| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 191/2025/03368/И |
| Дугаар | 210/МА2025/02082 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/02082
*******н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/06870 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: даатгалын нөхөн төлбөрт 113,460,000 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* ХХК-тай 2024 оны 05 сарын 06-ны өдөр ТХ23/12 дугаартай даатгалын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, ******* улсын дугаартай LEXUS ******* маркийн автомашиныг тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулсан. Тухайн автомашиныг П.******* жолоодож явахдаа 2024 оны 06 сарын 05-ны өдөр Тэрэлжийн гүүрний зүүн хэсгээр гол гатлах үед тээврийн хэрэгсэл усанд сууж хохирол учирсан. Даатгалын тохиолдол бий болсон талаар ******* ХХК-ийн шуурхай дуудлагын төвийн *******, ******, ******* утасны дугааруудад залгаж мэдэгдсэн. Автомашинд учирсан эвдрэлээс үүдэн автомашин өөрөө явах боломжгүй болж Улаанбаатар хот руу машинд ачуулж авч ирсэн. Энэ тухай ******* ХХК-д мэдэгдсэн. Улмаар тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг тодорхойлуулахад хохирол үнэлэгч ******* ХХК нь 106,950,000 төгрөг гэж тогтоосон. ******* ХХК-д нөхөн төлбөр олгох талаар хүсэлтийг холбогдох баримтын хамт гэрээнд заасан хугацаанд гаргасан. Гэвч ******* ХХК нь ...осол болсон даруйд даатгагч, цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч ослын шалтгааныг тогтоолгоогүй, мөн тээврийн хэрэгслийг ослын газраас ачуулж Улаанбаатар хотод авч ирсэн үедээ даатгагчид мэдэгдэж бүртгүүлсэн, даатгалын зүйлд хохирол учирсан анхдагч шалтгаан нөхцөл тогтоогдохгүй, ослын мөр арилсан... хэмээн даатгалын гэрээний ерөнхий нөхцөлийн 6.8, 6.9, 7.2.2, 7.2.3, тусгай нөхцөлийн 6.2-т заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргахад ...тохиолдлыг талуудаас ирүүлсэн баримт, материалын хүрээнд хянахад, даатгуулагч даатгалын тохиолдол болсон талаар 2024 оны 06 сарын 08-ны өдөр өөрийн нэр дээрх үүрэн холбооны ******* дугаараас даатгагчийн шуурхай албаны *******, *******, ******* дугаарт залгаж мэдэгдсэн, мөн даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг даатгалын хохирол үнэлэгч ******* ХХК-аар үнэлүүлэн хохирлын хэмжээг тогтоолгож, нөхөн төлбөрийн баримтыг даатгалын гэрээнд заасан хугацаанд бүрдүүлэн өгсөн байх тул даатгагчийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр үндэслэлгүй, даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгож, энэ талаар 2025 оны 01 сарын 07-ны өдрийн дотор тус Хороонд эргэж хариу мэдэгдэнэ үү... гэсэн хариу албан бичиг гарсан. ******* ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгээр өгсөн үүргийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.
Иймд даатгалын нөхөн төлбөр 106,950,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 6,510,000 төгрөг, нийт 113,460,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Талууд 2024 оны 05 сарын 07-ны өдөр ТХ23/12 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г нэг жилийн хугацаатай байгуулсан. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 07 сарын 26-ны өдөр даатгалын гэрээнээс татгалзаж, тус өдөр даатгалын хураамж болох 1,600,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансанд буцаан авсан. Даатгалын гэрээний ерөнхий нөхцөлийн 6.8, тусгай нөхцөлийн 6.2-т заасан нөхөн төлбөр олгохгүй нөхцөл байдал бүрдсэн. Нэхэмжлэгчийн зөвшөөрөл бүхий этгээд нь 2024 оны 06 сарын 05-ны өдөр тээврийн хэрэгслийг жолоодон Налайх дүүргийн Тэрэлжийн гүүрний зүүн талд голоор гарах үедээ нүх дайрч, усанд суусан гэж мэдүүлсэн бөгөөд осол болсон даруйд аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр даатгагч эсхүл цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч, газар дээрх үзлэг шалгалтыг огт хийлгээгүй, тээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээдийг тогтоолгоогүй, жолооч нь согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхээ шалгуулаагүй байдаг. Осол болсноос хойш 3 хоногийн дараа буюу 2024 оны 06 сарын 08-ны өдөр даатгагчид мэдэгдсэн бөгөөд энэ үед ослын ул мөр нэгэнт арилсан, даатгагчийн зүгээс үзлэг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн даатгалын гэрээний тусгай нөхцөлийн 5.5-д зааснаар даатгалын тохиолдлын нөхцөл байдлыг харуулсан фото зураг, видео бичлэг зэргээр ослын байдлыг баталгаажуулаагүй. Даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй тусгай нөхцөлийн 6.11-т заасан Зөвшөөрөгдсөн гарамгүй газраар гол, нуур гаталсан, гатлах оролдлого хийсэн, тээврийн хэрэгсэл зорчиход илт тохиромжгүй, замгүй газраар зорчсоноос үүссэн хохирол гэх нөхцөл бүрдсэн. Нэхэмжлэгчийн мэдүүлснээр болон нэхэмжлэлд дурдсанаар Тэрэлжийн гүүрний зүүн талд голоор гарах үедээ нүх дайрч, усанд суусан гэснээс үзвэл зөвшөөрөгдсөн гарамгүй, зорчиход илт тохиромжгүй, замгүй газраар гол гатлах үедээ осолдсон гэж үзэх үндэслэлтэй.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-д заасан нөхцөл бүрдсэн. Нэхэмжлэгч *******н мэдээлснээр тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх хүнтэй шууд холбогдож, осол болох үеийн нөхцөл байдлын талаар гар өргөдөл авахыг хүссэн боловч ******* нь Манай 10 жилийн ангийн уулзалт болж байсан, ангийн залуу машин барьж явсан, манай нөхөр хардаж уурласан тул тэр утсаа салгаад алга болсон гэх шалтгаанаар тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсан тухай бодит үнэнийг даатгагчаас нуусан. Даатгуулагч ******* нь өөрийн нөхөр П.******* гэх хүнээр тээврийн хэрэгслийг жолоодож явсан мэтээр гар өргөдөл бичүүлж, жолооны үнэмлэхийг хавсаргаж ирүүлсэн. Даатгуулагч ******* нь даатгагчид анх даатгалын тохиолдлыг мэдэгдэх, нөхөн төлбөрийн хүсэлт ирүүлэх үеэс эхлэн худал мэдүүлж, хуурамч материал бүрдүүлэн ирүүлсэн. Нөхөн төлбөрийн ахлах шинжээч А.******* (ажлаас гарсан) нь даатгуулагчийн хамтаар 2024 оны 06 сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл усанд суусан гэх газартай танилцахаар явсан боловч даатгуулагч нь замдаа ослын газрыг Хонхор буюу Налайхын наана эсхүл Тэрэлжийн УБ-2 түүнчлэн Тэрэлжийн гүүр гэж 3 удаа өөрчилсөн. Өөрөөр хэлбэл осол хаана болсныг өөрөө мэдэхгүй нөхцөл байдал илэрсэн. Мөн нөхөн төлбөрийн ахлах шинжээчид хэрэв нөхөн төлбөрийг шийдэж өгвөл үнийн дүнгийн 10%-ийг өгөхөөр амласан буюу нөхөн төлбөрийг шийдүүлэхийн тулд даатгагчийн ажилтантай тохиролцох гэж оролдсон хууль бус үйлдлүүд даатгуулагч *******гээс гарсан.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар ******* ХХК-аас 42,880,000 төгрөг гаргуулж, *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,580,000 төгрөгт холбогдох хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 725,250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 372,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг талуудын тайлбартай харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь, шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг, мөн даатгалын тохиолдол бий болсон талаар зөв дүгнэсэн атлаа даатгалын байгууллагад хугацааг хожимдуулж мэдээлсэн, даатгагчийг хууль болон гэрээнд заасан ослын талаар шалгах эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн гэж үзсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүйгээс гадна бодит нөхцөл байдалд нийцээгүй.
4.2. Хэрэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 12 сарын 24-ний өдрийн 1/4226 дугаартай Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг нотлох баримтаар авагдсан. Уг албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актад хамаарч байхаас гадна уг шийдвэрийг буюу актыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр байдаггүй бөгөөд хариуцагч ******* ХХК нь тухайн албан бичигт заасан шаардлагыг биелүүлээгүй үйл баримт нотлогдоно. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т хорооны шийдвэрийг зөвшөөрөл эзэмшигч буюу ******* ХХК нь заавал биелүүлэх үүрэгтэй байхаас гадна хэрэв эс зөвшөөрвөл холбогдох байгууллагад мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар гомдол гаргах эрхийг нь хуульчилсан. Гэвч хэрэгт уг хорооны шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан, холбогдох шүүхэд хандсан, улмаар шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон зүйл огт байхгүй. Энэ нь Санхүүгийн зохицуулах хороог даатгалын тохиолдлын талаар хяналт шалгалтыг явуулан үндэслэл бүхий шийдвэр гаргасныг илтгэж байна. Энэ шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдээгүйгээр зогсохгүй шүүх уг хяналт шалгалт явуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй гэж үзэж байна.
4.3. Хариуцагчийн зүгээс зам тээврийн осол болсон, даатгалын тохиолдол болсон талаар эрх бүхий байгууллага болох замын цагдаагийн газарт хандаагүй, цагдаагийн байгууллагын тодорхойлолт байхгүй хэмээн мэтгэлцдэг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.4, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.15-д заасан зам тээврийн осол биш, зам дээр болсон осол огт биш учир Замын цагдаагийн газарт огт хамааралгүй, тухайн байгууллагаас хяналт шалгалт явуулах хууль зүйн үндэслэл байгаагүй. Хариуцагчийн зүгээс гаргасан усанд автаж уг осол болсон үйл баримт нотлогддоггүй гэх тайлбар нь хэргийн материалд байх жолоочийн тайлбар, хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр зэрэг нотлох баримтуудаар бүрэн няцаагддаг юм. Гэвч шүүх энэ талаарх дүгнэлтийг бүрэн бус хийсэнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэх дүгнэлтэд хүргэж байна.
4.4. Дээр дурдсанчлан хариуцагч байгууллагыг даатгалын нөхөн төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт огт байхгүй байхад хариуцагчид мэдэгдэх үүргээ хожимдуулсан гэж үзэж хариуцвал зохих даатгалын нөхөн төлбөрөөс 50%-ийг нь чөлөөлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр илт үндэслэл муутай байна. Энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлсэнтэй шууд хамааралтай гэж ойлгож байна.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
5.1. Анхан шатны шүүхээс TX23/12 дугаартай Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г бодитоор, үнэн зөв үнэлээгүй, талуудын нотолбол зохих үйл баримтыг бодитоор бүрэн дүгнэлгүй 42,880,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн.
5.2. Даатгалын тохиолдлыг нотлох боломжгүй болсон тухайд. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, даатгалын тохиолдол буюу Тэрэлжийн гүүрний ойролцоо голын усанд автсан гэх нөхцөл байдлыг тогтоох ямар ч нотлох баримт байхгүй байдаг. Даатгалын гэрээний тусгай нөхцөлийн 5-д нөхөн төлбөр олгоход шаардлагатай баримуудыг жагсаан дурдсан бөгөөд 5.5-д Даатгалын тохиолдлын нөхцөл байдлыг харуулсан фото зураг, 5.3-д Даатгалын тохиолдлын шалтгаан, хэмжээг нотлох эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр, тогтоол бусад эрх зүйн акт-ыг үндэслэж нөхөн төлбөр олгохоор тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч тал ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй тул хэзээ, хаана, ямар шалтгаан, нөхцөлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан болох нь тодорхойгүй байдаг. Түүнчлэн, анхан шатны шүүхээс даатгалын гэрээний ерөнхий нөхцөлийн 6.8-д Даатгалын тохиолдлын цаг хугацаа, хохирлын шалтгаан зэргийг нотлох боломжгүй бол нөхөн төлбөр олгохгүй гэж заасанд ямар ч дүгнэлт хийгээгүй, үндэслэх хэсэгт огт дурдаагүй, яг аль баримтад үндэслэн даатгалын тохиолдол болсон гэж үзсэнээ дүгнэлгүй шийдвэр гаргасан.
5.3. Нэхэмжлэгч даатгагч болон цагдаагийн байгууллагад ослын талаар мэдэгдэх үүргийн тухайд. Даатгуулагч ослын талаар даатгагч болон замын цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй, тэдний зөвшөөрөлгүйгээр ослын газраас хөдөлсөн байдаг ба үүнийгээ даатгуулагч өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Осол болсноос 3 хоногийн дараа буюу 2024 оны 06 сарын 08-ны өдөр даатгагчид мэдэгдсэн бөгөөд мэдэгдэх үед ослын ул мөр нэгэнт арилсан байсан. Даатгалын гэрээний тусгай нөхцөлийн 6.2-д Даатгагч болон замын цагдаагийн байгууллагад ослын талаар мэдэгдэлгүйгээр тэдний зөвшөөрөлгүйгээр ослын газраас хөдөлсөн, ослын ул мөрийг балласан бол нөхөн төлбөр олгохгүй гэж заасан. Гэвч шүүхээс зөвхөн Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3-д заасныг үндэслэн нөхөн төлбөр олгуулахаар шийдвэрлэсэн нь буруу. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлүүд нь даатгуулагчийн өөрийн хариуцлагаас бүрэн хамаарах тохиолдлууд байдаг ба бидний хооронд байгуулсан даатгалын гэрээ нь Иргэний хуульд заасан стандарт нөхцөл бүхий гэрээ бөгөөд гэрээнд тусгагдсан нөхцөлийг даатгагч тал дангаар найруулж, шийддэг бус Төрийн эрх бүхий захиргааны байгууллага буюу Санхүүгийн зохицуулах хороотой зөвшилцөн бүргүүлсний үндсэн дээр бусадтай байгуулдаг гэрээ юм.
5.4. Даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй тусгай нөхцөлийн 6.11-т заасан нөхцөл бүрдсэн тухайд. Нэхэмжлэгчийн Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан өргөдөл болон нэхэмжлэлдээ дурдсанаар Тэрэлжийн гүүрний зүүн талд голоор гарах үедээ нүх дайрч, усанд суусан гэсэн тайлбар, мөн гэрч н.*******д зааж өгсөн ослын газар зэргээс үзвэл зөвшөөрөгдсөн гарамгүй, зорчиход илт тохиромжгүй, замгүй газраар гол гатлах үедээ осолдсон гэж үзэх үндэслэлтэй байсан. Өөрөөр хэлбэл, Тэрэлжийн гүүр хажууд нь байсан байтал гол руу орсон үндэслэл тодорхойгүй байна. Шүүхээс тус гэрээний заалтыг хэт явцууруулж буруу дүгнэсэн. Тухайлбал шүүх хориглосон гармаар зорчсон гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэжээ. Гэвч гэрээнд зөвшөөрөгдсөн гарамгүй, зорчиход илт тохиромжгүй, замгүй газраар гол гатлах үед болсон ослын нөхөн төлбөрийг олгохгүй гэсэн болохоос хориглосон гармаар зорчсон тухай зохицуулалт байхгүй.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 106,950,000 төгрөг, үнэлгээний хөлс 6,510,000 төгрөг, нийт 113,460,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...2024 оны 06 сарын 05-ны өдөр даатгалын тохиолдол бий болсон, энэ тухай даатгагчид 2024 оны 06 сарын 08-ны өдөр мэдэгдсэн, даатгуулагчид 113,460,000 төгрөгийн хохирол учирсан, Санхүүгийн зохицуулах хорооноос нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан, уг шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...даатгалын тохиолдол бий болсон болох нь баримтаар нотлогдоогүй, даатгалын гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл байдал тогтоогдсон... гэж тус тус тайлбарлан маргажээ.
4. Талууд 2024 оны 05 сарын 07-ны өдөр ТХ23/12 дугаартай Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, ******* ХХК нь ******* улсын дугаартай, Lexus-LX450d маркийн автомашиныг эрсдэлээс даатгах, даатгалын тохиолдол бий болоход учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг төлөх, ******* нь даатгалын хураамжид 1,600,000 төгрөг төлөх нөхцөлийг тус тус тохирчээ.
Нэхэмжлэгч нь 2024 оны 05 сарын 07-ны өдөр даатгалын хураамж 1,600,000 төгрөгийг төлсөн боловч 2024 оны 07 сарын 25-ны өдөр гэрээ цуцлах хүсэлт гарган 2025 оны 07 сарын 26-ны өдөр буцаан авчээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан ...2024 оны 06 сарын 05-ны өдөр Тэрэлжийн гүүрний зүүн хэсгээр гол гатлах үед тээврийн хэрэгсэл усанд сууж хохирол учирсан... гэх тайлбараа буюу даатгалын тохиолдол бий болсон болохыг баримтаар нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.
Тодруулбал, анхан шатны шүүх даатгалын гэрээний ерөнхий нөхцөлийн 6.8-д Даатгалын тохиолдлын цаг хугацаа, хохирлын хэмжээ, хохирлын шалтгаан зэргийг нотлох боломжгүй бол даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх зохицуулалтыг анхаараагүй, энэ талаарх хариуцагч талын тайлбар, татгалзалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
6. Нэхэмжлэгч ******* нь ...даатгалын тохиолдол бий болсон болох нь хэрэгт авагдсан ******* ХХК-аас гаргасан хохирлын үнэлгээний тайлан, даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр үндэслэлгүй тухай Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг зэргээр нотлогдоно... гэж тайлбарлажээ.
6.1. Хэрэгт авагдсан хохирлын үнэлгээний тайлан нь тухайн автомашинд учирсан хохирол буюу үнийн дүнг тодорхойлох баримт бөгөөд харин тухайн автомашин хэзээ, хаана эвдэрч гэмтсэн, уг эвдрэл гэмтэл ямар шалтгаан, нөхцөлийн улмаас бий болсон гэдгийг нотлох баримт болж чадахгүй.
6.2. Даатгалын нөхөн төлбөрийн талаарх Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг гарсан хэдий ч үүргийн эрх зүйн хүрээнд шаардах эрх үүссэн эсэхэд гэрээний талууд маргасан тул холбогдох маргаан нь Иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарна.
7. Хэрэгт цугларсан баримт, зохигчийн тайлбараар даатгалын тохиолдол бий болсон болох нь эргэлзээгүйгээр нотлогдоогүй тул хариуцагч ******* ХХК нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, даатгалын гэрээний ерөнхий нөхцөлийн 6.8-д тус тус зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй.
Нэгэнт даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх нөхцөл байдал эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй тул даатгалын гэрээний тусгай нөхцөлийн 5.5, 6.2, 6.11-д заасан үндэслэлээр татгалзлаа тайлбарласан хариуцагч талын тайлбар хэргийн шийдэлд ач холбогдолгүй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/06870 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөр 106,950,000 төгрөг, үнэлгээний хөлс 6,510,000 төгрөг, нийт 113,460,000 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч *******н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 сарын 07-ны өдөр төлсөн 510,850 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 сарын 31-ний өдөр төлсөн 372,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР