| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0680/Э |
| Дугаар | 702 |
| Огноо | 2019-09-13 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 702
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар М.Баярмаа,
улсын яллагч Г.Ууганбаатар,
шүүгдэгч М.Б,
хохирогч Р.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Мягмардоржийн М.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911017410833 тоот хэргийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замын инженер, авто засварчин мэргэжилтэй, дугуй засварт ажилладаг, ам бүл 4, ээж, дүү, ахын хамтаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Горькийн 28-1025 тоотод амьдардаг, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1/38 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж байсан, Боржигон овогт Мягмардоржийн М.Б /РД: ЙМ97041611/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкны АТМ-ээр үйлчлүүлэхээр бүхээгт орохдоо хохирогч Р.Наранцэцэгийн хүү Э.Уугантөгсийн тухайн АТМ-ээр үйлчлүүлэн авах байсан 2.320.000 төгрөгийг авч, төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завшсаны улмаас хохирогч Р.Наранцэцэгт нийт 2.320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч М.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Шилжүүлэг хийхээр очоод очерлож зогсож байгаад дарааллын дагуу АТМ-ний бүхээг хэсэгт орох үед АТМ-ээс мөнгө гараад ирсэн тэгээд гарч ирсэн мөнгийг аваад шууд тэндээсээ явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39х/,
хохирогч Р.Наранцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хоёр хүүгийн хамт амьдардаг. Миний нэг хүү хөгжлийн бэрхшээлтэй. 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүүгийнхээ хичээлд хэрэгтэй компьютерийг авахуулахаар явуулсан. Энэ хэрэг гарснаас хойш 3 сар болсон. Би Дорнодоос 8 дугаар сарын 26-нд ирээд шүүгдэгчтэй уулзсан. Би шүүгдэгчийг миний мөнгийг өгчих гэхэд боломжгүй, чадахгүй гэж хэлсэн. Шүүгдэгч засварын газар ажилладаг гэж хэлж байна. Өдрийн орлого 30.000-40.000 төгрөгийн орлоготой гэх мөртлөө миний мөнгийг өгөх сэтгэл байхгүй байгаад гомдолтой байна. Миний нэхэмжилж байгаа мөнгө 2.320.000 төгрөг. Би шүүгдэгчийн ээжтэй нь утсаар ярьсан. Ээж нь Өвөрхангайд байдаг. Ийм ийм хэрэг хийснийг нь мэдээгүй, дөнгөж сая чамаас мэдлээ гэсэн. Ээж нь надад сарын өмнө хэлсэн бол хохирлыг төлөх боломжтой байсан гэж хэлсэн. 3 сарын хугацаанд надад хохирол төлбөр барагдуулаагүй, би сэтгэл санааны хохирол амсаж байна. Ээж нь бие муу байгаа гэж хэлээгүй, хоолой жаахан өвдсөн гэж хэлсэн. Иймд шүүхээс миний хохирлыг богино хугацаанд төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэв.
хохирогч Р.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн орчим манай хүү Э.Уугантөгс нь компьютер авна гээд миний эзэмшлийн хаан банкны виза картыг аваад компьютер молл гэх газраас компьютер авахаар ганцаараа явсан. Тэгээд удалгүй миний гар утсанд хаан банкны картнаас 2.320.000 төгрөгийн зарлага гарсан гэсэн мессеж ирсэн ба тухайн үед хүү Уугантөгстэй утсаар холбогдох гэхэд гар утас нь холбогдохгүй байсан ба би хүүгээ мөнгө авсан гэж бодсон. Тэгээд удалгүй байж байтал манай хүү надруу өөр дугаараас залгаад 40.000 төгрөг шилжшүүлчих гэхээр нь би мөнгө дутсан юм болов уу гэж бодоод дахин 40.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд удалгүй байж байхад дахин Уугантөгс залгаад та мөнгө авсан юм уу гэж асуухад нь картнаасаа мөнгө хулгайд алдсан талаараа мэдсэн. Тэгээд хүүтэйгээ уулзаад ярилцахад АТМ-ээс мөнгө авалгүй явсан байсан. Би алдсан 2.320.000 төгрөгөө нэхэмжилж байна. Миний хохирлыг барагдуулаагүй тул гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 29х/,
насанд хүрээгүй гэрч Э.Уугантөгсийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өөрийн ээж Наранцэцэгийн хамт Баянбүрдийн автобусны буудлын хойно байрлах компьютер молл гэх газраас компьютер авах гэж байсан юм. Тэгээд ээжийн банкны картыг авч яваад Хаан банкны АТМ орж 2.340.000 төгрөгийг авах гэсэн боловч ээжийн дансны үлдэгдэл хүрээгүй тэгээд би картаа аваад явсан. Би картаа авах үедээ ээжийн дансны үлдэгдэл байсан боломжит үлдэгдлийг авах товч дээр дарсан байсан. Би тэр товчлуур дээр дарсан гэдгээ анзаараагүй. Тэгээл ээжийн данснаас гарч болох боломжтой үлдэгдэл 2.320.000 төгрөг намайг АТМ-ээс явсны дараа гарч миний араас ирсэн дараагийн хүн аваад явсан байна гэж хаан банкны лавлах ажилтан хэлсэн. Тэгээд ээж бид хоёр цагдаагийн байгууллагад хандахаар болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 31х/,
гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9х/, хохирхгч Р.Наранцэцэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 10х/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-25х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч М.Бат-Эрдэнийг шунахай сэдэлтээр төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшисаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол бусдад учируулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Р.Наранцэцэгт нийт 2.320.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба М.Б нь энэ мөнгийг төлж барагдуулаагүй байна. Иймд М.Бэс нийт 2.320.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Р.Наранцэцэгт олгуулахаар шүүх шийдвэрлэж, хохиролыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгчийг 2 сарын хугацаанд уг хохиролыг хэсэгчлэн, бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээлгэж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Бд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын хэмжээ, холбогдсон хэрэгтээ хэрхэн хандаж буй хувийн байдал зэргийн харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Мягмардоржийн Бат-Эрдэнийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшисаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учируулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бд 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар М.Бд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгүүлэхээр тогтоож, тус биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Бэс нийт 2.320.000 /хоёр сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Р.Наранцэцэг /РД:ЖЯ77110284/-д төгрөг олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Бат-Эрдэнийг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч, 2.320.000 төгрөгийг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ