Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 214/МА2025/00014

 

 

Э.Т*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяагийн даргалж хийсэн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 304/ШШ2025/00562 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э*******гийн Т*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С*******гийн А*******д холбогдох

2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хгийн У*******т олгосон тоот өвлөх эрхийн гэрчилгээ, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Э.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Н******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Н*******, хариуцагч С.А*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал, гуравдагч этгээд Х.У*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Э.Т*******ын нэхэмжлэлийн шаардлага: ...Иргэн Э.Т******* миний бие нь Булган аймаг, Х******* сум, Х тосгоны бүрэн дунд сургуульд Нийгмийн ажилтан, эхнэр М.Алгирмаа бага ангийн багшаар ажилладаг бөгөөд Х тосгоны Найрамдал 101 дүгээр гудамжны 110 дугаар байрны 05 тоотод оршин суудаг. Энэ орон сууцыг 2015 оны 06 сарын 19-нд иргэн Ггийн Оаас худалдан авсан. Гэтэл энэ оны 2 дугаар сард Хгийн У******* гэх хүн манай энэ байранд өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэж биднийг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд гаргасан байсан. Бид нэхэмжлэлийг гардан аваад Улсын бүртгэлийн хэлтсээс Х.У*******т орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгох үндэслэл болсон бичиг баримтуудыг гаргуулахаар хүсэлт гаргатал Х.У******* нь нэхэмжлэлээсээ татгалзсанаар шүүгчийн 2025 оны 02 сарын 28-ны өдрийн 304/ШШ2025/00199 тоот захирамж гарч хэрэг шийдвэрлэгдсэн. Үүний дараа Х.У******* нь биеэр ирж багагүй хэмжээний мөнгө шаардах болсон. Бид Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст дээрх баримтуудын хуулбарыг авахаар бүртгэлийг хууль бус гэж үзэж өргөдөл гаргасан ба тус хэлтэс нь нотариатаас Хгийн У*******т олгосон өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн гэрчилгээ олгосон, бүртгэл хууль ёсны гэх хариу өгсөн.

Нэхэмжлэгч би оршин сууж байгаа орон байраа алдах асуудалтай тулгарсан тул Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн шүүхээс 2025 оны 05 сарын 21-нд Х.У*******т "Өвлөх эрхийн гэрчилгээ" олгосон нотариатч С.А*******гийн ажлын байранд очиж гэрчилгээ олгоход үндэслэл болгосон бичиг баримтуудад үзлэг хийхэд оролцоод бичиг баримтуудтай танилцаад хуульчаас зөвлөгөө авахад ийн Х нь уг орон сууцны өмчлөгч байсан гэх баримтгүй, Монгол улсад иргэний оршин сууж эзэмшиж байгаа орон сууцыг уг орон сууцыг эзэмшдэггүй хүнд хувьчлах, орцоор нь орон сууцыг хувьчлах тийм хууль эрх зүйн акт гарч байгаагүй, одоо ч байхгүй тул нотариатын үйлдэл, Х.У*******т олгосон өвлөх эрхийн гэрчилгээ хууль зөрчсөн байна шүүхэд хандах нь зүйтэй гэж зөвлөгөө өгсөн. Бидний хүнээс худалдан авч эзэмшиж амьдарч байгаа энэ орон сууц нь Д.Х, Х.У******* нарын өмч байсан гэх баталгаатай, хүчинтэй баримтыг миний бие олж үзээгүй, дээрх газруудад байгаагүй.

Иймд Булган аймгийн тойргийн нотариатч С.А*******д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Булган аймгийн тойргийн нотариатч С.А*******гийн 2023 оны 06 сарын 21-нд Хгийн У*******т олгосон тоот өвлөх эрхийн гэрчилгээ, нотариатын үйлдлийг хүчингүй болгоно уу гэжээ.

 

2.Хариуцагч С.А******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Иргэн Д.Х нь 2019 оны 03 сарын 19-ний өдөр нас барсан. Түүний эхнэр Я. нь 2014 оны 09 сарын 21-ний өдөр нас барсан 5 хүүхэдтэй. Бусад хүүхдүүд нь хуулийн хугацаанд өв хүлээн авах хүсэлт гаргаагүй.

Иймээс Иргэний хуулийн 520.1-т Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй. 520.1.1-т нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх Мөн Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1 -т Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно 43.2.1- т өвлөгч болохыг нотлох баримт бичиг, 43.2.5-т өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт гэж заасны дагуу өвлүүлэгчийн эхнэр Я. нь нас барсан тул төрсөн охин Х.У*******т өвлөх эрхийн гэрчилгээ олгосон.

Өвлөгдөх эд хөрөнгийн хувьд: 43.2.3- т өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг гэж заасны дагуу

1.Орхон аймгийн засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэгтэй Х хорооноос дуудлагын худалдаанд орсон өвлүүлэгч Д.Хгийн нэр бүхий Х хорооны өмч хувьчлалын комиссын байрнуудын судалгаа

2.1992 оны 12 сарын 27 -ны өдрийн хотын ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын дарга Т.Г , нарийн бичгийн дарга И.Л нарын гарын үсэгтэй № 25 тоот эрхийн гэрчилгээ

3.Х хорооноос хувьчлагдсан орон сууцыг худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын нэгдсэн товчоо зэрэг баримт бичгийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон гэжээ.

 

3.Гуравдагч этгээд Х.У******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний аав Х Х хорооны МБАА-д ажиллаж байхдаа Хын ой модны үйлдвэрийн харьяа орон сууцыг хувьчлахаар болж дуудлага худалдаанд оролцон тухайн үеийн 23 дугаар байрны 5 тоотыг /одоогийн хаягаар Найрамдал 101 дүгээр гудамж, 110 дугаар байрны 05 тоот/ ягаан тасалбараар худалдаж авсан нь хэрэгт авагдсан дуудлага худалдаатай холбоотой архивын баримт болох дуудлага худалдаанд оролцсон байруудын судалгаа 23 тоот Д.Х, 49 дугаарт Д.Х ягаан тасалбар хүлээн авсан актын жагсаалтын 51-д 20 ширхэг ягаан тасалбар Д.Х эрхийн гэрчилгээ 25 зэрэг баримтуудаар миний аав Д.Х уг байрыг худалдан авч өмчлөгч болсон байдаг. Байраа өөрийн шууд бус эзэмшилд байлгаж худ ийн гэр бүлийг байлгаж байсан. Тухайн үед От харж хандаж байгаарай гээд үлдээсэн. Бид Отай холбоотой байсан боловч тус байрыг Т*******д зарсан талаар бидэнд хэлээгүй бөгөөд аав маань нас барж хуулийн дагуу өмчлөх эрхтэй өмч хөрөнгийг би өвлөж авсан.

Ингэж өвлөж авахдаа Булган аймгийн Тойргийн нотариатчид хандахад холбогдох бичиг баримтуудыг надаас шаардан авч уг баримтуудыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг надад олгосон. Уг гэрчилгээг үндэслэн би Улсын бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхээ бүртгүүлэн гэрчилгээг авсан. Энэ талаар Т*******д хандахад хүлээж аваагүй. Нотариатч А*******гийн надад олгосон өвлөх эрхийн гэрчилгээ нь хуульд заасан нотлох баримтуудыг үндэслэн олгосон гэж үзэж байна. Т******* 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл ямар ч өмчлөх эрхгүйгээр уг орон сууцанд амьдарч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримтлан Булган аймгийн тойргийн нотариатч С.А*******д холбогдох 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хгийн У*******т олгосон тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э.Т*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгч Э.Т*******, түүний өмгөөлөгч Р.Н******* нар давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргааны үйл баримтууд, цугларсан нотлох баримт сэлт, зохицуулсан хуулийг нэрлэж дурдсан байх боловч нэхэмжлэлийн агуулга үндэслэл, хариуцагчийн няцаалт тайлбар, түүний үндэслэлд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг зөвхөн нотариатчийн эрх, үйл ажиллагааны талаас тайлбарлан, Э.Т*******ын эрх зөрчигдөж байгаа бодит байдал, нотариатын үйлдлийн хоорондын шалтгаант холбоонд буруу дүгнэлт хийж, хуулийг явцуу байдлаар хэрэглэн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

1.Өвлөх эрхийн гэрчилгээ олгох иргэний эрх зүйн харилцааг Монгол улсын Иргэний хуулийн 527-531 дүгээр зүйл болон холбогдох бусад зохицуулалт, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар зохицуулсан. Нотариатч тухайн иргэнд Өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо энэ зохицуулалтыг баримталж бичиг баримтыг шалгаж, хууль зүйн үндэслэл, үнэн зөвийг нягталсны үндсэн дээр гэрчилгээ олгох эсэхийг шийдвэрлэнэ.

1.1.Шүүх Х.У*******ийн нотариатчид өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хандсан бичиг баримтыг нэрлэн зааж /Шийдвэрийн 11 дэх тал/, үүнийг үндэслэн гэрчилгээ олгосон нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэжээ. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн гол агуулга нь Өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу дараах бичиг баримтыг үндэслэн гэрчилгээ олгоно.

Х.У*******ийн эцэг Д.Х 2019.03.19-нд, эх Я. 2014.09.21-нд нас барсан У******* тэдний үр хүүхэд гэдэг дээр маргах зүйлгүй.

Харин маргаж байгаа Х тосгоны хуучин 23-р байрны 2-р орц /Одоогийн 101 дүгээр байрны 5 тоот/ Д.Хгийн өмч, түүний өвлүүлэх хөрөнгө өв мөн юм бол Х.У******* яагаад 2023 оны 06 сарын 21-нд "Өв хүлээн авах хүсэлт" гаргаж нотариат 0109 дугаарт бүртгэж авав. Х.У******* энэ хүсэлтдээ Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь заалтыг үндэслэсэн байхад 2019.03.19-ны өдрөөс хойш 528.2-т зааснаар Д.Х нас барж өв нээгдсэн гэж үзэх үеэс /Иргэний хуулийн 518.1 дэх заалт/ хойш нэг жилийн дотор Х.У******* нь нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах хүсэлт гаргаж байсан баримт ирүүлээгүй байхад нотариатч даруй 4 жилийн дараа хүсэлтийг шууд хүлээж авч өв хүлээн авсан гэж үзэв,

Шүүхийн хэлэлцүүлгээр тухайн 23-р байрны 2-р орцонд 1991 онд П, М, Э, Э нар амьдарч байсан, 5 тоотод П, , О нар нэг нэгэндээ худалдаж шилжүүлэн амьдарч байгаад Э.Т******* 2015 онд Оаас худалдан авсан, уг орц болон 5 тоотод Д.Х, Х.У******* огт амьдарч байгаагүй тогтоогдож энэ нь Иргэний хуулийн 528.2-т заасан "...Өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан" гэх нөхцөлийг хангахгүйн дээр нэр дурдсан айл өрх, иргэдийн эзэмшил хууль бус гэж тооцогдоогүй байхад яагаад энэ орон сууцыг Д.Хгийн өв, өвлөгдөх эд хөрөнгө гэж үзэв,

Энэ нөхцөлд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь заалт буюу хуульд шууд заасан өвлөхөөс татгалзсан гэж үзэх үндэслэл бий болж байхад нотариат хуулийн үндэслэлийг хэрхэн үгүйсгэж "Өв хүлээн авах хүсэлт"-ийг хүлээн авч 0109 дугаарт бүртгэсэн нь тодорхойгүй, шүүхийн мэтгэлцээнд энэ талаар тавигдахад хариуцагч тал тодорхой тайлбар, няцаалт гаргаагүй, шүүх дүгнэлт хийгээгүй нь шүүхийн дүгнэлт, шийдвэр үндэслэлгүй болохыг баталж байна.

Шүүх Х.У******* нь өвлүүлэгч Д.Хтэй түүнийг нас барах хүртэл хамт амьдарч байсан тул Иргэний хуулийн 528.1-д зааснаар өв хүлээн авсан гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй байна. Учир нь шүүхийн удаа дараа дурдаж шийдвэрийн үндэслэл болгоод байгаа Х тосгоны Захирагчийн ажлын албаны 2023 оны 06 сарын 20-ны "ийн Х 2019 оны 03 сарын 18-нд нас барсан, Давхар байр 23-2-05 тоотод 1990 оны 04 сарын 20-оос 2019 оны 03 сарын 18 хүртэл албан ёсны бүртгэлтэй амьдарч байсан, талийгаачийг нас барах хүртэл түүнтэй хамт охин Х овогтой У******* ФЖ нар амьдарч байсан нь үнэн" гэх тодорхойлолт хуурамч болох нь шүүх хурлын бичлэг тэмдэглэл, Х тосгоны Захирагчийн ажлын албаны 2025 оны 02 сарын 12-ны 02/15 дугаартай тодорхойлолтоор няцаагддаг /хэргийн 37, 69 дэх талыг харьцуулан үзнэ үү/ ба Х.У******* ч шүүх хурал дээр шүүгчийн асуултад 2019 онд /47 настайдаа гэсэн үг/ аавтайгаа хамт нэг ам бүл болон амьдарч байгаагүй болохоо илэрхийлсэн.

Дээрх байдлаас дүгнэлт хийхэд Х тосгоны 23-р байрны 2-р орц 5 тоот нь Д.Хгийн өв мөн болох, уг өвийг Х.У******* хүлээн авсан гэх байдал нь маргаангүй тодорхой биш, эргэлзээтэй байхад нотариатч энэ байдлыг Нотариатын тухай хуулийн 21 зүгээр зүйлийн 21.1.2, 21.1.3, 21.2.5-д заасан эрх, үүргийн дагуу хянаж нягтлаагүй, энэ байдал шүүхийн хэлэлцүүлэгт яригдсаар байхад шүүх дүгнэлт хийгээгүй байна.

2.Нотариатч С.А******* нь иргэн Х.У*******т Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасан шаардлагыг зөрчиж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь шүүхэд нотлох баримт, мэтгэлцээнээр тодорхой байсаар байхад хуулийн энэ шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Үүнд:

Х.У******* нь нотариатад Х тосгоны 23-р байрны 2-р орц, 5 тоот орон сууц нь Д.Хгийн өвлөгдөх хөрөнгө буюу өмч болохыг нотолно гэж Х хорооноос дуудлага худалдаанд оруулсан байрнуудын судалгаа, Х хорооны өмч хувьчлалын комисс гэсэн тайлалтай хүснэгт, Х хорооноос хувьчлагдсан орон сууцыг худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын товчоо гэж үйлдсэн, баталгаажуулсан этгээд тодорхойгүй бичиг баримт ирүүлснийг нотариатч хүлээн авснаа өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт мөн гэж баталж чадахгүй байна. Энэхүү "Х хорооноос дуудлагын худалдаанд оруулсан байрнуудын судалгаа" гэгч нь нэхэмжлэгчийн цуглуулж шүүхэд ирүүлсэн "Х хорооны 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол" /хэргийн 70,134/-ийн хавсралт болох нь дэс дугаар, байрны дугаар, авсан гэх хүмүүсийн нэр зэргийг агуулсан мэдээллээс тодорхой байх ба энэ дуудлага худалдаагаар Х тосгоны давхар 23-р байрны амбааргүй 2-р орцыг 19 ширхэг тасалбараар П.Б худалдан авсан гэж үзэхээр байна. Тэрхүү судалгааны маргаантай эсэх гэдэг дээ + буюу маргаантай гэж тэмдэглэсэн байна. Энэ байдалд Х.У*******, нотариатч С.А******* хэн нь ч шүүхийн мэтгэлцээнд няцаалт, тайлбар, нотлох баримт гаргахгүй байна.

Нотариатад хүсэлт гаргагч Х.У*******, нотариатч С.А******* нар дугаартай "Өвлөх эрхийн гэрчилгээ" олгох болсон Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэж байгаа баримт гэж хотын Өмч хувьчлалын комиссын 1992 оны 12-р сарын 27-ны өдрийн 25 тоот "Эрхийн гэрчилгээ" гэх баримтыг гаргаж байна. Энэ баримт нь:

Тухайн үед мөрдөж байсан Аймаг, хотын Өмч хувьчлалын комиссын дүрэм /хэргийн 82-87 дахь тал/-ийн 1-ийн 6-д заасан тэмдэг, гарын үсгээр баталгаажаагүй шинжээрээ хэн нэг этгээдэд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх олгох эрх зүйн үр дагавар үүсгэх эрх зүйн баримт бичгийн наад захын шаардлага хангахгүй, түүний учрыг Х.У*******, С.А******* нар үндэслэлтэйгээр баталж тайлбарлахгүй байна.

25 тоот гэрчилгээ гэгчийг судалж үзвэл МБАА /Мод бэлтгэлийн аж ахуй/ хурлын зааланд 1992 оны 4-р сарын 6-ны 10 цагт явагдсан дуудлагын худалдаанаас 23-р байр II орц, 5 тоот /2 өрөө/ ийн Х 7 ш ягаан тасалбараар авсан гэсэн агуулгатай байна. Гэтэл өмнө дурдсан 1991 оны 12-р сарын 01-ны дуудлага худалдааны протоколоор П.Бт 19 ш тасалбараар хувьчилсан, хариуцагч болон гуравдагч этгээдийн ирүүлсэн Х хорооноос хувьчлагдсан орон сууцыг худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын товчоонд Д.Х 22 тасалбараас 20 тасалбар тушаасан гэсэн зөрүүтэй мэдээллүүд, хотын болон Х хорооны өмч хувьчлалын хамтарсан хурлын протоколд энэхүү орон сууцыг хувьчилсан, худалдсан мэдээлэл байхгүй, энэ протокол гэгч өөрөө шүүх судалж дүгнэх бичиг баримтын шаардлага хангахгүй байхад нотариатч Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 21.1.3, 21.2.5-д заасан эрх, үүргийн дагуу хянаж нягтлаагүй шууд Д.Х нь өвлүүлэгч, энэ байр нь түүний өмч болохыг нотолж байна гэж үзэж эрхийн гэрчилгээ" олгож байгаа нь мэргэжлийн этгээд, хуульч хүнд байж боломгүй зүйл юм.

3.Шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсгийн 6.1 10.1, 10.2 хэсэг нь өөр хоорондоо утга зүйн хувьд болон эрх зүйн хувьд зөрчилтэй байна. Шүүх Э.Т*******ыг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар эрхтэй сонирхогч этгээд гэж, мөн өөрийн худалдан авсан орон сууцыг эзэмших, ашиглах эрх нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй гэж тодорхойлсон нь үндэслэлтэй бөгөөд хуульд нийцэж байна. Гэсэн атлаа 10.2 дахь хэсэгтээ "...Х тосгоны 101 дүгээр байрны 05 тоот орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчид үүсээгүй, "Өвлөх эрхийн гэрчилгээ"-ний улмаас нэхэмжлэгчийн эрх зөчигдөөгүй, Э.Т*******ын эрх зөрчигдсөн асуудал нь нотариатын үйлдэлтэй хамаалгүй байна" гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийсэн байна. Гэтэл Х.У******* нь тоот өвлөх эрхийн гэрчилгээ олж авсны үндсэн дээр Э.Т*******ын амьдарч байгаа орон сууцны өмчлөгчөөр Ү- тоот өмчлөх эрхийн гэрчилгээ авсан,

Дээрх гэрчилгээг үндэслэн Э.Т*******ын гэр бүлийг амьдарч байгаа Х тосгоны 101 дүгээр байрны 05 тоот орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гарган, Э.Т******* зохих нотлох баримтыг шүүхэд гаргамагц нэхэмжлэлээсээ татгалзсан /хэргийн 107дахь тал шүүгчийн 00119 тоот захирамж/.

4.Нотариат нь хууль дээдлэх зарчимтай, төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн эрх зүйн харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх, ...гэрчлүүлсэн үйлдэл, бичиг баримтыг хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй гэж гэрчлэх үндсэн чиг үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлэхэд эдлэх эрх, хүлээх үүрэг нь тодорхойлогдсон этгээд тул үйлчлүүлэгчийн ирүүлсэн хүсэлт, түүний үндэслэл болсон бичиг баримтыг хянаж нягтлан үнэн зөв, эргэлзээгүй шинжийг хангах, тухайн асуудлыг зохицуулсан холбогдох хууль тогтоомжийг судлан түүнд нийцэж байгаа эсэхийг нягтлах үүрэгтэй ба С.А******* энэ үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх нотариатчийг ийм үүрэггүй мэтээр дүгнэсэн нь хууль бус байна. Үүнд:

-Монгол улсад орон сууцыг тухайн орон сууцанд оршин суудаггүй хүнд, түүнчлэн иргэдийн хууль ёсоор оршин сууж байгаа орон сууцыг өөр этгээдэд орцоор нь хувьчлах тийм хууль, эрх зүйн акт огт гарч байгаагүй.

-1991 оны 5 сарын 1-ний "Өмч хувьчлах тухай" хуулийн 13 дугаар зүйлд ягаан тасалбараар хувьчлах Бага хувьчлалд хамаарах эд хөрөнгөд "...худалдаа, үйлчилгээний болон бусад салбарын жижиг үйлдвэрийн газар,түүнчлэн томоохон үйлдвэрийн газрын үйлдвэрлэлийн бие даасан салбар нэгжийн эд хөрөнгө хамаарна" гэсэн байх ба энд Орон сууц гэсэн ойлголт зохицуулалт байхгүй байна. 1963 оны БНМАУ-ын Иргэний хууль 1994 оны 7 сарын 1 хүртэл хүчинтэй байсан, энэ хуулийн 19-р зүйлд хуулийн этгээдийн тухай, 62-р зүйлд "Улсын өмчид байх эд хөрөнгө"-д хот, суурин газрын орон сууцны улсын үндсэн фонд орохыг, 64-р зүйлд улсын эд хөрөнгийг энгийн хүмүүст шилжүүлж болохгүй гэсэн хориглолтыг тус тус заасан байна.

-Иргэн Х.У******* болон нотариатч С.А******* нар хотын Өмч хувьчлалын комиссын 1992 оны 12-р сарын 27-ны өдрийн 25 тоот "Эрхийн гэрчилгээ" гэх хүчин төгөлдөр бус шинжтэй баримтыг өмчлөх эрхийг анх дутам олж авсан хууль ёсны баримт мөн гэж үзэж байгаа юм бол 1996 оны Орон сууц хувьчлах тухай хуулийн 18 дугаар зүйл, 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар уг эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ аваагүй, 1994, 2002 оны Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байж болох асуудлыг тодруулж дүгнэлт өгөх учиртай. Хүсэлт гаргагч Х.У******* ч энэ орон сууцанд одоо хүртэл гэрчилгээ гараагүй гэдгээ нотариатад илэрхийлж байсан байдаг.

Дээр дурдсан үндэслэл, нотлох баримт, эрх зүйн актаар дүгнэлт хийхэд Булган аймгийн тойргийн нотариатч С.А*******д холбогдох 2023 оны 06 сарын 21-нд Хгийн У*******т олгосон Х 23 байр 2 орц, 41 м.кв орон сууц 2 өрөө гэх хөрөнгийг өвлөх эрхийн тоот гэрчилгээ, тухайн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 25-ны өдрийн 304/2025/00562 тоот шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл байх хуулийн шаардлагыг хангаагүй, илтэд үндэслэлгүй байх тул өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь ханган хууль, шударга ёсыг хангана уу гэв.

 

6.Хариуцагч С.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би маргаан бүхий байрны үл хөдлөх эд хөрөнгийн өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл, Иргэний хуулийн 520 дугаар зүйл, 528 дугаар зүйлд тус тус заасныг үндэслэн, Х.У*******ээс ирүүлсэн материалуудыг шалгаж байж гэрчилгээ олгосон байгаа. Нэг жилийн хугацаа өнгөрсөн байсан ба өв хүлээн авах хүсэлтийг ирснээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байгаа. Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж хуульчилсан. Тийм учраас би хамт амьдарч байсан Х.У*******т өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байгаа. Өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хүсэлт гаргах нь бусад өвлөгч буюу хамт амьдарч байгаагүй өвлөгчийн хувьд юм. Эрхлэн эзэмдэж, удирдсан гэдэг маань зөвхөн өвлөгчид хамааралтай асуудал юм. Тэгэхээр нэхэмжлэгч Т******* нь өвлүүлэгчтэй ямар ч хамааралгүй хүн юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хууль буруу ойлгож тайлбарлаад байгаа гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэн хүн хичнээн ч эд хөрөнгөтэй байж болно. Хамгийн гол нь өвлөгч, өвлүүлэгч хоёр маань хамт амьдарч байх нь чухал байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

7.Гуравдагч этгээд Х.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Намайг ээж, аавтайгаа амьдарч байгаагүй гээд байх шиг байна. Манайх 1984 онд Х тосгонд очсон. 2012 онд ээж маань хүнд хэлбэрээр цус харваж би хоёр жилийн хугацаанд нялх хүүхэд асардаг шиг асарсан. 2014 онд ээж нас барснаас хойш 2019 он хүртэл аав маань маш их ганцаардаж хэцүү байсан. Би аавыгаа гэртээ аваачаад асаръя гэсэн боловч аав маань тухайн байранд ээжтэй өнгөрөөсөн маш үнэ цэнэтэй дурсамжуудтай учраас гэрээсээ явахыг хүсээгүй. Ер нь бол ээж өнгөрснөөс хойш аавын маань бие муудаж эхэлсэн. Ингээд би аавтайгаа хамт амьдарч асарч тойглох шаардлагатай болж аавтайгаа амьдарсан. ...Надад бол Т*******тай шүүхдээд яваад байх үнэхээр сонирхол байгаагүй. Би нэхэмжлэгч Т*******тай хэд хэдэн удаа очиж уулзан энэ асуудлыг аль болох эв зүйгээр шийдвэрлэх юмсан гэж бодоод ярилцаж шаардлага тавьсан. Нэхэмжлэгч өөрөө ямар ч хариуцлагагүй худалдан авалт хийсэн. Би энэ хүнээс ямар ч мөнгө төгрөг авч үзээгүй. Би нэг ч удаа хууль бус зүйл хийгээгүй. Би бүх бичиг баримтаа хууль ёсных нь дагуу гаргаж авсан гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Т*******, түүний өмгөөлөгч Р.Н******* нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч Э.Т******* нь ...Х тосгон, Найрамдал 101 дүгээр гудамжны 110 дугаар байрны 05 тоотод байрлах орон сууцыг Г.Оаас худалдан авсан. Гэтэл Хгийн У******* гэх хүн манай байранд өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэж биднийг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд гаргасан боловч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан. Үүний дараа Х.У******* нь биеэр ирж багагүй хэмжээний мөнгө шаардах болсон. ... ийн Х нь уг орон сууцны өмчлөгч байсан гэх баримтгүй, Монгол улсад иргэний оршин сууж эзэмшиж байгаа орон сууцыг уг орон сууцыг эзэмшдэггүй хүнд хувьчлах, орцоор нь орон сууцыг хувьчлах хууль эрх зүйн акт гарч байгаагүй, одоо ч байхгүй тул Булган аймгийн тойргийн нотариатч С.А*******гийн 2023 оны 06 сарын 21-ний өдөр Хгийн У*******т олгосон тоот өвлөх эрхийн гэрчилгээ, нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3.Хариуцагч С.А******* нь Иргэн Д.Х нь 2019 оны 03 сарын 19-ний өдөр нас барсан. Түүний эхнэр Я. нь 2014 оны 09 сарын 21-ний өдөр нас барсан 5 хүүхэдтэй. Бусад хүүхдүүд нь хуулийн хугацаанд өв хүлээн авах хүсэлт гаргаагүй. Иргэний хуулийн 520, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу өвлүүлэгчийн эхнэр Я. нь нас барсан тул төрсөн охин Х.У*******т өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Өвлөгдөх эд хөрөнгийн хувьд Орхон аймгийн засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэгтэй Х хорооноос дуудлагын худалдаанд орсон өвлүүлэгч Д.Хгийн нэр бүхий Х хорооны өмч хувьчлалын комиссын байрнуудын судалгаа, 1992 оны 12 сарын 27 -ны өдрийн хотын ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын дарга Т.Г , нарийн бичгийн дарга И.Л нарын гарын үсэгтэй № 25 тоот эрхийн гэрчилгээ, Х хорооноос хувьчлагдсан орон сууцыг худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын нэгдсэн товчоо зэрэг баримт бичгийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон гэж тайлбар гаргажээ.

 

4.Гуравдагч этгээд Х.У******* нь ...Миний аав Х Х хорооны МБАА-д ажиллаж байхдаа Хын ой модны үйлдвэрийн харьяа орон сууцыг хувьчлахаар болж дуудлага худалдаанд оролцон тухайн үеийн 23 дугаар байрны 5 тоотыг /одоогийн хаягаар Найрамдал 101 дүгээр гудамж, 110 дугаар байрны 05 тоот/ ягаан тасалбараар худалдаж авсан. Байраа өөрийн шууд бус эзэмшилд байлгаж худ ийн гэр бүлийг байлгаж байсан. Тухайн үед От харж хандаж байгаарай гээд үлдээсэн. ...Бид Отай холбоотой байсан боловч тус байрыг Т*******д зарсан талаар бидэнд хэлээгүй бөгөөд аав маань нас барж хуулийн дагуу өмчлөх эрхтэй өмч хөрөнгийг би өвлөж авсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

6.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1.Нэхэмжлэгч Э.Т******* нь Булган аймгийн Сэлэнгэ сумын 3-р баг Сэлэнгэбүрэн Найрамдал 1 гудамж 110 дугаар байрны 5 тоотод /хуучнаар давхар 23 дугаар байрны 5 тоот/ 2015 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа. Тухайн байранд Д.Х болон Х.У******* нар амьдарч байгаагүй болох нь хэргийн 133 дугаар хуудсанд авагдсан тодорхойлолт, гуравдагч этгээдийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан 23 дугаар байрны 2 орцны 5 тоотод амьдарч байгаагүй дан байр буюу 95 дугаар байрны 3 тоотод аавтайгаа амьдарч байсан гэх тайлбараар нотлогдож байна.

6.2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.У******* нь Д.Хгийн охин бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч болох нь Х.У*******ийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

7.Хуучнаар х тосгоны давхар байр болох 23 дугаар байрны 5 тоот одоогийн Булган аймгийн Сэлэнгэ сумын 3-р баг Сэлэнгэбүрэн Найрамдал 1 гудамж 110 дугаар байрны 5 тоот орон сууц нь Д.Хгийн өмчлөлийн байр болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдохгүй байна.

-25 дугаартай эрхийн гэрчилгээнд овогтой Х нь Х МТАА хурлын зал 1992 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 10 цагт явагдсан дуудлагын худалдаанаас 23 дугаар байр 2 дугаар орц 5 тоот 2 өрөө орон сууцыг 7 ширхэг ягаан тасалбараар худалдан авч үнийг бүрэн төлсөн гэж байгаа боловч Х хороонд 1992 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр дуудлага худалдаа явагдсан тухай комиссын тогтоол, дуудлага худалдааны протокол хэрэгт авагдаагүй.

-Х хорооноос дуудлага худалдаанд орсон байрны судалгаа байгаа боловч энэхүү судалгаан дээр Д.Хгийн худалдан авсан гэх байранд П, М, Э, Э нар амьдарч байсан бөгөөд маргаантай гэсэн тэмдэглэгээ хийгдсэн /хх-ийн 32-р хуудас/.

-Х хорооноос хувьчлагдсан орон сууцыг худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын нэгдсэн товчооны 51 дүгээрт давхар байр 23, хоёр дугаар орц 20 ягаан тасалбар Д.Х тушаасан тухай нотлох баримт /хх-ийн 38-р хуудас/-ыг нотариатч үндэслэн өвлөх гэрчилгээг Х.У*******т олгосон гэж байх боловч энэ нотлох баримт нь 25 дугаартай эрхийн гэрчилгээний мэдээлэлтэй зөрүүтэй байна.

-1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан Х хорооны дуудлага худалдааны протоколд давхар 23 дугаар байр 2 дугаар орцыг 19 тасалбараар П.Бираабазар худалдан авсан тухай нотлох баримт хэрэгт авагдсан байна /хх-ийн 70-р хуудасны ар тал/. Мөн хх-ийн 78-р хуудсанд авагдсан нотлох баримт болох хавсралт 1-д орсон байруудын материалын 49-т х 23, хоёрдугаар орц 22/20 тасалбар тушаасан Д.Х гээд гэрчилгээ гэсэн хэсэгт 28 гэсэн бичилт хийгдсэн байна.

8.Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо дараах бичиг баримтыг заавал нотлох баримтаар авахаар хуульчилсан.

- Өвлөгч болохыг нотлох баримт бичиг,

- Өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ,

- Өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг зэрэг.

 

9.Булган аймгийн тойргийн нотариатч С.А******* нь маргаан бүхий орон сууцны өвлөх эрхийн гэрчилгээг Х.У*******т олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримтыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэснийг зөрчсөн байна.

Учир нь Х.У*******ийн өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтэд хавсарган нотариатчид өгсөн эрхийн 25 дугаартай гэрчилгээ, х хорооноос дуудлага худалдаанд орсон байрны судалгаа, ягаан тасалбар хүлээн авсан нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй бөгөөд Д.Хг Булган аймгийн Сэлэнгэ сумын 3-р баг Сэлэнгэбүрэн Найрамдал 1 гудамж 110 дугаар байрны 5 тоот орон сууцны өмчлөгч болохыг нотолсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нотариатч өвлөгчөөс шаардах ёстой байсан. Гэвч нотариатч С.А******* нь 25 дугаартай эрхийн гэрчилгээг Д.Хгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү гэрчилгээ нь 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдөр баталсан Өмч хувьчлах тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй буюу Д.Хд 25 дугаартай эрхийн гэрчилгээг ямар байгууллага олгосон нь тодорхойгүй байна.

 

10.Иймд дээрх үндэслэлүүд тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж буюу Булган аймгийн тойргийн нотариатч С.А*******гийн 2023 оны 06 сарын 21-ний өдөр Хгийн У*******т олгосон тоот өвлөх эрхийн гэрчилгээ, нотариатын үйлдлийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140,000 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.А*******гаас 140.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Т*******д олгож, шийдвэрлэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаягийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичих үүрэгтэй бөгөөд мөн шүүх иргэний хэрэг үүсгэхдээ хариуцагчийн эцгийн нэрийг тодорхой бичих нь ижил нэртэй өөр хүнд холбогдуулан иргэний маргаан үүсгэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой /хх-ийн 1, 16-х хуудас/. Шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагч томилсон шийдвэрийг албажуулах захирамжинд нэхэмжлэлийн шаардлагыг бичих /хх-ийн 63-р хуудас/. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 205 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар БАРИМТ №4 буюу нэхэмжлэл гардуулсан тухай баримтын загварыг баталсан. Гуравдагч этгээдэд 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн байх ба БАРИМТ №4-ийн загварыг өөрчилж, нэхэмжлэлийн хувийг хэнд гардуулан өгсөн, гардуулан өгсөн шүүгчийн туслах, шүүгчийн гарын үсэг зурагдаагүй, гарын үсгийн тайлалтай хэсгийг баримтаас хассан байна. Баримтын загварыг өөрчилсөн нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж байгаа боловч шүүхийн шийдвэрт нөлөөлөх зөрчил болохгүй хэдий ч цаашид хууль болон журамд заасны дагуу эрх зүйн актыг гаргаж, баримтыг хөтлөхийг давж заалдах шатны шүүхээс анхааруулж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 304/ШШ2025/00562 дугаартай шийдвэрийн 1 болон 2 дахь заалтыг хүчингүй болгож, 1 дэх заалтыг Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2.3-т заасныг баримтлан Булган аймгийн тойргийн нотариатч С.А*******гийн 2023 оны 06 сарын 21-ний өдөр Хгийн У*******т олгосон тоот өвлөх эрхийн гэрчилгээ, нотариатын үйлдлийг хүчингүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140,000 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нотариатч С.А*******гаас 140,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Т*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Т*******, түүний өмгөөлөгч Р.Н******* нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 140,000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Л. АРИУНЦЭЦЭГ

 

Л. ХИШИГДЭЛГЭР