Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 732

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч П.Ариунболд, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч М.Энхбаатар,

иргэдийн төлөөлөгч Д.Гантуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Батбаяр,

шинжээч Б.Ганзориг,

гэрч Т.Дорж,

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Болортуяа, Ц.Гансүх,

нарийн бичгийн дарга М.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Түнтүү овогт Шинэбаярын Ш.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1911015930636 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Пегас гэх дэлгүүр борлуулагчаар ажилладаг, ам бүл 2, өвөөгийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 5-342 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Түнтүү овогт Шинэбаярын Ш.Б. Регистрийн дугаар:УХ97012630

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Ш.Б нь онц харгис хэрцгийгээр хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 6 дугаар сарын 03-ны орой ажлаа тараад би ажлынхаа газрын хоёр хүнтэй пиво уусан. Бид гурав ууж дуусаад би гэр рүүгээ харьсан. Намайг харихад хохирогч том өрөөнд хэвтэж байсан. Би ууснаа мэдэгдүүлэхгүй гээд жижиг өрөөнд ороод хөнжлөөрөө өөрийгөө хучсан. Энхмөнх ах намайг уусан юмуу гээд толгой руу чичээд байсан. Би тухайн үедээ ингэж байгаад больчих байх гэж бодсон. Гэтэл гэнэт хөнжил сөхөөд намайг уусан байна гээд цохисон. Дахиад цохих гэхээр нь би бариад авсан. Тэгээд боссон чинь бид хоёр хойшоогоо тээглээд унасан. Би дээр нь унасан. Би босоод баруун хацар руу нь хоёр цохиод, том өрөө рүү ногоон сандал аваад шидсэн чинь толгойг нь оносон. Тэгээд хохирогчийн толгойноос цус гарч эхэлсэн. Тэгээд би 102 дуудсан. Нээх удаагүй түргэн, цагдаа хоёр ирсэн. Түргэн тусламжийн эмч Энхмөнх ахын толгойг боогоод эмнэлэг рүү, цагдаа намайг аваад явсан гэв.

Шинжээч эмч Б.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энхмөнхийн цогцост шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр энэ хүний биед цээж хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна. Талийгаачийн зүүн тал бөмбөлөгийн дух, чамархай, дагз, баруун зулай, дагзны дэлдэнгийн аалзан хальсны цус харвалт, баруун зүүн чамархайн хуйхан цус харвалт, хоёр талын олон хавирганы хугарал, эх сэмжний ялзрал, баруун бөөрний өөхлөг хальсны цус хуралт, хэвлийн хөндийн шингэн хуралт, духанд шарх зулгаралт, цус хуралт, баруун чихэнд шарх, бараан шанаан, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцралт, баруун тохой шуу, зүүн шуу өвдөг, баруун өсгийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлд үүсгэгдэнэ. Талийгаач Энхмөнх нь элэгний холимог зангираат хатуурал, зүрхний булчингийн сорвижилт, цөсний хүүдийн чулуут үрэвсэл, зүүн бөөрний уйланхай, уушги өвчилттэй байна. Энхмөнхийн цус ходоодны хөндийд спиртны зүйл илрээгүй, ходоодны хөндийд хорт бодис эмийн шүлт илрээгүй байна. Хэвлийн хэсэгт үүссэн цус хуралт нь хуучин. Бусад нь шинэ гэмтэл байна. Тархины аалзан хальсанд орох цус харвалт, хавирганы хугаралт нь хүнд гэмтэлд хамаарна. Давхар гэмтэх гэсэн зүйл байхгүй. Хүч үйлчлэхэд дотор эрхтэн гэмтэнэ гэсэн зүйл байхгүй. Хүчний үйлчлэл харилцан адилгүй байдаг. Энэ гэмтлүүд мохоо зүйлийн үрэх үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цус хуралт гэмтлийн элемент нь цусны хананы бүрэн бүтэн байдал алдагдсантай холбоотой илэрдэг. Энэ нь 72 цагаас дээш хугацааны өмнө үүсэх боломжтой гэж үзэж байна. Шинжээчийн авсан зураг болон миний авсан зурганд тодорхой харагдаж байна. Давхарлагдаад унаснаас цус хуралт нь 3-аас дээш хоногийн өмнө үүссэн. Цээжний хөндийд дарахад Хавирганы хоёрлосон хугарал үүсч болно. Хүндрэл үүсэхээс өмнө эмнэлэгийн тусламж үзүүлвэл боломжтой. Сэхээн амьдруулах үед хавирга хугарч болдог. Гэхдээ энэ хугарал эрчимт эмчилгээний үед хугараагүй гэв.

 

Гэрч Т.Доржийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хэвлэл захиалдаг юм. Тэр өдөр хэвлэлээ аваад иртэл манай зүүн талын амбаарны үүдэн дээр манай бурхан болооч хүү ирээд өвсөн дотор хэвтэж байсан. Миний хүү орооч гээд гэртээ дагуулаад орсон. Эмнэлэг, энэ тэр бие хаа ямар байна, аавынх нь насны эцэс болж байгаа юм шиг байна гээд ойр зуурын юм ярьсан. Би 6 хүүхэдтэй, 5 эрэгтэй, 1 охинтой. Талийгаач бол миний 5 эрэгтэй хүүгийн дундах нь. Тэр өдөр талийгаач би өнөөдөр эмнэлэг яваад элэгнээсээ 8 литр ус авахууллаа. Ааваа би шинэ хонины мах юмуу, хурга ишигний засаа идмээр байна гэсэн. Тэгэхээр нь одоо хурга, ишигний засаа байхгүй шүү дээ гэтэл хүү маань шинэ хонины мах иднэ гэхээр нь би дэлгүүр явсан. Дэлгүүрээс хонины хаа авсан. Махаа аваад хүрээд иртэл хүү маань алга байсан. Би сонин уншаад ийшээ тийшээ явсан юм болов уу гээд гадаа гараад харсан алга байсан. Би амбаартаа махаа хийчихээд хүлээсэн. Хүү маань орой нар шингээгүй байхад хүрээд ирсэн. Ааваа би одоо мах идэхгүй. Би найзындаа очоод хорхог идчихлээ, сайхан болчихлоо гэхээр нь за тэгвэл амар гэсэн. Ороо засаад амрах гэж байснаа гэнэт ааваа надад мөнгөний хэрэг их гарахнээ гэсэн. Би эхлээд 10.000.000 төгрөг өгсөн, дараа нь надад 5, 5 саяар нийлээд 20.000.000 төгрөг болсон. Хүү надад мөнгөний хэрэг байна гэхээр нь би чамд 20.000.000 төгрөг өгсөн. Энэ чинь их мөнгө шүү дээ гэсэн. Бид хоёр муудалцсан. Би Капитал банкинд 31.000.000 төгрөг хадгалуулсан байсан. 12 дугаар сарын 26-нд Капитал банкинд очиж тооцоо хийдэг. Ааваа надад мөнгөний хэрэг болоод гэхээр нь миний уур хүрээд би чамд гурван өрөө байр өгсөн одоо болоо гэж хэлсэн. Тэр асуудлаас болоод муудалцсан. Ш.Быг гэртээ ирэхэд амь хохирогч орондоо хэвтэж байсан. Ш.Б, болон амь хохирогч хоёрын хооронд ямар нэгэн маргаан болсон эсэхийг мэдэхгүй. Ороод иртэл энэ сандалнаас нэгийг нь аваад чулуудсан байсан. Намайг орж ирэхэд амь хохирогч хажууд чанга чанга дуугараад байсан. Ш.Б хүнтэй дуугардаггүй. Дуу муутай хүүхэд. Би шүүгч нар, өмгөөлөгч, прокуророос нэг юм гуйя. Би хөгшин хонины насгүй болсон хүн. Намайг харж хандаж байгаа хүүг минь харж хандаач гэж та нараас гуйж байна. Надад өөр хэлэх зүйл байхгүй. Миний хүү их сургуулиа хаяад намайг хоёр жил харсан. Миний баас, шээсийг зөөж, хоол ундыг зөөж байсан хүүхэд. Би нэг хүүгээ шороонд буллаа. Нэг хүүгээ шоронд явуулна гэхээс айж байна гэв.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ш.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн нагац ах болох амь хохирогч Д.Энхмөнхтэй маргаж улмаар түүний толгойн тус газарт сандалаар цохих, газар унагах, нүүрэн тус газар нь цохих зэргээр олон тооны шарх, гэмтэл үүсгэн, өвтгөн шаналгаж онц харгис хэрцгийгээр алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

Уг хэргийн үйл баримт нь яллах дүгнэлтэд дурдсан дараах: шүүгдэгч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Тэгээд бид хоёр хөл алдаад хойшоо давхарлалдаад унасан ба унахдаа би дээр нь унасан. Би босоод уурандаа талийгаачийн баруун хацар луу нь 2 удаа гараа атгаж байгаад цохиод, том өрөө лүү ороод ногоон өнгөтэй жижиг модон сандал аваад шал луу саваад шидсэн. Тэгсэн чинь тэр сандал талийгаачийн баруун чих лүү оночихсон. Тэгтэл Энхмөнх ахын чих орчмоос цус гараад духыг нь дагаад урссан... гэх мэдүүлэг /хх-ийн 99-101х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугээр сарын 20-ны өдрийн 1266 дугаартай шүүх эмнэлгийн шинжээчийн: “...Д.Энхмөнх нь гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /хх-ийн 50-52х/ ,

Шинжээч эмч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Талийгаачийн биед байх элэгний холимог зангилаат хатуурал, зүрхний булчингийн соривжил, нойр булчирхайн архаг үрэвсэл, цөсний хүүдийн чулуут үрэвсэл, зүүн бөөрний уйланхай, уушиг тоосжилттой гэх өвчнүүд нь талийгаачийн үхэлд нөлөөлөөгүй. Талийгаач тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсан байна. Талийгаачид учирсан олон тооны гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Ер нь бол эдгээр гэмтлүүдийг авсан үед идэвхитэй үйлдэл хийх боломжтой боловч өвдөлт, зовиур бий болох тул тодорхой хэмжээгээр үйлдэл хөдөлгөөн нь хязгаарлагдана. Эдгээр гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой боловч өвдөлт, зовиур шаналгаа их байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-61х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтоохоор хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудад тулгуурлан шүүхээс хууль зүйн дүгнэлт хийхэд: тухайн үйл явдал болоход гэрч Т.Доржийн мэдүүлгээр Т.Дорж, шүүгдэгч Ш.Б, амь хохирогч Д.Энхмөн нар өөрсдийн гэртээ хамт байсан нь тогтоогдож байна. Харин гэрч Т.Дорж нь Ш.Б, амь хохирогч Д.Энхмөнх нарыг хоорондоо маргаж, зодолдох явцад хажууд нь багаагүй, хараагүй байна. Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” гэж заасан боловч, Ш.Бын насны байдал, хувийн байдал, сэтгэхүйн онцлог, улсын яллагч нь яллагдагчийн өгсөн мэдүүлэгт дүгнэлт хийсэн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтын хэмжээнд үнэлэх   боломжтой гэж шүүх үзэв. Тиймээс Ш.Бын өгсөн мэдүүлгээр амь хохирогчид учирсан гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлийг Ш.Б, амь хохирогч нар нь хоорондоо маргалдаж, зодолдох явцад шүүгдэгч нь амь хохирогчийн дээр дарж унахад цээж, хэвлийн гэмтлийг авсан байх боломжтой бөгөөд  гавал тархины гэмтлийг Ш.Б нь сандлаар цохиж амь хохирогчид учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Ш.Б тухайн үйл явдал болоод амь хохирогчийг гэмтээснээ мэдмэгц эмнэлэгийн болон цагдаагийн байгууллагад мэдэгсэн байна.

Иймд тус хэрэг нь ахуйн хүрээнд үйлдэгдсэн бөгөөд хамт амьдардаг нагац ах, зээ дүү нарын хооронд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зодолдсоны улмаас үйлдэгдсэн болох хэргийн нөхцөл байдал, Ш.Бын хувийн байдал, хорхирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүхийн хэлэлцүүлэгт түүний өмгөөлөгчийн гаргасан саналыг харгалзан Ш.Быг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алсан гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Харин шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны орой Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 5-342 тоотод өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн нагац ах болох Д.Энхмөнхтэй маргаж улмаар зодож хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Тэгээд бид хоёр хөл алдаад хойшоо давхарлалдаад унасан ба унахдаа би дээр нь унасан. Би босоод уурандаа талийгаачийн баруун хацар луу нь 2 удаа гараа атгаж байгаад цохиод, том өрөө лүү ороод ногоон өнгөтэй жижиг модон сандал аваад шал луу саваад шидсэн. Тэгсэн чинь тэр сандал талийгаачийн баруун чих лүү оночихсон. Тэгтэл Энхмөнх ахын чих орчмоос цус гараад духыг нь дагаад урссан...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-101х/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сувдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…аавыг дүүгийнх нь хүүхэд болох Ш.Б гэдэг залуу зодсон юм байна лээ. Надад одоогоор ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/,

гэрч Г.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 04-ний 00:10 цагийн үед Д.Энхтөр гэгч нь бусдад зодуулсан байдалтай хүлээн авахад ирээд яаралтайгаар эрчимт эмчилгээний тасагт хүлээн аваад оношлогоо, шинжилгээ бүрдүүлж эмчилгээг эхлүүлсэн. Тухайн үед ухаангүй, амьсгал, зүрх судасны хурц дутагдалтай байсан. Эмчилгээ хийгдэж байсан боловч зүрх судасны үйл ажиллагаа зогссон, сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч зүрх судасны үйл ажиллагаа зогсож 2019 оны 6 дугаар сарын 04-ний 00:40 цагт нас барсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29х/,

гэрч Ц.Билгүтэйгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...үүрэг гүйцэтгэх хугацаанд 2019 оны 6 дугаар сарын 03-ны орой 22:51 цагт хэлтсийн жижүүрээс Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 5-342 тоотод чихнээс нь цус гараад бусдад зодуулсан байдалтай хүн байна гэсэн дуудлага хүлээн авч 22:55 цагт уг хаягт очиж шалгасан. Дуудлагаар очиход 60 орчим насны эрэгтэй хүн байшингийнхаа наад өрөөнд юм яриахгүй чанга дуугаар ёолоод газар хэвтэж байсан. Тэр хүн архи уусан согтуу байсан. Мөн тэр гэрт өөрийгөө Ш.Б гэж хэлсэн 20 гаран настай залуу, мөн нилээд өндөр настай нэг өвөө нар байсан. а/а Оюун-Эрдэнэ бид хоёрыг байшинд ороод удаагүй байхад араас түргэний эмч ирээд нөгөө зодуулсан гэх хүнд үзлэг хийгээд эмнэлэг лүү авч явсан. Тэгээд би нөгөө Ш.Б гэх залууг авч гараад машинд суулгахад тэр залуу шууд уйлаад эхэлсэн бөгөөд юу болсон талаар асуухад “Энхмөнх ах намайг гэртээ ирэхэд согтуу байсан. Би бас жаахан уусан байсан болохоор архи ууснаа мэдэгдэхгүй гээд буруу хараад хэвтэж байхад Энхмөнх ах ирээд намайг цохихоор нь би сандал аваад Энхмөнх ахын толгой луу нь цохичихсон” гэж хэлээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35х/,

гэрч Д.Оюун-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ингээд Ш.Б гэх дүүг нь ахмад Билгүтэйгийн хамт авч гараад машинд суулгахад тэр залуу уйлж байснаа яасан талаар асуухад “Энхмөнх ах намайг гэртээ ирэхэд согтуу байсан. Би бас жаахан уусан байсан болохоор архи ууснаа мэдэгдэхгүй гээд буруу хараад хэвтэж байхад Энхмөнх ах ирээд намайг цохихоор нь би сандал аваад Энхмөнх ахын толгой луу нь цохичихсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38х/,

гэрч Т.Доржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би хоолны ус авах гээд гадаа гарсан хойгуур талийгаач хүү, зээ хүү хоёр хоорондоо маргалдсан юм шиг байсан. Тухайн үед манай гэрт миний зээ хүү Ш.Б, миний төрсөн хүү Энхмөнх бид гурав байсан. Хоёр хүүхдийг зодолдож, маргалдахыг би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1266 дугаартай шүүх эмнэлгийн шинжээчийн:  “...Д.Энхмөнх нь гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ, гэх дүгнэлт /хх-ийн 50-52х/ ,

Шинжээч эмч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Талийгаачийн биед байх элэгний холимог зангилаат хатуурал, зүрхний булчингийн соривжил, нойр булчирхайн архаг үрэвсэл, цөсний хүүдийн чулуут үрэвсэл, зүүн бөөрний уйланхай, уушиг тоосжилттой гэх өвчнууд нь талийгаачийн үхэлд нөлөөлөөгүй. Талийгаач тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсан байна. талийгаачид учирсан олон тооны гэмтлүүд нь мохоо зүйлийн  олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Ер нь бол эдгээр гэмтлүүдийг авсан үед идэвхитэй үйлдэл хийх боломжтой боловч өвдөлт, зовиур бий болох тул тодорхой хэмжээгээр үйлдэл хөдөлгөөн нь хязгаарлагдана. Эдгээр гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой боловч өвдөлт, зовиур шаналгаа их байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 58-61х/

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч эмч нарын дүгнэлт  /хх-ийн 64-65х/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6927 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67х/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-82х/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12х/, Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16х/ Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 21х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Ш.Быг хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн нагац ах Д.Энхмөнхтэй маргалдан улмаар зодож хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сувдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан санал зэргийг үндэслэн шүүгдэгч Ш.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ш.Бд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж 8 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 5 ширхэг цэнхэр болон ногоон өнгийн сандал Ш.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ ашгилсан эд зүйл байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь тус тус зүйл, хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ш.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Түнтүү овогт Шинэбаярын Ш.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Ш.Бын цагдан хоригдсон нийт 99 /ерэн ес/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 5 ширхэг модон сандал, цэнхэр болон ногоон өнгийн сандал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.БАТГЭРЭЛ

                                         

     ШҮҮГЧИД                                 П.АРИУНБОЛД

 

                                                               Б.ХАЛИУН