| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07029/И |
| Дугаар | 5174 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 5174
2016 оны 09 сарын 23 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/05174 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн .дүгээр хэлтсээс, Баянзүрх дүүргийн .дугаар хороо, ..дугаар хороолол, ...тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны .. тоотод түр оршин суух хаягтай, 1962 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, ... регистртэй, Жарантай овогт Б.Ц-г архины албадан эмчилгээнд явуулж, эмчлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Э.О, гуравдагч этгээд Б.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Тус дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 4-14 тоотод оршин суух Б.Ц нь байнга архидан согтуурч, иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг удаа дараа алдагдуулдаг зөрчил гаргаж, 5 удаа албадан саатуулагдаж, 7 удаа Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ авагдаж байсан тул хуулийн дагуу албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Б.Цэрэнханд нь тус дүүргийн 10 дугаар хороо, .. дугаар хороо, Орхоны... тоотод оршин суудаг бөгөөд хамтран амьдарагч гэх н.Э-тай нийлж байнга архидан согтуурч, иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг удаа дараа алдагдуулдаг зөрчил гаргасан. Энэ байдал нь ойр орчмын оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, байнга гомдол гаргадаг. Иймд Б.Ц-ыг Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн дүгнэлт болон хүсэлтэд хавсаргасан баримт зэргийг харгалзан үзэж түүнийг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Б.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Би 2011 оноос хойш эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Сүүлийн 4 жил тогтмол архи ууж байна. Архи уухгүй болохоор байж суух газаргүй болчихдог. Миний бие цаанаасаа архийг нэхээд байдаг юм. Надад өвдөж зовиурлаад байх өвчин байхгүй. Өмнө нь архины албадан эмчилгээнд явж байгаагүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн .. дугаар хороо, Орхоны ...тоотод түр оршин суух хаягтай, 1962 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, ...регистртэй, Жарантай овогт Б.Ц-ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Гуравдагч этгээд Б.Ц нь бусадтай нийлж нийгмийн хэв журам зөрчин архидан согтуурч, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь түүний өөрийн тайлбар, иргэн Д.Б-ийн Цагдаагийн байгуулагад гаргасан өргөдөл, тайлбар, Цагдаагийн бүртгэлийн системийн хуулбар, зэрэг баримтуудаар нотлогдож байх ба архинд донтох өвчтэй болох нь Согтуурах мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлтээр архинд донтох өвчний 3 дугаар зэргээр архины албадан эмчилгээнд явуулах шаардлагатай болох нь тогтоогдоогдож байх тул түүнийг архины албадан эмчилгээнд дахин хамруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар ... регистртэй, Жарантай овогт Б.Ц-г албадан эмчлэх газарт явуулж, давтан эмчилгээ хийлгэсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар хүсэлт гарагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА