| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 301/2025/00529/и |
| Дугаар | 211/МА2025/00022 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 211/МА2025/00022
211/МА2025/00022
О ХХК-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 301/ШШ2025/00548 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ө аймгийн Х сум, Г баг, С хотхон 0 тоотод байрлах О ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Х сумын З гудамжны 0-0 тоотод оршин суух Х овогт Э М холбогдох
2,250,010 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Агийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А
Нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Тус компаний “Б” бөөний төв сагуулахаас А аймгийн Х сумын Э.М нь 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2,194,720 төгрөгийн худалдан авалт хийгээд одоог хүртэл төлбөрийг хийгээгүй. М нь борлуулагч мөнгөө нэхэхэд “...эгч нь очингуут шилжүүлчихье” гээд мөнгөө хэсэг хугацааны дараа эсхүл хэд хоногийн дараа шилжүүлдэг байсан. Борлуулалтын тулгалтыг өдөр бүр хийдэг байсан бөгөөд тухайн үед худалдааны М төлөөлөгч “Ш эгч найдвартай юм чинь хийчих байх” би ярьчихъя гээд үлдээдэг байсан. Наадмаас өмнө 7 сарын эхээр Т.Мтэй тулгалт хийхэд “2021 оны 06 сарын 27-ны өдөр 2,194,720 төгрөгийн тооцоо ороогүй байсан тул манай өрөөнд М Мтэй ярихад “...дансаа шалгаад эргээд хэлье” гээд утсаа тасалсан. М “...Ш эгч найдвартай, заримдаа хэд хонож байгаад мөнгөө хийдэг, хийчих байх” гэснээр тухайн үед өнгөрсөн юм. Баяр наадам, амралт, аялал зугаалгын ачаалал эрс ихэсч, А дэлгүүрийг мөнгөө хийчихнэ гэж итгэсэн учраас ач холбогдол өгөөгүй, камер шүүгээгүй. 2021 оны 7 сарын сүүлээр М мөнгөө хийгээгүй болохыг мэдээд камер шүүхэд бичлэг устсан байсан. Манай камер тухайн үед 25-30 хоногийн бичлэг хадгалдаг байсан. Тухайн үед Мд итгэж хаашдаа төлчихнө гээд ач холбогдол өгөөгүй учраас ийм асуудал болсон юм. Мөн М нь 2021 оны 06 сард ачаа бууж байхад Ж ХХК-ийн 10 инчийн 2 тоорт төрсөн өдөрт хэрэг боллоо гээд авсан. Үнэ нь гараагүй байна, үнэ нь гарахаар нь ав гэхэд би ямар ч байсан авчихъя, дараагийн худалдан авалтаар тооцоог хийе гээд авч яваад замхраад алга болсон. Иймд 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн худалдан авсан барааны төлбөр 2,194,720 төгрөг, Ж ХХК-ийн 10 инчийн 2 тоортны 55,290 төгрөг, нийт 2,250,010 төгрөгийг Э.Мээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Э.Мийн тайлбар, татгалзлын агуулга: 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр би нөхөр С.Бын хамт "Б" бөөний төвөөс нийт 2,194,720 төгрөгийн барааг бэлэн мөнгөөр худалдан авсан. Тус байгууллага нь зээлээр бараа худалдаалах үйлчилгээ огт явуулдаггүй бөгөөд мөнгөний гүйлгээ хийгдсэний дараа бараа олгодог журмыг мөрддөг байсныг би сайн мэднэ. Тухайн өдөр би бэлэн мөнгийг А гэх ажилтанд хойд хаалган дээр гардан өгсөн бөгөөд үүний дараа бараагаа авч явсан. Гэвч 2021 оны 7 дугаар сарын сүүл үеэс эхлэн надаас тухайн 6 сарын 27-ны өдрийн төлбөрийг дахин шаардаж эхэлсэн бөгөөд би тухайн үед мөнгийг бэлнээр өгсөн тухайгаа тайлбарлаж, гаргасан падааныг үзүүлж, мөн камерын бичлэгээ шалгахыг санал болгосон. Гэсэн ч “манай камер ажиллахгүй байгаа” гэсэн тайлбартайгаар тухайн бичлэгийг надад үзүүлээгүй болно. Түүнчлэн, таны нэхэмжлэлд дурдагдсан тоорт гэх бараа бүтээгдэхүүний тухайд миний дэлгүүр нь зөвхөн шинэ жилийн үеэр тоорт зардаг бөгөөд 6 сарын 27-ны өдөр тийм бараа огт худалдаалаагүй болно. Надад ямар нэгэн байдлаар тухайн барааг зээлээр авсан тухай гарын үсэг бүхий баримт, падаан байхгүй. 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр миний дансанд 27,000,000 төгрөг байсан. Тэр өдөр А дэлгүүрээс авсан барааны үнэ болох 1,900,000 төгрөгийг шилжүүлсэн. Надад А дэлгүүрээс мөнгө аваад нэхэмжлэгчид өгнө гэсэн зүйл байхгүй. Би 2 тоортыг авсан эсэхээ огт санахгүй байгаа. Манай дэлгүүр тоорт аваагүй. Би аваагүй гэж бодож байна. Бараа худалдаж аваад бэлэн мөнгө өгөхөд тухайн үед М болон нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө байсан. Мөнгийг та аваагүй бол Мд өгсөн. Тухайн үед арын хаалган дээр камерын доор зогсож байгаад бэлнээр 2,000,000 төгрөгийг 20,000 төгрөгийн дэвсгэртээр өгсөн. Намайг камерын бичлэг устсаны дараа юм ярьсан гээд байна. 7 сарын сүүлээр нэхсэн бол сар хүрэхгүй хугацаанд камерын бичлэг нь хадгалагддаг юм уу. Хэрвээ тийм зүйл байхгүй бол намайг бараа аваад гарсан гэх баталгаа хаана байгаа юм гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Мээс 2,250,010 төгрөг гаргуулах тухай О ХХК-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Агийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагч Э.Мээс 2,250,010 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн нэг талыг барьж, нотлох баримтыг хариуцагч талын дан ганц тайлбарыг үндэслэн, хууль зүйн үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон байна. Хэрэгт авагдсан баримт болох нэхэмжлэгч миний тайлбар, гэрч Т.Мгийн шүүхэд өгсөн тайлбар, компанийн тухайн үеийн зарлагын баримт, бусад баримтаар шууд нотлогдож байгаа ба шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Борлуулалтын тулгалтыг өдөр бүр 17 цагаас “Монгол GPS” ХХК ийн Санхүүгийн BTGT программ борлуулагчийн тэмдэглэл, ХААН банкны дансны мэдээлэл зэргийг үндэслэн биечлэн хийдэг. 2021 оны 06 сарын 27 өдөр тулгалтаар Э Мийн А дэлгүүр дансаар хийх байсан 2,194,720 төгрөгийг хийгээгүй байсан. Борлуулагч Т.М нь Э.М эгч очоод хийчихнэ гэсэн. Борлуулагчийн тэмдэглэлд дансаар гэж тэмдэглэсэн байсан. Тэр найдвартай тул хийчих байх гэхлээр нь “...Яг одоо Ш рүү залгаж, мөнгийг хийлгэ” гэхэд Э.М залгаад, спикер дээрээ тавихад “Эгч нь замд явж байна очоод хийчихнэ гэсэн юм. 2-3 хоногийн дараа Т.Мг Ааас мөнгө ороогүй байна гэж хэлэхэд бид 2 манай өрөөнд хамт байж байгаад М рүү ярихад нь дансаа шалгаад хийчихье гэж хэлсэн. Дараа нь ХААН банкаа блоколчихсон шалгаад хийгээгүй бол хийчихье гэж хэлсэн. Мтэй байнга холбогдож мөнгөө хий гэж шаарддаг, ярьдаг байсан. Ярих бүрд өөр шалтаг хэлж удаасаар эцэст нь камерын бичлэг устгагдаж, нотлох баримт устсаны дараа бусдыг гүтгэж байгааг ойлгохгүй байна. Мөнгийг бэлнээр өгсөн, надад өгсөн, А гэдэг ажилтанд өгсөн, Мд өгсөн мэтээр булзааруулсаар байгаа. Гэр бүлийн хүн нь хүндээр өвдсөн, гадаад дотоодод байнга эмчилгээнд явдаг, нутаг орныхон нь хандив, мөнгө цуглуулах аян өрнүүлж байгааг сонсоод хүн чанарын үүднээс тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. А аймгийн шүүхэд удаа дараа хандаж байгаа бөгөөд 2025 оны 10 сарын 28-ны шүүх хуралдааны тэмдэглэлд хэрэгт ач холбогдол бүхий баримт болох “ ...М 2021 оны 01 сарын 23 ны өдөр худалдан авалт хийгээд, 1 сарын 24-нд мөнгийг хийсэн..“, хариуцагч Э.Мийн ... 2021 оны 7 сарын 11-нд Б бөөний төвөөс худалдан авалт хийгээд мөнгийг төлөлгүй 8 сарын 18-ны өдөр буюу сарын дараа мөнгийг хийсэн ...” талаар тэмдэглэлд тусгаагүйг дурдах нь зүйтэй байна. Монгол Улсын иргэн би насаараа Цагдаагийн байгууллагад ажиллаж үнэнчээр зүтгэж, гавьяаныхаа амралтад гарсан бөгөөд Шүүх байгууллагын үйл ажиллагаа хэний ч нөлөөнд авталгүй хуулийн дагуу шударгаар явагддаг гэж итгэдэг. Хариуцагч анхан шатны шүүх хуралд дээр барааг авснаа мэдүүлж, мөнгийг бэлнээр өгсөн мэтээр мэдүүлж тайлбарладаг. Мөн нэхэмжлэгч миний тайлбар гэрч Т.Мгийн шүүхэд өгсөн тайлбар. компанийн тухайн үеийн зарлагын баримт, бусад баримтаар шууд нотлогддог. Анхан шатны шүүх шийдвэртээ барааг авсан нь нотлогдохгүй байна, нотлох баримт хангалтгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч Э.Мийн мэдүүлэг өөр бусад нотлох баримттайгаа уялдахгүй, нэхэмжлэгч, гэрч нар мөнгөө төлөөгүйг шууд нотолж байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 сарын 28-ны өдрийн 301/ШШ2025/00548 дугаартай анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин магадлаж, Э.Мээс 2,250,010 төгрөгийг гаргуулан өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хязгаарлахгүйгээр хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрт зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлох, тухайн эрх зүйн харилцаа хэм хэмжээг тохирсон гэх үндэслэл, мөн шаардах эрхийг тодорхойлсон хэм хэмжээг хэрэглэх болсон үндэслэлийг тайлбарлаж, ямар нотлох баримтыг үндэслэсэн гэдгээ буюу шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргааныг шийдвэрлэх шийдвэрт хүргэсэн шүүгчийн эрх зүйн дүгнэлт бүрэн илэрхийлэгдэж тусгагдсан байх шаардлагатай.
Гэтэл анхан шатны шүүх маргааныг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан шийдвэрлэх болсон үндэслэлийг тайлбарлаагүй, эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, мөн шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдсан эсэхэд анхаараагүйгээс маргааны үйл баримтанд буруу дүгнэлт хийсэн байна.
3. Нэхэмжлэгч О ХХК хариуцагч Э.Мд холбогдуулан тус компаний “Б” бөөний төв, сагуулахаас 2021 оны 06 сарын 27-ны өдөр худалдан авсан барааны төлбөр 2,194,720 төгрөг, 2021 оны 06 сард авсан 2 ширхэг бялууны үнэ 55,290 төгрөг, нийт 2,250,010 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг “хариуцагч барааны үнэ 2,194,720 төгрөгийг бэлнээр төлсөн, 2 ширхэг бялуу аваагүй” гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хариуцагчийн барааны үнэ 2,194,720 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн эсэх нь, мөн бялууг нэхэмжлэгчээс худалдаж авсан эсэх нь маргааны зүйл болжээ.
4. Анхан шатны шүүх гэрч Т.Мгийн мэдүүлгийг бусад бичгийн баримтаар давхар нотлогдоогүй учир нотлох баримтаар үнэлээгүй гэсэн байна.
Гэрч үйл баримтын талаар бусдаас сонсож мэдснээ мэдүүлсэн бол гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтуудтай нэгдмэл байдалтай буюу тэдгээрийн дэмжлэгтэйгээр нотолгооны ач холбогдолтой байж болно. Харин энэ хэрэгт мэдүүлэг өгсөн гэрч Т.М нь хариуцагч Э.Мийг нэхэмжлэгчээс бараа худалдан авах үед хамт байсан, нотлогдвол зохих үйл явдлыг харсан тул гэрч Т.Мгийн мэдүүлэг анхдагч нотлох баримтад тооцогдох бөгөөд хэрэгт нотолгооны ач холбогдолтой байна.
5. Хариуцагч Э.Мийг 2021 оны 06 сарын 21-ний өдөр “Б” бөөний төв, сагуулахаас 2,194,720 төгрөгийн бараа худалдан авсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг маргаангүйгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар, хуульд заасан журмыг баримтлан мэдүүлэг авсан гэрч Т.Мгийн “.. Э.М 2021 оны 6 сарын 27-ны өдөр надаас 2,194,720 төгрөгийн бараа тоолж аваад мөнгийг нь дансаар шилжүүлнэ гээд аваад явсан. Тэрнээс хойш би 7 хоног гаран ажиллаад ажлаасаа гарсан. Тэр хугацаанд мөнгө орж ирээгүй.” гэсэн мэдүүлэг, 2021 оны 06 сард нэхэмжлэгчээс Э.М “Ж” ХХК-ийн 10 инчийн 2 ширхэг бялуу авсан нь гэрч Т.Мгийн “ ...Э.М нь 2 ширхэг тоорт авахад А захирал өөрөө байсан” гэсэн мэдүүлгээр тус тус нэхэмжлэгч О ХХК-ийн “Б” бөөний төв, сагуулахаас хариуцагч 2021 оны 06 сарын 27-ны өдөр 2,194,720 төгрөгийн бараа, 2021 оны 06 сард 2 бялуу худалдан авсан үйл баримт тогтоогдсон.
6. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй, хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
7. Худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй, хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн тохиолдолд худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх урьдчилсан нөхцөлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зохицуулжээ.
Хариуцагч Э.М нэхэмжлэгч О ХХК-ийн “Б” бөөний төв, сагуулахаас 2,194,720 төгрөгийн бараа болон Ж ХХК-ийн 2 ширхэг бялуу худалдаж авсан нь дээр дурдсан /5 дугаарт/ нотлох баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь худалдсан барааны үнийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.
Хариуцагч Э.М нэхэмжлэгчийн нэхэмжилсэн барааны үнийг бүгдийг нь нэхэмжлэгчид бэлнээр төлсөн гэдэг тайлбараа, нэхэмжлэгчээс 2 ширхэг бялуу аваагүй гэсэн тайлбараа тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нотлох үүрэгтэй боловч нотлох баримтаар нотолж чадаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Э.Мээс барааны үнэ 2,194,720 төгрөг, 2 ширхэг бялууны үнэ 55,290 төгрөг шаардах эрхтэй тул хариуцагчаас 2,250,010 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
8. Нэхэмжлэгч О ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 50,950 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгов.
9. Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “2025 оны 10 сарын 28-ны шүүх хуралдааны тэмдэглэлд хэрэгт ач холбогдол бүхий баримт болох “ ...М 2021 оны 01 сарын 23 ны өдөр худалдан авалт хийгээд, 1 сарын 24-нд мөнгийг хийсэн..“, хариуцагч Э.Мийн ... 2021 оны 7 сарын 11-нд Б бөөний төвөөс худалдан авалт хийгээд мөнгийг төлөлгүй 8 сарын 18-ны өдөр буюу сарын дараа мөнгийг хийсэн ... талаар тэмдэглэлд тусгаагүй” гэсэн нь маргааны үйл баримттай холбоогүй, шийдвэрт нөлөөлөхгүй бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол ... шүүх хуралдаанд оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т заасныг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 301/ШШ2025/00548 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Мээс 2,250,010 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгосугай” гэж өөрчилж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 50,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Мээс 50,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 50,950 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Ч.ЭНХТӨР