Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 210

 

  Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгий Тэс сумын Дооно багт оршин суудаг, Элжигэн овогт Очирбалын Наранцэцэгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Наранцэцэг нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь 1979 оны 6 дугаар сарын 29-нд Завхан аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангид шилжиж ирээд 1979 оны 7 сарын 10-ны өдрөөс 1984 оны 10 сарын 30-ны өдөр хүртэл гуанзны кассчин, 1984 оны 10 сарын 30-наас хүнсний дэлгүүрт худалдагчаар 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байгаад биеийн байдлаас болж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн ажиллаж байх үеийн тушаалууд олдохгүй байгаа тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Наранцэцэг нь намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О.Наранцэцэг нь Завхан аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангийн гуанзанд 1979 оны 7 сарын 10-ны өдрөөс 1984 оны 10 сарын 30-ны өдөр хүртэл кассчнаар, 1984 оны 10 сарын 30-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Худалдаа бэлтгэлийн ангийн хүнсний дэлгүүрт худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан О.Наранцэцэгийг Завхан аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1979 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс гуанзны кассчнаар томилсон Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 18 дугаар тушаал, 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлж хүнс барааны мухлагийн худалдагчаар томилсон Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 26 дугаар тушаал, 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн 32 тоот тушаалуудын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч М.Нарангэрэл, Н.Мөнхбаяр нарын: ...О.Наранцэцэг нь 1979 оны 7 сарын 10-ны өдрөөс 1984 оны 10 сарын 30-ны өдөр хүртэл Худалдаа бэлтгэлийн ангийн гуанзны кассчнаар, 1984 оны 10 сарын 30-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Худалдаа бэлтгэлийн ангийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан... гэх мэдүүлгүүд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Иймд О.Наранцэцэгийг 1979 оны 7 сарын 10-ны өдрөөс 1984 оны 10 сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангийн гуанзанд кассчнаар, 1984 оны 10 сарын 30-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Худалдаа бэлтгэлийн ангийн хүнс барааны мухлагт худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Элжигэн овогт Очирбалын Наранцэцэгийг 1979 оны 7 сарын 10-ны өдрөөс 1984 оны 10 сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангийн гуанзанд кассчнаар, 1984 оны 10 сарын 30-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангийн Хүнс барааны мухлагт худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг нэхэмжлэгч эс  зөвшөөрвөл  гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР