Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 704

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар,

хохирогч Г.Түшигхангай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Цагаан шувуут овогт Эрдэнэбатын Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911018910813 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Митс жапан ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 15 дугаар хороолол 23-м байр 25 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цагаан шувуут овогт Эрдэнэбатын Э.Б /РД: АЮ85031033/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч  Э.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Содон Бөмбөгөр" худалдааны төв дотор хохирогч Г.Түшигхангайг "бараа материал дутаасан" гэх шалтгаанаар баруун гараараа зүүн чих рүү нь 2 удаа цохиж Г.Түшигхангайгийн биед "зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт" бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2019 оны 7 дугаар сарын 01-нд шалгалтаар очиход тэр салбарт маш их хэмжээний бараа дутсан байсан. Ер нь энэ салбарт бараа дутдаг. Кассын мөнгө тоолоход Түшигхангай касснаас мөнгө авсан байсан. Өмнө нь хамт ажилладаг хүмүүс нь мөнгө авч зээлээ төлдөг гэж ярьдаг байсан. Түшигхангайд 3 жилийн хугацаанд итгэл хүлээлгээд салбарын төлөөлөгчөөр хүртэл томилсон. Би дүү шигээ ханддаг энэ хүнд гомдоод алгадсан нь үнэн. Гэхдээ гэмтэл учруулсан гэж бодохгүй байна. Учир нь манай ажилчид өмнө нь Түшигхангайг чихний асуудалтай байсан гэж ярьдаг гэв.

Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 01-нд цагийн хувиарийн дагуу ажлаа хийж байсан. 11 цагийн үед гүйцэтгэх захирал Э.Б шалгалтаар орж ирсэн. Кассын мөнгөө тоолж хүлээж авч байсан. Тэгээд мөнгө дутаад байна, бараа дутуу байна гэхээр нь би мэдэхгүй гэсэн. Дэлгүүр тойрч шалгалтаа хийж байгаад хойшоо агуулахад ороод ир гээд дуудсан. Яагаад бараа дутуу байгаа юм бэ гэхэд би тийм зүйл байхгүй гэж хэлэхэд баруун гараараа хоёр удаа цохисон. Чи яв гэж надад хэлсэн. Орой нь халуураад чихнээс юм гоожоод байсан. Чих маань зүгээр болсон. Цаашид гарах эмчилгээний 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

хохирогч Г.Түшигхангайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Содон Бөмбөгөр худалдааны төвд "Митс Жапан" гэр ахуйн бараа худалдаалдаг дэлгүүрт цагийн хуваарийн дагуу ажлаа хийж байсан. 11 цаг өнгөрч байх үед манай гүйцэтгэх захирал Э.Б, ерөнхий нягтлан Нандин-Эрдэнэ нар орж ирсэн. Орж ирээд дэлгүүрт үйлчлүүлж байсан хүмүүсийг гаргаж хаалгаа түгжсэн. Ерөнхий нягтлан касс дээр очиж орлого тоолж байх үед гүйцэтгэх захирал надад чи бараа материал дутаасан уу, авсан уу гэх зэргээр хэлсэн. Тэгээд намайг дэлгүүрийн хойд талын агуулах руу дуудаж ороод ир гэсэн. Би явж ортол ахин намайг бараа материал дутаасан зэргээр хэлж эхэлсэн. Би тийм зүйл байхгүй ээ гэж хэлтэл миний зүүн талын чих рүү хоёр удаа баруун гараараа алгадаж цохисон. Намайг цохиулж байх үед манай дэлгүүрийн ажилтан Батсүх бараа өрөөд зогсож байсан. Гүйцэтгэх захирал намайг цохиод, зайл одоо битгий дахиж ирээрэй гэж хэлээд буцаад гараад явсан. Миний чих оройноос өвдөж эхлэн булга, цус гойжсон. Маргааш нь буюу 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр би хорооныхоо өрхийн эмнэлэгт үзүүлэхэд амбулаторт үзүүлэх бичиг хийж өгсөн. Эмнэлэгт очиход эмч нь ээлжийн амралттай байсан тул 7 дугаар сарын 03-ны өдөр Энх-Сонор гэх чих хамар хоолойн хувийн эмнэлэгт үзүүлсэн. Э.Б гэх хүн намайг дэлгүүрийн бараа материал дутаасан гэх зэрэг асуудлаар цохиж гэмтээсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 11х/,

 гэрч Н.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э.Б захирал Түшигхангайг агуулахын өрөө рүү дуудаж яагаад мөнгө дутаад байгаа юм чамд хариуцуулж үлдээж байхад гэх мэт зүйлс ярьсан. Би бас агуулахын өрөө рүү орж бараа янзлах гэж орсон. Түшигхангай болон Э.Б захирал нар хоорондоо юм яриад зогсож байсан. Гэтэл гэнэт хүн алгадах шиг дуугарсан. Эргээд харахад Түшигхангай Э.Б захирал нар зогсож байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 21х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 8330 дугаар "ПТүшигхангайгийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1033 дугаар материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээгээр "...Г.Түшигхангайгийн биед нэмэлт шинжилгээгээр зүүн чихний хэнгэргэн хальсны цооролоос өөр гэмтэл тогтоогдсонгүй. Шинжээч эмч Н.Энхцолмонгийн 8330 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрх зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй" гэх шинжээчийн дүгнэлт /xx-ийн 27х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Э.Быг хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.Түшигхангайг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Г.Түшигхангайн эрүүл мэндэд учирсан гэмтэлд Э.Б нь нийт 134.800 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны үед төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Харин Г.Түшигхангай нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Бд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан тохирох ял шийтгэлийг шүүх оногдуулж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

              1. Цагаан шувуут овогт Эрдэнэбатын Э.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Быг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Г.Түшигхангай нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ