Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 721

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч П.Ариунболд, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэйгээр,

нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Э.Бадрал,

иргэдийн төлөөлөгч А.Янжмаа,

шүүгдэгч Г.Н, У.Ж нарын өмгөөлөгч М.Идэрхангай,

шүүгдэгч Д.С, Б.Б нарын өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гантулгын Г.Н, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнтэлт үйлдэж ирүүлсэн Жадан овогт Уранцэнгэлийн У.Ж, Боржигон овогт Дуламсүрэнгийн Д.С, Боржигон овогт Батсүрэнгийн Б.Б, Боржигон овогт Жаргалын Заяабаатар нарт холбогдох эрүүгийн 1811 03004 0294 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймаг Говь-Угтаал суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хоол үйлдвэрлэл нарийн боовчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, аавын хамт Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо Дэнжийн 10-408 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Гантулгын Г.Н /РД: ЗВ94101516/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймаг Цагаандэлгэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Дундговь аймаг Говьугтаал сум 2 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Жадан овогт Уранцэнгэлийн У.Ж /РД: ЗН94022012/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймаг Өгийнуур суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо Толгойт 38 дугаар гудамж 527 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2003 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 01 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэгдэж уг ялыг 3 жилийн хугацаатай тэнсэж хянан харгалзсан, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймаг дахь сум дундын шүүхийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигон овогт Дуламсүрэнгийн Д.С /РД: АЖ85011315/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймаг Төвшрүүлэх суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,   хувиараа хөдөлмөр эрхэлдэг,   ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Баянгол 21 дүгээр хороо Горькийн 25 дугаар гудамж 1011 тоотод оршин суудаг, Боржигон овогт Батсүрэнгийн Б.Б /РД: АИ92020417/

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Г.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан, У.Ж, Д.С, Б.Б8 Ж.Заяабаатар нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өглөө 10 цагийн үед би Жамъяанбалжирыг Сэлэнгээс ирсэн болохоор нь уулзах гээд очсон.  Би шөнийн ээлжнээсээ 8 цагт буугаад 11 цаг гээд тэднийд очсон. Намайг гэрт нь ороход дүү Бямбацэрэн нь газар унтаж байсан. Дэлгүүр орж нэг шил архи авчрах хооронд дүү Бямбацэрэн нь босоод явчихсан байсан. Тэгээд байж байтал Бямбацэрэн Б.Б гэх залуу, мөн түүний хоёр дүүгийн хамт ороод ирсэн. Бямбацэрэн гараад явсны дараа би У.Жаас хэн юм бэ? гэж асуухад Бямбааг уруу татаад уугаад байгаа юмаа. Өчигдөр 04 цагт согтуу оруулж ирсэн гэж байсан. Би тухайн үед нь хэлээч, дүүгээ ууж байхад гэж хэлээд орхисон. Би өмнөх өдөр нь нойргүй хоносон учраас дороо согтсон, тэгээд унтах гээд хэвтэж байхад хүмүүс зодолдож ноцолдоод байхаар нь сэрсэн. Тэгсэн У.Ж, Б.Б нар барилцчихсан байсан. Тэгээд би салгаад Бат-Эрдэнийг салгах гэтэл өөдөөс цохиод байхаар нь цээж рүү нь цохиод ийшээ суу гээд суулгасан. Тэгээд суухаар нь толгой руу нь өвдөглөсөн. Тэгээд чи хэдэн оных юм бэ хаанахынх юм бэ гэхэд би Архангайнх 1992 оных гэсэн. тэгээд би чи 1992 оны залуу байж яахаараа 1999 оны жаахан хүүхдийг уруу татаж архи уугаад байдаг юм бэ? гэж хэлсэн. чи энэ хүүхдүүдийг ашиглаж, ар гэр рүү нь худлаа яриулж мөнгө авч архи авахуулж уудаг юм уу гэтэл өө хөгшөөн тийм юм байхгүй гэсэн. тэгээд бид хоёрын яриа тэгсхийгээд дууссан. Тэгээд би архинаас нэг татчихаад байж байтал Б.Б гэх залууг Дагвадорж гэх найз нь нэг юм аваа ирье гээд дагуулаад гарсан. Тэгээд үлдсэн архинаас нь хоёр татчихаад унтаж байтал гаднаас 3-уулаа болж орж ирээд, дэвслээд байхаар нь би сэрсэн. Босоод ирэхэд У.Ж дотуур хувцастайгаа, толгой тархинаас нь цус гарсан. Битүү улаан болсон сууж байсан. Тэгээд би араас нь гүйж гараад хаалганы хажуу талын шүүгээнээс хутга авсан. Би уул нь айлгах гэж л гарсан. Тэгээд сандарсандаа тийм юм болсон. Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

            Шүүгдэгч У.Жын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

            Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 25-нд энэ хэрэг болсон. Би 24-ний шөнө ээжийнхээ дүүгийн хоёр хүүхдийнд хоносон. Шөнө манай Билгүүнээ гэх дүүтэйгээ таксинд явж ирээд 03 цаг гээд орж ирсэн. Билгүүнээ хоол хийчихээд, ангийн хүүхэд байдаг юм дуудаж хоол өгье гээд найзыгаа дуудаад хоол өгсөн. Тэгээд би тэнд хоносон. Өглөө би гараад явах гэж байхдаа эдний дүүгийнх нь гадаа очиход энэ хоёр залуу байсан. Манай хоёр дүү сургууль руугаа явах гэж байгаа гэхээр нь би хүргээд өгье гэхэд эдний дүү хамт явъя гээд бид хамт яваад Билгүүнээг хүргэж өгчихөөд буцах та хаашаа явах юм бэ? би хороолол явна гэхэд та тийшээ явах юм бол би гэртээ буучихъя гэсэн. Тэгсэн У.Ж намайг дуудаад чи өглөөнөөс хойш юун залуу яваад байгаа юм бэ? гэхээр нь би хоёр давхарт амьдарлаг Билгүүний ах нь байгаамаа гэтэл намайг өрөөндөө оруулаад томроод байсан. Би арга зүйгээ олъя хөгшөө гэтэл хөгшөө нь ч гэх шиг би чамаас ах гээд дарамтлаад байсан.  Намайг дарамтлаад цохиод байхаар нь би та хоёрт ганц юм авч өгье гэхээр нь би худлаа яриад бай манай дүүг дагуулаад яв гээд дүүгээ хамт явуулсан. Би гэртээ очтол манай Д.С ах хөдөөнөөс ирсэн байсан. Тэгээд би Д.С ахад учраа хэлсэн. Тэгээд бид хоёр доошоо бууугаад дэлгүүрээс нэг юм аваад Жамъяанбалжиртай уулзаад архийг нь аваачиж өгөхөд хүн дагуулж ирээд намайг зодно гэж бодоо юу гэж бид хоёр ноцолдоод байж байтал Г.Н босч ирэнгүүтээ Д.С ахын толгой руу нь цохисон. Эргэж харахын завдалгүй л хутгалсан гэв.

 

Шүүгдэгч Д.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2018 оны 10 дугаар сарын 25-ны өлөө хөдөөнөөс ирсэн. Бат-Эрдэнийн хойд аавынд унтаж байтал орой 4-5 цагийн алдад Б.Б гаднаас ороод ирсэн. Хувцас хунар нь нилээн цас, шороо болсон, нүүр нь  цав цагаан болчихсон байсан. Би чи яав гэхэд сая намайг 2-3 хүн зодлоо. Архи авчрахгүй бол Билгүүнээгийн эгчийнх нь хоёр хүүхэд байдаг юм. Тэр хоёрыг ална гээд байх юмаа. Чи ганц нэг цохиулчихаад, эр хүн байна даа хэрэггүй гэхэд ахдаа хамт очоод өг гэсэн. Би тухайн үед эрүүл байсан. Мэдээж төрсөн эгчийнхээ хүүхдүүдийг ална гээд байгаа болохоор энэ хүүхэд архи аваачиж өгөх нь ойлгомжтой л байлгүй. Тэгээд дагуулж яваад машинд нь орсон чинь Заяабаатар гэх залуу машиныг нь барьсан байсан. Би дэлгүүрээс 0,75-тай архи авч өгөөд тэр архинаасаа 2-3 удаа татсан. Телевизийн  зүүн талын нийтийн байранд ортол нэг залуу нь орон дээр, нэг нь газар дээр сууж байсан. Үнэндээ тэр газар дээр хэвтэж байсан залууг зодоогүй. Одоо болно одоо сал гээд байж байтал гэнэт толгой руу тас хийтэл цохисон. Толгой руу цохичихлоо гээд гадаа гараад явж байтал ална гээд Г.Н гартаа нэг хутга, нэг гартаа заазуур барьсан байсан. Тухайн Г.Н өөрөө хатгая гэсэн зорилго байхгүй байсан байх. Надад учирсан хохирлыг Г.Н учруулсан нь үнэн. Г.Н, У.Ж нарт би хохирол учруулаагүй гэв.

 

Хохирогч Г.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ хүмүүс намайг зодсон нь үнэн. Одоо зодоогүй гээд байна. Бид хоёр ямар хоёр биенээ зодоод хөнгөн хохирол учруулав гэж. Бид хоёр хар багаасаа л нөхөрлөсөн. Хорин хэдэн нас хүртлээ өөр хоорондоо зодолдож үзээгүй. Энэ хоёр залуу бид хоёрыг зодсон. Би доошоо хараад хэвтсэн байсан гэв.

 

Хохирогч У.Жын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хэн надад гэмтэл учирсныг мэдэхгүй байна. Өөр хэлэх зүйлгүй гэв. 

 

Хохирогч Д.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би гомдолтой байна. Гарсан зардлаа нэхэмжилмээр байна. Одоогийн байдлаар баримтаар 5.741.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Шүүгдэгч У.Ж, Г.Н нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасган 7-56 тоотод байрлах нийтийн байранд хохирогч Б.Бат-Эрдэнийг "дүү Б.Бямбацэрэнг урвуу татлаа" гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б, Д.С нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасган 7-56 тоотод байрлах нийтийн байранд хохирогч У.Ж, Г.Н нарыг "Б.Бат-Эрдэнийг зодсон" гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Г.Н нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасган 7-56 тоот хашааны гадна хохирогч Д.Сг зэвсэг хэрэглэж буюу хутгаар цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд,

хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд,

хохирогч Г.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг унтаж байхад Б.Б гаднаас Д.С болон үл таних нэг залуугийн хамт орж ирээд НоровД.С бид 2-ыг унтаж байхад учир зүггүй зодоод эхэлсэн, би доошоо хараад хэвтэж байсан болохоор хэн нь яг аль гэмтлийг учруулсаныг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан Д.С, Б.Б, үл таних залуугийн хамт 3 уулаа нийлээд толгой тархигүй, энд тэнд өшиглөж зодсон. Манай найз У.Ж Б.Бтэй дүү уруу татаж архи уулаа насанд хүрээгүй хүүхэд битгий урвуу татаад бай гэж хэлсэн чинь Б.Б би урвуу татаагүй гээд өөдөөс нь томроод байсан, тэгээд хоорондоо гар гараасаа барилцаад авахаар нь би боль гээд 2 тийш нь салгаад Б.Бийг сандал дээр суу гэтэл суухгүй болохоор нь цээжрүү нь 2 удаа цохиж суулгаад суусных нь дараа толгойруу нь нэг удаа өвдөглөсөн, " 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр намайг унтаж байхад Б.Б гэх залуу үл таних 2 залуу /цаашид Заяабаатар, Д.С гэх .../ дагуулж ирээд учир зүггүй толгой тархи руу өшиглөж, цохиод байсан, би тухайн үед доошоо хараад хэвтэж байсан болохоор хэн нь хэдэн удаа өшиглөж цохисоныг харч чадаагүй, босоод ирэхэд миний хажууд Заяабаатар, Д.С нар байхаар нь эхлээд Заяабаатарыг барьж аваад цохих гэж оролдоход хажуунаас гэнэт нэг хөл орж ирээд өшиглөхөд би хажуугаараа өвдөглөөд газар унасан, уначихсан байхад ажлын том гуталтай хүн дээрээс өшиглөөд байсан, цаана орны урд Б.Б У.Жтай ноцолдоод байсан. Миний биед учирсан гэмтлийг Б.Б, Д.С, Заяабаатар унтаж байхад дээрээс өшиглөж цохисон учраас надад учирсан гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 25-27х/,

хохирогч У.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Манай дүү Бямбацэрэн хэрэг учрал болохын урд өдөр буюу шөнө 04.00 цагийн үед унтаж байхад дээд давхарт байдаг Билгүүнтэй /Бат-эрдэнийн дүү/ орж ирээд дагуулаад гараад явсан, тэгээд өглөө 09.00 цагийн үед орж ирэхдээ согтуу орж ирсэн.түүнийг унтаж байхад манай найз Норовоо ирсэн, Норовоо ирээд бид 2 хамт дэлгүүрээс нэг шил 750 граммтай архи авчихаад ирэхэд дүү Бямбацэрэн гараад явчихсан байсан, удалгүй дүү Б.Б, Билгүүн, Даваадорж нарын хамт орж ирсэн, тэд нар гадагшаа гарах гэж байгаа бололтой дүүг хувцсаа өмсөж байх хороонд Б.Б манай гэрт орж ирчихээд орж гараад Г.Н бид 2-ыг за сайн байна уу гээд 2-3 удаа мэндэлсэн, эхлээд бид 2 түүнийг тоогоогүй, юм ч хэлээгүй гаргасан, Даваадорж нь гэрт үлдээд бусад нь гарч яваад ойролцоогоор 2 цагийн дараа орж ирэхдээ дүү маань нэлээн согтуу Б.Бтэй хамт орж ирсэн, Билгүүн байгаагүй, тэгээд гэрт согтуу орж ирчихээд гэнд тэнд унаж утсчихаад далжиганаад яваад байхаар нь би түүнд яах гээд хүүхэд уруу татаад байгаа юм бэ, насанд хүрээгүй хүүхэдтэй хамт архи дарс уулаа гэж хэлээд дөхөж очоод хоорондоо цээжний урд гар гарнаасаа барыдалдаж авахад би уруу татаагүй юу яриад байгаа юм бэ гээд өөдөөс томроод байхаар нь цээж рүү нь гараа атгаж байгаад 2 удаа цохиход Норвоо босч ирээд болдь боль гээд салгасан. Тэнгээд Норовоо Бат-эрдэнийг сандал дээр суу гэтэл суухгүй байхаар нь нүүрэн тус газар нь нэг удаа гараа цохиж суулгасан, тэгээд суунгуут нь хоорондоо юм хум яриад эвлэрсэн, тэгсэн чинь Б.Б гарчихаад ирье, ганц юм авчихаад ирье гээд Даваадоржтой хамт гараад явсан, түүнийг гараад явсаны дараа Норовоотой хамт архиа ууж байгаад дуусгаагүй Норовоо бид унтаад өгсөн, тэгээд унтаж байхад л гэнэт гаднаас 3-лаа орж ирээд л Норовоо бид 2-ыг зодоод байсан. Норовоо бид 2 зодчихоод тэд нар бүгдээрээ гараад явсан, би ганцаараа гэрт үлдсэн, гэтэл дүү Бямбацэрэн агаа баларсаан, Норовоо нэгийг нь хутгалчихалаа гэж хэлсээр гүйж орж ирсэн, тэгтэл Норовоо араас нь орооод ирэхээр нь яаж байгаа юм бэ гэтэл сонин царайлчихсан ёстой муухай юм хийчихлээ гэсээр богино улаан иштэй хутга гартаа барьчихсан орж ирээд хутгаа гэрийн орны хажууд тавьсан, тэгээд удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 29-31х/,

хохирогч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Бат-Эрдэнийн гэрт ирчихсэн байхад Б.Б гаднаас орж ирээд надаас архины мөнгө асуусан, тэгэхээр нь яах гэж байгаа юм бэ гэтэл би сая нийтийн байранд хүнд зодуулсан, архи авчрахгүй бол ална гээд байна гэхээр нь ямар хүмүүс чамайг дарамтлаад сүрдүүлээд байдаг юм бэ гээд нөгөө хүмүүс байгаа газар луу нь хамт явахаар машинд нь суухад Бат-эрдэнийн найз Заяабаатар, бас өөр нэг залуу сууж байсан, тэгээд дэлгүүрээс архи авчихад шууд нийтийн байранд очиход нэг залуу орон дээр тонгойгоод сууж байсан, нэг залуу газар дээр хөнжил нөмөрчихсөн унтаж байсан, тэгтэл Б.Б орон дээр сууж байсан У.Ж гэх залуутай муудалцаад барицалдаад эхлэхээр нь Заяабаатар бид 2 Бат-Эрдэнийг салгахаар 2 талаас нь татаж байхад газар унтаж байсан Г.Н босч ирээд толгой руу нэг юмаар цохисон, тэгээд Б.Бд толгой руу цохичихлоо гэжэ хэлээд Бат-Эрдэнийг аваад байрнаас гарсан, хашааны гадна машин тулаад зогсож байтал Г.Н араас гүйж гарч ирэхдээ нэг гартаа хутга, нэг гартаа заазуур барьчихсан ирээд шууд миний цээжин тус газарт хутгаараа нэг удаа хутгалчихаад буцаад орчихсон. Миний биед учирсан гэмтлийг Г.Н гэх залуу учруулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 33-З6х/,

хохирогч Б.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр У.Ж, Г.Н нар нийтийн байранд Бямбааг хүлээж байгаад сургууль руу хүргэж өгчихөөд буцаад нийтийн байранд ирсэн, Бямбаа гэр лүүгээ орох гээд би хаалганы урдуур өнгөрсөн чинь У.Ж хөөе наашаа хүрээд ир гээд дуудахаар нь яваад ортол чи хэн юм бэ, юу юм бэ, ийшээ зогс п.... минь гэхээр би яасан юм бэ хөгшөөн гэтэл би чиний хөгшин шиг чинь харагдаад байна уу, би чамаас ах шүү гэзд томроод эхлээд элэг рүү гараараа нэг удаа цохисон, тэгэхээр нь яагаад байгаа юм бэ гэтэл чамайг яасан ч яадаг юм бэ гээд дахиад элэг рүү 2-3 удаа цохингуутаа доошоо суу гэхээр нь доошоо өвдөглөөд суусан чинь шилэн хүзүү рүү гараа атгаж байгаад нэг удаа цохичихоод чи хаана юу хийдэг юм бэ гэхээр нь би дээр амьдардаг Билгүүнээгийн ах нь байна, та нарт ямар гэмт хийсэн юм бэ гэтэл цаанаас Г.Н газар хэвтэж байгаад босч ирээд чи хэн юм, яагаад орж ирээд томроод байгаа юм гээд зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон, тэгээд бос гэхээр нь босох гээд өндийтөл өвдгөөрөө цээж рүү нэг удаа өвдөглөсөн, тэгээд би дээшээ босох гээд бөхийчихсөн байхад босооч гээд хажуунаас өвдөг рүү өшиглөсөн, миний биед учирсан гэмтлийг У.Ж, Г.Н нар учруулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-42х/

гэрч О.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед найз Бямбацэрэнгийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 7-56 тоотод байх нийтийн байранд гэрт нь байж байсан юм. Тухайн үед би, найз Бямбацэрэнгийн ах У.Ж, найз нь Г.Н бид 3 байсан. тэгсэн чинь гаднаас уг нийтийн байрны 2 давхарт амьдардаг Билгүүний ах Б.Б ганцаараа орж ирсэн. Б.Б тухайн үед согтуу байсан ба У.Ж болон Г.Н ах нартай маргаад байсан юунаас болж маргаан болсныг сайн ойлгоогүй, Б.Б орж ирчихээд согтуудаа за сайн байн уу л гээд байсан. тэгээд У.Ж ах сүүлд орж ирэхэд хэд мэндэлдэг юм бэ гэхэд Б.Б ах юу гэнэ ээ гээд маргаан болсон. Тэгээд У.Ж ах Б.Бтэй маргаж байгаад хамар луу нь нэг удаа мөргөчихсөн, тэгээд хамарнаас нь цус гараад Б.Б цусаа угаагаад нэг нэгнээсээ уучлалт гуйгаад танилцаад байсан. Тэгээд У.Ж ах Бат-Эрдэнийг дүү нэг юм авах байх гэж хэлсэн чинь за тэгье гэж хэлээд намайг дагуулаад гарсан. Тэгээд би Б.Б ахтай ГССҮТ-рүү очсон ба тэнд гэрлүүгээ ороод нэг ах болон нэг найзыгаа дагуулаад гараад ирсэн тэгээд эргэж очино гээд машиндаа суугаад эргээд Бямбацэрэнгийн гэрт нь очсон. Бямбацэрэнгийн гэрт нь ирэхэд Бямбацэрэн ирчихсэн байсан ба цаг тухайн үед 17 цаг болж байсан байх гэж санаж байна. Б.Б Бямбацэрэнгийн гүрлүү явж байхдаа цусыг цусаар гээд яриад байсан тэгээд Бямбацэрэнгийнд ирэхэд Бат-Эрдэний ах гээл байгаа, нөгөө хутгалуулдаг ах нь дээрэлхээд байсан нь аль нь вэ гэж хэлээд оронгуутаа У.Ж ахыг оронд нь хэвтэж байхад нь нүүрлүү нь гараараа цохисон Г.Н ах унтаж байхад дээрээс нь дэвсээд бос гээд байсан, мөн Бямбацэрэнг Бат-Эрдэний ахтай хамт байсан нэг ах цохьсон. Тэгээд зодоон болсон, энэ үед Бямбацэрэн бид 2-ыг гарцгаа гээд бүгдийг нь гаргасан. Тэгээд тад нар хашааны хаалгаар гараад байж байтал Г.Н ах хойноос гартаа Бямбацэрэнгийн гэрт байдаг улбар шар өнгийн жижиг хутга бариад гараад ирсэн. Тэгсэн чинь нийтийн байрны эгч тухайн үед гараад ирсэн ба Г.Н ахыг хутга барьчихсан гар ирэхийг хараад зугтаарай зугтаарай гэж хэлсэн чинь Б.Б болон нэг найз нь зугтаасан харин нөгөө ах нь зүгээр зогсоод үлдсэн тэгсэн чинь Г.Н ах Бат-Эрдэний ах дээр явж очсон удалгүй нөгө ах чинь яая хутгалчихлаа, цагдаа дуудаарайй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 43-46х/,

гэрч Б.Бямбацэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд удалгүй гаднаас Б.Б ах 2 залуу дагуулаад ба Даваадожтой хамт ороод ирсэн. Тухайн үед Г.Н ах унтаж байсан ба Бат-Эрдэний дагуулж ирсэн 2 ахын нэг нь пээдэлзээд байсан 2 пизда юм уу гэж хэлээд Г.Н ахыг дээрээс нь дэвсээд У.Ж ахын нүүрлүү нь цохиж эхэлсэн. У.Ж ах тэр ахыг нь барьж аваад хөдлөөгүй, зүгээр нүүрээ хаагаад зогсож байсан, нөгөө хамт явсан хүмүүс нь тал талаас нь нүүрлүү нь цохиод хамарнаас нь цус гарсан тэгээд тэд нар өөрсдөө гараад явцгаасан ба гэрт Г.Н ах, У.Ж ах нар үлдсэн ба Даваадорж бид 2 хамт нөгөө 3 залууг гаргаж өгөхөөр гарсан. Тэгсэн хашаанаас гарчилаад эргээд орох гээд явтал хажуугаар Г.Н ах хашаан дотор зөрсөн тэгээд хашанаас гараад явахад нь араас нь гүйгээд гартал нөгөө нэг ах нь намайг энэ намайг гээд Г.Нрүү заагаад хутгалчихлаа хурдан цагдаа дуудаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 47-48, 53-54х/,

Шинжээчийн 12959 дугаар Г.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон “1. Г.Нгийн биед зүүн чамархайн хуйх, баруун чамархай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1хх-ийн 71х/,

Шинжээчийн 12958 дугаар У.Жийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон “1. У.Жийн биед зулайн хуйханд шарх, дух, бүсэлхий нуруунд зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1хх-ийн 78х/,

Шинжээчийн 12960 дугаар Б.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон “1.Б.Бат-Эрдэний биед зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн өвдөгний дотор хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт  /1хх-ийн 84х/

Шинжээчийн 12963 дугаар Д.Сгийн эрүүл мэндэд хүнд хохйрол учирсан болохыг тогтоосон  “1. Д.Сгийн биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус, хий хуралт, цээжний арьсан доохи хий хуралт гэмтэл учирчээ. Тухайн гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1хх-ийн 89х/,

хохирогч Д.Сгийн эмчилгээний баримт /хх-ийн 111-165х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянах шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Г.Нг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг,

мөн Г.Нг бусадтай бүлэглэн хүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг ,

шүүгдэгч У.Ж, Б.Б, Д.С нарыг бусадтай  бүлэглэн хүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Сд энэ гэмт хэргийн улмаас хавтас хэрэгт авагдсан баримтаар нийт 1.541.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Нгээс дээрхи хохиролыг гаргуулж, хохирогч Д.Сд олгуулах нь зүйтэй байна. Харин Д.С нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардал зэрэг нь хавтас хэрэгт баримтаар авагдаагүй байх тул иргэний журмаар жич нэхэмлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Хохирогч Б.Бд энэ гэмт хэргийн улмаас нийт 120.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Н, У.Жамъяанбалжир нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Б.Бд олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Харин хохирогч Г.Н, У.Жамъяанбалжир нар нь өөрсдөд учирсан хохиролд мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэл гаргаагүй, холбогдох баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Д.С, Б.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Г.Нд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж үйлдсэн гэмт хэрэг бүрт нь ял шийтгэл оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Д.Сд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын хэр хэмжээ, шинж чанар, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, хувийн байдлыг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг шүүх оногдуулав. Түүнийг урьд шүүхээс хорих оногдуулахгүйгээр тэнссэн  байх ба Д.С нь тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд шүүх хорих ял оногдуулж, энэ тогтоолор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг тогтоон, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч У.Жамяанбалжирт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын хэр хэмжээ, шинж чанар, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, хувийн байдлыг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, бусдад учруулсан хохиролын хэр хэмжээ, шинж чанар, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, хувийн байдал, энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд илүү гэм буруутай болох гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг нь харгалзан үзэж бусад шүүгдэгч нараас ялгамжтайгаар ял шийтгэлийг оногдуулж шүүх шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг улбар шар өнгийн иштэй хутгыг шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн болох нь тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Гантулгын Г.Нг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсэгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан, мөн бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Жадан овогт Уранцэнгэлийн У.Ж, Боржигон овогт Дуламсүрэнгийн Д.С, Боржигон овогт Батсүрэнгийн Б.Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Г.Нд 5 /тав/ жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У.Ж, Д.С нарт 240 /хоёр зуун дөч/ нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бд нийт 400 /дөрвөн зуун цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан Г.Нд шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялд тооцон, нийт 30 /гуч/ хоногийн хорих ялд шилжүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 /тав/ жил хорих ялд хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ жил, 30 /гуч/ хоногоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Д.Сгийн  урьд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан 34 дүгээр шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулж, түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялд тооцон, нийт 30 /гуч/ хоногийн хорих ялд шилжүүлэн, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг нийт 6 /зургаа/ сар, 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Н, Д.С нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар У.Жт 240 цаг, Б.Бд 400 цаг тус тус оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, У.Ж, Б.Б нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.Нгээс нийт 1.541.000 /нэг сая таван зуун дөчин нэг мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.С  /РД: АЖ85011315/-д, шүүгдэгч Г.Н, У.Жамъяанбалжир нараас тус бүр 60.000 /жаран мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б /РД: АИ92020417/-д тус тус олгосугай.

 

8. Хохирогч Д.С нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын бусад зардал, цаашид гарах эмчилгээний зардал зэргээ холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шүүгдэгч Г.Н, У.Ж, Д.С, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.С, Б.Б нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг улбар шар өнгийн иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

11. Шүүгдэгч Г.Н, Д.С нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

13. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Нд, Д.С нарт урьд авсан цагдан хорих, У.Ж, , Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.БАТГЭРЭЛ

 

                   ШҮҮГЧИД                               П.АРИУНБОЛД

 

                                                                         Б.ХАЛИУН