| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0685/Э |
| Дугаар | 699 |
| Огноо | 2019-09-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 699
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар М.Баярмаа,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911013380669 тоот хэргийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 14-182 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Намдагийн Н.Д, /РД: ЙС74101400/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Н.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 10 дугаар сард 550.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 300.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 200.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 100.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөгийг тус тус Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвд худалдаа эрхлэгч хохирогч Б.Оюунчимэгээс 2-5 хоногийн дараа өгнө гэж зээлэх нэрээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн нийт 3.650.000 төгрөгийн эрхийг шилжүүлэн авч залилсан,
Мөн 2017 оны 01 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын хооронд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвд хохирогч Р.Оюунаас мөнгө зээлэх нэрээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн нийт 16.774.000 төгрөгийн эрхийг шилжүүлэн авсан залилсан.
Мөн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Нарантуул-2 худалдааны төвийн хүнсний лангуу, павилоныг түрээслэх эрх олгосон гэрээг хуурамчаар үйлдсэн" гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Дгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “... Би Нарантуул-2 зах ахуйн хэрэглээний лангууг 2006 оноос эхлэн ажиллуулж байсан юм. Тэр үед манай лангуунаас бараа худалдан авдаг байсан Р.Оюун гэх эмэгтэйтэй танилцаж, улмаар танил эгч дүүс болж анх 500.000 төгрөг зээлээч гэж хэлээд мөнгө авч уг мөнгийг буцаагаад 2-3 хоногоос өгсөн юм. Түүнээс хойш дахин 2.000.000-3.000.000 төгрөг эргүүлэн өгсөн. Түүнээс хойш бага багаар мөнгө авсаар байгаад 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тооцоо нийлэхэд 6.077.000 төгрөг байсан.Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дахин нийлэхэд 10.500.000 төгрөг болсон, харин энэ мөнгөнөөс 4.200.000 төгрөгийн төлөлт хийсэн. Харин нийт зээлсэн мөнгийг тооцож бодоод Р.Оюун 16.774.000 төгрөг гэж байсан бөгөөд энэ мөнгө нь миний нийт зээлсэн мөнгө байсан бөгөөд би тухайн хүнд дээрхи мөнгөнөөс урьд хэд хэдэн удаа эргэн төлөлт хийсэн. Урьдын авсан зээлнээс одоо үлдэгдэл 6.300.000 төгрөгийг хохирогч Р.Оюунд төлөх дутуу байгаа, 2019 оны 4 дүгээр сарын дундуур тооцоо нийлсэний дараа надаас зээлсэн мөнгөө нэхээд байхаар нь би аргаа бараад өөрийн нарантуул 2 зах дээр зогсдог лангуугаа уг хүний нэр дээр шилжүүлсэн хуурамч баримт бичиг бүрдүүлж, Тэгшжаргал болон Оюунсогоо гэх хүмүүсийг би хуурамчаар зурсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 129-130х/,
хохирогч Б.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.Д гэх эмэгтэй 2006 онд анх зах ашиглалтанд ороход танилцсан. Н.Д 2018 оны 12 дугаар сард надаас мөнгө зээлээч гэхээр нь 550.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн. Харин нэмээд 12 дугаар сарын18-ны өдөр дахин 300.000 төгрөг авсан. Дахин 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өгнө гэж 200.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 100.000 төгрөгийг хиамны Туул мөнгө нэхээд байна гэхээр нь уг мөнгийг өгсөн. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгнө, тэр үедээ 2.600.000 төгрөг болгож өгнө гэж хэлж байсан. Харин энэ үеээс эхлэн тухайн хүн алга болсон. Учир нь ажлаа хийгүй, лангуугаа зараад явчихсан юм. Би мөнгөө нэхэхээр танил дүү Бямбажаргал Чингэлтэй дүүргийн газрын албанд ажилладаг хүнд гаднаас их хэмжээний мөнгө орж ирнэ, тэгэхээр уг мөнгийг өгнө гэж хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Бямбажаргал надаас 3.500.000 төгрөг зээлж аваад буцаагаад 3.800.000 төгрөгийг миний данс руу хийсэн. Н.Д надаас мөнгө зээлэхдээ Бямбажаргал болон хамт дагуулж ирсэн эмэгтэйу нэрийг ашиглан надаас сүүлд 2.500.000 төгрөг зээлсэн. Сүүлд мөнгө зээлэх гээд ирэхдээ манай танил Бямбажаргал зээлээд ир гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 8-9х/,
гэрч М.Бямбажаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 12 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна Нарантуул-2 худалдааны зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг танил эгч Н.Д гэх хүнээр дамжуулан тус худалдааны төвийн хүүхдийн хувцасны лангуу ажиллуулдаг Оюунчимэг гэх хүнээс 3.000.000 төгрөгийг 3.500.000 төгрөг болгон өгнө гэж зээлсэн юм. Тухайн мөнгийг иргэн Оюунчимэгээс бэлнээр аваад 7 хоногийн хугацаанд эргүүлэн төлнө гэж аваад тухайн цаг хугацаанд төлж чадаагүй. 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр би иргэн Оюунчимэгээс зээлсэн 3.000.000 төгрөгийг 3.800.000 төгрөг болгон түүний Хаан банкны дансаар мөнгийг шилжүүлсэн. Би дахин Оюунчимэгээс мөнгө зээлээгүй. Миний нэрийг бариад худлаа ярьж уг хүнээс мөнгө зээлсэн юм шиг байна. Уг мөнгөнөөс би хувьдаа авсан мөнгө байхгүй. 2019 онд cap, өдрийг нь санахгүй байна, Оюунчимэг гэх хүн над руу мөнгөө өгөөч гээд байхаар нь гайхаад Н.Д эгч рүү залгаж асуухад миний нэрийг барьж, мөнгө авсан тухайгаа надад хэлж байсан.Тэр үедээ би өөрөө төлж барагдуулна гэж байсан. Өнөөдөр цагдаагаас над руу залгаж ярихаар нь Н.Д гэдэг хүн рүү залгаж яриад, намайг цагдаа дуудаж байна, энэ ямар учиртай юм бэ, хамааралгүй намайг яах гэж дуудаад байгаа юм бол гэж хэлэхэд, миний өөдөөс хашаа, байшингаа тавиад иргэн Оюунчимэгээс зээлсэн мөнгөө төлнө гэж ярьж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/,
хохирогч Р.Оюунаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сард Нарантуул-2 худалдааны төвөөс өөрийн хэрэгцээндээ ахуйн хэрэглээний бараа авдаг байсан. Тэр үед Н.Д гэх эмэгтэйгээс хаяа бараа авдаг байж байгаад байнга тэднийхээс авдаг болсон. Харин нэг өдөр Н.Д надад хандаж 500.000 төгрөг яаралтай хэрэгтэй байна. Надад 2-3 хонуулаад өгье гэхээр нь би дээрх мөнгийг би уг эмэгтэйд зөөлж өгсөн. Түүнээс хойш 4-5 хоногийн дараа миний мөнгийн надад бцааж өгсөн. Харин түүнээс хойш мөн адил 1.200.000 төгрөг, 1800.000 төгрөгөөр тус бүр мөнгө зээлж аваад хэлсэн хугацаандаа өгсөн. Түүнээс хойш мөнгө бага багаар авсаар байгаад 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлэхэд 6.077.000 төгрөг болсон. Дахин 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2.200.000 төгрөг, тэр өдрөө дахин 2.000.000 төгрөг авсан. 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 600.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 500.000 төгрөг зээлж авсан. Харин 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дээрх мөнгөнөөс 1.400.000 төгрөг буцааж өгсөн. Дахин хэсэг хугацааны дараа 1.500.000 төгрөг өгсөн байна. 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тооцоо нийлэхэд 10.500.000 төгрөг байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 86-87х/,
гэрч Л.Өлзийжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 12 дугаар сараас эхлэн уг лангуу, павилон дээрээ ажиллахгүй байгаа. Учир нь өвчтэй хагалгаанд орно, өөр газар өр ширтэй байгаа. Надад боломж олгооч гэхээр нь би түүний ажиллуулж байсан павилоныг өөрийн дээр шилжүүлэн авч, одоо cap бүр түрээсийн төлбөрийг Нарантуул-2 компанид төлсөөр явж байгаа. Надад өөрөө хүсэлт тавьж, компанид түрээсийн гэрээ шилжүүлэх өргөдөл тус тусдаа гаргаж, хуучин гэрээг хураан аваад миний бие 09 тоот ахуйн барааны лангууг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дахин гэрээ хийж, батлан өгсөн. Тухайн үед Нарантуул-2 худалдааны төвийг төлөөлж зохион байгуулагч М.Даваасүрэн, миний бие байлцаж гэрээнд гарын үсэг зурсан. Улмаар гүйцэтгэх захирал Болормаа гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 94-95х/,
гэрч Н.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай түрээсийн гэрээнд зурсан "Батлав" хэсэгт зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш..." гэх мэдүүлэг /хх-ийн 100х/,
гэрч Ш.Оюунсогоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Нарантуул худалдааны төвийн ерөнхий захирал гэж явдаг. Худалдааны төвийн гүйцэтгэх захирал Н.Болормаа гэж өөр хүн байгаа. Тухайн худалдааны төвд иргэдиийн түрээсийн гэрээг Болормаа гарын зурж баталгаажуулдаг. Дээрх хуулбарласан гэрээн дээрх гарын үсэг бол миний гарын үсэг биш..." гэх мэдүүлэг /хх-ийн 102х/,
гэрч Ш.Батбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 01 дүгээр сараас эхлэн бусдад өр, зээлтэй юм байна гэж мэдэж эхэлсэн. Надад хэлэхдээ танил дүү Бямбажаргалд авч өгсөн гэж хэлдэг. Р.Оюун гэх хүнээс 10.000.000 төгрөг аваад, өгөөд дуусаж байгаа гэж манай эхнэр хэлдэг. Харин Оюун гэх хүнтэй уулзахад дээрх мөнгийг төлж барагдуулаагүй гэж хэлж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 101х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лабораторийн шинжээч , цагдаагийн ахмад С.Сэлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 3682 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 114-115х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Н.Дг шунахай сэдлэтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг хуурч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, мөн залилах гэмт хэргийг үйлдэх явцдаа тусгай зөвшөөрөл, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Оюунчимэг, Р.Оюун нарт учирсан хохиролыг Н.Д мөрдөн шалгах ажиллагааны үед болон хэрэг шүүхэд хянагдаж байх явцад бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Н.Дэнёмаад ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан торгох ялыг шүүх оногдуулж шийдвэрлэв.
Мөн Н.Дгийн өөрийнх нь санал, орлого олох боломж зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 5 сарын хугаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Намдагийн Н.Дг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Мөн тусгай зөвшөөрөл, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Н.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөг торгох ял,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөг торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөг торгох ялд, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөг торгох ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгж буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Дд шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ