Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Хохирогч Б.А,
Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гын Ат холбогдох эрүүгийн .......дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.А
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.А нь хохирогч Б.Атай хамтран амьдрах хугацаандаа хохирогч Б.Атай муудалцан хардаж байнгын шинжтэй зодсон, 2019 оны 02 сард хардалтын улмаас зодсон, 2019 оны 04 дүгээр сарын 10-наас 11- нд шилжих шөнө И сумын нутаг дэвсгэрт байрлах гэртээ мөн хардаж алчихъя гэж заазуураар бие рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан зэргээр “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй …” гэв.

        Хохирогч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 04 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө маргалдаж байгаад буцаж орж ирээд дахин маргалдаж намайг зодсон. Надад санал гомдол байхгүй. Би цалингийн зээлтэй хүүхдүүдтэй болохоор нөхөргүй амьдарч чадахгүй. Надад өвдөж байгаа зүйл байхгүй...” гэв.

Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Би Г.А гэх хүнтэй хамтран амьдраад одоо 9 жил болж байгаа, бид хоёр дундаа 2 хүүхэдтэй ...2019 оны 04-р сарын 10-ны ...00 цагийн орчимд намайг 2 хүүхэдтэйгээ унтаж байхад Г.А гаднаас орж ирээд миний урд амьдарч байсан хүний тухай яриад бид хоёр хэсэг маргалдсан...хэрэлдээд байж байтал А нь би чамайг алчихъя гээд гэрийн гал тогооны шүүгээнээс хутга гаргаж ирээд хутгаараа миний баруун талын чамирхайн дээд талд нэг удаа цохисон, тэгээд хүүхэд уйлаад би хүүхдээ тэврээд сууж байтал дээрээс хэд хэдэн удаа миний толгойн хэсэг рүү гар болон хөлөөрөө цохиж зодсон... хутгаар толгой руугаа цохиулсны улмаас толгойдоо гурван оёдол тавиулсан... Г.А урьд нь намайг хэд хэдэн удаа зодож байсан, би тухай бүр нь эмнэлэгт үзүүлээд байдаггүй, архи уухаараа л хардаж өөрийнхөөрөө байлгах гэж зодож цохидог...бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулж амжаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-21 дүгээр хуудас/,

    Шүүх эмнэлэгийн шинжээчийн “...Б.Агийн биед толгойн баруун хэсэгт ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн ... дугаартай шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/,

Гэрч С.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... төрсөн охин Б.А нь А гэх хүнтэй Дорноговь аймгийн И сумын төвд хамтран амьдраад одоо 8-9 орчим жил болж байгаа... одоо 2 хүүхдийн аав, ээж болсон ...04 сарын 10-ны өдрөөс 11-ний өдрийг шилжих шөнө 00 цагийн орчимд манай охин А утсаар залгаад намайг манай нөхөр А архи ууж ирчихээд зодоод байна гэж хэлсэн юм ...Агийн гэрт ороход ...дөнгөж эмнэлгээс ирлээ гээд толгойн баруун талын хөмсөгний дээд талдаа 3 оёдол тавиулсан гээд толгой нь боолттой орж ирсэн, асуухад ...архи уучихаад чамайг ална гээд толгой руу хутгаараа нэг удаа цохиж гэмтээсэн гэж хэлж байсан ...А нь архи уухаараа л эхнэр Агаа цохиж зоддог, манай охин А нь өөрөө мөн нууж хаагаад байдаг, би цохиж зодоод байдаг талаар нь Аын ээж болон аав руу нь утсаар мэдэгдэж хэлж байсан, тэгэхээр өөдөөс наагуураа зохицоод учраа ол, бид нарт хамаа алга гэж хэлж ярьдаг юм...байнга маргалдаж зодолдож байдаг, хааяа Агийн гар хөл нь хөхөрчихсөн байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

Гэрч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэрэг болсоны маргааш ...11-ний өдөр мэдсэн А нь тус өдөр ажил дээрээ ирэхдээ толгойгоо боочихсон ирж байсан, тэгээд өөрөө надад хэлэхдээ манай нөхөр өчигдөр орой архи ууж агсам тавиад миний толгой руу заазуураар цохиод оёдол тавиулсан гэж хэлж  байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас /

Гэрч М.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.А ер нь их архи уухаараа гэртээ эхнэр Б.Атай маргалдаад байдаг байж магадгүй...” гэсэн мэдүүлэг /хх-35 дугаар хуудас/

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 4-13 дугаар хуудас/

           Шүүгдэгч Г.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхнэр Б.Атай хамтран амьдраад одоо 10 жил болж байна. Бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй одоо хамтран амьдарч байгаа. 2019 оны 04 сарын 10-11-ний өдрийг шилжих шөнө би архи уучихсан гэртээ орой 00 цагийн орчимд эхнэр Б.Атай маргалдаж цохиж зодон биед нь гэмтэл учруулсан нь үнэн, тухайн үед би өдөр гэрээс гараад ...архи уучихсан орой 21 цаг өнгөрч байх үед ороод эхнэр Б.Аг хардсаны улмаас маргалдаж гараараа цохиж мөн мах хэрчих гээд барьж байсан заазууран хутгаараа толгойн тус газар нь цохиж гэмтэл учруулсан ...2019 оны 02 сард байх би архи уучихсан согтуу үедээ эхнэр Атай маргалдаж гар хүрч цохиж байсан...бид хоёр хааяа нэг маргалдчихдаг гэр бүлийн асуудал болон мөнгө төгрөгнөөс л болчихдог...өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.А хохирогч Б.Атай хамтран амьдрах хугацаандаа хохирогчийг хардаж байнгын шинжтэй зодсон, 2019 оны 02 сард хардалтын улмаас зодсон, 2019 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө И сумын нутаг дэвсгэрт байрлах гэртээ мөн хардаж алчихъя гэж заазууран хутгаар толгой орчимд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Аг байнга хардаж, сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн болох нь гэрч С.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... төрсөн охин Б.А нь А гэх хүнтэй Дорноговь аймгийн И сумын төвд хамтран амьдраад одоо 8-9 орчим жил болж байгаа... одоо 2 хүүхдийн аав, ээж болсон ...04 сарын 10-ны өдрөөс 11-ний өдрийг шилжих шөнө 00 цагийн орчимд манай охин А утсаар залгаад намайг манай нөхөр А архи ууж ирчихээд зодоод байна гэж хэлсэн юм ...Агийн гэрт ороход ...дөнгөж эмнэлгээс ирлээ гээд толгойн баруун талын хөмсөгний дээд талдаа 3 оёдол тавиулсан гээд толгой нь боолттой орж ирсэн, асуухад ...архи уучихаад чамайг ална гээд толгой руу хутгаараа нэг удаа цохиж гэмтээсэн гэж хэлж байсан ...А нь архи уухаараа л эхнэр Агаа цохиж зоддог, манай охин А нь өөрөө мөн нууж хаагаад байдаг... байнга маргалдаж зодолдож байдаг, хааяа Агийн гар хөл нь хөхөрчихсөн байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/ гэрч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэрэг болсоны маргааш ...11-ний өдөр мэдсэн А нь тус өдөр ажил дээрээ ирэхдээ толгойгоо боочихсон ирж байсан, тэгээд өөрөө надад хэлэхдээ манай нөхөр өчигдөр орой архи ууж агсам тавиад миний толгой руу заазуураар цохиод оёдол тавиулсан гэж хэлж  байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч М.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.А ер нь их архи уухаараа гэртээ эхнэр Б.Атай маргалдаад байдаг байж магадгүй...” гэсэн мэдүүлэг /хх-35 дугаар хуудас/ , гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулын зэргийн үнэлгээ дунд түвшинд тогтоогдсон байдал /хх-ийн 4-13 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанд хохирогч Б.А нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээсээ буцаж, “...банкны зээлтэй болохоор нөхөр ажил хийж зээлээ төлдөг, хэрэв ял шийтгүүлээд явбал зээлээ төлж чадахгүйд хүрнэ, ер нь байнга хэрэлдэж хардаад зодоод байдаггүй, сая л ийм зүйл болсон, 2 хүүхдээ би яаж тэжээн тэтгэж авч явахаа мэдэхгүй байна...” гэх мэтээр эдийн засгийн байдлаа илүүд үзэж, шүүгдэгчийг өмөөрөх хандлагатай, өөрийгөө буруутгах байдлаар мэдүүлж байгаа нь түүнийг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж үзэх үндэслэл болж байна.

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж заасан байна.

           Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт     “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл” гэнэ.

Хуулийн энэхүү зохицуулалтаар шүүгдэгч Г.А нь хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Б.Агийн эрх чөлөөнд халдаж, заазууран хутгаар түүний толгойн хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан ба харин хүндрүүлэх нөхцөл байдалтай /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулахаар заасан.

           Иймд шүүгдэгч  Гын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Б.Агийн толгойн тус газарт заазууран хутгаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэл болж байна.

           Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Гын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”  гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан харгис хэрцгий харьцаж, догшин авирлан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож 30 хоногийн хорих ялыг, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА