| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0686/Э |
| Дугаар | 731 |
| Огноо | 2019-09-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 731
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Г.Ууганбаатар,
хохирогч Л.Алтансүх,
шүүгдэгч Т.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Шарайд овогт Тунгалагийн Т.Ит Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911016510811 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 55-22 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шарайд овогт Тунгалагийн Т.И /РД: ХВ85030236/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Т.И нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Иын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Алтансүхийн өгсөн: Т.И дугаар авна гэхээр нь мөнгө зээлүүлсэн. Авсан мөнгөө өгөхгүй болохоор нь би цагдаад өргөдөл гаргасан. Одоо би гомдол саналгүй. Хохирлоо бүрэн барагдуулж авсан гэв.
Шүүгдэгч Т.И нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс, 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Теди" төв гэх үйлчилгээний газрын гадна талд "гар утасны дугаар авах гэсэн юм" гэж хохирогч Л.Алтансүхийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 13.000.000 төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Т.Иын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 10 дугаар сарын дундуур гэж санаж байна, хамт ажилладаг Алтансүх ахаас 13.000.000 төгрөгийг 2 хувааж авсан бөгөөд уг мөнгөө 2019 оны 8 дугаар сарын 5-наас өмнө барагдуулна. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Би мөрийтэй тоглоом тоглох гэж авсан мөнгө байгаа юм гэхдээ одоо мөрийтэй тоглоом тоглохгүй байгаа" гэх мэдүүлэг /хх-ийн 26х/,
хохирогч Л.Алтансүхийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Теди төвийн гадаа утасны дугаар зардаг ченжүүдэд дугаар зуучилж өгдөг Т.И гэх залуу 2018 оны 10 дугаар сард над дээр ирээд дараа төлбөртийн дугаар авах гэсэн юм, та мөнгө зээлүүлчихээч би удахгүй өгнө 10 хоноод л өгөх байх мөнгө зээлүүлбэл ёндоог нь өгнө шүү 15.000.000 төгрөг зээлүүлээч гэсэн. Тэгэхээр нь би эхэндээ мөнгө байхгүй гэж хэлж байсан боловч Т.И зээлүүлчихээч өгчихөөч ядахдаа 5 сая төгрөг өгчих гэж гуйсаар байгаад би мөнгө зээлүүлэхээр болсон юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эхлээд 5 сая төгрөгийг өөрийнхөө данснаас Т.Иын данс руу шилжүүлсэн. Тэгтэл маргааш нөгөөдөр нь дахин над дээр ирээд та 10 сая төгрөг зээлчих гэсэн. Би яах гэж байгаа юм гэсэн дугаар авах гзсэн чинь мөнгө дутаад байна гээд байсан. Би мөнгө байхгүй байна гэж хэлсэн боловч таньд байгаа шдээ гээд шаналгаад байсан. Тэгэхээр нь би бас итгээд 2018.10.16-ны өдөр 8.000.000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Т.И тухайн үед хэлэхдээ мөнгийг чинь удахгүй өгнө, 10 сарын 20 гэхэд өгчихнө гэж байсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй, мөнгөө нэхэхээр өгнө, өгнө одоохон өгөх гээд байна гэж худлаа яриад л яваад байдаг" гэх мэдүүлэг /хх-ийн 14х/,
хохирогч Л.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Т.И ер нь бол надаас нийт 26.000.000 төгрөгийг цувуулж авсан юм. Тэрнээсээ одоо 13.000.000 төгрөгийг өгөөгүй байгаа юм. 2018 оны 10 дугаар сарын 14, 16-ны өдрүүдэд "дугаар авах гэсэн юм 7 хоногийн дараа өгнө" гэж авсан 13.000.000 төгрөгийг өгөөгүй байгаа. Түүнээс хойшхи хугацаанд цувуулж авсан 13.000.000 төгрөгөө дансаар болон бэлнээр авч ирж өгөөд дуусгасан. Сүүлийн авсан 13.000.000 төгрөг дээр маргаан байхгүй. Тэр мөнгийг өгөөд дуусчихсан. Харин 2018 оны 10 дугаар сард өгсөн мөнгөө нэхэмжилж байна" гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /xx-ийн 41х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Т.И нь хохирогч Л.Алтансүхээс урьд таньдаг байсан бөгөөд хоорондоо мөнгө зээлүүлэх, зээлж авах, зээлсэн мөнгөө хэлсэн хугацаандаа буцааж өгөх зэрэг харилцаатай байсан итгэлийг урвуулан ашиглаж нийт 13.000.000 төгрөгийг авч, буцааж өгөлгүй залиласан гэмт үйлдэлд нь Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Т.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, Т.Ит ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Л.Алтансүх нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохироолоо бүрэн барагдуулж авсан...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Т.Иыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хохирогч Т.Ит ял шийтгэ оногдуулахдаа, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж торгох ял шийтгэлийг оногдуулж шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шарайд овогт Тунгалагийн Т.Иыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Иыг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Т.Ит оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Ит урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ