Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/111

 

 

 


                                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Н Хад холбогдох эрүүгийн 1919001970109 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооны багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум, .. дугаар баг, 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ч овогт Н Х, регистрийн дугаар:

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Х нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Г.Хийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
    
     Шүүгдэгч Н.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Мэдүүлэг өгөхгүй…” гэв.

    Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “...Г.Хийн биед тархи доргилт, нүүр, цээж, мөрний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нүүр цээж, мөрний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 02/0289 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9 дүгээр хуудас/,
 
          Хохирогч Г.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х миний нүүр лүү зүүн гараараа нэг удаа цохисон юм. Тэгээд хоёулаа учир зүйгээ олоод жоохон юм яриад сууж байтал Х авдарнаасаа 0.75 литрийн 1 шил архи гаргаж ирээд 2-уулаа бас хувааж уусан юм. Тэгээд согтуудаа 2-уулаа бас маргалдаад байх шиг байсан, тэгтэл Х миний нүүр лүү дахиад 2 удаа цохисон. Миний хамарнаас цус гарсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/

          Шүүгдэгч Н.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хийн нүүрэн тус газар нь зүүн гараараа 1 удаа цохисон юм. Тэгтэл 0.5 литрийн нэг шил архи хувааж ууж дуусгаад би авдранд байсан 1 шил 0.75 литрийн архиа гаргаж ирээд бид 2 хувааж уусан юм Тэгээд хоёулаа архиа хувааж уугаад сууж байхдаа жоохон маргалдсан юм. Тухайн үед яг юунаас болоод маргалдсан талаараа сайн санахгүй байна. Тэр үед Хийн нүүрэн тус газар нь баруун гараараа 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/
           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Х нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Г.Хийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан  хохирогч Г.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х миний нүүр лүү зүүн гараараа нэг удаа цохисон юм...тэгээд согтуудаа 2-уулаа бас маргалдаад байх шиг байсан, тэгтэл Х миний нүүр лүү дахиад 2 удаа цохисон. Миний хамарнаас цус гарсан... гэсэн мэдүүлэг,   шүүгдэгч Н.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хийн нүүрэн тус газар нь зүүн гараараа 1 удаа цохисон юм...тухайн үед яг юунаас болоод маргалдсан талаараа сайн санахгүй байна. Тэр үед Хийн нүүрэн тус газар нь баруун гараараа 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь  Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “...Г.Хийн биед тархи доргилт, нүүр, цээж, мөрний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нүүр цээж, мөрний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 02/0289 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, хэрэгт зөрүүтэй өөр нотлох баримт авагдаагүй байна.
Шүүгдэгч Н.Х нь гэм буруугийн талаар маргаагүй ба хэрэгт зөрүүтэй гэж үзэх нотлох баримт авагдаагүй тул шүүгдэгч Н.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн саналыг харгалзан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
    Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

    Шүүгдэгч Н.Хын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж заасан. Хохирогч Г.Х нь шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргаагүй, хуульд зааснаар 72 цагийн дотор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан тул шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн боловч оролцохгүй гэсэн тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ч овогт Н Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хыг 500 / таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


 

                                         ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА