Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/02120

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

******* ТБАГУТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/07168 дугаар шийдвэртэй,

 

******* ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй,

*******ад холбогдох,

 

Төрд учирсан хохиролд 32,065,688 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

... Хариуцагч ******* нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар тус яамны харьяа ******* аймаг дахь *******ийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга *******ыг төрийн албанаас халсан байна. Иргэн ******* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/508 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 623 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******ыг ******* аймаг дахь *******ийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу тооцож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэжээ. Захиргааны хэргийн шүүхийн дээрх шийдвэрийн дагуу иргэн *******т ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 32,065,688 төгрөгийг олгохоор шийдвэрлэснээс Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаар тушаалаар 20,000,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/36 дугаар тушаалаар үлдэх 12,065,688 төгрөгийг тус тус олгосон байна. Иймд хариуцагч *******ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 32,065,688 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

...иргэн *******ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосон тухай хуулийн хүчин төгөлдөр шийдвэр нь дангаараа ******* нь шууд санаатай эсхүл илт болгоомжгүй байдлаар тухайн хууль бус шийдвэрийг гаргасан, уг хохирлыг дангаараа хариуцвал зохих гэм хор учруулагч этгээд болохыг нотлохгүй, нотлоход хангалтгүй. *******ийн тухайн нэхэмжлэлд бичигдсэн хууль зүйн үндэслэл, түүнд иш татагдсан баримтууд дотор тухайн хууль бус гэж тооцогдож хүчингүй болгосон тушаалыг ******* дангаар хариуцвал зохих этгээд мөн эсэх талаар ямар нэгэн үндэслэл бүхий тайлбар, нотолгоо огт дурдагдаагүй, тухайн шийдвэрийг гаргах үйл явц, гаргахад хүргэсэн нөхцөл байдал, тухайн шийдвэрийн үндэслэлийг хэн, хэрхэн бэлтгэн боловсруулж, хэнд, хэрхэн танилцуулагдсан талаар бодит байдалтай нийцэж тохирох дүгнэлт өгөгдөөгүй, ердөө л шүүхээр хууль бус шийдвэр болох нь тогтоогдсон бол түүнд гарын үсэг зурсан буюу албан тушаалтан хохирлыг бүрэн хариуцах ёстой гэсэн ерөнхий ойлголтод тулгуурлан бичигдсэн байна.

...Улсын Дээд шүүхийн тогтоолын хянавал хэсгийн 19 дүгээр мөрөнд тухайн Б/32 дугаартай тушаалыг сонсгох, мэдэгдэх, санал, тайлбар авах ажиллагааг хуульд заасан журмаар явуулаагүйг үндэслэн захиргааны актын талаар хууль зүйн дүгнэлт өгөгдсөн бөгөөд ******* нь хэдийгээр тухайн тушаалыг гаргах албаны чиг үүргийг хэрэгжүүлж байгаа боловч сонсгох, мэдэгдэх, санал, тайлбар авах чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээд биш, уг чиг үүргийг тухайн яамны бүтцийн бусад албан тушаалтнууд хэрэгжүүлдэг. Иймд ******* гэм буруугүй байхад холбогдох бусад албан тушаалтнуудыг хариуцлагаас чөлөөлөх хэлбэрээр *******өөс зөвхөн шийдвэр гаргасан албан тушаалтныг хариуцагчаар татсан нь Иргэний хуулийн гэм хорын зохицуулалт, шаардлагатай бүрэн нийцэхгүй гэж үзэж байна. Уг хэрэгт нотлох баримтаар авагдсан Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоол, магадлал, анхан шатны шүүхийн шийдвэрээр ******* нь иргэний эрх зүйн гэм хорын үүрэг хүлээх ёстой гэм буруутай этгээд мөн эсэх талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт өгөгдөөгүй, хэргийн шүүхийн харьяаллын хувьд уг асуудал нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх үйл баримт мөн. Тэр дундаа, тус хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т заасан хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх, 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасан захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох төрлийн шаардлага шүүхэд шийдвэрлэгдээгүй болох нь дээрх тогтоол, магадлал, шийдвэрээс тодорхой харагдаж байх тул, гэм хорын нөхөн төлбөр гаргуулахаар шаардсан тохиолдолд гэм хортой холбоотой асуудлыг шүүхээс өмнө гарсан шийдвэрээр нэгэнт нотлогдсон үйл баримт гэж үзэх боломжгүй билээ.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2, 498 дугаар зүйлийн 498.2, 498.5, 497 дугаар зүйлийн 497.3-д тус тус зааснаар ******* нь хуульд заасан гэм хорыг бүхэлд нь хариуцах гэм хор учруулагч мөн эсэх, түүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй ямар хэлбэртэй байсан эсэх, шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл гаргасан эсэх, Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан хэн хэн чиг үүргээ хэрэгжүүлэлгүй хохирол учруулахад оролцсон болох, тэдгээрийн гэм хор учруулсан хэлбэр, хэр хэмжээ, хүлээх хариуцлагыг үнэн зөв тодорхойлохгүйгээр *******ыг дангаар нь буруутгах нь Иргэний хуулийн дээрх заалтуудын хүрээнд, гэм хорын эрх зүйн хүрээнд үйлчилж буй хэм хэмжээтэй харшлахаар байна. Иймд, тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 32 065 688 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т  зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 318 278 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь гэм хор учруулсны нөхөн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хууль зүйн үндэслэлийн хувьд нэхэмжлэгчийн шаардах эрх хангагдах дараах урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байхаар Иргэний хуулийн 497.1 дэх хэсэгт болон гэм хорын эрх зүйн зохицуулалтад тусгагдсаныг буюу тодруулбал гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хор учирсан байх, тухайн үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байх, гэм хор учруулагч нь санаатай эсхүл илт болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай байх шалгуур хамаарч буйг бүрэн баримтлаагүй.

Хэргийн нөхцөл байдлыг холбогдох хуулийн нарийвчилсан шаардлага, зохицуулалт, гэм хорын зохицуулалтаас ялгаатай байдлаар хэт ерөнхий байдлаар дүгнэж шийдвэрлэсэн, тухайлбал, гэм хор учруулагчаар буруутгагдсан *******ын үйлдэл, шалтгаант холбоо, илт болгоомжгүй хэлбэртэй холбоотой хэсгүүдэд өгөгдсөн дүгнэлт нь бүрэн бус, эргэлзээтэй болсон.

...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/508 дугаар шийдвэр, ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 623 дугаар магадлал, ...Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолоор дээрх магадлалыг хэвээр үлдээж болон магадлалд тусгагдсан дүгнэлтүүдийг үндэслэлтэй болохын дахин тодруулж дүгнэсэн зэрэг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлэхдээ, шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт буюу тухайн шийдвэр хууль бус болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгааг баримталсан атлаа, тухайн шийдвэр, магадлал, тогтоолд заасан үндсэн хууль зүйн дүгнэлтийг үнэлээгүй орхигдуулсан.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дараах агуулга, үндэслэлийг зөв дүгнээгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Тодруулбал:

- уг хууль бус шийдвэр гарахад тухайн яамны холбогдох албан тушаалтнууд ажил үүргийн хувьд хүлээж буй чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлээгүй болох нь дүгнэгдсэн,

- Тухайн хууль бус захиргааны акт гаргахад тухайн үед сайдаар томилогдон ажиллаж байсан ******* нь дангаар хариуцах гэм буруутай болох талаар дүгнэлт өгөгдөөгүй ба энэ талаар дүгнэлт хийх шүүхийн харьяалал нь иргэний хэргийн шүүх байгаа тул гэм хорыг дангаар эсхүл хамтран хариуцах этгээд байгаа эсэх талаарх үйл баримтад урьд дүгнэгдсэн гэх байдлаар *******өөс тайлбарлаж буй нь учир дутагдалтай...

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т зааснаар гэм хор учруулахад оролцсон бусад этгээд нь гэм хорын тухай тусгайлсан зохицуулалтын дагуу хариуцлага хүлээхээр хуульчилсны дагуу гэм хорыг хариуцан арилгавал зохих үүргийг хуулиар хүлээсэн бусад этгээдүүд хариуцлага хүлээхгүйгээр, эсхүл бусад этгээдийн хамтран хариуцвал зохих хариуцлагыг нэг этгээд дангаар хариуцах зэрэг бодит байдал, хуулийн нарийвчилсан зохицуулалт, шударга ёсонд нийцээгүй байдлаар хэргийн шийдэл гарах.

Энэхүү нөхцөл байдлыг тодруулахаар гагцхүү шүүхийн журмаар явуулах боломжтой ажиллагаа хийлгэх хүсэлтийг шүүхээс хангаагүй, мөн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар хурал хойшлуулах хүсэлтийг хүргүүлснийг үнэлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Захиргааны хэргийн шүүх хэргийн нэгэнт эцэслэн шийдвэрлэсэн ба сонсох ажиллагааг явуулсны дараа холбогдох этгээдийн эрх, ашиг хөндөгдөж байх тохиолдолд эрх бүхий этгээд тушаал, шийдвэрийг гаргах үүрэгтэй байдаг. Шаардлагатай ажиллагаа хийгдээгүй байхад шийдвэр гаргасан нь гурван шатны шүүхээр тогтоогдсон.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн үйлдлийг илтэд болгоомжгүй үйлдэл гэж үзнэ. Тушаал, шийдвэрийн үндэслэл болж буй аливаа ажиллагаа явагдаж дууссаны дараа эрх бүхий албан тушаалтан тушаал, шийдвэрт гарын үсэг зурж, албажуулах үүрэгтэй байсан.

...******* сайдын шийдвэрийн улмаас хохирол учирсан учир шалтгаант холбоотой байна. ******* сайд *******ыг Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны санаачилгаар төрийн албанаас халаагүй байсан бол холбогдох хэмжээний хохирол төрд учрахгүй байх байсан. Нөгөө талаар уг заалт нь 3 болон түүнээс дээш удаа үр дүнгийн гэрээгээр албан үүргээ биелүүлж чадахгүй байгаа нь нотлогдсон үед ашиглагдаж, төрийн албанаас захиргааны санаачилгаар чөлөөлөх зохицуулалт юм. ...Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ТБАГУТҮГ нь хариуцагч *******ад холбогдуулан төрд учруулсан хохиролд 32,065,688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

3.1. Хариуцагч ******* нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар ******* аймаг дахь *******ийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга *******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, /х.х-ийн 4/

 

3.2. ******* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч харьяа шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/508 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэдий ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 623 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хүчингүй болгож, *******ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу тооцож олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн, /х.х-ийн 5-49/

 

3.3. Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/82 дугаар тушаалаар 20,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/36 дугаар тушаалаар 12,065,688 төгрөг, нийт 32,065,688 төгрөгийг *******т ажилгүй байсан хугацааны цалин олговорт олгожээ. /х.х-ийн 76, 81, 191-192/

 

Зохигч *******ыг хууль бусаар ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд төрөөс 32,065,688 төгрөгийг олгосон талаар маргаагүй, харин тухайн төлбөрийг хариуцагч ******* нөхөн төлөх үүрэгтэй эсэх талаар маргажээ.

 

4. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ТБАГУТҮГ нь хариуцагч *******ад холбогдуулан төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, мөн 498.5-т Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус зааснаар хариуцагч ******* нь зөвхөн өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр хохирол учруулсан бол хариуцлага хүлээнэ.

 

5. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д Засгийн газрын гишүүн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бүрэн эрхтэй. Түүний дотор гээд 4-т хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө гэж заажээ.

 

Улсын Дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 63 тоот тогтоолд ...хариуцагч уг тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг баримтлаагүй, шийдвэр гаргахад хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийгээгүй байх тул хариуцагчийн үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй... гэж давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна гэснээс үзвэл хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэстэй.

 

Тодруулбал, хариуцагч ******* нь хуульд зааснаар өөрийн эрхлэх асуудлын хүрээнд *******ыг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргах эрх бүхий албан тушаалтан болохын хувьд ажилтны гаргасан гэх зөрчил хэргийн баримтаар тогтоогдсон эсэх, мөн энэ талаар ажилтанд мэдэгдэх, түүнээс тайлбар авах, түүний мэдэх эрхийг хангах зорилгоор сонсох ажиллагаа хийсэн эсэхийг тус тус шалгаагүй, ажилтны зөрчлийн бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр тушаал гаргасан байгааг гэм буруугийн илтэд болгоомжгүй хэлбэрт хамааруулна.

 

6. Ажил олгогч нь аливаа ажилтныг зөрчил болон бусад шалтгаанаар ажил, албан тушаалаас нь чөлөөлөхөд ажилтанд эрх зүй, эдийн засгийн сөрөг үр дагавар үүсгэдэг учир ийнхүү түүнд мэдэгдэх, тайлбар авах, сонсох, мэдээллээр хангах зорилгоор сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд зааснаар зохих ёсоор хэрэгжүүлэх үүрэгтэй.

 

Гэтэл хариуцагч ******* нь өөрийн шууд удирдлага дор ажиллаж байсан бусад ажилтнууд /яамны холбогдох албан тушаалтан/-ыг сонсох ажиллагаа хийгээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж буруутгаж, өөрийгөө гэм буруугүй гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь эцсийн шийдвэр гаргадаг, бусад ажилтан, албан хаагчийн ажил үүргийг хянадаг, тэдгээрт үүрэг даалгавар, чиглэл өгдөг /удирдлагаар хангадаг/ этгээдийн хувьд хэн нэгэн ажилтныг ажил, албан тушаалаас нь тодорхой шалтгаанаар чөлөөлөх тохиолдолд доод шатны ажилтан, албан хаагч нарт хөнгөмсгөөр шууд итгэж хэлбэрийн төдий тушаал, шийдвэрт гарын үсэг зурах бус, харин ч шийдвэр гаргахад хамаарах нөхцөл байдлыг тогтоох ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийсэн болон сонсгох ажиллагааг хийсэн эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй байсан.

 

Иймд, хууль бус шийдвэр гаргахад тухайн яамны холбогдох албан тушаалтнууд ажил үүргийн хувьд хүлээж буй чиг үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй нь хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн ...бусад этгээдийн хамтран хариуцвал зохих хариуцлагыг нэг этгээд дангаар хариуцах нь шударга ёсонд нийцээгүй... гэх гомдол үндэслэлгүй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Хэрэгт авагдсан баримт болох шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудаст хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гарын үсэг зурсан байна. /х.х-ийн 225/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/07168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318,278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Б.МАНДАЛБАЯР