Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч
Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тын Мт холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, Т.М.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.М нь хохирогч Б.Утэй 2014-2018 оны хооронд хамтран амьдрах хугацаандаа хохирогч Б.Утэй муудалцан хардаж 2015 онд зодсон, 2018 оны 05 сард хардалтын улмаас хөдөө хээр машинтай гаргаж хоолойг зүсэж, ална гэж айлгах байдлаар харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Б.Уээс тусдаа амьдарч байхдаа Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шунхлай ШТС дээр хохирогч Б.Уийг мөн хардаж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй …” гэв.

           Шүүгдэгч Т.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...хохирогчийн яриад байгаа үнэн ...хамт амьдраад 4 жил гаруй болж байна ...хохирогчийг олон гэмтээж байсан ...миний буруу ...хардалтаас болж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-92, 130-131-р дүгээр хуудас /,
 
    Хохирогч Б.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2014 оноос 2018 он хүртэл хамт амьдарсан... 2016 онд хүүхэдтэй болсон. М бид хоёрт албан ёсны гэр бүлийн батлах байхгүй. Бид хоёр хамтран амьдарч байх хугацаанд М намайг хардаж байнгын хэрүүл маргаан хийдэг байсан энэ асуудлаас болоод бид хоёр тусдаа амьдрах болсон ...2015 онд шүд хугалж, зөөлөн эдийн гэмтэл учруулж байсан 2018 оны 05 сард хөдөө машинтайгаа авч гараад бас л хүнтэй хардаж, би чамайг одоо ална, дараа нь өөрийгөө ална гэж хутга гаргаж ирээд миний хоолойг зүссэн тэгээд өөрийгөө боомилж ална гээд уяа хайгаад явахаар нь би машиныг унаад зугтаасан, хоолойны зүсэгдсэн шархыг хүнээс нууж явж байгаад эдгээсэн, одоо сорви нь байгаа хоолой зүссэнийг манай аав, ээж, хамт ажилладаг хүмүүс харсан, хэрүүл гарах болгонд гар хүрдэг... хамт амьдарч байх хугацаандаа хавирганы зөөлөн эдийн гэмтэл авч байсан, үүдэн шүд хугалж байсан, хоолой зүссэн, оюутан болоод хотод 1 жил болоход мөн л гар хүрдэг байсан, бид хоёр дундаасаа хүүхэдтэй болохоор би энэ талаар хэн нэгэнд хэлдэггүй байсан ...2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр намайг хардаж зодсон ...чи өөр хүнтэй явлаа гэж уурлаад миний нүүрэн тус газар луу нэг удаа алгадсан би машинаас нь буугаад ажил руугаа ортол миний араас орж ирээд камергүй өрөөнд намайг дахин алгадаж миний үснээс татаж унагааж хоолойноос боож зодсон, би зугтаагаад ажлынхаа түгээгч нарын суудаг өрөөнд орж ирээд цагдаа дуудах гээд утас автал дахиж миний араас орж ирээд намайг үсдэж унагаад нүүр лүү цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 89-92, 114 дүгээр хуудас/

    Гэрч Т.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  "...У 2018 оны 05 сард санаж байна ажилд ирэхдээ хоолойгоо алчуураар боож ирээд байдаг байсан хэд хоногийн дараа алчуургүй явж байхыг нь харсан хоолой нь зүсэгдсэн сорвитой байсан, тэгэхээр нь би Уээс хоолойгоо яасан гэж асуусан чинь манай нөхөр зүсчихсэн юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

    Гэрч И.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай охин Уийг ШТС дээр ээлжинд гарч байхад нь М ирж зодсон байсан... миний мэдэхээр 2018 оны 05 сард санаж байна, М манай охиньг хөдөө машинтай авч гараад хоолойг нь зүссэн байсан тухайн үедээ бол манай охин надад хэлээгүй, сүүлд нь надад М миний хоолойг зүссэн гэж хэлж байсан ...манай охиныг хүнтэй хардаад байдаг юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

    Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9 дүгээр хуудас/
           Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ...дугаартай "...Б.Уийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...'’ гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-р хуудас /

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.М нь хохирогч Б.Утэй 2014-2018 оны хооронд хамтран амьдрах хугацаандаа хохирогч Б.Уийг байнга хардаж, түүний эрх чөлөөнд халдаж зодож байсан, 2015 онд шүдийг хугалж, зөөлөн эдийн гэмтэл учруулж байсан, 2018 оны 05 сард хөдөө машинтайгаа авч гараад бас л хүнтэй хардаж, би чамайг одоо ална, дараа нь өөрийгөө ална гэж хутга гаргаж ирээд хоолойг  зүсэж, ална гэж айлгах байдлаар харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Б.Уээс тусдаа амьдарч байхдаа Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шунхлай ШТС дээр хохирогчийг ажлын байран дээрээ байхад мөн хардаж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдэж байсан үйл баримт тогтоогдож хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж заасан байна.

    Үүнээс гадна хуулийн 3.2 дугаар зүйлд: Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна гэж заасан байна. Т.М, Б.У нар нь хамтран амьдарч байсан, дундаасаа нэг хүүхэдтэй хэдий ч гэр бүл болох боломжгүй гэж үзэн хохирогч Б.У нь 2018 оны 5 сард салж тусдаа амьдрах болсон байна.

           Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2. дахь хэсэгт     “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл” гэнэ.

Хуулийн энэхүү зохицуулалтаар шүүгдэгч Т.М нь хамтран амьдарч байсан, гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Б.Уийн эрх чөлөөнд байнга халдаж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

Хохирогч Б.У нь цаашид Т.Мтай гэр бүл болох боломжгүй гэж үзэн эргэж хамтран амьдрах бодолгүйгээр салж тусдаа амьдарсан хэдий ч шүүгдэгч Т.М нь байнга хардаж, эрх чөлөөнд нь халдаж байгаа нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-ны бичлэгээс харахад харгис хэрцгий харьцан, догшин авирлаж түүнийг зодож байгаа нь нотлогдож байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан ба харин хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулахаар заасан.
           
           Иймд шүүгдэгч Тын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Б.Уийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, хамтран амьдарсан 4 жилийн хугацаанд бие махбодийн хүчирхийлэл байнга үйлдэж байсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хуулийн зүйл анги тохирсон гэж үзэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бие махбодийн шаналал үүсгэсэн зэргийг харгалзахын зэрэгцээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг адил тэгш харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
    Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мт 10 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус  шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 сар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож 50 хоногийн хорих ялыг, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 сар 20 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мт оногдуулсан 11 сар 20 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1  ширхэг CD-ыг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


                                   

ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА