Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 705

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Баярмаа, 

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Хариад овогтой Цэрэннамжилын Ц.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911014630905 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 2-120 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хариад овогтой Цэрэннамжилын Ц.Б /РД: ИЦ77111410/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Ц.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрүүдэд тус тус хамтран амьдрагч хохирогч Т.Хишигжаргалыг архи уулаа гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Хишигжаргал согтчихсон хүүхдүүдээ загнаад, орилоод байж байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд чи яагаад архи нэмж уугаад, хүүхдүүд загнаад байгаа юм бэ гээд...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43х/,

хохирогч Т.Хишигжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш би Ц.Бтэй хамтдаа архи уусан юм. Учир нь архи уухгүй бол намайг элдвээр хэлээд байдаг болохоор нь би хамтдаа 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан юм ... 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр архи уучихсан байхдаа намайг хэл амаар доромжлоод миний хоёр чих рүү цохисон бөгөөд би тэр өдрөөс хойш ажилдаа яваагүй, Ц.Бтэй хамт архи согтууруулах ундааны зүйл уусаар байсан. ... 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр болсон явдал шиг санагдаж байна. Бид хоёр мөн адил согтуу байсан бөгөөд Ц.Б намайг үстээд чирээд, миний биеийн бүх хэсэгт буюу таарсан газраа өшиглөөд нүүр хэсэгт олон удаа гараараа цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/,

гэрч Ц.Нүрзэдийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би дүүгийнхээ гэрээр ойрд ороогүй. Юу болж байгаа бол гэж бодоод 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр гэрт нь очиход Ц.Б, Хишигжаргал хоёр хоёулаа согтуу байсан бөгөөд Хишигжаргалын нүүр нь улайчихсан зарим нэг газар нь хөхөрчихсөн юм шиг байсан бөгөөд юу болсон талаар асуухад Ц.Б надад "Хишигжаргал хэд хоногоор гэртээ ирэхгүй сураггүй алга болоод гадуур архи уугаад яваад байсан болохоор би хэд алгадчихлаа гэж" хэлсэн бөгөөд харин Хишигжаргал надад юу ч хэлэхгүй дуугүй чимээгүй байгаад байсан юм. Би Ц.Бэд "тэгвэл одоо миний дүүгийн буруу манай дүү дахин ийм асуудал гаргавал надад хэлээрэй, битгий манай дүүд гар хүрээрэй" гэж хэлээд "би дахиад 14 хоногийн дараа ирнэ шүү гэр орноо цэвэрлээд, хувцас хунараа угаагаад архи дарс уулгүй байж байгаарай өөр газарт нүүлгэе" гэж хэлээд явсан. 2019 оны 5 дугаар сарын 02-ны 5 дахь өдөр би Ц.Б, Хишигжаргал нарын гэрт ирэхэд 3 хүүхэд нь гэртээ ганцаараа байсан бөгөөд гэр нь бохир заваан эмх замбараагүй хэвээрээ байсан ингээд би 3 хүүхдийг нь гэрлүүгээ авч яваад усанд оруулаад хооллож, ундлаад хүүхдүүдийг нь 5 орчим хонуулсан бөгөөд удалгүй манай нөхрийн утасруу Ц.Б, Хишигжаргал 2 залгаад хүүхдүүд аваад явчихлаа муусайн пизданууд гээд хараагаад байсан тэгэхээр нь би залгасан утас болгон руу залгахад түцний утас эсвэл нэг хүн гуйгаад ярьсан гээд утас байгаад байсан бөгөөд би хүүхдүүдийг нь аваачиж өгөлгүй хэд хоносон. Ингээд 2019 оны 5 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд би гэр бүлээрээ Овоо тахих гээд ажил төлөвлөсөн байсан бөгөөд Хишигжаргалын хүүхдүүдийг харах хүнгүй гээд гэрт нь аваачиж өгөхөөр 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн өглөө эрт Хишигжаргал, Ц.Б нарын гэрт ирээд хоол хүнс өгөөд хүүхдүүдийг нь буулгах үед гэрт нь мөн Ц.Б, Хишигжаргал нар байхгүй байсан. Ингээд би хүүхдүүдийг нь гэрт нь эзэнгүй түлээ түлшний мөнгө өгөөд үлдээчихсэн болохоор айж санаа зовоод 108 гэдэг хүүхдийн хамгааллын төвд дуудлага өгсөн чинь Хүүхэд хамгааллын төвөөс ирээд авсан байсан. Ингээд би Овооны тахилгадаа явчхаад бүтэн сайн өдрийн орой гэртээ ирсэн бөгөөд маргааш өглөө нь буюу 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хишигжаргал, Ц.Б нарын гэрт ирэхэд Хишигжаргал гэртээ ганцаараа Ц.Бэд зодуулсан гээд орондоо хэвтэж байсан бөгөөд нүүр, цээж эгэм нь хөхөрчихсөн байсан би босоод хамтдаа эмнэлэг явъя гэж хэлэхэд яахын бэ Ц.Б эмийн сан явсан эм уучхаад зүгээр болчихно гэсэн болохоор би Ц.Бийг ирэх хүртэл нь 3 орчим минут хүлээхэд Ц.Б ирээгүй бөгөөд Хишигжаргал намайг яв гэсэн одоо цагдаа дуудвал цагдаа ирээд Ц.Бийг аваад явчихна гэр орон хоол ундгүй байгаа болохоор Ц.Б явж ажлаа хийсэн нь дээр гэж хэлсэн гэрлүүгээ явсан. Тухайн үед ямар шалтгааны улмаас Ц.Бэд зодуулсан талаараа надад хэлээгүй юм. Маргааш өдөр нь Хишигжаргал надруу залгаад намайг ирээд авчих би Нарны гүүрний орчимд явж байна гээд Нарны гүүрний орчимд уулзаад би дүүгээ Гэмтлийн эмнэлэгрүү авч явсан юм. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд томографи гэх мэт зураг авахуулаад Гэмтлийн эмнэлгээс цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд бид нар цагдаагийн байгууллагад ирсэн юм. Хишигжаргал надад хэлэхдээ Ц.Б намайг зодох гээд байхаар гараад зугтаад гадуур хонож байгаад ирэхээр Ц.Б гэрийнхээ эд зүйлийг зараад архи уучихсан байдаг бөгөөд энэ шалтгааны улмаас бид хоёр зодолдох болсон юм гэж хэлдэг юм. Ц.Б, Хишигжаргал нар нь архи уугаад гэриинхээ орноос оусдыг зарсан оаисан. идоо сүүлд Ц.Б нь гэрээ зараад архи уугаад дуусгасан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/,

гэрч Г.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 5 дугаар сард санагдаж байна Т.Хишигжаргал манай хороон дээр ирж нөхөр зодоод байна гээд би Хишигжаргалын хамт гэрт нь очиж Ц.Б гэгчийг эрүүлжүүлж байсан. Ц.Бийг Хишигжаргал өөрөө ирж аваад гомдол саналгүй гэж гуйж байгаад авч явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 5958 дугаартай "...Т.Хишигжаргалын биед тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, дээд, доод уруул, цээж, баруун мөр, бугалга, дал, зүүн мөр, бугалга, бүсэлхий, баруун гуя, шилбэ, зүүн гуяд цус хуралт, баруун гуя өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 34х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Ц.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Хариад овогтой Цэрэннамжилын Ц.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Бийг 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Ц.Бэд оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхийг тогтоосугай.

 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

               5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

              6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

             

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ