| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 320/2025/01122/И |
| Дугаар | 225/МА2025/00038 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 225/МА2025/00038
| 2025 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 225/МА2025/00038 |
Л.Бгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 320/ШШ2025/01092 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Л.Бгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Мад холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.М бид хоёр нэг нутаг усанд байсан учир нэг нэгнээ таньдаг байсан. 2018 оноос бид хоёр дотно харилцаанд орж Б.М манайд ирэн, очин байдаг, би тухайн үед ээжийндээ байдаг байсан. ..Тухайн үед миний хүү 6 настай байсан. Энэ хүнийг тухайн үед миний хүүтэй харьцаж байгаа харилцааг хараад ер нь болох юм байна шүү гэсэн үүднээс бид хоёр хадам аавынд очиж хамтдаа амьдарч эхэлсэн. Ингээд амьдраад явж байтал манай найзынд очъё. Тарвага боож идье гэх сэдэлтэйгээр найзынд нь очсон. Архи уугаад яасан учир шалтгаан нь олдохгүй тэр шөнө намайг зодсон. ...Энэ мэт 6, 7 жилийн хугацаанд маш их зодуулж дарамтлуулсан. ...Би энэ хоёр хүүхдийн хүмүүжил, өөрийнхөө амь насыг бодсон ч амар амгалан амьдармаар байна. Тэгээд би өөрийнхөө ах, эгч, ээжид бодож байгаад хэлэхэд аль хэдийн мэдсэн байсан. Чамайг А суманд очоод тэгж зодсон байсан. Бид хоёр яагаад оролцохгүй байсан бэ гэхээр үнэхээр миний дүү болох юм байгаа биз, хүний амьдралд гай болоод яах вэ гэж хандсан. Миний ярьж байгаа бүх юмыг батална. ...Өнөөдрийн нэхэмжлэлийн дагуу миний шаардаад байгаа хүүхдүүдээ өөрийн асрамжид авах, охиндоо хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Бтай 2018 оноос дотно болж улмаар хайр сэтгэлийн үүднээс мөн оноос хамтран амьдарч ирсэн. Бидний дундаас 2022 оны 12 сард охин М.С төрсөн бөгөөд улмаар 2023 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Би гэр бүлээ надаас салах болсон шалтгааныг тодорхой сайн мэддэггүй бөгөөд аз жаргалтай гэр бүл гэж үздэг. Миний бие цэргийн хүн бөгөөд өдгөө Хөвсгөл аймаг дахь ШШГгазарт жолоочоор, энэ ажилдаа ажиллаж ээлжид гарах болон жижүүр хийх, машин техникийн ажилд бэлдэх гээд гэр бүлдээ анхаарал хандуулах боломж бага байдгийг үгүйсгэхгүй ч түүний нэхэмжлэлдээ дурдсан шиг ийм үйлдэл гаргасан бол өдийд би ажил дээрээ суугаад байж байхгүй харин ч шоронгийн хаалга татсан байх. Миний хань үнэнийг дэгсдүүлсэн байх ба гэр бүлийн харилцаанд мэдээж хоёулаа л хүн юм чинь үзэл бодол таарахгүй зүйл гардаг бөгөөд эдгээрийг ухаалгаар зохицуулж ирсэн. Миний охин одоо дөрвөн настай бөгөөд харин ч аавдаа элэгтэй хайртай байдгийг хэлэхийн оронд ингэж дэгсдүүлж, хуульд байдаг хүүхдийн боловсрол мэдлэг, сургалт хүмүүжилд нөлөөлсөн гэж үзэж болохгүй ба харин ч бидний амьдралыг сайн мэдэх талаар гэрчээр мэдүүлэг авхуулах хүсэлтийг гаргаж болох хэмжээнд хүрсэн байна.
...Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй. Хүүхдийн асрамж тэтгэлгийг бодоогүй байна. Хоёр хүүхэд маань надаас айсан зүйл байдаггүй. Эцэг хүний хувьд хүүхдээ сургаад баймаар байна. ...Хөрөнгө маргааны асуудал гэж байна. Би үүнийг бодож үзээгүй. Энэ хүн миний юманд байгаа ухааны юм ярьж байна. Цаана данс, тооцоо байгаа. Би энэ тухай бодоогүй. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг бодож үзээгүй байгаа гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 320/ШШ2025/01092 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар Ц овогт Лгийн Б (..........), У овогт Бгийн М (............) нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин У овогт Мын Сг эх Л.Бгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин М.Сг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Маас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж, Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргах маргаангүй гэсэн болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Б.М, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Л.Б нарт тус тус даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.М давж заалдах гомдолдоо: ...Б өөрөө их худалч, хүний хань шиг байж чадаагүй, хүүхдийн эх шиг байж чадаагүй, мөн миний өөрийн гараар босгосон эд хөрөнгийг авахаар санаархаж, дээрээс нь худал зүйлийг шүүхийн өмнө хэлж, шүүхэд намайг буруугаар ойлгуулж, надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гаргуулсанд гомдолтой байна.
Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа зөвхөн нэг талыг барьж Б өмгөөлөгчтэй байхад намайг өмгөөлөгч авах эрхийг маань хязгаарласан, мөн намайг хууль шүүхийн байгууллагаар орж арга хэмжээ авхуулж байгаагүй, архи уудаг гэдгийг нотлоогүй, шинжээчийн дүгнэлт гараагүй байхад Бгийн бүрдүүлсэн худал баримтыг үндэслэн намайг гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэхэд эвлэрэх хугацаа өгөлгүйгээр шууд гэрлэлт цуцлах шийдвэр гаргаж миний эрхийг зөрчсөн гэж би үзэж байна.
Б шүүхэд нэхэмжлэл гаргасан байхаар нь бид уулзаж цаашид хэрхэх талаар ярихад Б би шүүх дээр хүүхдийн тэтгэлэг авахгүй гэдгээ хэлье харин эд хөрөнгөний талаар маргаан чи битгий гаргаарай гэхээр нь би энэ үгэнд нь итгэсэн. Гэтэл шүүх хуралдаан дээр Б хэлсэн үг шигээ байгаагүй худал ярьсаар байгаад дууссан.
Б миний өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон байрыг өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн, бас 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 32 сая төгрөгөөр авсан Приус 41 маркийн машиныг мөн л өөрийнхөө нэр дээр болгосон. Одоо бодохоор анхнаасаа л Б надаас эд хөрөнгө салгах санаатайгаар миний хүч хөдөлмөрөөр бий болгосон эд хөрөнгийг өөрийнхөө нэр дээр болгож, хүүхдийн тэтгэлэг надаар гаргуулж, намайг юу ч болгох, зээлтэй үлдээх санаа зорилго агуулж байсан нь тодорхой байна. Би Бтай болж бүтэж сайхан амьдарна гэж бодсон болохоос биш эцэс сүүлд нь өөрөө буруутан болоод хамаг зүйлээ түүний шунахай хүслийг биелүүлэх гэж өгөөд өөрөө өртэй хоцорно гэж даанч санасангүй. Хууль шүүх хэн нэгнийг хохироох шийдвэр гаргахын төлөө ажилладаггүй байх гэж би энгийн иргэн хүний зүгээс итгэж байна.
Иймээс Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 320/ШШ2025/ 01092 дугаар бүхий шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэж энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч Б.Мын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Б.Мад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч Б.Мын ...шүүх шийдвэр гаргахдаа зөвхөн нэг талыг барьж Бг өмгөөлөгчтэй байхад намайг өмгөөлөгч авах эрхийг маань хязгаарласан, мөн намайг архи уудаг, хүчирхийлэл үйлдэж байсан гэдгийг нотлоогүй, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байхад Бгийн худал баримтыг үндэслэж эвлэрэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцалж миний эрхийг зөрчсөн. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргааны асуудлыг шийдвэрлээгүй гэх... гэх гомдлын тухайд:
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т Харин Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно. гэж заасан.
Анхан шатны шүүх хариуцагч Б.М нь гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь гэмтэл учруулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж дүгнэн тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь дээрх зохицуулалтад нийцсэн байх ба шүүхийн дүгнэлтийг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Бгийн гэрлэлт цуцлуулах, охин М.Сг асрамждаа авч, эцгээр нь тэжээн тэтгүүлэх шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх ба гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбогдуулан нэхэмжлэл, хүсэлт, шаардлага гаргаагүй.
Шүүх зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгсөн байх ба хариуцагч Б.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах талаар хүсэлт гаргаагүй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах эсэх нь зохигчийн эрхийн асуудал учир энэ талаар хүсэлт гаргаагүй тохиолдолд хариуцагчийг өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй. Түүнчлэн иргэний хэргийн оролцогчийн хэн нэг нь өмгөөлөгч авсан тохиолдолд шүүх нөгөө талыг өмгөөлөгчөөр хангах үүрэг хүлээхгүй.
Хариуцагч хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Гэрлэгчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбогдуулан шаардлага гаргаагүй, энэ асуудлыг шүүх шийдвэрлээгүй тул дээрх шаардлагатай холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нээлттэйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 320/ШШ2025/01092 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ