Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар     202/МА2025/00024          

 

 

  

 

 

 

 

 

 

       2025        11           28                                    202/МА2025/00024                                         

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

Б.Б.н нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаар;  

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 308/ШШ2025/00550 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Ц,Л,

Тээврийн хэрэгслийн үнэ 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Хариуцагч Ц.Л.н давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б. /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр, хариуцагч Ц.Л., хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1.Нэхэмжлэгч Б.Б. нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...2024 оны 09 дүгэр сарын 05-ны өдөр Л. гэх хүнээс 2018 онд үйлдвэрлэгдсэн 2024 онд Монгол улсад импортлогдсон гэсэн баримт бичигтэй Хово маркийн автомашиныг 70,000,000 /далан сая/ төгрөгөөр худалдан авч төлбөр тооцоог тухайн өдөртөө барагдуулж дуусгасан. Иргэн Ц.Л.нь дээрх автомашиныг ажилд гарахад бэлэн “А.Штангл” гэх зүйлийг солиход өөр хийх зүйлгүй гэж хэлсэн. Би уг машиныг асааж жолоодож мэдэхгүй бөгөөд автомашин худалдан борлуулсан иргэдээр өөрсдөөр нь жолоодуулан айлын хашаанд аваачиж байршуулсан. 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах жоншны уурхайд 1 сарын 13,000,000 /арван гурван сая/ төгрөгөөр ажиллах гэрээ байгуулан Хово машинд 1,600,000 төгрөгийн дизель шатахуун хийн, Сайншандаас гарч уг уурхайд очин 3 хоног ажиллахад эхний өдөр хянах самбар тоггүй болж цахилгаан маас гарсан тул МРЦМ нэгдлийн Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэрийн авто баазын автын цахилгаанчныг авчиран шалгуулахад жанам, эрлээний утаснууд доголдолтой, холболтыг мэргэжлийн бус хийсэн тул гал гарах аюултай байгааг танилцуулан завсарлаж хэвийн байдалд оруулсан. Дараагийн хоногт дээрх автомашин нь хүчгүй, техник ашиглалтын хувьд шаардлага хангахгүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан тул авто баазын ерөнхий инженерт үзүүлэхэд дээрх автомашин биет байдлын өндөр хэмжээний доголдолтой, уул уурхайд ажиллах боломжгүй техник гэж тайлбарласан. Ц.Л.тай уулзаж худалдаж авсан автомашин нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй байгаа тул автомашинаас өөрсдөө ав, намайг хохиролгүй болгож өг гэхэд өөрийн унаж явсан 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монгол улсад орж ирсэн Харриер маркийн авто машиныг 40,000,000 /дөчин сая/ төгрөгт тооцон дээрээс нь 20,000,000 /хорин сая/ төгрөг дансаар шилжүүлсэн. Иймд автомашины зөрүү 10,000,000 /арван сая/ төгрөгийг иргэн Ц.Л.с нэхэмжилж байна.” гэжээ.

2.Хариуцагч Ц.Л. хариу тайлбартаа: “...Миний бие . Л.2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б.Б.д 2018 онд үйлдвэрлэгдсэн 2024 онд Монгол улсад орж ирсэн Хово маркийн автомашиныг 70,000,000 /далан сая/ төгрөгөөр худалдан борлуулсан. Б. миний машиныг ирж үзэхдээ цагдаа Ч. найзтайгаа хамт ирж бүх зүйлийг шалган болж байна, авъя гэж тохиролцсоны үндсэн дээр наймаа хийсэн. Үүнээс хойш 2 сарын дараа миний найз У.Б. рүү ах нь том тэрэг унаж ажил хийдэг хүн биш байна, машинаа буцаамаар байна, эсвэл ахдаа 50,000,000 төгрөгөөр зараад өг хамаагүй гэж хэлэхэд Б. хүний машиныг 2 сар унаж яваад ашиг хийчхээд яаж буцаах вэ дээ гэсэн. Тэгээд зар тавиад зараад өгье гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа Б.Б.утсаар залгаж уулзъя гэсэн. Миний бие Б.г дагуулан Б.Б.тэй уулзаад уг машиныг заавал буцааж ав гэж дарамтлангуй хэлэхээр нь за тэгвэл миний унаж яваа 2008 онд үйлдвэрлэгдсэн Харриер маркийн автомашиныг зах зээлийн ханшаар 40,000,000 /дөчин сая/ төгрөгт бодож аваад үлдэгдэл 20,000,000 төгрөгийг тун удаахгүй өгнө гэж тохиролцоонд хүрээд за, зэ болоод машинаа шилжүүлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б.Б. надтай уулзан үлдэгдэл 20,000,000 /хорин сая/ төгрөгийг яг өнөөдрийн дотор өг шахамдуулсан тул найзаасаа 20,000,000 /хорин сая/ төгрөгийг зээлж Хаан банкны 5373025649 тоот данстай Б.Б. рүү шилжүүлсэн. Ингээд Б.Б. болон Ц.Л. бид хоёрын өр авлага дууслаа хэмээн гар барьж салсан. Үүнээс хойш хоёр сарын дараа Б.Б.х дахин 10,000,000 /арван сая/ төгрөгийг нэхэмжилсэн. Иймд Б.Б.н нэхэмжилж байгаа 10,000,000 /арван сая/ төгрөгийг өгөх боломжгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: “...Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Ц.Л.с 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б.д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Л.с улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б.д олгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.Хариуцагч Ц.Л. давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Хөх хот руу ажлаар явсны улмаас анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож чадаагүй. Анхан шатны хуралдаанд гаргасан хүсэлтдээ хуралдааныг хойшлуулж өгнө үү гэж бичээгүй нь миний алдаа болсон байх. Хоёрдугаар Б. ах анх машин үзэхдээ би машины талаар сайн мэдэхгүй гээд тэтгэвэрт гарсан цагдаа болох Ч. гэж хүнд очиж үзүүлээд болж байна авна, машин оролцуулаад ч хамаагүй авъя гээд Улаанбаатар хот руу зарах гэж байсан машиныг авч, ямар нэгэн гэрээ хийлгүйгээр зүгээр амаараа тохиролцож, машиныг шилжүүлж авсан. Түүнээс хойш миний машиныг Бор-Өндөр суманд хоёр сар гаруй хугацаанд ажилд явуулсан гэсэн. ...Би Солонгос улс руу явах гээд яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь би тэгье гээд зар тавьсан. Тэгээд зар тавьсан ахаа гэхэд “би буцаамаар байна” гэхэд нь “юу гэсэн үг юм хүний машиныг болж байна гэж авч хоёр гаран хэрэглэчхээд ийм зүйл байхгүй” гэсэн. Тэгсэн чинь ахдаа хямдруулаад ч хамаагүй 50,000,000 төгрөгт хамаагүй зараад өгчих гэхээр нь зар тавьсан, хүмүүс ч ярьж байгаа гэсэн чинь удалгүй болилоо энийгээ ав гэхээр нь анх зарсан хүнтэйгээ хамт гурвуулаа уулзаад сууж байсан чинь үнэхээр хэцүү байна та хоёр 60,000,000 төгрөгөөр буцаагаад авчих гэж гуйсан. Тэгэхээр за танд үнэхээр л хэцүү байгаа бол тэгье. Миний унаж байгаа Харриер маркийн машин 40,000,000 төгрөгтэй байгаа, та энийг мөнгөнд нь бодоод авчих, үлдэх 20,000,000 төгрөгийг шинэ жилийн үеэр өгье гэсэн. Тэгсэн чинь тэгье гээд би машинаа өгсөн, Б.ах ч гэсэн машинаа надад шилжүүлж өгөөд 20,000,000 төгрөгийг үлдэгдэлтэй боллоо, сарын дараа өгнө гэсэн. Маргааш нь Хово маркийн машин миний нэр дээр шилжсэн болохоор миний эд хөрөнгө гэж бодоод Улаанбаатар хот руу аваачиж зарах гээд Сайншандаас гарах гэж байсан чинь Б. ах “наадах чинь эндээс гарахгүй, би хойд постоор ч гаргахгүй мөнгөө өг” гэсэн.  Тэгэхээр нь би хүүтэй мөнгө зээлдэг газраас л зээлэхээс өөр аргагүй юм байна гээд хүүтэй мөнгө зээлдэг газраас зээлээд шилжүүлсэн. Тэгээд болсон уу ахаа гэхэд болсон, одоо асуудалгүй гэсэн. Бараг сарын дараа ээж уйлаад залган чи хэрэгт орчихсон юм уу гээд хүүхдүүд мөн над руу залгасан. Тэгэхээр нь юу болоод байна гээд Б. ах руу залгасан чинь “өргөдөл бичсэн өгөх гэж байна, үлдэгдэл 10,000,000 төгрөг өг” гэхээр нь “юу яриад байгаа юм бэ, ахаа хоёулангийнх нь асуудал дууссан шүү дээ” гэсэн чинь “үгүй ээ, би яаж ийж байгаад чамаас мөнгөө авна харж байгаарай” гэсэн. Анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...Би нотлох баримт гаргаж өгнө, мөн гэрч асуулгах хүсэлт байна.” гэв.

5.Хариуцагч Ц.Л. өмгөөлөгч Ж.Чимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчид эрх зүйн туслалцаа үзүүлэн давж заалдах шатны шүүх хуралдаанаас эхлэн өмгөөлөгчөөр нь оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэртэй танилцаад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй байна гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх дүгнэхдээ талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, тус гэрээнээс талууд татгалзахаар харилцан тохиролцсон болох, талууд автомашин худалдах худалдан авах гэрээнээс татгалзахдаа гэрээнээс татгалзах журмыг зөрчөөгүй талаар маргаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн дээрх гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа боловч, уг хэрэгт тус гэрээ байхгүй. Мөн дүгнэхдээ Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасан зохицуулалтыг анхаарч үзээгүй. Дээрх заалтад гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэсэн байдаг. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-т өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр тухайн эд хөрөнгө шилжсэн гэж үздэг. Мөн Иргэний хуулийн 105 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзсан байна гэж дүгнэсэн. Хариуцагч хариу тайлбар гаргахдаа гэрээнээс татгалзсан талаар бичээгүй, буцааж худалдаж авсан талаараа бичсэн байдаг. Үүн дээр анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэж байгаа. Иргэний хуулийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан. Нэхэмжлэгчээс тухайн шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй байна, түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаагүй байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хэдийгээр ажилтай байгаа гэсэн боловч хуралдааныг хойшлуулж өгөөч гэж бичээгүй байгаа ч эзгүйд шийдвэрлэж өгөөч гэж ойлгож байна гэж анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд бичсэн байдаг. Шүүхээс үүнийг шийдвэрлэн хуралдааныг завсарлуулаад захирамж гаргах байсан. Хэдийгээр хуралдааныг хойшлуулж өгнө үү гэж бичээгүй гэсэн хүндэтгэн үзэх шалтгаанаар гадаад явж байна гэж бичсэн байна. Шүүхээс ийм маргаантай асуудал байсаар байхад шүүх эрхийг нь хангалгүй хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн. Шийдвэр тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх зарчмыг ханган шийдвэр гаргах байх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Гэтэл шүүхээс процессын хуулийг бүхэлд нь зөрчин нэг талын барьсан шийдвэр гаргасан. Миний үйлчлүүлэгчийн гаргасан гомдол шүүх хуралдааны явцад мэдүүлж байгаа мэдүүлэг зэргээс харахад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх юм бол шинээр нотлох баримт гаргаж өгнө, гэрч асуулгах хүсэлт гаргана гээд байгаа. Хэрэв анхан шатны шүүх гэрээнээс татгалзаж байна гэж үзсэн бол Иргэний хуулийн 254, 255 дугаар зүйлд заасныг шийдвэртээ дүгнэх байсан. 254 дүгээр зүйлд эд хөрөнгийн доголдлын талаарх худалдан авагчийн эрх, үүргийг зааж өгсөн. Гэтэл эдгээр хүмүүс нь гэрээнээс татгалзах юм бол ийм заалт оруулна гэж заасан зүйлгүй. Хариуцагчийн хэлснээр анх машин мэддэг хүн рүү очиж үзэж харан авахаар тохиролцон авсан. 2 сарын дараа зараад өгөөч гэж хэлээд сүүлдээ гэрээнээс татгалзсан гэж анхан шатны шүүхээс дүгнэж байгаа нь буруу. Иргэний хуулийн 255 дугаар зүйлд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж тусгасан нь мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж заасан. Тэгэхээр анх мэддэг хүн харуулж, шалгуулан эд хөрөнгийг авч явчихаад 2 сарын дараа доголдолтой байна гээд татгалзаад нэхэмжлэл гаргаад байгаа үндэслэлгүй байна гэж үзэж байна” гэв.

6.Нэхэмжлэгч Б.Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хариуцагчтай өмнө нь ч харилцаа холбоотой хэд хэдэн удаа машины наймаа хийж байсан. Тэгээд 2018 онд үйлдвэрлэгдсэн, 2024 онд орж ирсэн машин байна ганцхан Штанг л солино төгрөгөөр 1,000,000 орчим болдог, өөр ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд би машин сайн мэдэхгүй учраас мэддэг хүнд үзүүлээд урьдын харилцаагаа бодож итгээд хоёр машинаа солин төлбөр тооцоогоо дуусгасан. Машин худалдан авсан үгүй дээрээ хэн нь ч маргаагүй. ...Тэгээд би 5,000,000 төгрөгтэй эрээн гарч Штанг авсан. Дараа нь ийм, ийм юм нь болохгүй байна гэхээр нь резин, кроп, том, масло сольж их зардал гарсан. Тэгээд эр хүн байж наймаа хийчихээд гоншигноод яах вэ гээд бүгдийг нь солиод хоёр хоногийн дараа тээвэрт явахад ус нь халаад нэлээд хэдэн юм сольсон. Тэгээд дараа нь Бор-Өндөр рүү уурхай руу явуулах гэсэн чинь нэлээд хүчгүй, хэд хэдэн машины эд анги нийлүүлж босгосон машин гэдгийг нь мэдээлд Л.т буцаая гэж хэлэхэд юу гэж буцаах вэ дээ, 60,000,000 төгрөгт авбал авъя гэхээр нь би эхлээд 60,000,000 төгрөгөөр аваад дараа нь шүүхэд хандаж болох юм байна гэж бодсон. Тухайн Харриер маркийн 40,000,000 төгрөг хүрэх үү, үгүй юу гэхдээ энэ талаар яриад яах уу. Үлдсэн 10,000,000 төгрөгийн нэхэмжилж байгаа үндэслэл нь энэ хүний зарсан машин нь техникийн шаардлага хангахгүй, зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байсан учраас нэхэмжилж байгаа. Мөн гэрч асуулгана гээд байна бодвол Баярхүү энэ хоёр л нэг нэгийгээ гэрчлэх байх, уг нь надад хамт л машин зарсан хүмүүс юм.” гэв.

7.Нэхэмжлэгч Б.Б.н өмгөөлөгч С.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Б., Л. нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан дээр хэн аль нь маргадаггүй. Харин эд хөрөнгийн доголдолтой асуудал үүсдэг. Б., Л.нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаас харахад тухайн эд хөрөнгийг доголдолтой эсэх талаар Б. мэдэх боломжгүй, том тэрэгний талаар мэдэхгүй учраас худалдан авахад хамт байсан Б. гэж хүнээр том тэргийг жолоодуулсан нөхцөл байдал байдаг. Эд хөрөнгийг худалдан авч ашиглаж үзээд ашиглах боломжгүй, эд хөрөнгийн доголдол бий болсны гэдгийг мэдсэний улмаас Б.н зүгээс гэрээг цуцлах хүсэлтийг гаргаад Л.н зүгээс зөвшөөрч гэрээг цуцалсан нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн байна. Гэрээг цуцалсны дагуу Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг дагуу өгсөн авснаа буцааж өгнө гэсэн хуулийн зохицуулалт үйлчилнэ. Үүний дагуу Б.н зүгээс Харриер маркийн машиныг 40,000,000 төгрөгт тооцож, 20,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Үүн дээр талууд  маргадаггүй. Харин зөрүү 10,000,000 төгрөгийн асуудал яригддаг. Б.с хэдийгээр 10,000,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч тухайн машинд 8,000,000 гаран төгрөгт засвар хийсэн ч нэгэнт худалдан авсан хариуцлагаа хүлээгээд үүнийг нэхэмжлэхгүй гэдэг. Л.н гаргасан тайлбартай холбогдуулан нэмж хэлэхэд уг хэрэгт 2024 оны 12 дугаар сард Цагдаагийн байгууллагад залилуулсан гэж гомдол гаргасан байсан ч хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг. Үүний дараа 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Хэргийг шийдвэрлэхээс 8 сарын өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд хариуцагчийн зүгээс нотлох баримт гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой хугацаа байсан. Хариуцагчийн зүгээс гомдол, хүсэлт, нотлох баримт гаргах эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэгт өмнө нь 2, 3 өмгөөлөгч ажиллаж л байсан. Анхан шатны шүүхээс хариуцагчийн гаргасан хүсэлттэй холбогдуулан бид нарын байр суурийг асуусан. Нэхэмжлэгчийн зүгээс хэлэх тайлбаргүй гэсэн. Ц.Л.н зүгээс Хөх хотод ажилтай явж байгаа учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. Оролцох боломжгүй гэдгээ өөрөө тайлбарласан учраас анхан шатны шүүхээс түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-т заасан асуудал энэ хэрэгт яригдахгүй. Эд хөрөнгийн доголдол үүснэ гэдгийг мэдсээр байж худалдаж авсан бол худалдан авагч шаардах эрхгүй гээд байна. Гэтэл эд хөрөнгийн доголдолтой гэдгийг мэдэх боломжгүй нөхцөл байдал байгаа. Тухайн тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглаж байж доголдолтой эсэх талаар мэдэхээр байгаа. Хариуцагчийн ганц зүйл л эвдрэлтэй гэсэн ч нэлээд хэдэн зүйл эвдрэлтэй байсан гэдгийг нэхэмжлэгч тайлбарлаж байна. Тиймээс шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагч Ц.Л.н давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болсон байна.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар зохигчид харилцан амаар тохиролцож Л.н 2018 онд үйлдвэрлэгдэж 2024 онд Монголд орж ирсэн Хово маркийн автомашиныг 70,000,000 төгрөгөөр Б.Б. худалдан авсан боловч 2 сарын дараа автомашины доголдлын улмаас Б.Б. автомашиныг буцааж, Ц.Л.н суудлын автомашиныг 40 сая төгрөгт тооцож, 20 сая төгрөгийг бэлнээр, нийт 60 сая төгрөгийг буцаан авсан тул үлдэх 10 сая төгрөгийг Ц.Л.с гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч бид харилцан тохиролцсон тул төлөх төлбөргүй гэж маргасан үйл баримт болсон байна.

3.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг ноцтой зөрчиж гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй гэж үзсэн.

Хэрэгт хариуцагч Ц..Лд шүүх хуралдааны товыг 2025 оны 08 дугаар сарын 21-ны өдөр танилцуулсан, хариуцагч тухайн өдрөө БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Хөх хотод 08 дугаар сарын 23-31-ны өдрүүдэд болох Монголын Улсын соёлын экспод  урлаг, соёлын ажлаар оролцох болсон талаар Дорноговь аймгийн Саран хөхөө театрын дарга Э.И.н шүүхэд ирүүлсэн албан бичиг, өөрийн хүсэлтийн хамт ирүүлсэн байхад шүүх хариуцагчийг шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаагүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд тус тус заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн үзнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, хариуцагч нар хуульд заасны дагуу эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэйтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхийг эдэлж оролцох эрхтэй.

Хариуцагч шүүх хуралдаанд оролцсоноор эдгээр эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан.

Гэтэл хариуцагчаас шүүх хуралдаан болох цаг хугацаанд гадаад улсад болох Монгол Улсын ёслолын үйл ажиллагаанд оролцох  ажилтай болохоо мэдэгдсэн байхад түүнийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагчийн хуульд заасан эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болно.

4.Энэ нөхцөл байдал нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т үндэслэлд хамаарна.

Иймд хариуцагчаас гаргасан давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 308/ШШ2025/00550 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг тус шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ц.Л.с давж заалдах гомдолд урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД Д.МӨНХБҮРЭН

А.САЙТӨГС

 

                         Н.БОЛОРМАА