Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 052

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралданы танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн оршин суугч, Базархул-хондбай овогт Махметийн Амирханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын улсын бүртгэгчид даалгах;

Нэхэмжлэлийн шаардлага: Баяннуур сумын улсын бүртгэгчээс олгсоон М.Амирхан, Е.Ержангүл нарын гэрлэлтийн бүртгэлийн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаартай, 0193058 тоот бүхий гэрчилгээг хүчингүй болгох тухайнэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Амирхан, хариуцагч Баяннуур сумын улсын бүртгэгч С.Хуанар, гуравдагч этгээд Е.Ержангүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, гуравдагч этгээдийн өмгөөлөгч К.Ержан, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа:

Е.Ержангүл бид хоёр 13 жил хамтран амьдарсан бөгөөд хоорондоо төрсөн үр хүүхэдгүй. Сүүлийн он жилүүдэд Е.Ержангүл нь хүүхэдтэй болж чадаагүйгээс болж сэтгэл санаа болон зан араншин нь өөрчлөгдөж жижиг сажиг зүйлүүдийг сөргөөр тусгаж авч, улмаар хэрүүл маргаан үүсгэдэг болсон. Үүнээс болж Е.Ержангүл бид хоёрын хооронд ахуйн чанартай хэрүүл маргаан мэр сэр гарах болсон. Е.Ержангүл бид хоёр хамтран амьдрах хугацаанд анх 2007 онд гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авахаар тус сумын улсын бүртгэгчээр ажиллаж байсан М.Хонай гэдэг хүнд очиход, та нар өмнө нь өөр хүнтэй гэрлэж байсан байна, уг гэрлэлтээ цуцлуулсан талаар шүүхийн шийдвэр байхгүй гэж гэрчилгээ олгоогүй тул энэ асуудал орхигдсон юм. Гэтэл Е.Ержангүл нь 2013 онд надтай гэрлэсэн талаар гэрчилгээ бичүүлж авсан байх ба үүнийг хэзээ, хаанаас авсныг мэдэхгүй ба Е.Ержангүл гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэлээ Баян-Өлгий аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргасан үед олж мэдлээ. Мөн бид хоёрын дунд байгаагүй хөрөнгийн оногдох хувийг надаас шаардаад байгаа.

Архивын лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн журнал зэрэг баримтуудаас гэрлэлт бүртгүүлсэн талаарх мэдээлэл олдоогүй, улсын бүртгэгч С.Хуанараас энэ талаар тодруулахад, би 2010 оноос эхлэн ажиллаж байгаа, үүнийг М.Хонай бичиж өгсөн байх гэсэн тайлбар хэлсэн. Мөн 2017 оны 01 дүгээр сарын үед аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Еркегүл гэгч албан тушаалтан С.Хуанарыг дуудаж яагаад ийм гэрчилгээ өгсөн вэ гэж асууж, лавлаж байсан юм. Дараа нь С.Хуанар нь чи надад өөрөө гэрчилгээ авсан талаар тодорхойлолт бичиж өг гэхээр нь би тийм тодорхойлолт өгч чадахгүй гэж өгөөгүй. Миний бие хууль мэддэггүй жирийн нэгэн малчин хүн учраас үнэн мөнийг шүүхэд ойлгуулахын тулд өмгөөлөгч авсан юм. Өмгөөлөгч маань уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай, ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтуудыг цуглуулж шүүхэд гаргаж өгч тууштай ажиллаж байгаа. Ингэж байтал эхнэр Е.Ержангүлийн шүүхэд нотлох баримт болгож өгсөн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар хууль ёсны эсэхэд эргэлзээ төрүүлсэн юм. Өөрөөр хэлбэл Е.Ержангүл бид хоёр албан ёсоор гэр бүл болж бүртгүүлж байгаагүй байсан. Е.Ержангүл нь нөхрөөсөө салсан эмэгтэй. Миний хууль ёсны эхнэр Т.Рымхан гэдэг хүн хэдэн жилийн өмнө нас барсан. Би Е.Ержангүлтэй сайн найзын холбоотой болж үерхэж улмаар хамтран амьдрах шийдвэрээ гаргаж манай ээжийнхээ гэрч хамт амьдрахаар болсон юм. Хамтран амьдраад 10 гаруй жил болсон ба хувийн таарамжгүй харьцаанаас болж тусдаа амьдрах болов. Хамтран амьдрахаа болж тусдаа хамаатны гэрч амьдрах болсноос хойш шүүхэд эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаж, хуурамч гэрчилгээ гаргаж ирсэн байна. Энэхүү гэрчилгээг хууль ёсны бичигдсэн эсэхийг мэдэхийн тулд өмгөөлөгч маань шалгуулахаар холбогдох газар албан тушаалтанд хандаж хүсэлт гаргасан. Ингэснээр тухайн гэрлэлтийн гэрчилгээ үнэхээрийн хууль бус бичигдсэн болох нь холбогдох хяналт шалгалтаар тогтоогдсон байна. Тодруулбал, Е.Ержангүл бид хоёр хамтран амьдраад 13 жил болж байгаа ч гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлж байгаагүй. Нэг удаа 2008 онд гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлэх гэж иргэний мэдээллийн ажилтанд хандаж байсан. Гэтэл Е.Ержангүлийн өмнөх гэрлэлт хүчин төгөлдөр байсан учраас бүртгэлийн ажилтан бидэнд давхар бүртгэл хийх боломжгүй байна гэдэг тайлбарыг хэлж бидний гэрлэлтийг бүртгэхээс татгалзаж буцааж байсан удаатай. Үүнийг би одоо болтол тод санадаг юм. Түүнээс хойш Е.Ержангүл бид хоёр гэрлэлтээ бүртгүүлэх гэж хэзээ ч улсын бүртгэлийн байгууллагад очиж байгаагүй. Гэтэл Е.Ержангүл хожим 2013 онд маргаан бүхий гэрлэлтийн гэрчилгээг арын хаалгаар бичүүлж авсан байна. Энэхүү хууль бусаар бичигдсэн гэрчилгээнээс болж миний бие шударгаар олж авсан болон бусдын надад хариуцуулж өгсөн эд хөрөнгөөс, түүнчлэн Е.Ержангүл бид хоёрын дунд огт байгаагүй эд хөрөнгийг төлж өрөнд орох эрсдэл үүсэж миний эрх, хууль ёсны ашиг сонирхол маань зөрчигдөж байна. Маргаан бүхий гэрчилгээг яагаад бичижЕ.Ержангүлд олгосныг хариуцагч С.Хуанараас асууж тодруулах гэхэд эргүүлээд намайг буруутгаад байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагч маргаан бүхий гэрчилгээг би хүсэлт гаргаснаар дахин олгосон мэтээр тайлбарладаг юм. Бодит байдал дээр Е.Ержангүл бид хоёр гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын улсын бүртгэлд бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ хэзээ ч авч байгаагүй. Бүртгэл хийгдээгүй учраас гэрчилгээг дахин олгосон гэсэн хариуцагч С.Хуанарын хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагч болон надад хэлж байгаа тайлбар нь өөрөө утгагүй юм.

Иргэний баримт бичгийг дахин олгох асуудал Иргэний бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлд хуульчлагдсан. Хуулийн уг заалтаас үзэхэд аливаа иргэний баримт бичгийг гээсэн, үрэгдүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаанаар хууль ёсны баримт бичигтэй болж чадахгүй иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 151 дүгээр зүйлд заасан ёсоор шүүхийн шийдвэр гарсан гэсэн тохиолдолд л дахин олгогдохоор байна. Тийм учраас дахин олгогдсон гэх маргаан бүхий гэрлэлтийн гэрчилгээ хүчингүй болох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Миний бие болон өмгөөлөгч хуульд заасан урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагааг хангуулахын тулд маргаан бүхий гэрлэлтийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар дээд шатны байгууллага болох аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж гомдол гаргасан боловч уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөсөн утгатай хариуг өгсөн.

Иймд хууль бусаар бичигдэж олгогдсон 0193058 серийн дугаартай, гэрлэлтийн бүртгэлийн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Миний бие Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Баяннуур сум хариуцсан улсын бүртгэгчээр 2010 оны 01 дүгээр сараас эхлэн ажиллаж байна.

Баяннуур сумын 2 дугаар багийн иргэн М.Амирхан, Е.Ержангүл нар 2012 оны 05 дугаар сард М.Амирханы ах болох М.Азимханы Бахытжан гэдэг хүүхдийг үрчилж авахаар өргөдөл гаргаж, сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 30 тоот захирамж гарч бүрдүүлэх материалыг нь авч М.Амирхан, Е.Ержангүл, М.Азимхан, С.Абижат нарын зөвшөөрсний үндсэнд үрчлэлт хийсэн. Гэвч уг үрчлэлт М.Амирхан, Е.Ержангүл нарын гэрлэлт байгаагүй тул 2013 оны 05 дугаар сар хүртэл ороогүй байсан.

М.Амирханаас гэрлэлтийг нь нэхэхэд 2002 онд гэрлэсэн боловч гэрлэлтийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн юм. Тийм учраас гэрлэлтийн гэрчилгээг дахин олголтоор олгож өгнө үү гэж гуйсан.

Миний бие тэдэнд дахин олголтын бүрдүүлбэр болох өргөдөл архивын лавлагаа багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг авч ирэхийг шаардсан. М.Амирхан нь өргөдөл, багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбаруудыг авч ирж гэрлэлтийн лавлагааг аймагт Алтангүл гэдэг дүүдээ захиалсан тэр өгч явуулна гэж бусад материалуудыг орхиж явсан. Ээж нь болох Б.Көнилжай болохн тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Амирханы ах З.Мадениет нар нь лавлагааг бид хүргүүлж өгье гэрлэлтийн гэрчилгээ яаралтай хэрэгтэй байна, тэдний хүүхдэд улсаас олгодог хүүхдийн мөнгийг авч чадахгүй хохирч байна гэж надаас удаа дараа шаардсан тул би Иргэний бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-т заасныг баримталж дахин олголтоор бичээд өгсөн юм.

М.Амирханы тухайн гэрчилгээг гэнэт гаргаж ирсэн гэж тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй, ийм тайлбар гаргаж байгаад гомдолтой байна. Миний гаргасан ганцхан алдаа бол гэрлэгсдээс архивын лавлагаа авах ёстой байсан аваагүй явдал юм. 2013 оны 5 дугаар сард нэхэмжлэгч М.Амирхан надад ирж гэрлэлт бүртгүүлэх талаар өргөдөл гаргаж байсан ба уг өргөдлийг өөрийнхөө гараар бичсэн эсэхийг сайн мэдэхгүй, Е.Ержангүл надад ирээгүй.

Иргэний бүртгэлийн тухай хуульд архивын лавлагааг үндэслэн бичих ёстой байсан боловч М.Амирхан, Е.Ержангүл нар удаан жил хамран амьдарсан болохоор гэрлэж гэрчилгээ авсан байх гэж бодож дахин олголтын гэрчилгээ бичиж өгсөн. Өөрөөр хэлбэл хууртагдсан байсан, миний бие архивын лавлагаагүй гэрчилгээ олгосон нь хуульд нийцээгүй учраас өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч, үнэн, бодит байдлыг хэлж байгаа гэв.

Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Миний бие Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт оршин суух М.Амирхантай 2002 онд сайн дурын үндсэн дээр гэр бүл болж, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн билээ.

Гэрлэснээс хойш нөхөр маань байнга архи ууж, агсам тавьж айлган сүрдүүлж, зоддог болсон тул цаашид миний амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох тул М.Амирханаас гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид анх гэрлэх үед М.Амирхан нь 100 толгой гаруй малтай байсан ба үүнийг бид нар маллаж 500 болгон өсгөсөн байсан. Уг малын буянаар сумын аварга малчнаар тодорсон, мөн хувийн байшин барьж хэд хэдэн машин авч унасан байгаа. Түүнд миний оролцоо, хүч хөдөлмөр байгаа мөртлөө тэд нар миний хөдөлмөрийг огт үнэлээгүй намайг байнга дарамталж, архи ууж зоддог байсан юм.

Харин гэрлэлтийн гэрчилгээний хувьд миний бие хуурамчаар бичүүлж авсан асуудал огт байхгүй зохих журмын дагуу М.Амирхан бид хоёр материалаа бүрдүүлэн өгч гэрчлэлтийн гэрчилгээ авсан. Бид хоёр хүүхдийг үрчилж авсан, гэрлэлтийн гэрчилгээ байхгүй бол хүүхэд үрчлүүлэхгүй, чи өмнөх гэрлэлтээ цуцалсан талаарх шүүхийн шийдвэрийг авч ирээрэй гэж намайг аймаг руу явуулж бид шүүхээс уг баримтыг авч, улсын бүртгэгч М.Хуанарт өгсөн байсан. Мөн нэхэмжлэгч М.Амирхан монгол хэл мэдэхгүй учраас тухайн үеийн багийн Засаг дарга болон З.Мадениет нар өргөдөл болон бусад материалуудыг бүрдүүлж бид нарт хоёр хүүхдийн гэрчилгээ болон гэрлэлтийн гэрчилгээг өгч байсан. Түүнээс биш би ямар нэгэн байдлаар хуурамч баримт бүрдүүлж байгаагүй, улсын бүртгэгчид ерөөсөө хандаагүй, очоогүй байгаа. Тус гэрчилгээ улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх асуудалд бид ямар нэгэн байдлаар буруугүй бөгөөд энэ нь бүртгэлийн ажилтны мэдэх асуудал юм. Би хоёр хүүхэдтэй бөгөөд том охин А.Назымгүл нь миний өмнөх нөхрөөс төрсөн хүүхэд хэдий ч Амирхан өөрийн хүсэлтээр өөрийнхөө нэрээр овоглуулан авснаас гадна бид М.Амирханы ах болох М.Азимханаас 2011 онд төрсөн хүү Бахытжаныг үрчлэн авсан юм. Энэхүү байдлаар үзэхэд бидний гэрлэлтийн гэрчилгээ хүчин төгөлдөр болох нь тодорхой байна.

Улсын бүртгэгч С.Хуанар өөрөө М.Амирхан нь ээжийн хамт ирж бүх материалыг бүрдүүлж байсан гэж сая тайлбарлаж байна. Бид нар хувийн ажлаа хийж хэвийн амьдарч байсан боловч М.Амирхан нь архи ууж, агсам тавьсны улмаас эцэст нь ийм байдалд хүрч байна. Гэхдээ би бүхэл бүтэн 12 жилийн турш М.Амирхан нарын малыг маллаж өөрийн хувь нэмрийг оруулсан учраас би түүнээс хувь хүртэх эрхтэй гэж үзэж байна. Түүнээс биш М.Амирханы ах, дүү гээд төрөл төрөгсдийн эд хөрөнгийг авна гэж маргаагүй, нэхэмжлэл гараагүй. Миний хувцас, хунарыг хүртэл өгөөгүй, надад мал, хөрөнгө өгөхөөс санаатай татгалзаж өөрийн нэр дээр байгаа эд хөрөнгийг хамаатан, садангуудад шилжүүлж байгаа юм.

Бидний гэрлэлтийг цуцалсан тохиолдолд бидний дундын эд хөрөнгөөс оногдох хэсгээс зайлсхийх зорилгоор надтай зөвхөн 13 жилийн турш хамтран амьдарч байсан мэтээр тайлбарлаж бүх бурууг надад тохож бүртгэлийн ажилтантай хуйвалдаж түүнд мэдэгдэхгүйгээр гэрлэлтийн гэрчилгээ авсан гэж гүтгэж байгаа нь хэрхэвч үнэнд нийцэхгүй юм. Иймд М.Амирханы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хариуцагч 2013 онд гэрлэлтийн гэрчилгээг бичиж олгохдоо холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчжээ. Өөрөөр хэлбэл зарим этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн үр дагавар бий болгох болзошгүй акт гаргасан гэж бид нар үзэж байна. Уг гэрчилгээг хууль ёсны гэж үзсэн тохиолдолд миний үйлчлүүлэгчийн Үндсэн хуульд заасан эд хөрөнгө олж авах, шударгаар олж эзэмших эрх нь зөрчигдөж байгаа. Аливаа гэрчилгээ хоёр төрөлтэй байдаг ба үнэт цаас хэлбэрээр нэг л төрөлтэй гардаг. Тодруулж хэлэхэд анх гэрлэгсдэд олгож байгаа гэрчилгээ болон дахин олголтоор олгож байгаа гэрчилгээ адилхан юм. Иргэний улсын бүртгэл хөтлөх журамд зааснаар дээрх хоёр гэрчилгээг ялгах тэмдэг буюу хуулбар гэсэн тэмдэг дарагдаж үүнээс тухайн гэрчилгээ анх олгогдсон уу, дахин олголтоор олгогдсон байна уу гэдгийг таних ёстой. Гэтэл миний бие улсын бүртгэгчээр ажиллаж байх үед тухайн тэмдэг ерөөсөө ашиглагддаггүй учраас анхны бүртгэл мэт харагдаж байна. Үүнийг та бид зөв ойлгох үүднээс ийм тайлбар хэлж байна.

Энэхүү гэрчилгээ нь хуульд заасан журмын дагуу олгогдоогүй гэдгийг хэлмээр байна. Гэр бүлийн тухай хуулийн 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан гэрлэхэд харшлах шалтгаан байгаа эсэхийг шалгасны үндсэн дээр буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан эрх, үүргийнхээ дагуу улсын бүртгэгч бүртгэл хийх ёстой. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.11-д ... улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх, 11.5.12-д улсын бүртгэгч ... өөрийн гүйцэтгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн нотлох баримтын бүрдэл болон түүний үнэн зөвийг хуулийн өмнө хариуцах ... гэж заасан байгаа. Харин хариуцагчийн зүгээс сумын Засаг дарга болон нэхэмжлэгч ирээд бүртгэж өгөхийг шаардсан учраас тэдэнд итгэж гэрлэлтийн гэрчилгээ бичсэн гэж хариуцлагагүй зүйл хэлж байна. Мэргэжлийн хүн ийм зүйл хэлж болохгүй гэдгийг хэлмээр байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд 2002-2016 он хүртэл гуравдагч этгээдтэй хамтран амьдарч байсан нь талуудын тайлбараар нотлогдож байгаа юм. Гагцхүү гуравдагч этгээд маргаан бүхий гэрлэлтийн гэрчилгээг хууль ёсны эрхийн акт гэж үзэж, үүнээс үүсэх үр дагаврыг би хариуцмааргүй байна гэдэг тайлбар хэлж байгаа. Үүнд, бид дүгнэлт хийх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн гэрчилгээ нь хуулийн дагуу олгогдсон уу, хууль бус гэрчилгээ юу гэдэг нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Гэхдээ дахин олголтын журмаар бичсэн гэж байгаа ба дахин олголтын журмаар тухайн гэрчилгээг үрэгдүүлсэн, шүүхийн шийдвэр гаргасан зэрэг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан 3 үндэслэлээр гэрчилгээ олгоно.

Тийм учраас маргаан бүхий гэрлэлтийн гэрчилгээг дахин олголтын журмаар бичсэн гэж үзэхгүй байгаа. Учир нь, 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан Иргэний улсын бүртгэл хөтлөх журам-ын 11 дүгээр зүйл, мөн Иргэний бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлд анхны гэрчилгээ байгаа тохиолдолд дахин олголтын гэрчилгээ олгогдохоор тодорхой заасан ба анхны гэрчилгээ байхгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл дахин олголтын гэрчилгээ олгоход багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг хариуцагчийн тайлбарлаж байгаа нотлох баримтуудыг бүрдүүлэх шаардлагагүй, хуульд тийм зохицуулалт байхгүй. Гагцхүү архивын лавлагаа байхгүй тохиолдолд дахин олголт хийгдэхгүй. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйл бол утга, учиртай. Цаашид ийм байдлаар гэрчилгээ олгоод байвал цаана нь маш олон хүний эрх ашиг нь зөрчигдөх болзошгүй байна. Уг гэрлэлтийн гэрчилгээ нь энэ байдлаар үйлдсэн тохиолдолд миний үйлчлүүлэгчийн Үндсэн хуульд заасан эд хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрх зөрчигдөнө, мөн нэхэмжлэгч М.Амирхан нь ах, дүү нартай хамтран мал болон бусад эд хөрөнгө эзэмшдэг ба уг хөрөнгө бүгд М.Амирханых гэдэг утгаараа гуравдагч этгээд тодорхойлоод ногдох хувийг авахаар Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хэрэв уг гэрлэлтийн гэрчилгээ хэвээр үлдсэн тохиолдолд иргэний хэргийн шүүх гэрлэлтийг цуцалж, тухайн эд хөрөнгийн тодорхой хувийг Е.Ержангүлд олгох сөрөг үр дагавар үүсэх болзошгүй байна. Тийм учраас маргаан бүхий гэрчилгээ хууль ёсны эсэхийг тогтоолгохоор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Тухайн гэрлэлтийн гэрчилгээтэй холбоотой маргаан гарсан шалтгаан нь хүүхдийн үрчлэлттэй холбоотой гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Хүүхдийн үрчлэлттэй холбоотой иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гарсан, бид нарын зүгээс уг шийдвэрийг эсэргүүцсэн асуудал байхгүй. Тухайн үед нэхэмжлэгч М.Амирханы ах нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авах гэж очиход гэрлэлтийн гэрчилгээний талаарх лавлагаа гараагүй юм байна. Уг гэрлэлтийн гэрчилгээний улмаас нэхэмжлэгч М.Амирханы ямар эрх ашиг нь зөрчигдсөн нь тодорхой бус байна. Улсын бүртгэл, шүүх зэрэг төрийн байгууллагууд нэхэмжлэгч талын тоглоом юм байна. Сумын Засаг даргыг дагуулж очоод улсын бүртгэгчээс гэрлэлтийн гэрчилгээг хүчээр авдаг. Хариуцагчийн хувьд архивын лавлагаагүй гэрлэлтийн гэрчилгээ олгосон нь буруу гэж өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ нэхэмжлэгч мөнгө хэрэгтэй болохоор хүүхдийн 20,000 төгрөгийг авна гэж гэрлэлтийн гэрчилгээ авдаг, дараа нь гэрлэлт цуцалж мөнгөний асуудал яригдахад, уг гэрчилгээг хүчингүй болгож өг гэж шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Ер нь төрийн байгууллагууд М.Амирхан, А.Серикжан хоёрын тоглоом биш гэдгийг хэлмээр байна. Та нар дандаа мөнгөний төлөө ажиллахаа болих хэрэгтэй. Улсын бүртгэлийн буруутай үйлдэлд гуравдагч этгээд Е.Ержангүл буруугүй, гэрлэлтийн гэрчилгээ энэ хүний гарт явж байснаар үүнийг хуурамчаар үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.

Улсын бүртгэгч гаргасан алдаа, дутагдлыг өөрөө хариуцаж янзлах байх, үүнээс болж М.Амирхан болон Е.Ержангүл нар хохирох ёсгүй. Нэгэнт гэрлэсэн, гэрлэлтээ бүртгүүлэхээр хандсан учраас тухайн гэрчилгээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй байна. Гэрлэлтийн гэрчилгээ авах өргөдлийг М.Амирхан өөрийн гараар бичээгүй байж болно. Өргөдлийг хэн бичсэн эсэх нь чухал биш, М.Амирхан өөрийнхөө ээжийг дагуулж ирээд өргөдөл болон холбогдох материалыг надад гаргаж өгсөн гэж улсын бүртгэгч С.Хуанар тайлбарлаж байгаа. Тийм учраас М.Амирхан нь өөрийн хүсэл зоригоо сайн дураар илэрхийлж, Е.Ержангүлтэй гэр бүл болсон нь уг гэрчилгээгээр нотлогдож байгаа. Иймээс архивын лавлагаагүй бүртгэсэн, үүний улмаас нэхэмжлэгч М.Амирханы эрх ашиг зөрчигдсөн гэж маргаан бүхий гэрчилгээг захиргааны хэргийн шүүх хүчингүй болох үндэслэл байхгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв

ҮНДЭСЛЭХ нь:

Баяннуур сумын улсын бүртгэгчээс 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсон гэх нэхэмжлэгч М.Амирхан, гуравдагч этгээд Е.Ержангүл нарыг 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 18 дугаарт бүртгэснээр тусгаж, 0193058 дугаартай гэрчилгээг[1] олгож, энэ талаар 2013 онд Баяннуур сумын дахин олголтоор гэрчилгээ авагчид гэх 15 дугаараар эхэлж 19 дугаараар дууссан бүртгэлийн 18 дугаарт бүртгэсэн нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, энэ талаарх бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсгээр нотлогдсон байна.

Маргаан бүхий энэхүү захиргааны актын талаар нэхэмжлэгч М.Амирханаас гуравдагч этгээд Е.Ержангүлтэй 13 жил хамтран амьдарсан боловч гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандаж байгаагүй, сүүлийн жилүүдэд хоорондын харилцаа таарамжгүй болсноор Е.Ержангүл шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргах үед уг гэрчилгээний талаар мэдсэн, Е.Ержангүл нь хувийн журмаар гэрлэлтийн гэрчилгээг бичүүлж авснаар гэр бүл цуцлуулах тухай иргэний маргааны хүрээнд миний шударгаар олж авсан, эд хөрөнгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр байна гэж маргасан бол хариуцагчаас анх нэхэмжлэгч М.Амирхан гэрлэлтийн гэрчилгээг дахин олгох асуудлаар хандаж, сүүлд түүний ээж болон сумын Засаг дарга хандсанаар М.Амирхан, Е.Ержангүл нар нь урьд гэрлэлтээ бүртгүүлсэн эсэх талаарх лавлагаагүйгээр, олон жил эхнэр нөхрийн хувиар хамт амьдарсан хүмүүс болохоор итгэж баримт бичиг дахин олголтын журмаар уг гэрчилгээг өгсөн, гэрлэлтээ бүртгүүлээгүй тохиолдолд энэхүү гэрчилгээ хууль ёсны эрхийн акт биш юм гэжээ. Харин гуравдагч этгээдээс гэрлэлтийн гэрчилгээ авахаар миний бие улсын бүртгэгчид хандаж байгаагүй, холбогдох материалыг бүрдүүлж өгснөөр М.Амирхан болон түүний ээж уг гэрчилгээг авсан, бид гэрлэлтээ 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлсэн, энэхүү гэрчилгээ нь дахин олголтын журмаар олгогдсон эсэхийг би мэдэхгүй бөгөөд энэ нь хууль ёсны баримт мөн гэх тайлбарыг тус тус гаргаж маргасан байна.

Нэхэмжлэгч М.Амирхан болон гуравдагч этгээд Е.Ержангүл нар нь 2002 оноос эхлэн хамтран амьдарсан байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй ба хариуцагчийн тайлбараас үзэхэд маргаан бүхий захиргааны акт нь баримт бичиг дахин олголтын журмаар олгогдсон байх ба энэхүү гэрчилгээг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Нэгдүгээрт,

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэрлэлт гэдгийг хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл бол болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг ойлгох бөгөөд Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар ...гэрлэхийг хүсэгчид хэн нэгнийхээ, эсхүл хамтран оршин суугаа газрын сум дүүргийн, улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гэрлэлтээ бүртгүүлсэн тохиолдолд 13.9-д зааснаар иргэний бүртгэлийн ажилтан гэрлэснийг 30 хоногийн дотор бүртгэж, гэрчилгээ олгохоор заасан.

Дээрх журмаар гэрлэлтээ бүртгүүлж, энэ талаарх эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ бүхий баримт бичгийг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д зааснаар гээсэн, үрэгдүүлсэн бол энэ тухай холбогдох байгууллагын тодорхойлолт, зарыг үндэслэн, 32.2.2-т зааснаар урагдсан, үг үсэг нь мэдэгдэхгүй болсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хууль ёсны баримт бичиг болж чадахгүй тохиолдолд, мөн 32.2.3-т зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 151 дүгээр зүйлд заасан ёсоор шүүхийн шийдвэр гарсан зэрэг үндэслэл үүсвэл хуулийн 32.2-т зааснаар баримт бичгийг дахин олгохоор байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч М.Амирхан, гуравдагч этгээд Е.Ержангүл нар нь гэр бүл болох зорилгоор олон жил хамтран амьдарсан байх боловч нь хуульд заасан журмаар гэрлэлтээ бүртгүүлээгүй болох нь аймгийн Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 231/000115,0231/000290 дугаартай гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 12/705 дугаартай албан бичиг, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 84 дугаартай албан бичиг, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэрлэлтийн бүртгэл хуульд зааснаар иргэний улсын бүртгэлийн, иргэний улсын бүртгэл нь улсын бүртгэлийн төрөлд хамаарах бөгөөд Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар улсын бүртгэлийн үйл ажиллагаа үнэн зөв бодитой байх, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмыг зөрчиж, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13.1, 13.9-т зааснаар М.Амирхан, Е.Ержангүл нар нь хамтран амьдарсан хугацаанд гэрлэлтээ бүртгүүлж, гэрчилгээ аваагүй, 32.2-т зааснаар дахин гэрчилгээ олгох үндэслэл байхгүй байхад Баяннуур сумын улсын бүртгэгчээс нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт баримт бичиг дахин олголтын журмаар гэрлэлтийн гэрчилгээ олгосон нь хууль бус байна.

Хоёрдугаарт,

Маргаан бүхий гэрчилгээнд нэхэмжлэгч М.Амирхан, гуравдагч этгээд Е.Ержангүл нарыг 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 18 дугаарт бүртгэснээр тусгаж, энэхүү бүртгэлийг баримт бичиг дахин олголтын бүртгэлийн огноо, дугаар гэж хариуцагчаас тайлбарласан боловч тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 527 дугаар тушаалаар батлагдсан Иргэний улсын бүртгэл хөтлөх журам-ын гэрчилгээг дахин олгох асуудлыг зохицуулсан Арван нэгдүгээр зүйлийн 11.2-т сум дүүргийн улсын бүртгэгч гэрчилгээг дахин олгохдоо анхны бүртгэлд ямар нэг өөрчлөлт оруулахгүй гэж заасан ба Баяннуур сумын 2013 оны гэрлэлтийн бүртгэлийн 18 дугаарт өөр иргэд болох М.Серикбол, А.Саулежан нарын гэрлэлт бүртгэлтэй болох нь тогтоогдсон. Иймээс хариуцагчаас өөр иргэдийн гэрлэлтийн бүртгэлийн мэдээллийг тусгаж, нэхэмжлэгч гуравдагч этгээд нарт баримт бичиг дахин олголтын журмаар гэрчилгээ олгосон нь Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасны дагуу батлагдсан журмын дээрх заалтыг зөрчсөн хууль бус байна гэж дүгнэлээ.

Гуравдугаарт,

Гуравдагч этгээдээс М.Амирхантай гэр бүл болсноор гэрлэлтээ 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлсэн, уг гэрчилгээг ямар журмаар олгосныг би хариуцахгүй гэж маргасан боловч тухайн гэрчилгээг авахаар улсын бүртгэгчид хандаагүй гэх өөрийнх тайлбар, М.Амирханы ээж болон сумын Засаг дарга З.Мадениет хандсанаар уг гэрчилгээг бичиж өгсөн гэх хариуцагчийн тайлбар, гэрлэлтээ бүртгүүлэх, гэрлэлтийн гэрчилгээ дахин олгох асуудлаар улсын бүртгэгчид хандаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар болон түүний улсын бүртгэгчид хандсан гэх өргөдөл дэх гарын үсэг нь М.Амирханых биш талаарх шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд уг гэрчилгээг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр хамтран гаргасан өргөдлийн үндсэн дээр Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлснээр олгосон гэрчилгээ гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар тухайлбал иргэний гэр бүлийн байдлын бүртгэл болох гэрлэлтийн бүртгэлийг ...бүртгэлийн дэвтэр болон маягтад шаардлагатай бичилт хийсний үндсэн дээр гэрчилгээ олгох замаар иргэний бүртгэлийг хөтөлнө гэж, 13.2-т гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлийг ...хамтран гаргана гэж, 13.3-т ...гэрлэлтийг бүртгэхдээ гэрлэхийг хүсэгчдийг биеэр байлцуулна гэж, 2013 оны Иргэний бүртгэл хөтлөх журмын Гурвын 3.8-д улсын бүртгэгч гэрлэсний бүртгэлийн дэвтэр, ИУБ/ХААТР/-15 маягтад гэрлэгсдийн гарын үсгийг заавал зуруулна гэж, гэрлэсний мэдээллийг хуулийн 29.1-д зааснаар иргэний бүртгэл, мэдээллийн сан агуулна гэж тус тус заасан.

Хэргийн оролцогчдын дээрх тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хууль журамд заасан эдгээр ажиллагаа хийгдсэн нь үгүйсгэгдэж байгаа тул маргаан бүхий гэрчилгээг гуравдагч этгээдийн тайлбарласнаар М.Амирхан, Е.Ержангүл нарын гэрлэлтийг бүртгэж, олгосон гэрчилгээ гэж үзэхээргүй байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гэрлэлтийн бүртгэлийн ажиллагааг хуульд зааснаар явуулаагүй, гэрлэлтийн лавлагаагүйгээр гэрчилгээ олгосонд иргэн буруугүй гэж маргасан боловч хариуцагчаас маргаан бүхий гэрчилгээг баримт бичиг дахин олголтын журмаар өгсөн гэж тайлбарласан, өмнө нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар гэрлэлтээ бүртгүүлээгүй, энэ талаарх бүртгэл болон ИУБ/ХААТР-15 дугаар маягт аймгийн болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын архиваас олдоогүй нь тогтоогдсон тохиолдолд маргаан бүхий гэрчилгээг хууль ёсны гэрчилгээ гэж үзэх үндэслэлгүй юм.

Маргаан бүхий гэрчилгээ нь хуульд зааснаар гэрлэлтийн бүртгэлд үндэслээгүй, нэхэмжлэгч, гуравдагч этгээд урьд гэрлэлтээ бүртгүүлж, гэрчилгээ аваагүй байхад өмнө нь гэрлэлтээ бүртгүүлж олгогдсоноор дахин олголтын журам гэрчилгээ олгосныг хууль ёсны гэж үзэхээргүй, одоогоор хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний бүртгэл хөтлөх журмын Арван дөрөвт зааснаар уг гэрчилгээг үндэслэж нөхөн бүртгэл хийх боломжгүй буюу эрх зүйн ач холбогдолгүй баримт байх тул энэ нь гэрлэлтээ сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр бүртгүүлэх нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, хуульд заасан бусад эрхийг хөндөж болзошгүй, мөн Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д заасан улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах, 11.5.2.энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах,11.5.3.энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, 11.5.11.улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх улсын бүртгэгчийн эрх, үүргийг хариуцагчаас зөрчиж гаргасан хууль бус бичиг баримт байна гэж үзлээ.

Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4.3.1. 3.1.6, 5 дугаар зүйлийн 5.2, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.9, 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Амирханы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баяннуур сумын улсын бүртгэгчээс олгосон М.Амирхан, Е.Ержангүл нарын гэрлэлтийн бүртгэлийн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаартай, 0193058 тоот бүхий гэрчилгээг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА

 

 

 

 

 

 

 


[1] Цаашид гэрчилгээ гэх