Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2026/0073

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн татварын газрын Татварын хяналт

шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа 

Шүүгчид:                                             М.Батсуурь

                                                                П.Соёл-Эрдэнэ

                                                                Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                               Д.Батбаатар

Нарийн бичгийн дарга:              Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0166 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2026/0265 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2026/0246 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Ж.Т, М.Э нарыг оролцуулан, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.М, Д.Н нарын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн НА-*** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Хариуцагч татварын улсын байцаагч нар “Т” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, томилолтоор шалгалт хийж, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр НА-*** дугаар нөхөн ногдуулалтын акт үйлдэж, 685,867,456 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.

2.2.Нэхэмжлэгч уг актыг эс зөвшөөрч нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 48 дугаар тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн байна. 

3.“Т” ХХК-иас дээрх актыг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гарган, үндэслэлээ “... хувьцаа худалдан авсан этгээд нь хуулийн дагуу эцсийн эзэмшигч биш байсан, шилжүүлсэн зүйл нь компанийн хувьцаа болохоос ашигт малтмалын тусгай зөвшөөрөл биш, мөн орлогыг компани бус хувьцаа эзэмшигчид олсон тул компанид татвар ногдуулах үндэслэлгүй” гэж тодорхойлон маргажээ.

4.Хариуцагчаас “... компанийн эцсийн эзэмшигчид хувьцаагаа шилжүүлснээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн шилжүүлсэнд тооцогдох бөгөөд эрх эзэмшигч аж ахуйн нэгж нь эрх борлуулсан орлогод ногдох татварыг ногдуулж төлөх үүргээ биелүүлээгүй тул нөхөн ногдуулалтын акт үндэслэлтэй” гэсэн тайлбар гаргажээ.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 128/ШШ2026/0166 дугаар шийдвэрээр: “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.12, 5 дугаар зүйлийн 5.1, 10 дугаар зүйлийн 10.1.2, 30 дугаар зүйлийн 30.2, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-т заасныг тус тус баримтлан “Т” ХХК-иас Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.М, Д.Н нарт холбогдуулан гаргасан “татварын улсын байцаагч нарын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн НА-*** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2026/0265 дугаар магадлалаар: “нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 128/ШШ2026/0166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

7.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7.1.Хариуцагч Ч.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгээр эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн энэ хуулийн 10.1.2-т заасан орлогод тооцно.” гэж зааснаар “Т” ХХК албан татварыг төсөвт шилжүүлэх үүрэгтэй.

7.2.Энэхүү зохицуулалтыг маргааны үйл баримтад авч үзвэл, эцсийн эзэмшигч Г.Ц (50 хувь), Г.Б (50 хувь) нар нь тус бүр 10 хувийн хувьцааг, нийт 20 хувийн хувьцааг Н.М-эд борлуулж, шилжүүлэх замаар төрийн байгууллагаас олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч “Т” ХХК-ийн 10.1.2-т заасан орлогод тооцно гэж хуульчилсан.

7.3.Өөрөөр хэлбэл, эцсийн эзэмшигч 100 хувь өөрчлөгдсөн байхыг шаардаагүй, эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг бүрэн борлуулсан, шилжүүлсэн байхыг шаардаагүй хэсэгчлэн борлуулсан, шилжүүлсэн тохиолдлыг хамруулсан байхад шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

7.4.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн 8-д “... эцсийн эзэмшигч болох Г.Б (50 хувь), Г.Ц (50 хувь) нараас Н.М- тус бүр 10 хувь буюу нийтдээ 20 хувийн хувьцааг шилжүүлсэн байх тул Н.М- нь тус компанийн эцсийн эзэмшигч болсон гэж үзэхээргүй, мөн тухайн үед тус компанийн эцсийн эзэмшигчийн мэдээлэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна.” гэж хууль хэрэглээний алдаатай, буруу дүгнэлт хийсэн.

7.5.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэг нь хувьцаа хүлээн авсан талдаа хувь оролцоог тодорхойлох бус шилжүүлж буй талын хувь оролцоогоо хэсэгчлэн борлуулж, шилжүүлсэнтэй холбогдуулан эрх эзэмшигч аж ахуйн нэгжид татварын үүргийг хүлээлгэсэн зохицуулалт байтал шүүхээс хувьцаа худалдан авч шинээр хувь оролцоо эзэмшиж буй талыг эцсийн эзэмшигч биш болно гэж дүгнэсэн.

7.6.Мөн “маргаан бүхий тохиолдолд эцсийн эзэмшигчээс өөр этгээдэд хувьцаа худалдаж, хувьцаанд ногдох эрх үүргийг шилжүүлсэн боловч тусгай зөвшөөрлийг борлуулж, шилжүүлээгүй тул төрийн байгууллагаас олгосон эрх борлуулж, шилжүүлэх харилцаа үүсээгүй байна” гэж хууль хэрэглээний алдаатай, буруу дүгнэлт хийсэн.

7.7.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтаар төрийн байгууллагаас олгосон эрхийг нэг этгээдээс нөгөө этгээдэд шууд шилжүүлэх харилцааг зохицуулсан бол 30.2 дахь хэсгээр шууд бусаар буюу хувьцаа борлуулж, шилжүүлэх замаар төрийн байгууллагаас олгосон эрхийг бүрэн эсхүл хэсэгчлэн шилжүүлсэн тохиолдолд эрхийн үнэлгээнд хувь тэнцүүлэн татвар ногдуулахаар тусгайлсан харилцааг зохицуулсан.

7.8.Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагаас олгосон эрхийг шууд болон шууд бусаар шилжүүлсэн тохиолдолд эрх борлуулсан, шилжүүлсний орлогыг эрх эзэмшигч аж ахуйн нэгж олсонд тооцож, албан татварыг 10 хувиар ногдуулж, төсөвт шилжүүлэхийг хуульчилсан.

7.9.Гэтэл шүүхээс төрийн байгууллагаас олгосон эрхийг шууд шилжүүлэх тохиолдлыг шууд бус хэсэгчлэн эрх борлуулж, шилжүүлэх харилцааны зохицуулалттай хольж хэрэглэн, тусгай зөвшөөрлийг өөрийг нь борлуулж, шилжүүлээгүй, “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эрх өөр бусад этгээдэд шилжээгүй, эрх эзэмшигч өөрчлөгдөөгүй байна гэж хууль хэрэглээний алдаатай тайлбар хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

7.10.Түүнчлэн маргаан бүхий тохиолдолд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8 дахь хэсгийг баримтлан нөхөн ногдуулалтын актыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь шийдвэр бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйг илтгэнэ.

7.11.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д “Эцсийн эзэмшигч нь эрх эзэмшигчийн тухайд төлөөлүүлэн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн нийт дүн, хэмжээг өөрчлөлгүйгээр эрх эзэмшигчээс эцсийн эзэмшигч хүртэлх үргэлжилсэн хэлхээ холбоонд хамаарах хуулийн этгээд хооронд хувьцаа шилжүүлэх, нэгдэх, нийлэх, тусгаарлах, шинэ хуулийн этгээд үүсгэн байгуулах хэлбэрээр хэлхээ холбоо доторх хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн бүтцийг өөрчилсөн тохиолдолд эрх борлуулсан, шилжүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан.

7.12.Энэхүү зохицуулалтаар дараах урьдчилсан нөхцөлийг нэгэн зэрэг хангасан байхыг шаардана:

1.эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн нийт дүн хэмжээ өөрчлөгдөхгүй байх;

2.эрх эзэмшигчээс эцсийн эзэмшигч хүртэлх үргэлжилсэн хэлхээ холбоонд хамаарах хуулийн этгээд хооронд хувьцаа шилжүүлэх, нэгдэх, нийлэх, тусгаарлах, шинэ хуулийн этгээд үүсгэн байгуулах хэлбэрээр хэлхээ холбоо доторх хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн бүтцийг өөрчилсөн байх тохиолдолд эрх борлуулсан, шилжүүлсэн гэж үзэхгүй.

7.13.Маргаан бүхий тохиолдолд эцсийн эзэмшигч нарын хувьцаа, хувь оролцоо тус бүр 10 хувиар өөрчлөгдөж, буурсан, мөн эрх эзэмшигч буюу “Т” ХХК-иас эцсийн эзэмшигч хүртэлх үргэлжилсэн хэлхээ холбоонд хамаарах хуулийн этгээд гэж байхгүй, тэдгээрийн хооронд хувьцаа хувь оролцоо шилжээгүй, компани хуульд заасан хэлбэрээр өөрчлөн байгуулагдаагүй тул 30.8-д хамаарахгүй, шүүхээс хамааралгүй хуулийг хэрэглэсэн болно.

7.14.Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-т зааснаар анхан болон давж заалдах шатны шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

8.Нэхэмжлэгчээс хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргасан болно.

9.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 06 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2026/0246 дугаар хэлэлцүүлэх тогтоолоор хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

10.Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Т” ХХК-ийн тус бүр 50 хувийн хувьцааг эзэмшигч Г.Б, Г.Ц нар өөрсдийн эзэмшлийн хувьцааны тус бүрийн 10 хувь буюу нийт хувьцааны 20 хувийг Н.М-эд худалдах, худалдах авах гэрээ болон эрх шилжүүлэх тухай (2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн) гэрээгээр шилжүүлж[1], 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд[2] компанийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тухай бүртгэл хийлгэжээ.

12.Татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актаар 446,366,000 төгрөгийн нөхөн татвар, 178,546,000 төгрөгийн торгууль, 60,955,456 төгрөгийн алданги, нийт 685,867,456 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон байна.

13.Энэ хэргийн тухайд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлан хэрэглэх шаардлагатай.

14.Хариуцагчаас “Т” ХХК-ийн эцсийн эзэмшигч Г.Б, Г.Ц нар өөрсдийн эзэмшиж байсан хувьцааны тодорхой хэсгийг бусдад шилжүүлснээр мөн хуулийн 30.2-т заасан нөхцөл бүрдсэн, эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулна” гэж;  нэхэмжлэгчээс “ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжээгүй, компанийн хувьцаа шилжүүлэн авсан Н.М- эцсийн эзэмшигч биш тул хуулийн 30.2 дахь хэсгийг хэрэглэх үндэслэлгүй” гэх агуулгаар тус тус маргажээ.

15.Анхан шатны шүүх ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрх эзэмшигч өөрчлөгдөөгүй, тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмаар шилжүүлээгүй, компанийн хувьцааны бүтцэд өөрчлөлт орсныг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8 дахь хэсэгт хамааруулан дүгнэж, мөн хуулийн 30.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний алдааг залруулаагүй байна.

16.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 ”Эцсийн эзэмшигч” гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.48-д заасныг ойлгоно.”, Татварын ерөнхий хуулийн 6.1.48 “эцсийн эзэмшигч” гэж ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, ... эзэмшдэг ... этгээдийг” гэх заалтуудаас харвал 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр улсын бүртгэлд өөрчлөлт орох үед “Т” ХХК-ийн тус бүр 50 хувийн хувьцааг эзэмшигч Г.Б, Г.Ц нар нь тухайн компанийн хувьд эцсийн эзэмшигч байжээ.

17.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2019 он)-ийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн энэ хуулийн 10.1.2-т заасан орлогод тооцно” гэж заасан.

18.Хуулийн дээрх зохицуулалт нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн эцсийн эзэмшигчээс хувьцаа, хувь оролцоо, саналын эрхээ бусдад бүрэн болон хэсэгчлэн шилжүүлж орлого олсон тохиолдолд уг орлогыг түүний өөрийнх нь бус тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа аж ахуйн нэгжийн орлогод тооцож, татвар ногдуулах агуулгатай бөгөөд энэхүү маргааны тухайд компанийн тус бүр 50 хувийн хувьцааг эзэмшиж байсан Г.Б, Г.Ц нараас Д.М-д хувьцаа шилжүүлж олсон орлогыг “Т” ХХК-ийн эрх борлуулсан, шилжүүлсэн орлогод тооцохоор байна.

19.Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн дээрх заалтыг хамааралгүй этгээд буюу компанийн хувьцааг эцсийн эзэмшигч нараас шилжүүлэн авсан этгээд Н.М-эд хамааруулан тайлбарлаж, компанийн эцсийн эзэмшигч биш тул хуульд заасан татвар ногдуулах нөхцөл үүсээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

20.Үүнээс гадна анхан шатны шүүх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлд аж ахуйн нэгжийн эцсийн эзэмшигчээс хувьцаа, хувь оролцоог бусдад шилжүүлсэнтэй холбоотой татварын харилцааг зохицуулсныг анхааралгүй, “төрийн байгууллагаас эрх борлуулсан, шилжүүлсэн харилцаа үүсээгүй” гэж, мөн хуулийн эцсийн эзэмшигчийн хэлхээ холбоо доторх хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн бүтцийг өөрчилсөнтэй холбоотой асуудлыг зохицуулсан мөн зүйлийн 30.8 дахь хэсгийг энэ маргаанд хамааруулан хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болно.

21.Иймд “Т” ХХК-ийн эцсийн эзэмшигч нар өөрсдийн эзэмшлийн хувьцааны тодорхой хэсгийг бусдад шилжүүлснээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.2 дахь хэсэгт заасан нөхцөл бүрдсэн тул хариуцагч татварын улсын байцаагч нарын 2024 оны НА-*** дугаар татварын нөхөн ногдуулалтын актыг хуульд нийцсэн гэж үзэж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

22.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2006 он)-д эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг өөрчлөх замаар төрийн байгууллагаас олгосон эрхийг борлуулах, шилжүүлэхтэй холбоотой татварын харилцааг нарийвчлан зохицуулаагүй, тухайн харилцааг тус хуулийн шинэчилсэн найруулга (2019 он)-ын хүрээнд тодорхой болгосон. Энэ агуулгаараа энэхүү тогтоол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2006 он)-ийг тайлбарлан хэрэглэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны ХТ-61[3], 2025 оны ХТ-5[4], 2025 оны ХТ-105[5] тогтоолуудаас үйл баримтын хувьд зөрүүтэй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0166 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2026/0265 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.3, 10 дугаар зүйлийн 10.1.2, 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн “Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн НА-*** дугаартай татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Д.МӨНХТУЯА

                       ШҮҮГЧИД                                                      М.БАТСУУРЬ    

                                                                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                  Ц.ЦОГТ

                                                                                                  Д.БАТБААТАР       

 

[1] 1 дэх хавтаст хэргийн 88-96 дахь тал

[2] 1 дэх хавтаст хэргийн 7 дахь тал

[3] “И***” ХХК ба Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар, 128/2021/0413/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2025/0061,

[4] “Э***” ХХК ба Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нар128/2024/0432/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2025/0005,

[5] “Т***” ХХК ба Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар128/2025/0318, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2025/0105