| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06863/И |
| Дугаар | 5205 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 5205
2016 оны 09 сарын 27 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/05205 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, ...дугаар байрны ... оотод оршин суух, ... регистртэй, Боржигон овогт С.С,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.С оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.С шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Би 1979 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс Улсын нийгэм халамжийн газрын харьяа Батсүмбэр дэх улсын асрамжийн газарт асрагчаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, ажлаас гарсан тушаал бичигдээгүй учраас тухайн байгууллагад ажиллаж байсан талаар баримтгүй болоод байна. Архивын газраас шүүлгэхэд ажилд орсон болон, ээлжийн амралт авсан тушаал байсан боловч ажлаас халагдсан тушаал нь огт олдохгүй байна. Иймд намайг 1979 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Улсын нийгэм халамжийн газрын харьяа Батсүмбэр дэх улсын асрамжийн газарт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.С нь 1979 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Улсын нийгэм халамжийн газрын харьяа Батсүмбэр дэх улсын асрамжийн газарт асрагчаар ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
С.С Улсын нийгэм халамжийн газрын харьяа Батсүмбэр дэх улсын асрамжийн газрын даргын 1979 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 31 дүгээр тушаалаар асрагчаар томилсон байна. /хх-11/
Мөн тус газрын 1979-1980 оны 8 дугаар сар хүртэлх цалингийн тооцооны хүснэгт, хамт ажиллаж байсан Г.Д, Д.Р нарын С.С тус асрамжийн газарт асрагчаар ажиллаж байсан талаар гаргасан тодорхойлолт /хх 12-13/, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогогдож байх тул Боржигон овогт С.С 1979 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Улсын нийгэм халамжийн газрын харьяа Батсүмбэр дэх улсын асрамжийн газарт асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан, ... регистртэй, Боржигон овогт С.С Улсын нийгэм халамжийн газрын харьяа Батсүмбэр дэх улсын асрамжийн газарт 1979 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА