Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/02160

 

 

 

 

 

*******

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/07425 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******гийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай,

хариуцагч *******гийн гаргасан Хан-Уул дүүргийн, 4 дүгээр хороо, *******, /******* тоот хаягт байршилтай 1,662.97 м.кв талбай бүхий сургууль, цэцэрлэгийн цогцолбор зориулалттай, ******* тоот хаягт байршилтай 4,511.87 м.кв талбай бүхий сургууль, цэцэрлэгийн цогцолбор зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, 2,539,701,309 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагч *******гийн өмгөөлөгч А.Базар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр сургууль, цэцэрлэгийн цогцолбор зориулалттай, улсын бүртгэлийн *******6 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 04 дүгээр хороо, ******* /17100/, ******* тоот хаягт байршилтай, 1,662.97 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байршилтай, 4,511.87 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 8,000 м.кв газар, дэд бүтцийн хамт 17,000,000,000 төгрөгөөр худалдан авахаар *******тай тохиролцож, 23/08-01 дугаар гэрээ байгуулж, 2,1 тэрбум төгрөгийн төлбөрийг төлсөн.

Гэтэл ******* нь бидэнд мэдэгдэхгүйгээр 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дээрх гэрээний зүйлийг бэлэглэлийн гэрээгээр *******д шилжүүлснээр сургуулийн үйл ажиллагаанд саад учруулж байна.

Иймд дээрх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, 23/08-01 дугаар гэрээний үүргээ биелүүлэхийг *******д даалгаж өгнө үү.

1.2. Нэхэмжлэгч болон хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ХХАГ 23/08-01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшиж, ашиглаж байгаа учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч *******гийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. *******гийн зүгээс улсын бүртгэлийн *******6, *******7 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу *******д шилжүүлсэн. Түүний дараа 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр *******гээс *******д дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцааж шилжүүлсэн.

Иймд нэхэмжлэлд дурдсан гэрээний үр дагавар арилсан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *******, ******* тоот хаягт байршилтай, 1,662.97 м.кв талбай бүхий сургууль, цэцэрлэгийн цогцолбор зориулалттай, *******, ******* тоот хаягт байршилтай, 4,511.87 талбай бүхий сургууль, цэцэрлэгийн цогцолбор зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч компанийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаасаа татгалзсан.

 

3. Хариуцагч *******гийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

3.1. Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг буцаасан тул одоо *******гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч нэхэмжлэлийн шаардлага биелсэн. Одоо бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцлоо гэхэд үр дагаваргүй, эрх зүйн хамгаалалт үүсэхгүй.

2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 23/08-01 дугаар гэрээ нь хүчин төгөлдөр бус, дүр үзүүлсэн хэлцэл. Уг гэрээг зөвхөн банкинд зориулж үйлдсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3.2. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *******, ******* тоот хаягт байршилтай, 1,662.97 м.кв талбай бүхий сургууль, цэцэрлэгийн цогцолбор зориулалттай, ******* тоот хаягт байршилтай, 4,511.87 талбай бүхий сургууль, цэцэрлэгийн цогцолбор зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 25,000,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тохиролцооны дагуу 5,000,000,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөрт багтаан төлж байж гэрээ байгуулах байсан. Гэвч хугацаандаа урьдчилгаа төлбөрийг төлөөгүй учир уг эд хөрөнгүүдийг худалдахгүй гэдгээ мэдэгдэж, чөлөөлж өгөхийг шаардсан ч хууль бусаар эзэмшиж, ашигласаар байна.

Өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг шаардсаар байхад чөлөөлж өгөхгүй байх тул өөрт учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгч компани нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээж авснаас хойш ямар нэг төлбөр төлөхгүйгээр ашиглаж байгаа. Хөрөнгийн үнэлгээчнээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 2024 оны 10 дугаар сарыг дуустал нийт 16 сарын түрээсийн үнийг тогтоолгоход 3,955,105,309 төгрөг болсон.

Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөрт төлсөн 1,415,404,000 төгрөгийг суутгаж үлдэх 2,539,701,309 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нарт холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ХХАГ 23/08-01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний үүргээ биелүүлэхийг *******д даалгах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

улсын бүртгэлийн *******6 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *******, ******* тоот хаягт байршилтай, 1,662.97 м.кв талбай бүхий сургууль, цэцэрлэгийн цогцолбор зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн *******7 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *******, ******* тоот хаягт байршилтай 4,511.87 талбай бүхий сургууль, цэцэрлэгийн цогцолбор зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ******* хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Нийслэлийн ерөнхий боловсролын *******-аас 809,342,736 төгрөг гаргуулж, хариуцагч *******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 1,730,358,572 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй хариуцагч *******, ******* нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* урьдчилан төлсөн 1,070,200 төгрөг, хариуцагч *******гийн урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч *******гийн урьдчилан төлсөн 12,926,660 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын *******-аас 14,315,900 төгрөгийг гаргуулж улсын төсвийн 100200100941 дугаар дансанд нөхөн төлүүлж, 4,274,863 төгрөг гаргуулж хариуцагч *******д олгож шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөн бүртгэгдсэн бүртгэлүүд нь хариуцагч нарын бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зорилгыг биелүүлсэн байхад анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн бэлэглэлийн гэрээний үр дагавар арилжээ гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу захирамж гараагүй.

Талуудын хооронд Иргэний хуульд заасан гэрээний харилцаа үүссэн тухайд маргаангүй, гагцхүү ямар гэрээний харилцаагаар, ямар үүрэг үүссэн, ямар гэрээний харилцааны зөрчил үүссэн гэдэгт маргаантай байхад анхан шатны шүүхээс түүнд тохирсон хууль зүйн дүгнэлт гаргаж, талуудын хооронд үүссэн гэрээний маргааныг шийдвэрлээгүй.

5.2. Шүүхээс санаачилгаараа хариуцагч ******* нь гэрээнээс татгалзсан гэх үндэслэл, хугацаа, үүссэн үүргийг олж тогтоон шийдвэрлэсэн.

Гэрээгээр төлбөрийн үүргийг гүйцэтгэж дуусах хугацааг 2028 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэж тохирсон байхад шүүхээс төлбөрийн үүргийн хэмжээг тогтоохдоо тухайн гэрээг бүхэлд нь үгүйсгэж дүгнэхээс гадна өмчлөгч байсан ******* нь өмчлөх эрхээ шилжүүлсэн цаг хугацаагаар түрээсийн төлбөр шаардах эрхтэй гэж, худалдах-худалдан авах гэрээнээс хэзээ татгалзсан нь тодорхойгүй, Иргэний хуулийн 204, 219 дүгээр зүйлд нийцэхгүй шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл, тооцоо нийлсэн гэх баримтаар шаардах эрх үүссэн мэт дүгнээд, өмчлөх эрхийг өөр этгээд буюу хамтран хариуцагч *******д шилжүүлэн бүртгүүлсэн байх цаг хугацаанд олох байсан орлого тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нэгдмэл байдлаар өгсөн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол нь процессын ноцтой зөрчилд бус, маргаантай үйл баримтын үнэлгээ, хууль хэрэглээний асуудалд хамаарах тул давж заалдах шатны шүүхээс өөрөө залруулах боломжтой бөгөөд хэргийг буцаах үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн үндэслэл болгосон 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 17 тэрбум төгрөгийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, банкинд зориулж зохиомлоор хийсэн дүр үзүүлсэн хэлцэл болох нь нэхэмжлэгчийн албан бичиг, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Харин талуудын жинхэнэ хүсэл зориг нь 25 тэрбум төгрөгийн үнэтэй бодит тохиролцоонд илэрч, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул хариуцагч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Иймд хүчин төгөлдөр бус гэрээнд тулгуурлан гэрээний үүргийг биелүүлэхийг даалгах боломжгүй бөгөөд бэлэглэлийн гэрээтэй холбоотой асуудал нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй.

Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, мөн хариуцагч *******д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нар нэгдмэл байдлаар бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын үр дагавар арилсан, худалдах, худалдан авах гэрээний үүргийг нэхэмжлэгч биелүүлээгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч ******* нь Хан-Уул дүүргийн, 4 дүгээр хороо, *******, /******* тоот хаягт байршилтай, 1,662.97 м.кв талбай бүхий сургууль, цэцэрлэгийн цогцолбор зориулалттай, ******* тоот хаягт байршилтай 4,511.87 м.кв талбай бүхий сургууль, цэцэрлэгийн цогцолбор зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, 2,539,701,309 төгрөг гаргуулах тухай,

мөн хариуцагч ******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.

 

2.1. Хариуцагч ******* нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *******, ******* тоот хаягт байршилтай, 1,662.97 м.кв талбай бүхий сургууль, цэцэрлэгийн цогцолбор зориулалттай, *******, ******* тоот хаягт байршилтай, 4,511.87 талбай бүхий сургууль, цэцэрлэгийн цогцолбор зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцжээ.

3. Маргаанд хамаарах үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тогтоохдоо худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгээс бусад хэсгийг зөв тогтоожээ.

 

3.1. 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч болон хариуцагч ******* нар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний үнийн дүн, талуудын хүлээх үүрэгт холбогдох харилцан адилгүй баримтууд хэрэгт авагдсан.

Үүнээс хариуцагч *******гийн хэрэгт баримтаар өгсөн талуудын үйлдсэн гар бичмэл баримт, мөн ******* 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 28 тоот албан бичгээр дараах агуулга бүхий гэрээг талууд байгуулжээ.

Үүнд, ******* нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн *******6, *******7 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *******, *******, ******* тоот хаягт байршилтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 24,000,000,000 төгрөгөөр худалдахаар,

Нийслэлийн ерөнхий боловсролын ******* нь гэрээний үнэд 24,000,000,000 төгрөг төлөх, үүнээс 2,000,000,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөх, 3,000,000,000 төгрөгийг банкны зээлээр шийдвэрлэхээр харилцан тохиролцжээ.

Гэрээний үнийн дүнг анхан шатны шүүх 25,000,000,000 төгрөг гэж тодорхойлсныг дээрх дүгнэлтээр залруулав.

 

3.2. Хэрэгт 17,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ХХАГ 23/08-01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ авагдсан.

Гэхдээ уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн энд заасан талуудын тохиролцоог нэхэмжлэгч 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 28 тоот албан бичгээрээ үгүйсгэсэн.

Иймд энэ гэрээг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэхгүй бөгөөд 17,000,000,000 төгрөгийн үнэ бүхий худалдах, худалдан авах гэрээг талууд байгуулсан нь тогтоогдсонгүй.

 

3.3. Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч эзэмшиж буй бөгөөд хариуцагч *******д нийтдээ 1,415,404,000 төгрөг төлсөн.

 

3.4. Худалдах, худалдан авах гэрээний зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг ******* нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр *******д, ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр *******д тус тус шилжүүлж, холбогдох улсын бүртгэл хийгдсэн.

 

3.5. *******-ийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн үнэлгээний тайлангаар 4,511.87 м.кв болон 1,662.97 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 06 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын хооронд 16 сарын хугацаанд бусдад түрээслүүлснээр олох байсан орлогыг 3,955,105,300 төгрөг гэж тогтоосон.

 

4. 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч болон хариуцагч ******* нарын байгуулсан 24,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байх ба уг гэрээ нь үүргийн хэлцлийн хувьд хүчин төгөлдөр байна.

Учир нь гэрээ бодитоор хэрэгжиж хариуцагчаас нэхэмжлэгчид гэрээний зүйлийг хүлээлгэж өгснөөр нэхэмжлэгч нь ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг эрхлэн явуулжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан үүргийн харилцааг тодорхойлоогүй орхигдуулсныг ийнхүү залруулав.

Дээрхээс өөр үүргийн харилцаа талуудын хооронд үүсээгүй.

Өмнө дурдсанчлан талуудын хооронд 17,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдоогүй тул энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

4.1. Гэрээний хэрэгжилтийн явцад нэхэмжлэгч нь хариуцагчид 2,000,000,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, мөн банкнаас зээл авч 3,000,000,000 төгрөг төлөхөөр зохих үйл ажиллагааг явуулсан, гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдоогүй.

Энэхүү мөнгөн төлбөрийн үүргийн зөрчил нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэхэд арилаагүй тул ******* нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Худалдан авагч мөнгөн төлбөрийн үүргийн зөрчил гаргасан, энэхүү зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон боловч үр дүнд хүрээгүй тул худалдагч тал гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй.

Иймээс анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

Харин 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ХХАГ 23/08-01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй боловч мөн өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тул энэ агуулгаар шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулна.

 

4.2. Нэгэнт урьд бусадтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны дараа *******гийн маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг *******д бэлэглэсэн нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа хүчин төгөлдөр байхын зэрэгцээ үүргийн болон өмчийн хэлцлийн хувьд бүрэн хэрэгжсэн байна.

Мөн уг бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл тогтоогдоогүй.

Иймд анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээний талууд бэлэглэлийн зүйлийг буцааж бэлэглэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч биелүүлсэн асуудал биш байх бөгөөд энэ нь гэрээний чөлөөт байдлын зарчим, талуудын хүсэл зоригт хамаарна. Энэ талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар захирамж гаргаагүй гэх гомдлыг хангахгүй орхив.

 

5. Хариуцагч *******гийн гаргасан Хан-Уул дүүргийн, 4 дүгээр хороо, *******, /******* тоот хаягт байршилтай, 1,662.97 м.кв талбай бүхий сургууль, цэцэрлэгийн цогцолбор зориулалттай, ******* тоот хаягт байршилтай 4,511.87 м.кв талбай бүхий сургууль, цэцэрлэгийн цогцолбор зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшилд буцаан авахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Гэхдээ уг шаардлага нь гэрээнээс татгалзсаны үр дагаварт хамаарч байхад өмчийн эрх зүйн хүрээнд хянан шийдвэрлэж хууль хэрэглээний алдаа гаргажээ.

Иймээс гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдсон тул хариуцагч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар эзэмшилдээ авахаар буцаан шаардах эрхтэй. Энэ үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулна.

 

5.1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн гаргасан үүргийн зөрчлөөс шалтгаалж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс сөрөг нэхэмжлэлд заасан 2024 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд эзэмшиж байсан бөгөөд буцааж хүлээлгэж өгөөгүй.

Иймд хариуцагч ******* нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг үнэлгээний тайланд үндэслэн 3,955,105,300 төгрөг, үүнээс нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөрт төлсөн 1,415,404,000 төгрөгийг суутгаж үлдэх 2,539,701,309 төгрөгийг шаардах эрхтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж буй бүх хугацаанд зайлшгүй олох байсан түрээсийн орлогыг хариуцагч ******* шаардана.

Гэвч анхан шатны шүүх уг хугацааг 2024 оны 03 дугаар сараас 10 дугаар сар дуустал хугацаагаар хязгаарлаж, 809,342,736 төгрөгийг нэхэмжлэгч компаниас гаргуулж шийдвэрлэсэнд хариуцагч ******* гомдол гаргаагүй. Иймээс хэрэг хянан шийдвэрлэх талуудын зарчмын дагуу энэ шийдэл хэвээр үлдэнэ.

 

5.2. Гэрээнээс татгалзсаны хохирол тооцсон хугацаанд үл хөдлөх эд хөрөнгө нь *******гаас *******д, *******гээс *******д шилжсэн.

Гэхдээ үүргийн харилцаа нэхэмжлэгч болон *******гийн хооронд үүссэн, уг үүргийн харилцаанд үндэслэж нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшиж байсан тул тухайн хөрөнгө *******гийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн хугацааны олох байсан түрээсийн орлогыг сөрөг нэхэмжлэлээс хасч тооцохгүй.

 

6. Хэргийг бүхэлд нь хянахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх тэмдэгтийн хураамжийг мөн хуулийн 56, 58 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар зөв хуваарилсан байгааг дурдвал зохино.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн хууль хэрэглээний болон эрх зүйн зарим дүгнэлтийг залруулаад шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/07425 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нарт холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *******, ******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн *******6 дугаартай 1,662.97 м.кв талбай бүхий сургууль, цэцэрлэгийн цогцолбор зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******, ******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн *******7 дугаартай 4,511.87 м.кв талбай бүхий сургууль, цэцэрлэгийн цогцолбор зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хариуцагч *******гийн эзэмшилд буцааж шилжүүлэхийг нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын *******-д даалгаж, нэхэмжлэгчээс 809,342,736 төгрөг гаргуулж хариуцагч *******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,730,358,572 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,503,014 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ