэслэлтэй холбоогүй, тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлд хамаарахгүй юм.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/07941 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт... гэснийг ...281 дүгээр зүйлийн 281.1-д... гэж өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 421,793 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР