| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 320/2025/00983/И |
| Дугаар | 225/МА2025/00040 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 225/МА2025/00040
ЭХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 320/ШШ2025/01153 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ЭХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн У хүүхдийн зуслан ОНӨААТҮГ холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Бараа материалын үнэ 22,310,125 (хорин хоёр сая гурван зуун арван мянга нэг зуун хорин тав) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, хариуцагчийн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.
Нэхэмжлэгч ЭХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай ЭХХК-ийн барилгын материалын дэлгүүрэс Хөвсгөл аймгийн У хүүхдийн зуслан ОНӨААТҮГазар 2023 оны 07 дугаар сараас эхлэн засварын ажилдаа барилгын материал цувуулж удаа дараа зээлээр авсан. Тооцоог удахгүй хийнэ гэсэн боловч өдийг хүртэл ямар нэг тооцоо хийгээгүй байна. Манай барилгын материалын дэлгүүрээс зарлагын падаан бичүүлж авсан материалын үнэ нийт 22,310,125 / Хорин хоёр сая гурван арван мянга нэг зуун хорин таван / төгрөг болсон. Удахгүй төлнө, төлбөрийг барагдуулна гэж авсаар одоог хүртэл төлбөр төлөгдөөгүй байна. У хүүхдийн зуслангийн захирал М.С нь ажлаа өгсөн одоо зуслангийн захирлаар Д.Б гэх хүн ажиллаж байгаа тул зайлшгүй шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрээд байна. С нь зээл авахдаа У ОНӨААТҮГазарын нэрээр авсан тул энэ газрын захирлын нэрээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хувьд 2025 онд ажил хүлээж авсан бөгөөд ...нягтлан бодогч Г.Н нь 2024 оны санхүүгийн тайланг гаргаж хүлээлгэж өгөхдөө ...дотоодын байгууллагад төлөх 28,7 сая төгрөгийн өглөгт тусгасан Э ХХК-д өгөх 4,1 сая төгрөгийн өглөгийг төлөх үүргийг хүлээнэ.
...5.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл (13.6. Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна. Мөн хуулийн 13.7. Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно) гэж заасан тул харилцагч байгууллагаас зарлагын падааныг тухай бүр он сар өдөр, хүлээлгэн өгсөн хүн, хүлээн авсан ажилтны гарын үсгээр баталгаажсан баримтыг 2 хувийг үйлдэж 2 тал авч санхүүгийн анхан шатны баримт болох ёстой байтал ЭХХК-ийн зарлагын падаанууд нь он, сар, өдөргүй хүлээн авсан ажилтан өөр байгууллагын ажилтан, зарим нь гарын үсэггүй, нягтлан бодогч хянаж баталгаажуулаагүй байна.
Иймд Хөвсгөл аймгийн Хүүхдийн У зуслан нь ЭХХК-ийн Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн шүүхэд гаргасан 22,3 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 4,1 сая төгрөгийг төлөх үүргийг хүлээж, үлдэх 18,2 сая төгрөгийг төлөх үүргийг хүлээн зөвшөөрөхгүй.
2023-2024 онд тус байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н, захирал С, түр орлон гүйцэтгэгч байсан С.Ш нар нь У д ОНӨААТҮГазрын нэрийг барьж худалдан авалт хийж хувьдаа ашиглаж байсан гэдэг нь тодорхой байна. Иймд нэхэмжлэгч хууль бусаар худалдан авалт хийж хувьдаа ашиглаж байсан С, Ш, нягтлан Н нараас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 320/ШШ2025/01153 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн У д хүүхдийн зуслан ОНӨААТҮГ-аас 22,310,125 (хорин хоёр сая гурван зуун арван мянга нэг зуун хорин тав) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,500 (хоёр зуун жаран есөн мянга таван зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн У д хүүхдийн зуслан ОНӨААТҮГ-аас 269,500 (хоёр зуун жаран есөн мянга таван зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, хэрэгт нотлох баримтаар авагдсан Хөвсгөл аймгийн У д хүүхдийн зуслан ОНӨААТҮГ-ын 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн баримт 1 хавтас баримтыг шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хариуцагч байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн У хүүхдийн зуслан ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Д.Б давж заалдах гомдолдоо: ...анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үнэлж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
1.Анхан шатны шүүх ...хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийлээ.
Хариуцагч тал нэхэмжлэгчийн 22,310,125 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,100,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 18,210,025 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй маргаж, нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, өөр иргэнд уг бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн нь зарлагын баримтуудаар нотлогдож байгаа тул тухайн бараа бүтээгдэхүүнийг хүлээж авсан хүмүүсээс нэхэмжлэх нь зүйтэй, У д хүүхдийн зуслан ОНӨААТҮГазар хариуцах үндэслэлгүй гэж маргаж байсныг анхан шатны шүүх маргаагүй гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт гэж үзэж байна.
Мөн ...Худалдагч нь худалдсан зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хүлээн авах үүрэгтэй гэж хуульд заасан байгаа боловч нэхэмжлэгч худалдсан эд зүйлийг У д хүүхдийн зуслан ОНӨААТҮГазарт хэзээ, хэрхэн, яаж хүлээлгэж өгсөн нь нотлогдоогүй, тухайн зарлагын баримтуудаар худалдсан барааг Д, Р, У гэх хүн У д Хүүхдийн зуслан ОНӨААТҮГ-н нэр барьж хүлээн авч байсан, хүлээлгэж өгсөн нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа баримтад огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
2. Мөн гэрч Нийн мэдүүлэгт ... би 2024 оны 5 сарын 01-ний өдөр энэ ажилд орж 2024 оны байгууллагын санхүүгийн тайланг би хийсэн..., ...2024 оны санхүүгийн тайланд зээлээр авсан бараа материалын үнийг төлөөгүй талаар болон жилийн эцсийн тайланд өр төлбөрийн тайланд яагаад тусгагдаагүй талаархи асуултад гэрч хариулахдаа С дарга тушаал гаргаж өгөөгүй, даргын тушаалыг үндэслэж би тайланд тусгах үүрэгтэй... гэж тайлбарлаж байсан гэрчийн мэдүүлгээр байгууллагын даргын шийдвэргүйгээр байгууллагын нэр барьж нэхэмжлэгч компаниас иргэд зээлээр худалдан авалт хийж байсан болох нь гэрч Н, Б.Б Ш, Г.Ю нарын мэдүүлгээр тогтоогдож байгаад мөн шүүх огт дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг хариуцах этгээд нь У д хүүхдийн зуслан ОНӨААТҮГазар мөн эсэхэд шүүх дүгнэлт хийсэнгүй.
...Хөвсгөл аймгийн У д хүүхдийн зуслан ОНӨААТҮГазар нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу санхүүгийн тайлангаа гаргах үүрэгтэй. 2024 оны жилийн баталгаажсан санхүүгийн тайланг нягтлан Н гаргасан бөгөөд уг тайланд ...дотоодын байгууллагад төлөх 28,7 сая төгрөгийн өглөг гэсэн тайлан дотор ...ЭХХК-д 4,1 сая төгрөг нийт 13,1 сая төгрөгийн барилгын материалын өглөг өгөх ёстой гэж тусгаж тайлагнасан байгаа.
Төрийн болон орон нутгийн өмчит компани нь харилцагч байгууллагаас хангамжийн болон бусад бараа материал худалдан авахдаа дараах анхан шатны баримтуудыг үйлдсэн эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан байх ёстой. ...ЭХХК-тай холбоотой 18.2 сая төгрөгийн бараа материалыг дээрх заалтын дагуу данс бүртгэлд бүртгээгүй, орлогод хүлээн зөвшөөрч аваагүй, анхан шатны баримт бүрдлийг хангаагүй байхад хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
...худалдагч буюу харилцагч байгууллагаас зарлагын падааныг тухай бүр он сар өдрөөр, хүлээлгэн өгсөн хүн, хүлээн авсан ажилтны гарын үсгээр баталгаажсан баримтыг 2 хувийг үйлдэж 2 тал авч санхүүгийн анхан шатны баримт болгох ёстой байтал ЭХХК-ийн зарлагын падаанууд нь он сар өдөргүй, хүлээн авсан ажилтан нь хариуцагч байгууллагын ажилтан биш, зарим нь гарын үсэггүй, нягтлан бодогч хянаж баталгаажуулаагүй байгааг анхан шатны шүүх огт анхаарч дүгнээгүй.
Иймд ...шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжпэлийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн У хүүхдийн зуслан ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал М.Бгийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
Нэхэмжлэгч Эхязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Хөвсгөл аймгийн У хүүхдийн зуслан ОНӨААТҮГ-т холбогдуулан барилгын материалын үнэ 22,310,125 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Д.Б ...санхүүгийн тайланд тусгагдсан 4,1 сая төгрөгийн өглөгийг ЭХХК-д төлөх үүрэг хүлээнэ, 18,2 сая төгрөгийг төлөх үүргийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн бол шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж дүгнэх бөгөөд шүүхийн шийдвэр дээрх шаардлагыг хангаагүй байна.
Талууд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг дутуу тодруулсан, орхисон тохиолдолд шүүх талуудын тэгш байдлыг зөрчихгүйгээр дээрх байдлыг тодруулж, тодорхой болгох үүрэгтэй бөгөөд ингэснээр тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэх үндэс бүрдэх учиртай.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн У хүүхдийн зуслан ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.С нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/53 дугаар захирамжаар мөн өдөр албан тушаалаас чөлөөлөгдсөн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр ...Ажлаа өгсний дараа үргэлжлүүлээд материал зээлээр өгч байгаач гэдэг асуудлыг Д.О төлөөлөгчид хэлж ярьж байсан тухайн үед зөвшөөрч намайг ажлаа өгсний дараа манай байгууллага үргэлжлүүлж зээлээр бараа материал авч байсан гэсэн үг. ...Зээл авах зөвшөөрлийг олгож гэдэг дээр хэлэхэд н.Д гуай манайд вакум цонх хийж өгөөд мөнгө нь олдохоо больчихлоо гэдэг асуудлыг надад ярьж байсан. ...би н.Д гуайд Ц дэлгүүрийн барилгын материалын дэлгүүрээс хэрэгтэй бараа материал очоод авчихаач гэдэг зүйлийг хэлж байсан юм. гэх мэдүүлэг өгчээ.
Хөвсгөл аймгийн У хүүхдийн зуслан ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн М.С дээрх байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх, түүний зөвшөөрлөөр бусдын авсан барилгын материалтай холбогдох үүргийг хариуцагч хүлээх эсэх, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нэхэмжлэгч ямар албан тушаалтантай гэрээ, хэлцэл хийсэн болох зэргийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ.
Мөн Хөвсгөл аймгийн У хүүхдийн зуслан ОНӨААТҮГ-т нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Н: ...тооцоо нийлж байсан акт бол надад байгаа гэх мэдүүлэг өгсөн байх ба зохигч тооцоо нийлсэн эсэх байдлыг тодруулах шаардлагатай.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй байх тул нэхэмжлэлд дүгнэлт өгөх, хэрэгт байгаа баримтын хэмжээнд эрх зүйн маргааны талаар зохих дүгнэлтийг хийх, маргааныг шийдвэрлэх боломжгүй.
Иймд хариуцагч Хөвсгөл аймгийн У хүүхдийн зуслан ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал М.Бгийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагчийн төлөөлөгч М.Бгийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 320/ШШ2025/01153 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Хариуцагчийн төлөөлөгч Д.Бгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,500 /хоёр зуун жаран есөн мянга таван зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Б.СОСОРБАРАМ