| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/13843/И |
| Дугаар | 210/МА2025/02198 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/02198
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК, ******* нарт холбогдох,
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* нь 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 2004/01 дугаартай зээлийн гэрээ байгуулж *******өөс 200,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж, ******* ХХК-ийн ******* дүүрэг, 1 дүгээр хороо, *******ын аманд байрлах, ******* дугаар гэрчилгээний дугаартай, нэгж талбарын , дугаартай, 10,000 м.кв талбайтай газар эзэмших эрхээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, гэрээг газрын албанд бүртгүүлсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ20219/01730 дугаартай захирамжаар *******гээс зээлийн гэрээний төлбөрт 120,543,304 төгрөг гаргуулж *******д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Иймд, 120,543,305 төгрөгийн төлбөрийн үүргийг барьцаа хөрөнгө болох ******* ХХК-ийн эзэмшлийн газраар хангуулж өгнө үү... гэсэн бол,
хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...******* нь 39,203,221 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагадаа 120,000,000 төгрөгийн төлбөрийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэсэн нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэрт барьцааны гэрээний талаар ямар нэгэн шийдвэр гараагүй, хөөн хэлэлцэх хугацаа дуссан буюу барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж,
хариуцагч Эй Юү Би ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...намайг тус компанийн хувьцааг шилжүүлэн авахаас өмнө ******* ХХК-ийн ******* дүүрэг, 1 дүгээр хороо, *******ын аманд байрлах ******* дугаартай 15 жилийн хугацаатай зуслангийн зориулалттай 10,000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг ХХК-д газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн байсан, миний бие ч энэ газрын эзэмших эрхийг шилжүүлэн авах санаа зорилго байгаагүй, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан талаар ямар ч мэдээлэл байхгүй, тус газар нь манай компанид хамааралгүй тул хариуцагч биш... гэжээ.
3. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. Талууд 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 2014/01 дугаартай зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 200,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар зээлдүүлж, /х.х-ийн 14-16/
уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Эй Юү Би ХХК-ийн ******* дүүрэг, 1 дүгээр хороо, *******ын аманд байрлах, нэгж талбарын дугаартай, 10,000 м.кв талбайтай, амралтын газрын зориулалтай газар эзэмших эрх,
ХХК-ийн эзэмшлийн ******* дүүргийн 20 дугаар хороонд байрлах, 2,398 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай газар эзэмших эрхийг тус тус барьцаалжээ. /х.х-ийн 17-21/
3.2. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01730 дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, түүнээс 120,543,305 төгрөг гаргуулан *******д олгохоор шийдвэрлэсэн. /х.х-ийн 7-8/
4. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт заасан хэргийн харьяаллыг зөрчсөн байна.
Тус хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1-д Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ гээд 751.1.1-д бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах гэж, 752 дугаар зүйлийн 752.2-т Дараах нэхэмжлэлийг үнийн дүнгээс үл хамааран шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ гээд 752.2.2-т энэ хуулийн 751.1.1-д заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах нэхэмжлэл гэж тус тус заасан.
Тодруулбал, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боловч энэхүү шаардлага нь уг хуульд зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага байх учиртай.
5. Хэдийгээр барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг дээрх хуулийн 752 дугаар зүйлийн 752.2-т заасан үнийн дүнгээс үл хамаарах зохицуулалтад хамааруулсан байх боловч 752.2.2-т энэ хуулийн 751.1.1-д заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах нэхэмжлэл гэж зааснаас үзвэл үнийн дүнтэй холбоотой зохицуулалтыг заасан буюу чиглэсэн агуулгатай байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар зохигчийн зээлийн гэрээний дүн 200,000,000 төгрөг бөгөөд төлбөр төлсөн баримтын жагсаалтаар хариуцагч нь 39,203,221 төгрөгийн үүргийг биелүүлээгүй болох нь тогтоогдсон. /х.х-ийн 77/
Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т Энэ хуулийн ...65.1.1...-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж зааснаар тухайн хэргийг хэргийн харьяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
6. Түүнчлэн хавтаст хэргийн 71 дүгээр талд авагдсан 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр хариуцагч ******* ХХК нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг ХХК-д 10,000,000 төгрөгөөр худалдахаар тохирчээ.
Талууд 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн хэдий ч 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу маргаан бүхий газрын эзэмших эрх ХХК-д шилжсэн эсэхийг шүүх тодруулах ёстой.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж зааснаар зээлдэгч *******гийн бус, гуравдагч Эй Юү Би ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгө барьцааны гэрээний зүйл байж болно.
Барьцаа хөрөнгө ХХК-д өмчлөлд шилжсэн тохиолдолд тус компанийн эрх ашиг хөндөгдөхөөс гадна барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь гагцхүү өмчлөгч, эзэмшигч рүү чиглэсэн шаардлага байдаг тул үүнээс улбаалан энэ хэргийн хариуцагч нь хэн болох нь тодорхой болох учиртай.
Анхан шатны шүүх газрын эзэмших эрх шилжсэн эсэхийг тодруулах ажиллагааг хийх шаардлагатай байхад уг ажиллагааг хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдоно.
7. Тус маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарахгүй, ердийн журмаар хянан шийдвэрлэх тул зохигчийн Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрх нээлттэй болохыг үүгээр нэмж дурдана.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/11220 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан *******ийн нэхэмжлэлтэй ******* ХХК, ******* нарт холбогдох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Б.МАНДАЛБАЯР