| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0013/Э |
| Дугаар | 2024/ХШТ/07 |
| Огноо | 2024-01-31 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 10.1.2.7., |
| Улсын яллагч | С.Батсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2024/ХШТ/07
Д.Ц, Б.Д нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Д.Ц-ын өмгөөлөгч М.Гансүх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч О.Билгүүн, Ю.Батболд, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 78 дугаар магадлалтай, Д.Ц, Б.Д нарт холбогдох 1831000000191 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, Х овогтой Д.Ц нь 1975 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, 1999 оны 07 дугаар сарын 08-нд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2006 оны 01 дүгээр сарын 12-нд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 01 сар хорих ял шийтгүүлсэн,
2016 оны 06 дугаар сарын 07-нд Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
2.Монгол Улсын иргэн, С овогтой Б.Д нь 1988 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй.
Шүүгдэгч Д.Ц нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж,
шүүгдэгч Д.Ц-ыг “...Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар шүүгдэгч Д.Ц-ыг 13 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон нийт 674 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Ц-аас 17,531,340 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А, Н.Э нарт олгуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардалтай холбоотой 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс 1, 10, 11 дэх заалтаас бусад заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Ц-т холбогдох хэргийг “гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, шүүгдэгч Д.Ц-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авч шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Баясгалан хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “Шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг, 169 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ иргэн Н.Э-г биеэ хамгаалж чадахгүй хүнд зэргийн согтолтой унтаж байхад нь цээжин тус газарт нь хутгалж алсан, шүүгдэгч Б.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ тус тус “талийгаач Н.Э-ийн биеийг нь үзэхэд хөрсөн байсан, нас бараад 1 цаг гаруй хугацаа өнгөрсөн байсан” гэж шүүн таслах ажиллагаанд саад учруулан худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар хохирогчийн бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Д.Ц-ын өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 78 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 10, 11 дэх заалтуудыг хэвээр үлдээж, бусад заалтыг хүчингүй болгон, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.
Магадлалыг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн нөхцөл байдалд тохирсон дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг, 169 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ иргэн Н.Э-г биеэ хамгаалж чадахгүй хүнд зэргийн согтолтой унтаж байхад нь цээжин тус газарт нь хутгалж алсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс “... гэмт хэрэг гарсан цаг хугацаа, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл тодорхойгүй, шүүгдэгч Д.Ц хохирогчийн амь насыг хохироох болсон субъектив санаа зорилгыг тогтоогоогүй, дээрх ажиллагааг хийлгэхээр шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж байсан боловч мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгээгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Ц-ыг уг гэмт хэргийг үйлдсэн эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ бий болсон” гэж дүгнэн шүүгдэгч Д.Ц-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Учир нь амь хохирогч Н.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг, 169 тоот буюу шүүгдэгч Д.Ц-ын амины орон сууцанд хоймрын орон дээр хэвтээ байрлалд буюу унтаж байхад нь эгц дээрээс доош чиглэлд хутгалсан шархны улмаас ямар нэгэн эсэргүүцэл, хөдөлгөөн хийхгүйгээр нас барсан болох нь хэргийн газрын үзлэг болон цогцост хийсэн задлан шинжилгээний “...Талийгаач Н.Э-ийн биед цээжний зүүн хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, үнхэлцэг хальс, зүрхийг нэвт хатгасан шарх, зүүн уушгины хатгагдсан шарх, хурц цус алдалт, эрүүнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Н.Э-ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь нас барах үед үүссэн гэмтэл. Талийгаач Н.Э нь элэгний архаг өвчтэй байжээ. Энэ нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. Талийгаач Н.Э нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач Н.Э-д эмнэлгийн анхны тусламж үзүүлэх боломжгүй байсан байна. Талийгаач Н.Э нь цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс зүрх, уушгины доод дэлбэнг хатгасан шархны улмаас хурц цус алдалтанд орж нас барсан” гэх дүгнэлт болон шинжээч эмч Т.Насанжаргалын “...хутга цээжинд эгц дээрээс доош чиглэлтэй орсон. Яагаад гэвэл 2 эрхтэн дайран өнгөрсөн байдаг. Талийгаач нь тэр үед ямар нэг хөдөлгөөн гаргаагүй, эсэргүүцэл үзүүлээгүй болон өнгөрсөн хойно нь ямар нэгэн хөдөлгөөн хийсэн байх боломжгүй. Хэрвээ хөдөлгөөн орсон байх юм бол хэргийн газраар болон талийгаачийн хувцсанд цус урсаж тархах байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Харин Д.Ц нь гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Д-ын “2018 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө ... өөрийн мотоциклтойгоо хүүхдээ цэцэрлэгт өгөөд буцаад гэр лүүгээ явж байхад нутгийн ах Н, Ц нар явж байсан. Ц ах намайг дуудахаар нь очиход согтуу байсан ба намайг гэрт хүргээд өг гэхээр нь би сундлаад гэрийнх нь гадаа буулгасан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б-ийн “би унтаж байхад “миний орон дээр унтдаг хэн бэ гэж чанга дуугаар орилоход би сэрсэн. Сэрээд хаана байгаа билээ гэж бодож ийш тийшээ харсан. Тэгтэл Ц байшингийн хоймрын орон дээр дээшээ хараад унтаж байсан Э-ийн цээжин дээр дарчихсан тонгойгоод байж байсан. Би юу болж байгаа билээ гэж бодоод босохын хооронд Ц гартаа хутга барьчихсан эргээд байшингийн хаалганы зүг чиглээд явсан. ...Ц-ын гэрээс гараад явганаар алхаж 200-300 метрийн зайд байдаг Б-ын гэрийн гадаа очиход Батнайрамдал өөрийнхөө машиныг жолоодоод хашааны гадаа хаалганы орчим ирж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-ын “Б гэдэг хүн ганцаараа орж ирээд “...найзыг маань Ц хутгалчихлаа, эмч, цагдаа дуудах хэрэгтэй байна, эмч нарын дугаар байна уу...” гээд нэлээн сандруу орж ирсэн. Тэгэхээр нь би болохгүй шүү та нар гээд шууд сумын хүн эмнэлгийн их эмч Нинжбадам руу өөрийнхөө 95735245 дугаарын утаснаас залгаж “...Гангад байдаг Ц-ийн гэрт хутганы хэрэг гарсан байна, яаралтай хурдан хүрээд ирээч гэж мэдээ өгсөн” гэх мэдүүлэг, Сумын эрүүл мэндийн төвийн ойрын дуудлагын журналд 1082 дугаарт бүртгэгдсэн Б-ын өгсөн “Ц-ын гэрт хүн хутгалуулсан” талаар дуудлага 08 цаг 55 минутад бүртгэгдсэн журналын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байхад Д.Ц-ын гэм буруутай болох нь эргэлзээтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 78 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч Д.Ц нь амь хохирогч Н.Э-г хутгалж алсан үйл баримт нь шууд нотлох баримт болох гэрч Б.Б-ийн мэдүүлэг, дамжмал нотлох баримт болох гэрч Х.М, Ж.Б, Ш.Г нарын мэдүүлэг, шүүгдэгч 2 удаа өмгөөлөгчтэй байцаалт өгөхдөө хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн цамцны зүүн ханцуй, өмдний зүүн талын халаас улаан өнгийн зүйлээр бохирлогдсон талаарх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжилгээний дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байтал давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна. Хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Давж заалдах шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн амь насыг хохироох субъектив санаа зорилго тогтоогдоогүй, энэ талаарх мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдээгүй зэрэг байдлыг “эргэлзээ” гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь талийгаачийн нас барсан цаг хугацааг тогтоох зорилгоор тодорхой ажиллагаанууд хийгдсэн байсан. Тухайн үед гэрт байсан хүмүүс архидан согтуурсан, амь хохирогч нь шүүгдэгчийн орон дээр унтаж байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон. Шүүгдэгч Д.Ц нь “миний орон дээр унтдаг хэн бэ” гээд хохирогчийг хутгалсан нь тухайн гэмт хэргийн субъектив талын шинжийг тодорхойлж байна. Гэрч Б.Б-ийн өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд нь тогтвортой, түүний мэдүүлгийг няцаасан баримт хэрэгт байхгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн” гэж дурдсан нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үйлдэгдсэн, харин магадлал 11 дүгээр сарын 21-ний өдрөөр гарсан эргэлзээтэй нөхцөл байдал бий. Шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийн талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх холбогдох нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох саналыг гаргаж байна” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ц-ын өмгөөлөгч М.Гансүх хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэл тодорхой байна. Шүүгдэгч Д.Ц-ыг тухайн өдөр хэзээ гэрээсээ гарсан, гэртээ орсон маршрутыг хангалттай сайн шалгаж тогтоосон. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтэд заагдсан талийгаачийн амь нас хохирсон цаг хугацаанд Д.Ц гэртээ байгаагүй үйл баримт тогтоогдсон. Прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болж буй гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн өөр өөр мэдүүлэгт эргэлзээ төрж байна. Тухайн цаг хугацаанд Д.Ц-аас гадна 3-4 хүн байсан ба үзлэг хийхэд гэрч Б.Б-ийн биед ил харагдах шинэ шарх илэрснийг анхаарч үзэхийг хүсье. Түүнчлэн шинжээч амь хохирогчийн эрүү, шанаанд учирсан исгэгдсэн шарх, зүрхэнд үүссэн шарх нэг хугацаанд үүсээгүй болохыг удаа дараа тайлбарласан ба эрүүнд учирсан шархыг угааж цэвэрлэсэн байсныг шинжээч Т.Насанжаргал удаа дараа хэлдэг. Шинжээч Т.Насанжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “эрүүнд учирсан шархыг босоо байдлаар авсан байх боломжтой” гэдэг. Дараагийн удаа мэдүүлэхдээ “цогцост үзлэг хийхээр очихын өмнө эмнэлгийн ажилчид угааж цэвэрлэсэн байх боломжтой” гэдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Д мэдүүлэхдээ “би цогцост нэг удаа хүрснээс өөрөөр хүрээгүй” гэдэг. Мөн Д.Д болон шинжээч нар дуудлага аваад 15 минутын дараа очиход талийгаачийн цамцанд үүссэн цус хатчихсан, бие хөрсөн байсныг тайлбарладаг. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч О.Билгүүн хэлсэн саналдаа “Өнөөдрийн шүүх хуралдаанд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, прокурорын эсэргүүцлийн алийг нь дэмжиж оролцохоо мэдэхгүй байна. 2018 оны 09 дүгээр сард хэрэг үйлдэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл юу ч тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь бүгд өөр хоорондоо зөрүүтэй. Мэдүүлэг авсан, дуудлага авсан цаг хугацаанууд нь хүртэл засвартай. Энэ нөхцөл байдлаас шалтгаалж хохирогчийг чухам хэдэн цагт нас барсныг өдийг хүртэл тогтоож чадаагүй. Иймд Д.Ц-ыг гэм буруутай, эсхүл буруугүй эсэхийг нотлох баримтад үндэслэн эцэслэн тогтоож өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Ю.Батболд хэлсэн саналдаа “Өнөөдрийн шүүх хуралдаанд давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжин оролцож байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тогтоогдоогүй, гэрч нарын мэдүүлэг бүгд зөрүүтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг “... гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх ...” хэмээн тодорхойлсон билээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах шатанд нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаанд хуульд заасан журмыг зөрчсөн эсэх, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарласан эсэхийг бүхэлд нь шалгаж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй болно.
Шүүх хуралдаанаар тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт бүрийн эх сурвалжийг магадлан шалгаж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судалж, харьцуулан үнэлэх замаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийг яллах, эсхүл цагаатгах үндэслэл, хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосноор шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.
2.Хяналтын шатны шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Баясгалангийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Ц, Б.Д нарт холбогдох хэрэгт хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт, гаргасан шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Амь хохирогч Н.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө ... аймгийн ... сумын ... дүгээр баг, ... тоот хашаанд байрлах Д.Ц-ын гэрт бусдад хутгалагдаж нас барсан тухай дуудлага ирсний дагуу Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж (1 дэх хавтаст хэргийн 181 дэх тал), улмаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 245 дугаартай яллах дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 76 дахь тал) үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Д.Ц-т холбогдох хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-нд (2 дахь хавтаст хэргийн 142 дахь тал), 2019 оны 11 дүгээр сарын 04-нд (4 дэх хавтаст хэргийн 63 дахь тал), 2021 оны 07 дугаар сарын 20-нд (5 дахь хавтаст хэргийн 233 дахь тал) тус тус хянан хэлэлцээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр нийт 3 удаа прокурорт буцаасан байх бөгөөд уг шатанд цугларсан нотлох баримтуудаас үзэхэд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг 5 жилийн хугацаанд хангалттай шалгаж тодруулсан байх тул шүүгдэгч Д.Ц, Б.Д нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдсан байна гэж үзлээ.
3.Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талын гаргасан саналын дагуу, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж, тэдгээрийн эх сурвалж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эсэхийг магадлан шалгаж, эсрэг агуулга бүхий баримтат мэдээлэл, эргэлзээ төрүүлэх үндэслэлийг няцаан үгүйсгэх замаар өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсарт тулгуурлан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг бие даан хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар Монгол улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргах онцгой бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар анхан шатны шүүхэд олгосон болно.
Шүүгдэгч Д.Ц, Б.Д нарт холбогдох хэргийг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн гэрч Б.Б, Ш.Г, Ж.Б, Д.Б, Н.Д, Ж.С, Х.М, Л.Ө нарын өгсөн мэдүүлгүүд, холбогдох шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч Т.Насанжаргалын өгсөн мэдүүлэг, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудын агуулга, эх сурвалж, харилцан хамаарлыг өөрийн дотоод итгэлд тулгуурлан үнэлэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх бусад нөхцөл байдлыг няцаан үгүйсгэх замаар шүүгдэгч Д.Ц-ыг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 08-09 цагийн үед хохирогч Н.Э-ыг хүнд зэргийн согтолттой унтаж байхад нь цээжин тус газарт нь хутгалж санаатай алсан болох нь тогтоогдсон хэмээн дүгнэж, Д.Ц-ыг “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 13 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна гэж үзэв.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Д-гийн “амь хохирогчийг нас бараад 1 цаг өнгөрсөн”, гэрч М.Г-ийн “амь хохирогч нас бараад 30 минут өнгөрсөн” гэх мэдүүлгүүдийн аль нь үнэн зөв болохыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, прокуророос шүүгдэгч Б.Д-г 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд, мөн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд “...талийгаач Н.Э-ы биеийг нь үзэхэд хөрсөн байсан, нас бараад 1 цаг гаруй хугацаа өнгөрсөн байсан” гэж худал мэдүүлсэн гэж Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ялласан боловч тэрээр шүүн таслах ажиллагаанд ямар байдлаар саад учруулсан, зориуд ямар мэдүүлгийг, ямар үндэслэлээр худал мэдүүлсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
4.Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдвол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл зөвтгөн өөрчлөх асуудлыг шийдвэрлэхээс гадна прокурор, оролцогчийн гаргасан эсэргүүцэл, гомдолд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй билээ.
Эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр (магадлал) нь анхан шатны шүүхийн шийдвэрт хуулиар тавигддаг тэр л шаардлагын дагуу үйлдэгдэхээс гадна хэргийн үйл баримт болон хууль хэрэглээний талаар хийсэн дүгнэлтүүд нь тухайн шатны шүүхийн шийдвэр гаргах эрх хэмжээний хүрээ хязгаарт багтсан, өөрөөр хэлбэл хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн эсэхийг түүний үндэслэл болсон нотлох баримтуудад тулгуурлан магадлан шалгахдаа ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцож, анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг үндэслэн хэргийн үйл баримтыг шинээр өөрчлөн тогтоох эрхгүй тул шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зарчимд нийцүүлэн давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргах эрх хэмжээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйл болон 40.5 дугаар зүйлд зааснаар зарим хязгаарлалт тогтоосныг дурдах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т тус тус заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” зөрчлийн аль нэг нь тогтоогдоогүй нөхцөлд тухайн шийдвэрийг дээд шатны шүүх дур мэдэн өөрчлөх эрхгүй юм.
5.Шүүгдэгч Д.Ц-т холбогдох хэргийг “гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдоогүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын түүнд холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 78 дугаар магадлал нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тухайлбал, давж заалдах шатны шүүх нь “... гэрч Ш.Г-ын 2018 оны 09 дүгээр сарын 10-нд өгсөн “... намайг гарч явахад талийгаач унтахаар хэвтээд үлдсэн. Харин Б, Ц нар яриад үлдсэн...” гэх мэдүүлэг нь гэрч Б.Б, Н.Э, Ч.Ч нарын мэдүүлгүүдээс зөрүүтэй, тухайн шөнө шүүгдэгч Д.Ц нь гэртээ ирж талийгаачтай хамт архи уусан эсэх нь тодорхойгүй, гэрч Ш.Г-ын дээрх мэдүүлэг үнэн эсэх талаарх үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй ...” хэмээн хэт ерөнхийлөн дүгнэхдээ гэрч Ш.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн анхны мэдүүлгийг түүний өгсөн бусад мэдүүлгүүдтэй нь харьцуулан судалж, түүний удаа дараагийн мэдүүлэгт дурдсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар хэрхэн нотлогдож, эсхүл үгүйсгэгдэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Мөн давж заалдах шатны шүүхээс “... гэрч Б.Б-ийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө шүүгдэгч Д.Ц амь хохирогч Н.Э-ыг хутгалахыг харсан даруй эмнэлгийн тусламж дуудахаар Д.Б-ын гэрт очиж мэдэгдсэн талаарх мэдүүлэг нь амь хохирогчийн цогцост анх үзлэг хийсэн эмч Б.Д болон шинжээч эмч Т.Насанжаргал, гэрч Д.Б нарын өгсөн мэдүүлгүүдээс цаг хугацааны хувьд зөрүүтэй ...” хэмээн дүгнэхдээ гэрч Б.Д нь анх өгсөн мэдүүлгийнхээ зарим хэсгийг зөвтгөж, үзлэг хийх үед талийгаач нас бараад 20-30 минут болсон гэж бодож буй талаар 2019 оны 04 дүгээр сарын 01-нд болон 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус тус гэрчээр өгсөн мэдүүлгүүдээс (2 дахь хавтаст хэргийн 184 дэх тал, 4 дэх хавтаст хэргийн 116 дахь тал) гадна хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий мэдүүлэг өгсөн:
гэрч Ч.А-ийн “... Ц манай гэрт 05 цаг 45 минутад ганцаараа согтуу орж ирсэн... Би нөхөр Н-ийн хамт унтаж байсан... Ойролцоогоор 20 минут болсон байх, 6 цаг 10 минутын үед манай гэрээс гарсан байх гэж бодож байна ... Эхнэр М-д гомдоод байна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 169 дэх тал),
гэрч Б.Н-ийн “Д.Ц нь Х.М-ны дэлгүүрээс Хараа нэртэй архи худалдаж авсны дараа уг архиа буцааж Соёрхол нэртэй архиар сольсон, улмаар Д-ыг мотоциклтой явж байхад нь дуудаад гэр лүүгээ хүргүүлсэн” талаарх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 170 дахь тал),
гэрч Х.М-ы “... тэр хэрэг болдог өдрийн өглөө 07 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалга хүн нүдээд байхаар нь онгойлгоход манай хүргэн ах Д.Ц их согтуу байсан. Ус уугаад манай дэлгүүр лүү орсон. Тэгээд гаднаас хамт явж байсан Н орж ирээд тэр хоёр 1 шил 0.75 гр Хараа архи аваад гарсан. Тэгээд удалгүй Ц ах буцаж орж ирээд Хараа архиа солиод Соёрхол нэртэй архи аваад гарсан... Ц ах нилээн согтсон байсан ... ” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 173 дахь тал),
гэрч Н.Д-ын “... Өглөө өөрийн мотоцикльтойгоо цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгөөд буцаад гэр лүүгээ явж байхад нутгийн ах Н, Ц нар явж байсан. ... Н ах Ц ахыгаа гэрт нь хүргэж өг гэхээр нь би сундлаад гэрийнх нь гадаа буулгасан ...” гэх (2 дахь хавтаст хэргийн 175 дахь тал) мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэн судалж, дээрх гэрчүүдийн мэдүүлэгт Д.Ц-ын явсан зам маршрут, холбогдох үйл явдлын дараалал, цаг хугацааны хувьд ноцтой зөрүү байгаа эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна гэж үзэв.
Түүнээс гадна гэрч Ч.Ч-ийн 2018 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ... аймгийн ... суманд оршин суух Б.Б-ы гэрт Б.Б, Д.Ц нарын хамт архи уух үед болсон үйл явдлын талаар гэрч Б.Б-тай нүүрэлдэн байцаагдахдаа өгсөн “... Тухайн үед Ц нь намайг архи уух уу гэхээр нь уухгүй гэсэн чинь ямар маягтай пизда вэ, дургүй хүргээд байвал би дүрчихдэг хүн шүү гээд хиам зүсэж байсан цэцэгтэй цагаан хутгыг аваад өг гээд байсан...” гэх (4 дэх хавтаст хэргийн 146 дахь тал) мэдүүлэг,
мөн гэрч Ч.Ч-ийн Ш.Г-той нүүрэлдэн байцаагдах үед өгсөн “... Намайг Б-ы гэрээс гарахад гэрийнх нь гадаа хурц гэрэлтэй жийп машин ирчихсэн, хүн байна уу гэл үү, нэг хүн асуусан, тэгэхээр нь би дотор байна гэж хэлсэн” гэх, мөн үед гэрч Ш.Г-ын өгсөн “... Намайг машинтай очиход Ц нь Б-ы гэрийн гадаа бие засаад зогсож байсан... Машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгсөн” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 147 дахь тал),
дээрх гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл (4 дэх хавтаст хэргийн 149-194 дэх тал) зэрэг баримтат мэдээллүүд нь тухайн хэргийн үйл баримт, цаг хугацааны дарааллыг тогтооход хамааралтай, ач холбогдолтой эсэхийг анхаарч, хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг бүхэлд нь үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй гэж үзлээ.
6.Хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдалд нийцсэн эсэхийг шүүх үнэлэхдээ түүний эрүүл мэнд, оюун ухааны чадвар, сэтгэл зүйн онцлогоос гадна тэрээр гэмт хэрэг үйлдэгдэх үед согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, эсхүл хэт ядарсны улмаас анхаарал нь сарнисан, түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш багагүй цаг хугацаа өнгөрч хэргийн зарим үйл баримтыг мартсан, эсхүл хувийн ашиг сонирхол, бусдын хууль бус нөлөөллийн улмаас хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бодит байдлаас зөрүүтэй мэдүүлсэн гэж үзэх нөхцөл байдал байгаа эсэхийг тал бүрээс нь шалгаж, хэргийн бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлах замаар тухайн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэх учиртай.
Давж заалдах шатны шүүх гэрч Ч.А, Б.Н, Х.М, Н.Д нарын өгсөн мэдүүлэгт тулгуурлан Д.Ц-ыг 09.00 цагийн үед гэртээ орсон хэмээн таамаглан дүгнэж, улмаар ... сумын Эрүүл мэндийн төв нь амь хохирогч Н.Э-д холбогдох дуудлагыг 08.55 цагт хүлээж авсан талаар “Ойрын үзлэгийн журнал”-д тэмдэглэгдсэн баримтат мэдээллийг үндэслэн шүүгдэгч Д.Ц-ыг амь хохирогч Н.Э-ыг хутгалж алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд цаг хугацааны хувьд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн, амь хохирогчийн нас барсан буюу гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны талаар анх үзлэг хийсэн эмч, шинжээч, гэрч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй хэмээн ерөнхийлөн дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс “Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийг хэдэн цагт нас барсан буюу гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоогоогүй атлаа гэрч Б.Д-г талийгаачийг нас бараад удсан хэмээн худал мэдүүлсэн гэж яллаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Д нь эмчийн хувьд түргэн тусламжийн дуудлагаар хэрэг болсон газар ирсэн байх ба хохирогчийн шархнаас цус гарч хувцсанд нь шингэсэн байдлыг хараад нас бараад удсан гэсэн өөрийн дүгнэлтээ хэлсэн бөгөөд энэхүү үндэслэлээ удаа дараа өгсөн мэдүүлгээрээ тайлбарласан, энэхүү мэдүүлэг худал гэдэг нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүхээс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй” гэж дүгнэсэн атлаа эмч Б.Д-гийн гэрчээр өгсөн бусад мэдүүлгүүдийг харьцуулан судалж, түүний мэдүүлгийн агуулга өөрчлөгдсөн шалтгаан, үндэслэлд дүн шинжилгээ хийхгүйгээр түүний өгсөн анхны мэдүүлэгт үндэслэн Б.Ц-ыг гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэхэд цаг хугацааны эргэлзээтэй байдал үүссэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
7.Шүүгдэгч Д.Ц-ын хувьд 2018 оны 09 дүгээр сарын 11-нд (1 дэх хавтаст хэргийн 181 дэх тал), мөн өмгөөлөгч М.Гансүхийн хамт 2018 оны 10 дугаар сарын 09, 2018 оны 11 дүгээр сарын 28-нд (1 дэх хавтаст хэргийн 182 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 66 дахь тал) тус тус яллагдагчаар мэдүүлэхдээ прокуророос Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд зааснаар сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч “Талийгаач Н.Э-ыг сайн танихгүй, Б-ийн найз гэдгээр нь мэднэ. Архи уусан тул зарим зүйлийг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд талийгаачтай зууралдсан байдалтай ноцолдож байсан, гартаа хутга барьсан байсан. Өглөө эмч болон цагдаа нар ирээд авч явах үед бие сэргэсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний амь нас хохироосондоо маш их харамсаж байна. Би талийгаачийг миний өөрийн орон дээр хэвтэх үед уурлаж маргалдаж байгаад хутгалж амь насыг хохироосон юм шиг байна лээ. Хэргийн газраас хурааж авсан хар иштэй хутга бол манай гэрийн хутга байгаа юм” (2 дахь хавтаст хэргийн 66 дахь тал) хэмээн мэдүүлж байжээ.
Харин тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “архи уусан байсан тул болсон явдлыг санахгүй байна” хэмээн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийнхээ агуулгыг өөрчилсөн, мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзсэн агуулга бүхий дүгнэлт гаргасан нь шүүхээс хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон субъектив санаа зорилгыг мөрдөгчөөр тогтоолгох үндэслэл болохгүй тул энэ талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүйгээс гадна мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь дангаараа түүнийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх үндэслэл болохгүй.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад үндэслэн шүүгдэгчийг амь хохирогчийн үхэлд гэм буруутай гэж шийдвэрлэсэн тохиолдолд тухайн гэмт хэргийн объектив талд хамаарах үйлдлийн шинж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг хэрэгсэл, учирсан хохирол, тэдгээрийн шалтгаант холбоог үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, гэмт санаа зорилгыг сэргээн тогтоох боломжтой юм.
8.Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Д.Ц-ын урьд нь хутга хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдлүүдэд 3 удаа ял шийтгүүлсэн хувийн байдал, үүнтэй холбоотойгоор гэрч Ч.Ч (4 дэх хавтаст хэргийн 146 дахь тал) болон бусад нэр бүхий гэрчүүдийн өгсөн мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийгээгүй, түүний 2 дахь удаа буюу 2006 оны 01 дүгээр сарын 12-нд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 01 сар хорих ял шийтгүүлсэн талаарх мэдээллийг шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт дурдахгүй орхигдуулах зэргээр хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.
9.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 10, 11 дэх заалтаас бусдыг хүчингүй болгож, Д.Ц-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтаас гадна 39.8 дугаар зүйлийн 1.1-д заасан “шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан” гэх заалтыг үндэслэсэн нь ойлгомжгүй болсон, мөн давж заалдах шатны шүүхийн 2023/ДШМ/78 дугаартай магадлал нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр огноолсон байхад тус шүүх хуралдааны тэмдэглэлийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр огноолж (8 дахь хавтаст хэргийн 121-148 дугаар хуудас), хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулсан зэрэг техникийн шинжтэй алдаа зөрчлийг зөвтгөх шаардлагатай талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлт үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
10.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Ц-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд энэхүү зөрчил нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 78 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан хяналтын шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын гаргасан санал болон шүүгдэгч Д.Ц-ын гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан иргэний нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт, гаргасан шийдвэр үндэслэлтэй эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 78 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.
2.Хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч Д.Ц, Б.Д нарт авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
Б.ЦОГТ