| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 320/2025/01251/И |
| Дугаар | 225/МА2025/00039 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 225/МА2025/00039
2025 12 03 225/МА2025/000....
Г.Бий нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 320/ШШ2025/01208 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Г.Бий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Бид холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 12,000,000 ( арван хоёр сая) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 14,000,000 ( арван дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг хариуцагч О.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хулан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие О.Бид Toyota Land Cruiser маркийн 0000 ХӨВ улсын дугаартай, хар өнгийн машинаа 22,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байуулсан. Уг гэрээгээр би О.Бид тээврийн хэрэгслийг түүний ззэмшилд шилжүүлэх, төлбөр бүрэн төлөгдсөний дараа бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, нэр дээр нь шилжүүлэх үүргийг, харин О.Б нь нийт төлбөр болох 22,000,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор 12,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10,000,000 төгрөгийг тус тус төлөх үүргийг хүлээсэн. О.Б нь 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 9,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 05-нд 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үлдэх 8,000,000 төгрөгийг төлөхгүй байх тул бидний дунд байгуулагдсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 3.2-т заасныг үндэслэн машины үлдэгдэл төлбөр болох 8,000,000 төгрөг, мөн 3.6 дахь заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг үндэслэн алдангид 4,000,000 (103*40,000=4,120,000) төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...2025 оны 04 сарын 21-ний өдөр Г, Б бид нар ХӨВ 0000 улсын дугаартай ланд маркын хар өнгийн суудлын авто машиныг 22,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож гэрээ байуулсан. ...Бид гэрээний үлдэгдэл төлбөрт хүү, алданги тооцох талаар огт гэрээ байгуулахдаа ярилцаагүй, тохиролцоогүй. ...би авсан өгснөө буцаахыг хүсч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч О.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...би гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй санхүүгийн хүнд байдалд орчихсон. Мөн уг тээврийн хэрэгслийг анх худалдаж авахад машины хянах самбар дээр анхааруулах гэрэл асаад унтрахгүй байсан бөгөөд уг гэрлийг худалдагч Г нь өөрөө янзлаад унтрааж өгнө гэсэн боловч янзалж өгөөгүй, уг гэрэл байнга асаад байгаагаас болж би уг машиныг зориулалтаар нь унаж ашиглах боломжгүй байна.
...бидний дунд байгуулагдсан гэрээнээс би татгалзаж байгаа тул авсан өгснөө буцааж нэхэмжлэгч Г.Бээс нийт 14,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Г.Б сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: ...Өөрөө миний машиныг үзэж хараад, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулсан. ...Машиныг зарах үед машин оношилгоо, техникийн хяналтын улсын үзлэгт орчихсон ямар ч асуудалгүй машин байсан. ...сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 320/ШШ2025/01208 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8 заасныг баримтлан хариуцагч О.Боос 10,000,000 (арван сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан хариуцагч О.Бийн зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгч Г.Бээс 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Бий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 (хоёр зуун зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг, хариуцагч О.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 (хоёр зуун хорин долоон мянгө есөн зуун тавь) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Боос 195,750 (нэг зуун ерэн таван мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бд олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч О.Б давж заалдах гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх дүгнэхдээ талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Тухайн хуулийн заалтаас үзэхэд худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн байдаг.
Энэ хуулийн заалтаас үзэхэд худалдан авагч үнийг төлөхөөс өмнө худалдагч эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх ёстой бөгөөд өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа эзэмших эрхийг зээлээр худалдан авагчид шилжүүлсэн улсын бүртгэлээр уг гэрээ байгуулагдсан гэж дүгнэлтэнд хүрэх ёстой. Мөн тээврийн хэрэгслийн улсын бүртгэл дэх эд хөрөнгийн эзэмших эрх зээлээр худалдан авагчид шилжсэнээр худалдан авагч түүний үр шимийг хүртэх, бусдад худалдан борлуулах, зах зээлийн аливаа эргэлтэнд оруулах боломж бүрдсэнээр Иргэний хуулийн 262-р зүйлийн 262.1-д заасан заалт хангагдах ёстой байсанд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримт болох 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №0284 дугаартай итгэмжлэлээр олгогдоогүй эрхийг эдэлж иргэнтэй хүү тохирч зээлийн гэрээ байгуулаад байгаа үйлдэлд мөн шүүх огт дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл уг итгэмжлэлээр зөвхөн тээврийн хэрэгслийг хүдалдах, гэрээг байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийг шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, улсын дугаар авах, солих, банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлээр худалдах гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, бүртгэлийн байгууллагад бүрэн төлөөлөх, бичиг баримт бүрдүүлэн өгөх, холбогдох бичиг баримтад гарын үзэг зурах гэрээ цуцлах, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон итгэмжлэл байсан. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний үлдэгдэл төлбөр 8,000,000 төгрөгийг төлөх боломжтой, төлөхийг зөвшөөрч байгаа харин хүү гэж гаргуулахаар шийдвэрлэсэн 2,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа. Харин хүү тохирч бид зээлийн гэрээ байгуулаагүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байгаа тул гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээх-ээр зохицуулсан.
Худалдагч Г.Бийг төлөөлж Б.Г, худалдан авагч О.Б нар нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Toyota Land Cruiser маркийн 0000 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 22,000,000 төгрөгөөр худалдахаар Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээндээ тээврийн хэрэгслийн үнийг 2025 оны 5 дугаар сарын 01 -ний өдрийн дотор 12,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.
Худалдагч тал гэрээ байгуулсан өдрөө худалдан авагчид Toyota Land Cruiser маркийн 0000 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлсэн, О.Б нь гэрээний үүрэгт нийт 14,000,000 төгрөг төлж, 8,000,000 төгрөгийг нь төлөөгүй байх ба энэ талаар талууд маргаагүй.
Харин хариуцагч нь ...Бид гэрээний үлдэгдэл төлбөрт хүү, алданги тооцох талаар гэрээ байгуулахдаа огт ярилцаагүй, тохиролцоогүй. ...машины хянах самбар дээр анхааруулах гэрэл асаад унтрахгүй байсан, ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/-гээр ...хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх-өөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь машины үлдэгдэл төлбөр 8,000,000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.
Мөн худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний зүйлийг худалдан авагчид шилжүүлсэн, харин О.Б гэрээний үүргээ зөрчсөн байх тул хариуцагчийн гэрээнээс татгалзаж, авсан өгснөө буцааж нэхэмжлэгч Г.Бээс 14,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.
Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн бол шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх бөгөөд шүүхийн шийдвэр дээрх шаардлагыг хангажээ.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, улсын тэмдэгтийн хураамжийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн байна.
Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хариуцагчийн давж заалдах гомдлын тухайд:
1.Нэхэмжлэгч Г.Б ...тээврийн хэрэгслийг худалдах, гэрээ байгуулах... итгэмжлэл Б.Гт олгосон байх тул тэрээр худалдан авагч О.Бтой уг гэрээг байгуулах, түүний агуулгыг тодорхойлж, гэрээний нөхцлийг тохиролцох эрхтэй. Иймд хариуцагчийн ...хүү тохирч гэрээ байгуулсан үйлдэлд дүгнэлт хийгээгүй, ...итгэмжлэлээр ийм эрх олгоогүй гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
2.Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж, мөн зүйлийн 111.2-т Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ: 111.2.1.өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр; гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлж, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан ...худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх,... үүргээ биелүүлсэн байна.
3.Гэрээний талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тал нь алданги төлөхөөр тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн, уг гэрээ хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр байх тул анхан шатны шүүх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, өөрийн эрх хэмжээний хүрээнд алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээх бөгөөд хариуцагч О.Б ...машины хянах самбар дээр анхааруулах гэрэл асаад унтрахгүй байсан гэх байдал болон энэ талаарх шаардлагыг нэхэмжлэгчид гаргаснаа баримтаар нотлоогүй.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагч О.Бийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 320/ШШ2025/01208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Хариуцагч О.Бийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Б.СОСОРБАРАМ