| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/05379/И |
| Дугаар | 210/МА2025/02199 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/02199
*******гийн хүсэлттэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийн агуулга:
Миний бие 1988 оноос 1992 оны 8 дугаар сар хүртэл *******д авто баазын тасагт тракторчинаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед байгууллагаас олгосон хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн, ажилд томилсон тушаал байхгүй шалтгаанаар нийт ажилласан 4 жил 2 сарын хугацаа маань хасагдах байдалд хүрээд байна. Иймд, миний *******ийн авто базын тасагт тракторчинаар нийт 4 жил 2 сарын хугацаанд ажилласан жилийн хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан 1988 оноос 1992 оны 8 дугаар сар хүртэл *******д автобазын тасагт тракторчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлын агуулга:
Тиймээс *******д ажиллаж байхдаа эмнэлэгт үзүүлж байсан картыг нотлох баримт болгож оруулж байна. Миний бие тэтгэвэр тогтоолгох хугацаа болоод 4 жил болсон авч тогтоолгож чадахгүй өнөөдрийг хүрснийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.
2. Хүсэлт гаргагч ******* нь 1988 оноос 1992 оны 08 дугаар сар хүртэл *******ийн авто баазын тасагт тракторчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх хэргийн үйл баримтыг нэхэмжлэгчийн тайлбар, түүний өгсөн нотлох баримтаар тогтоох боломжгүй бол шүүх өөрийн санаачилгаар ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоохоор нотлох баримт бүрдүүлэх учиртай.
Тодруулбал, онцгой ажиллагааны журмаар хэрэг шийдвэрлэж байгаа тохиолдолд анхан шатны шүүх зөвхөн талууд /хүсэлт гаргагч/-ын хүсэлтээр хязгаарлалгүйгээр оффициал зарчим /албан ёсны/-ын хүрээнд нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийж, хэргийн үйл баримтыг тогтооно.
4. Гэтэл, дээр дурдсаны дагуу анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг огт хийхгүйгээр хүсэлт гаргагч *******г *******д ажиллаж байсан нь нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.
Энэ тохиолдолд тус байгууллага татан буугдсан, өөрчлөн зохион байгуулагдсан, аль эсхүл эрх залгамжилж авсан байгууллага байгаа эсэх, түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан, хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан бусад хүмүүс шүүхийн журмаар ажилласан байдлаа тогтоолгосон гэх зэрэг нөхцөл байдлуудыг тогтоохоор нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулах шаардлагатай байсан.
5. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч *******тэй тус байгууллагад хамт ажиллаж байсан гэж 2 этгээд тодорхойлолт гаргасан байхад зөвхөн *******аас гэрчийн мэдүүлэг авсан боловч тэрээр гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд гарын үсэг зураагүйгээс гадна түүнийг *******д ажиллаж байсан болохыг нотолсон баримт /хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал зэрэг/ хэрэгт авагдаагүй байна.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/06725 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Б.МАНДАЛБАЯР