| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/00361/И |
| Дугаар | 210/МА2025/02119 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2025/02119
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******гийн нэхэмжлэлтэй,
******* ЗБН-д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Миний бие 2024 оны 01 дүгээр сараас эхлэн Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны өрхийн эмнэлэгт хүний их эмчээр ажилласан.
Миний ээж ******* нойр булчирхайн хорт хавдар оноштойгоо БНХАУ-ын Гуанжо хотод эмчлүүлэх шаардлагатай болсон тул 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл чөлөө хүссэн өргөдлийг өрхийн эмнэлгийн даргад үлдээсэн. Тус газар эмчилгээ хийлгэж байхдаа дахин 14 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаар албан ёсоор цахим чат руу явуулсан боловч хариу ирүүлэхгүй байсан тул байгууллагын групп чат руу бичиж үлдээсэн.
...2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ирээд маргааш нь ажилдаа орох гэтэл намайг ажилд оруулахгүй, ажлаас гарах хүсэлтээ бичиж өгвөл тушаал гаргаж өгнө гэж миний эрх зүйн байдлыг өнөөг хүртэл дордуулж байх тул намайг урьд эрхэлж байсан их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг олгуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Их эмч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар эмчийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. ******* нь 2024 оны 03 дугаар сараас эхлэн удаа дараа чөлөө авах, чөлөө авахгүй ажил таслах нь нэмэгдсээр 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 20 хоногийн чөлөө хүссэн өргөдлийг бүх эмч ажилчид явсны дараа ******* даргын ширээн дээр орхиод явчихсан байсан. ******* дарга өргөдлийг маргааш нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мэдсэн. Чөлөө олгох боломжгүйг мэдэгдэхэд зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй хамаагүй явна гэсэн.
Чөлөө өгөөгүй шалтгаан нь ажлын ачаалал их, оронд нь ажиллах хүн байхгүй, тус хорооны 1500 сурагчийг урьдчилан сэргийлэх үзлэгт, 1000 иргэний бие чийрэгжилтийн түвшинг үнэлэх сорилд хамруулах, нэмэлт дархлаажуулалт зохион байгуулах гэх зэрэг ажлыг гүйцэтгэхтэй давхцаж байсан, мөн хөдөлмөрийн дотоод журамтай зөрчилдөж байсан.
******* эмч чөлөө өгөөгүй байхад ажлын байраа орхиж явсан ч гэсэн түүний 2024 оны 04 дүгээр сарын цалинг нь бүтнээр нь олгосон. Ингээд түүний оронд өөр ажилтан авахаар зар оруулан 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн их эмч *******г ажилд авсан. 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ******* эмч ажил дээр ирсэн ба бид түүний оронд өөр хүн ажилд авч ажиллуулсан тухайгаа түүнд хэлж, ажиллуулах боломжгүйг тайлбарласан. Бидний зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй, түүний хөдөлмөрлөх эрхэд нь халдаагүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* ЗБН-д холбогдох урьд эрхэлж байсан хүний их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч ******* тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт иргэн ******* нь түүнийг туршилтын хугацаагаар ажиллуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн. Түүнээс хойш тэрээр 39 хоногийн дараа хөдөлмөр эрхлэхтэй холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргажээ хэмээн тайлбарлахдаа хариуцагч тал 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хариу тайлбар гаргасан гэх тайлбарыг нотлох баримтаар үнэлээгүй ба ...нэхэмжлэгч миний бие гомдлыг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өгсөн байхад хариуцагч тал хариу тайлбараа мөн өдөр өгөх ямар ч үндэслэл, боломжгүй.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдол гаргахаар заасан. Гэвч намайг ажиллуулахгүй гэдэг мэдээллийг *******аас сонссон боловч ажлаас чөлөөлсөн тушаалыг албан ёсоор гардуулж өгөөгүй, гардуулж өгөхийг удаа дараа шаардсан боловч огт өгөөгүй, надтай хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээг анхнаасаа байгуулаагүй юм. Тиймээс ажлаас халагдсан тушаалыг албан ёсны дагуу гардан авсны дараагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хугацааг тоолох үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн миний бие нь анхан шатны шүүхэд гомдлыг хуулийн хуулийн хугацаанд гаргаж өгсөн. Иймд, зориудаар хуулийг мушгин гуйвуулж зориуд хариуцагч талд ашигтай байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
...Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажилтан чөлөө авахаас 3 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй байдаг. Учир нь, өрхийн эрүүл мэндийн төв нь анхан шатны эмнэлгийн туслалцаа үзүүлэх үүрэгтэй буюу онцгой үүрэгтэй ажилладаг. Аливаа эмч урьдчилан мэдэгдэлгүйгээр чөлөө авахад хүн амын аюулгүй байдлын тухай асуудал хөндөгдөх учир хөдөлмөрийн дотоод журамд 3-аас доошгүй хоногийн өмнө ажил олгогчид мэдэгдсэн байх ёстой гэх үүргийг нарийвчлан зохицуулсан. Мөн ажилтанд олгох чөлөөний хугацаа 7 хоногоос хэтрэхгүй байна гэж журамласан байдаг. Гэтэл ******* эмч чөлөөний журмыг зөрчиж, хүн амын үзлэг явагдаж байх цаг үед өрхийн эмнэлгийн дарга эзгүй байхад түүний ширээн дээр чөлөө авах хүсэлтийг үлдээсэн байдаг, ...чөлөө олгох боломжгүй, таныг орлох ажилтныг томилоогүй байгаа тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдэхэд нэхэмжлэгч ажлын байрыг орхин явсан.
Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос 06 дугаар сарын 24-ний өдөр *******гаас гомдол ирсэн тухай мэдэгдэж 06 дугаар сарын 24-ний өдөр өрхийн эмнэлгээс хариу тайлбар гаргасан. Нэхэмжлэгч нь ажил олгогч аливаа тушаал, шийдвэр гараагүй гэж тайлбарладаг боловч Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор ажил олгогч ажлаас халсан шийдвэрийг бичгээр өгөөгүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзнэ гэж зохицуулсан. Мөн хөдөлмөрийн дотоод журамд чөлөөний журам зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлагдсанд тооцно гэж зохицуулсан учир ажил олгогч 05 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хөдөлмөрийн гэрээ цуцалж ажилд авахгүй тухайгаа мэдэгдсэн. Уг өдрөөс хойш хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талд хороонд гомдол гаргах хугацаа нь 06 дугаар сарын 16-ны өдөр байтал 06 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.
Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны тэмдэглэлийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гардаж авсан. Үүнээс хойш 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийг хүлээдэг атал 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд хандсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэдгээ нотлоогүй. Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.8 дах хэсэгт заасан ажлын 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.
Анхан шатны шүүх шийдвэр үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч гурван сарын туршилтын хугацаагаар ажиллаж байсан. Уг хугацаа нь гурван сарын хугацаагаар сунгагдсан талаар нэхэмжлэгч мэдэж байсан боловч уг хугацаанд ажил үүргээ хаяж явсан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй үлдээж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ЗБН-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т хэрэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ЗБН-ийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар тус өрхийн эрүүл мэндийн төвд их эмчийн албан тушаалд туршилтын гурван сарын хугацаагаар томилогдсон, /х.х-ийн 55/
улмаар туршилтын гурван сарын хугацаа дууссан байхад хариуцагч нь нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулсан хэвээр байсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж зааснаар хөдөлмөрийн гэрээг дахин гурван сараар сунгагдсанд тооцно.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтныг ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг шалган мэдэхээр туршилтын хугацаагаар ажиллуулахаар түүнтэй түр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.
4. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч ******* ЗБН-ийн даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дугаар тушаалаар нэхэмжлэгч *******гийн оронд *******г тус өрхийн эрүүл мэндийн төвд их эмчийн ажил, албан тушаалд томилж, нэхэмжлэгчид 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй талаар мэдэгдэж, туршилтын хугацаагаар үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгожээ. /х.х-ийн 57/
Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж заасан.
Тодруулбал, хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг бичгээр гаргаагүй боловч нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байранд өөр хүнийг томилж, ажил хөдөлмөрийг нь эрхлүүлээгүй, мөн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа талаар түүнд амаар мэдэгдсэн зэргээс үзвэл ажлаас чөлөөлсөнтэй адилтган үзэх үйлдэл гаргажээ.
5. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хооронд өөрийн ээж *******ийг эмчлүүлэхээр БНХАУ-ын Гуанжо хот руу явах болсон гэсэн шалтгаанаар чөлөө олгох хүсэлтийг хариуцагч ******* ЗБН-ийн даргын ширээн дээр үлдээсэн, /х.х-ийн 56/
үүний дараагаар нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус эмнэлгийн даргын Facebook chat болон ажилтнуудын групп chat руу тус тус чөлөөний хугацааг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгах хүсэлтийг илгээсэн гэснийг хариуцагчийн зүгээс няцаагаагүй бөгөөд түүнд чөлөө олгохоос татгалзаж, улмаар нэхэмжлэгчийг олон хоног ажил тасалсан учир түүний оронд өөр хүн авч ажиллуулсан гэсэн.
6. Нэхэмжлэгч нь хариуцагчийг ...намайг чөлөөтэй байх хугацаанд ажил, албан тушаалаас чөлөөлсөн үйлдэл хууль зөрчсөн... гэж маргаж байгааг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Үүнд:
6.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д Туршилтаар ажиллах ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ гэж, 100 дугаар зүйлийн 100.2-т Хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтан ажил олгогчоос баталсан хөдөлмөрийн дотоод журмыг зохих ёсоор даган мөрдөж, биелүүлэх үүрэг хүлээнэ.
Хариуцагч ******* ЗБН-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.4-т ...ажилтан ээлжийн амралтаа эдлэх, хувийн чөлөө авах зэрэгт төвийн даргад биеэр урьдчилан 3-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, амралт чөлөөний хугацааг нарийн тохирч зохих зөвшөөрлийг бичгээр авах буюу тушаал гаргуулсан байна... гэж, 6.6-д Ажилтанд олгох нэг удаагийн чөлөөний хугацаа 7 хоногоос хэтрэхгүй байх ба хэтрэх чөлөө хүссэн тохиолдолд ээлжийн амралтыг эдлүүлэхээр талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид дээрх журмын дагуу 3 хоногийн өмнө чөлөө авах хүсэлтийг холбогдох баримтын хамт өгөөгүй, мөн түүний чөлөө хүссэн хугацаа нь журамд заасан 7 хоногоос хэтэрсэн буюу 19 хоног байх тул ажил олгогч байгууллагын дарга нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ...хавсаргасан материал байхгүй, хөдөлмөрийн дотоод журмын чөлөө хүсэх журам зөрчсөн, чөлөө олгох боломжгүй, асуулгүйгээр ажлын байраа зөвшөөрөлгүй хаяж явсан... гэх цохолт хийж, чөлөө олгохоос татгалзсан нь хөдөлмөрийн дотоод журамд нийцсэн байна. /х.х-ийн 56/
6.2. Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д эмнэлгийн мэргэжилтэн гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг гэж, 3.1.24-т эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ гэж хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төрөөс өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон үндсэн мэргэшлийн зарим нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг иргэн, гэр бүл, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор харьяалах нутаг дэвсгэрт байгаа хүн бүрд нь нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр үзүүлэх үйл ажиллагааг гэж тус тус заасан.
Хариуцагч ******* ЗБН нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд тус өрхийн эмнэлэгт нэхэмжлэгч *******г оролцуулаад нийт 2 их эмч ажилладаг, нэхэмжлэгч нь эмнэлгийн ажилтны хувьд онцгой үүрэг хүлээх учиртай.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тангараг өргөсөн эмчийн үйл ажиллагаа эрхэлж байгаа учир удаан хугацааны чөлөө авах бол холбогдох хууль, журмын дагуу авах ёстой бөгөөд энэ нь тус өрхийн эмнэлгийн ажлын дотоод зохион байгуулалтаас гадна өрхийн эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхтэй салшгүй холбоотой юм.
Гэтэл нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ЗБН-д урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрийн ажил үүргээ орхин явсан үйлдлийг түүний ээжийнхэн бие муу байгаа гэсэн шалтгаанаар зөвтгөж болохгүй.
6.3 Хариуцагч ******* ЗБН-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.5-д Дараах тохиолдлыг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэж үзнэ гээд б-д Байгууллагад ажиллаж байх хугацаандаа шалтгаангүйгээр ажлаа 3-аас дээш хоногоор тасалж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажлын цагаас хожимдох, ажлын байраа орхиж явах, ажлаас эрт тарсан гэж заасан.
Хэргийн баримт болох ажлын цаг ашиглалтын бүртгэлээс үзвэл нэхэмжлэгч ******* нь ажлын цагаас хоцордог, ажлын цаг дуусахаас өмнө ажлаа орхин явдаг, мөн нэг болон хоёр өдрөөр ажил тасалдаг, түүнчлэн албан ёсоор чөлөө авахгүйгээр олон хоног ажлын байраа орхин явсан зэрэг зөрчлүүдийг гаргажээ. /х.х-ийн 66-69/
Иймд, хариуцагч ******* ЗБН нь Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар тушаалаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж ажиллах чиг үүргийн хүрээнд нэхэмжлэгч *******гийн оронд *******г туршилтын гурван сарын хугацаагаар томилон ажиллуулсныг буруутгахгүй. /х.х-ийн 57/
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж, 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гээд 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тус тус заасан.
Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар тухайлан дурдаагүй гэдэг үндэслэлээс илүүтэй эмнэлгийн ажилтан зохих ёсоор чөлөө аваагүй, олон хоног ажил тасалснаас шалтгаалан иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх хөндөгдөх учир хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тухайлан заасан эсэхээс үл хамаарч нэхэмжлэгч нь ажил тасалж болохгүй, шаардлагатай тохиолдолд зохих журмын дагуу чөлөө авах ёстой болохыг мэдэж байх үүрэгтэй.
Иймээс зохигч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь хариуцагч /ажил олгогч/-ийн буруутай үйлдэл боловч энэ нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гээд 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж заасан.
Нэхэмжлэгч *******гийн ...би, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ирээд маргааш нь ажил дээрээ очиж ******* даргатай уулзсан... гэх тайлбараас үзвэл түүнийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон талаар мэдсэн гэж үзнэ.
Тиймээс нэхэмжлэгч нь хуульд зааснаар 30 хоног буюу 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хооронд гомдол гаргах ёстой байсан боловч тэрээр 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан байх тул энэхүү хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
Түүнчлэн нэхэмжлэгч тал хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээж авсан ба дээр дурдсан хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар ажлын 10 өдрийн дотор буюу 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байжээ.
Гэвч нэхэмжлэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь мөн адил дээрх хугацааг хэтрүүлсэн байх тул анхан шатны шүүхийн хуульд заасан хугацаанд гомдол, нэхэмжлэлээ гаргаагүй гэх дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааны талаар сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байхад шийдвэрийн тогтоох хэсэгт мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай байгааг давж заалдах шатны шүүхээс өөрчилнө.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж 3 жил гаруй хугацаа өнгөрсөн байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 2021 он гэж тодруулах шаардлагагүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/07387 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч ******* ЗБН-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Б.МАНДАЛБАЯР