Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 742

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ганбаяр, 

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Э.Э /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Эрдэнэ-Очирын Э.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911 02482 1011 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 11 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын г-606 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Эрдэнэ-Очирын Э.Э /РД:Т386111014/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ яллагдагч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-606 тоотод өөрийн эхнэр С.Сэрээновтой "архины мөнгө өгсөнгүй" гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдйн няцрал, уруул, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2019 оны 09 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын г-606 тоотод хамтран амьдрагч С.Сэрээновыг архины мөнгө өгчих гэтэл өгөхгүй одоо унтаж амар гээд бид 2 дахин маргалдсан ба би уурандаа баруун нүд хэсэг рүү нэг удаа гараа атгаж байгаад цохьсон. Тэгээд бид хоёр орондоо орсны дараа дахиж хэрэлдэж маргалдаад би түүний зүүн мөрнөөс хазсан..” гэх мэдүүлэг /хх-27-28х/,

хохирогч С.Сэрээновын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би хамтран амьдрагч Э.Эын хамт Дэнжийн 1000-д байх гэртээ байхдаа 200 граммын Хараа нэртэй архи хувааж уусан. Өдөр 15-16 цагийн орчимд бид 2 гараад хүнсний зүйлээ цуглуулчихаад 17 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-606 тоот гэртээ ирцгээсэн. Гэртээ орж ирээд бид хоёр дахиад 200 граммын Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд би гэрээ цэвэрлээд тоос соруулж байхад Э.Э зурагт үзэж байхад наадахаа унтраа гээд тоос сорогч салгачихсан. Уг асуудлаас болж бид хоёр бага зэрэг маргалдсан, Айхтар ширүүн хэрүүл болооогүй бөгөөд Э.Э нь надад юм хэлэлгүй гараад явчихсан. Би гэрээ цэвэрлэчихээд хоол ундаа хийчихээд Э.Эын байнга очдог найз Галаагийн гэрт нь очтол Э.Э байж байсан. Би түүнд гэртээ очъё хоол унд хийчихсэн гээд гэртээ ирцгээсэн. Э.Э нь буцахдаа аавад нэг шил архи авчихъя гэж хэлээд замаараа 330 граммын Хараа нэртэй архи аваад гэрт очсон. Э.Э манай аавтай хамт нэг шил архиа хувааж уусан. Уг архиа ууж дуусчихаад гэртээ хариад хэвтэцгээсэн. Тэгтэл Э.Э нь нэг шил архины мөнгө өгчих гэсэн. Би тухайн үед их ядарсан байсан учир нойр хүрээд одоо унтаж амръя гэтэл Э.Э уурлаад миний нүүрэн тус газарт баруун нүд орчим гараа атгаж байгаад цохьсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 7-8х/,

гэрч У.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..манай   хашаанд   хамт   амьдардаг   эмэгтэй Сэрээнов, түүний хамтран амьдрагч Э.Э нь гэртээ орилж хашгичаад хэрэлдээд байх шиг байхаар нь би яваад ортол миний охин Сэрээновын баруун нүдийг Э.Э нь цохиод хөхрүүлчихсэн байдалтай 2 уулаа согтуу байж байсан гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 11х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шинжээч эмчийн 11136 дугаартай “....С.Сэрээнов-н биед баруун нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” дүгнэлт /хх-13х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Э.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Боржигон овогт Эрдэнэ-Очирын Э.Эыг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Э.Эыг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ