Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/02159

 

 

 

  

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/08278 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******** холбогдох,

100,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бэлэн мөнгө олгох хүсэлт гаргаж, гарын үсэг зурж 100,000,000 төгрөгийг зээлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй. Иймд 100,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

*******-тай ямар нэгэн зээлийн үүрэгтэй холбоотой харилцаа үүсээгүй. Баянгол дүүргийн болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд ******* хорооноос нэр дэвшихэд ******* нь улс төрийн зөвлөлийн албан тушаалд ажилладаг байдлаа ашиглан хандивт 200,000,000 төгрөг нэхэж, тухайн үед нэр дэвшихийг цуцлах цаашид дэвшүүлэхгүй байх асуудал ярьсан тул 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 70,000,000 төгрөгийг дансаар, 30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн.

Эхний 100,000,000 төгрөгийг өгсөн ч дараагийн 100,000,000 төгрөгийг дахин нэхээд байсан, тухайн үед хүнд нөхцөл байдалтай байсан тул арга буюу гарын үсэг зурсан.

*******-ийн нягтлан ******* 100,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгөөгүй байж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулаад, мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зуруулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 100,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 657,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

*******-ийн нягтлан бодогч *******ыг гэрчээр асуулгахад, *******аар зээлийн гэрээ болон 100,000,000 төгрөг хүлээн авсан тухай баримтад гарын үсэг зуруулсан нь үнэн гэхдээ мөнгө хүлээлгэж өгөөгүй, захирлууд өгснийг харж байгаагүй тухай мэдүүлсэн.

Шүүхээс нэхэмжлэгч талаас 2024 оны 10 дугаар сарын тайланг гаргуулахаар захирамж гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэтэл тус баримт нь шүүгчийн захирамжаар гаргах баримт бус харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлэх үүднээс гаргаж өгөх ёстой баримт юм. Гэтэл шүүх тус баримтыг гаргуулахаар шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан нь үндэслэлгүй.

Мөн нотлох баримтаар *******-ийн 2024 оны 10 дугаар сарын тайланг гаргуулахаар шийдвэрлэсний дараа дансны хуулга ирэхэд 100,000,000 төгрөг хүлээж авсан хүний гарын үсэг *******ынхаас огт өөр хүний гарын үсэг байсан.

Хэрэгт шинэ нотлох баримт ирсэнтэй холбогдуулан тухайн бэлэн мөнгөний баримтыг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хэн үйлдсэн, хэн гарын үсэг зурж хүлээн авсан болохыг нотлуулах зорилгоор нягтлан бодогч *******, ******* нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан.

Учир нь тус бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн хүн нь *******, ******* нар байсан ч хүсэлтээс зөвхөн *******ыг гэрчээр асуулгах хүсэлтийг хангаж, харин *******ыг асуулгах хүсэлтийг хангаагүй. Мөн гэрч асуулгах хүсэлтэд гэрчүүдийг шүүх хурлаас өмнө асуулгах талаар тодорхой бичиж өгсөн ч энэ хүсэлтийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн.

Мөн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хурлын тэмдэглэлд даргалагч, гэрчээс мөнгө хүлээн авагч этгээдтэй гарын үсэг зурахад хэн байсан бэ гэж асуусан нь тус хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээсээ өмнө аль хэдийн шийдвэрлэсэн үйлдэл болсон.

Гэрч ******* шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгсөн, харин дараагийн гэрч ******* нь ажиллаж байгаа компанийнхаа нөлөөнд автсан гэж үзэж байна. Учир нь ******* гэрээ болон мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зурахдаа *******ын хамт хоёулаа байсан өөр хүн огт байгаагүй байдаг. Гэтэл гэрч ******* энэ тухай худал мэдүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Гэрч ******* 100,000,000 төгрөгийг захиралд өгсөн нь үнэн, гэхдээ ******** өгч байхыг хараагүй гэж мэдүүлсэн. Гэрээ болон мөнгө хүлээлцсэн баримтад хариуцагч гарын үсэг зурсан. Гэрч ******* ч мөнгийг захиралд өгсөн гэж мэдүүлсэн, түүнээс хариуцагчид мөнгө өгч байгааг хараагүй.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, 100,000,000 төгрөгийг хүлээн аваагүй гэж эс зөвшөөрч маргасан.

 

3. 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь 100,000,000 төгрөгийн зээл олгохоор, хариуцагч нь уг зээлийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлөх, зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

3.1. Гэрээ байгуулсан өдрөө хариуцагч нь нэхэмжлэгчээс зээл 100,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болох нь нэхэмжлэгч байгууллагын бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, бэлэн мөнгөний зарлагын баримт, кассын тайлан зэргээр тогтоогдсон байна.

Эдгээр баримтад зурсан гарын үсгийн үнэн зөв эсэхийг тогтоолгохоор хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар аливаа хүсэлт гаргаагүй.

 

3.2. Хэрэгт авагдсан баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд эдгээр үйл баримт зөв тогтоожээ.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4.1. Өмнө дурдсанчлан зээлдүүлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 100,000,000 төгрөгийг зээлдэгчид бэлнээр олгосон, энэ талаарх баримтад хариуцагч гарын үсэг зурсан, тухайн өдөр нэхэмжлэгч байгууллага өөрийн кассаас 100,000,000 төгрөг бэлнээр зарлагдсан үйл баримт тогтоогдсон.

 

4.2. Гэрч *******, ******* нарын мэдүүлгийн үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Уг гэрчүүд нь нэхэмжлэгч байгууллагад 100,000,000 төгрөг бэлнээр байсан, бэлэн мөнгөний баримт дээр хариуцагч гарын үсэг зурсан болохыг гэрчилсэн. Харин хариуцагчид 100,000,000 төгрөгийг өгч байхад хамт байгаагүй болохоо тодорхой мэдүүлсэн.

Өөрөөр хэлбэл, хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримт нь гэрчийн мэдүүлгээр бус, харин хэрэгт авагдсан өөрийнх нь гарын үсэг зурсан бичгийн баримтаар тогтоогдсон.

 

4.3. Хэрэгт хариуцагчаас нэхэмжлэгч байгууллага руу 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 70,000,000 төгрөг банкаар шилжүүлж өгсөн баримт авагдсан боловч энэ талаар тусдаа маргаж буй болохоо хариуцагч тайлбарласан болно.

 

4.4. Иймд хариуцагч хүлээн авсан зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй байгаа учраас анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцжээ.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн талаарх дараах гомдлыг хангахгүй.

 

5.1. Нэхэмжлэгч байгууллагын кассын тайлан хэрэгт авагдсантай холбоотойгоор *******аас дахин гэрчийн мэдүүлэг авах шаардлага үүсээгүй байна. Учир нь ******* нь хариуцагчид бэлэн мөнгө хүлээлгэн өгөөгүй, харин баримтад гарын үсэг зуруулсан талаар мэдүүлэг өгсөн болно.

Мөн гэрчээс шүүх хуралдааны үед, эсхүл шүүх хуралдаанаас өмнө мэдүүлэг авах эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд тогтооно.

 

5.2. Бэлэн мөнгө хүлээлцсэн баримттай холбоотойгоор талууд шүүх хуралдааны явцад мэтгэлцсэн, энэ талаар гэрч ******* мэдүүлэг өгсөн зэргийг харгалзан 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШЗ2025/25403 дугаар захирамжаар нэхэмжлэгчээс баримт гаргуулахаар шаардсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/08278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ