Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/02083

 

 

 

 

******* СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/11359 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,515,100 төгрөг гаргуулах тухай,

 

иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******д холбогдуулан 2020 оны 01 сараас 2023 оны 11 сар дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 2,515,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.   Хариуцагч ******* нь сууц өмчлөгч мөн эсэх талаар маргаагүй, харин тус СӨХ-ноос үйлчилгээ авдаггүй, орон сууцны хэсгээс тусдаа хаалгатай учир дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашигладаггүй, миний бие өөрийн зардлаар тусдаа гэрээ байгуулан ус, дулаан, цахилгааны төлбөр төлж, хог хаягдлаа ачуулдаг, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй ч уг зардал хэт өндөр, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл ГҮТББ-ын тогтоолоор батлагдсан жишиг тарифыг баримталсан нь үндэслэлгүй... гэж маргасан байна.

 

4.   Баянгол дүүргийн Засаг даргаас 2012 оны 11 сарын 20-ны өдөр ******* СӨХ-нд гэрчилгээ олгож, сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэжээ.

Тус СӨХ нь Баянгол дүүрэг, 5-р хороо, 119-р байрыг хариуцан ажилладаг бөгөөд хариуцагч ******* тус байрны 5 тоот хаягт байршилтай 70 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2018 оны 04 сарын 17-ны өдрөөс бүртгэгдсэн ба хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

 

5.   Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл ГҮТББ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 06 дугаартай тогтоолын хавсралтаар нийтийн зориулалттай орон сууцны байранд болон түүний хонгилын хэсэгт үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас авах засвар үйлчилгээний хуримтлалын жишиг тарифыг тогтоосон байх ба үүнд СӨХ-ны талбайд шинээр барьсан өргөтгөлд хүнс, барааны дэлгүүр ажиллуулж байгаа бол 1 м.кв тутамд 2,000 3,000 төгрөг байхаар тусгажээ.

Үүний дараа нэхэмжлэгч ******* СӨХ-ны Бүх гишүүдийн хурлын 2023 оны 01 сарын 21-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор дээрх жишиг тарифыг харгалзан үзэж, хүнсний дэлгүүрээс авах засвар үйлчилгээний зардал 1 м.кв тутамд 600 төгрөг байсныг 1 м.кв тутамд 1,500 төгрөг болгон нэмэгдүүлжээ.

Иймд хариуцагчийн гаргасан ...дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал хэт өндөр, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл ГҮТББ-ын тогтоолоор батлагдсан жишиг тарифыг баримталсан нь үндэслэлгүй... гэх татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6.   Иймд нэхэмжлэгч ******* СӨХ нь 2020 оны 01 сараас 2022 оны 12 сар дуусталх хугацааны зардлыг 600 төгрөг х 66 м.кв = 39,600 х 36 сар = 1,425,600 төгрөг, 2023 оны 01 сараас 11 сар хүртэлх хугацааны зардлыг 1,500 төгрөг х 66 м.кв = 99,000 х 11 = 1,089,000 төгрөг, бүгд 2,514,600 төгрөг нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагч ******* нь дээрх мөнгөн дүнг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд ... төлнө гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох гэж тус тус заасны дагуу ******* СӨХ-нд төлөх үүрэгтэй байна.

 

7.   Хариуцагч *******ын ажиллуулдаг хүнсний дэлгүүрийн халаалт, цэвэр бохир ус нь уг 119-р байрны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох инженерийн шугам сүлжээнд холбогдож, тэдгээрээр дамжуулан үйлчилгээ авдаг тул хариуцагчийн гаргасан тус СӨХ-ноос үйлчилгээ авдаггүй, орон сууцны хэсгээс тусдаа хаалгатай учир дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашигладаггүй... гэх татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8.   Нэхэмжлэгчийн шаардсан хүнс, барааны дэлгүүр ажиллуулж байгаа этгээдээс авах засвар үйлчилгээний зардалд ус, дулаан, цахилгааны төлбөр болон хог хаягдлаа ачуулах зардалд хамаарахгүй тусдаа зардал байх тул хариуцагчийн гаргасан ...миний бие өөрийн зардлаар тусдаа гэрээ байгуулан ус, дулаан, цахилгааны төлбөр төлж, хог хаягдлаа ачуулдаг... гэх татгалзал, давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.

 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/11359 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 55,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР