Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 224/МА2025/00036

 

 

                                                                        ТАЗ-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ч.Ч-д холбогдох иргэний хэргийн тухай

     Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

     Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 318/ШШ2025/00645 дугаар шийдвэртэй,

     Монгол Улсын ТАЗ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Ч-д холбогдох,  хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 395,291,404 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д /цахимаар/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.Базар /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

      1. Нэхэмжлэгч Монгол Улсын ТАЗ-ийн нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 395,291,404 төгрөг гаргуулах тухай.

        1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “ТАЗ-ийн даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг Увс аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн шийдвэрт хяналт, шалгалт хийсэн. Уг хяналт шалгалтаар доорх албан тушаалд нэр бүхий иргэдийг Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж томилсон болохыг тогтоож, ТАЗ-ийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд өгсөн. Үүнд:

       - Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/114 дүгээр захирамжаар Ц.А-г тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,

       - Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/08 дугаар захирамжаар Г.О-ыг тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,

        - Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/107 дугаар захирамжаар Н.Б-ыг тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,

       - Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/116 дугаар захирамжаар С.Ц-г тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,

      - Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/115 дугаар захирамжаар Ё.М-ыг тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,

        - Увс аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/24 дүгээр захирамжаар Б.П-ийг тус аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон байсан.

        Мөн Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/118 дугаар захирамжаар иргэн Г.Б-ийг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамж нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн болохыг тогтоож, ТАЗ-ийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай 68 дугаар тогтоолыг гарган зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн.

        ТАЗ-өөс өгсөн хугацаатай үүрэг даалгавруудыг Увс аймгийн Засаг дарга биелүүлээгүй тул Зөвлөлөөс 2022 оны 03 дугаар сарын 09- ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай 111, 116, 117, 119, 127, 128 дугаар тогтоолуудыг баталж, Увс аймгийн Засаг даргын 2020 оны Б/107, Б/114, Б/115, Б/116, 2021 оны Б/08, Б/24 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгосон.

        Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэж заасан. ТАЗ-ийн захирамж хүчингүй болгох тухай тогтоол гарсаар байхад Увс аймгийн Засаг дарга дээрх тогтоолыг эс биелүүлж, нэр бүхий иргэдийг хууль зөрчин ажиллуулсаар байсан байна. Засаг дарга иргэн Ё.М-ыг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/08 дугаар, Г.О-ыг 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/17 дугаар, Н.Б-ыг 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/18 дугаар, С.Ц-г 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/32 дугаар, Б.П-ийг 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/47 дугаар захирамжаар тус тус албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

      Түүнчлэн тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.А-г хууль зөрчин ажиллуулсаар байна. Ч.Ч нь ТАЗ-ийн тогтоолыг тогтоосон хугацаанд эс биелүүлж, нэр бүхий иргэдийг хууль зөрчин ажиллуулж, улсаас цалин олгосноор төрд хохирол учруулсан байна. Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчин томилгоо хийн, тодорхой хугацааны дараа чөлөөлснөөр дараах төсвийн хөрөнгийг иргэдэд олгож, төрд хохирол учруулсан байна гэж үзлээ. Үүнд:

        - Г.Б-д 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 64,670,323 төгрөг,

      - Ё.М-д 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 17,131,009 төгрөг,

       - Ц.А-д 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 55,215,776 төгрөг,

       - Г.О-д 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 17,057,251 төгрөг

        - С.Ц-д 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 26,906,685 төгрөг,

        - Б.П-т 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 47,750,645 төгрөг,

       - Н.Б-т 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 7 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд 20,867,215 төгрөгийг тус тус олгосон.

        Иймд Ч.Ч-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 249,598,904 төгрөгийг буцаан төлүүлж төрийг хохиролгүй болгохоор нэхэмжлэл гаргаж байна. Төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтан Ч.Ч-ээс гаргуулж ТАЗ-ийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд төлүүлнэ үү.

    1.2. Нэхэмжлэгч Монгол Улсын ТАЗ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл: “ТАЗ-ийн нэхэмжлэлтэй Ч.Ч-д холбогдох төрд учруулсан хохирол 249,598,904 төгрөгийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий иргэний хэрэгт дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:

        1.2.1. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд хууль бусаар томилон ажиллуулж байсан Г.Б-ийг Увс аймгийн Засаг даргын 2024.10.29-ний өдрийн Б/53 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан үндэслэл буюу өндөр насны тэтгэвэр тогтоох үндэслэлээр Г.Б-ийг төрийн албанаас чөлөөлсөн байна. Г.Б-ийг 2024.01.02-ны өдрөөс 2024.10.29-ний өдрийг хүртэл хугацаанд төрийн албанд хууль бусаар ажиллуулж, 55,490,054 төгрөгийн цалин хөлс олгосон байна. Мөн Г.Б-ийг өндөр насны тэтгэвэр тогтоож төрийн албанаас чөлөөлсөнтэй холбоотой Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон бөгөөд нэг удаагийн буцалтгүй тусламжид Засаг даргын 2024.10.31-ний өдрийн Б/54 дүгээр захирамжаар 46,742,100 төгрөгийг олгосон байна. Иймд хууль бусаар олгосон цалин хөлс болон нэг удаагийн буцалтгүй тусламж нийлээд 102,232,154 төгрөгийг буруутай шийдвэр гаргасан Ч.Ч-ээс нөхөн гаргуулах,

        1.2.2. Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд хууль бусаар томилон ажиллуулж байсан Ц.А-г Увс аймгийн Засаг даргын 2024.09.20-ны өдрийн Б/46 дугаар захирамжаар ТАЗ-ийн 2022 оны 116 дугаар тогтоолыг биелүүлж төрийн албанаас чөлөөлсөн байна. Иймд Ц.А-г 2024.01.01-ний өдрөөс 2024.09.20-ны өдөр хүртэл хугацаанд хууль бусаар ажиллуулж олгосон цалин хөлс 40,654,735 төгрөгийг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаас гаргуулах,

       1.2.3. Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд хууль бусаар томилон ажиллуулж байсан Г.О-ыг томилсон хугацааны буюу 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарыг дуустал хүртэлх хугацаанд олгосон 17,057,251 төгрөгийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасан боловч дээрх хугацаанд 19,471,520 төгрөгийг цалин хөлсөнд олгосон болох нь баримтаар тогтоогдож байна. Иймд зөрүү 2,414,269 төгрөгийг нөхөн гаргуулах,

        1.2.4. Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд хууль бусаар томилон ажиллуулж байсан Б.П-ийг томилсон хугацааны буюу 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал хүртэлх хугацаанд олгосон 47,750,645 төгрөгийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасан байсан ба цалингийн зөрүү 391,342 төгрөгийг нэмж гаргуулахаар тус тус шаардлагаа нэмэгдүүлж байна.

        1.2.5. Иймд буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан Ч.Ч-ээс нийт 145,692,500 төгрөгийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Анх гаргасан 249,598,904 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 145,692,500 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 395,291,404 төгрөгийг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан болох Ч.Ч-ээс нөхөн гаргуулж, төрийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

      2. Хариуцагч Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Ч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар маргаж, дараах байдлаар татгалзлын үндэслэлээ тайлбарласан байна. Үүнд:

     2.1. Монгол Улсын иргэн Ч.Ч би дараах нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлүүдийн дагуу ТАЗ надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч, энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

       Нэхэмжлэлд дурдагдсан нэр бүхий иргэдийг төрийн албанд томилох хугацаанд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль үйлчилж байсан. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасан. Ийнхүү хуулийн тус зохицуулалтын дагуу төрийн албаны сонгон шалгаруулалт явуулах, сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн албан хаагчийг томилох боломжгүй болсон он цаг хугацаа байсан. Аймгийн засаг даргаар сонгогдсоны дараа гамшгийн үеийн нөхцөл байдалд ажиллаж, төрийн албаны ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга нарын сул орон тоон дээр сонгон шалгаруулалтгүйгээр томилгоо хийсэн. Тухайн үеийн нөхцөл байдал, хуулийн үйлчлэл ч мөн тэгж ажиллахыг шаардаж байсан. Энэ нь зөвхөн манай аймагт үүссэн нөхцөл байдал бус улсын хэмжээнд ийм нөхцөл байдалтай байсан билээ. Өөрөөр хэлбэл, хууль зүйн хувьд сонгон шалгаруулалт явуулах боломжгүйгээс гадна төрийн албыг тасралтгүй явуулж, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх зайлшгүй шаардлага байсан болно.

         ТАЗ-өөс гаргасан 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллаагүй гэж Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.П-ийг томилсон 2021 оны 4 сарын 5-ны өдрийн Б/24 дүгээр захирамж, Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Б-ыг томилсон 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/107 дугаар захирамж, Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ё.М-ыг томилсон 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/115 дугаар захирамж, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Ц-г томилсон 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/116 дугаар захирамж, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.А-г томилсон 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/114 дүгээр захирамж, Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.А-г томилсон 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн ТАЗ2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 111, 116, 117, 119, 127, 128 дугаар тогтоолууд гарсан” талаар нэхэмжлэгч тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байна.

       Гэвч тухайн нөхцөл байдалтай холбоотой дараах нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлүүд байсан болно. ТАЗ-ийн дээрх тогтоолууд бидэнд болон дээр дурдсан төрийн албан хаагчдад тухайн цаг хугацаандаа ирж, танилцуулагдаж байгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 46.1-т Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж, 43.1-т Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж тус тус заасан. Хуулийн тус зохицуулалтуудын дагуу ТАЗ нь гаргасан тогтоолуудаа аймгийн Засаг дарга надад болон тогтоолд нэр дурдсан төрийн албан хаагчдад мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болох юм. ТАЗ-ийн тогтоолуудыг аймгийн Засаг даргын Тамгын газарт 2022 оны 5 сарын 3-ны өдрийн 04/940 албан бичгээр ирүүлсэн. Тухайн үед миний бие албан томилолтоор Киргиз улсад ажиллаж байгаад 5 сарын 20-ны өдөр Увс аймагт буцаж ирсэн. Ингээд 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дээрх албан бичгийг хүлээж авч нэр бүхий албан тушаалтан тус бүрд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлэх, сонсох ажиллагааг зохион байгуулах зэргээр Төрийн албаны хууль, ТАЗ албан шаардлагыг биелүүлэхээр ажиллаж эхэлсэн. Гэвч тухайн төрийн албан хаагчид тогтоолыг өмнө огт мэдээгүй байсан бөгөөд тэдгээр албан хаагчид ТАЗ-ийн тогтоолыг эс зөвшөөрч гомдол, нэхэмжлэл гаргахаа илэрхийлсэн. Мөн хуульд заасан хугацаанд багтаан гомдол, нэхэмжлэл ч гаргасан.

       2.2. Төрийн албан хаагчид Төрийн албан зөвлөлийн маргаан бүхий тогтоолуудын талаар гомдол, нэхэмжлэл гаргасантай холбоотой тогтоолыг хэрэгжүүлэх, гүйцэтгэх хуульд заасан шаардлага хангагдаагүй байсан. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 82.2-т нийтийн эрх зүйн хүрээнд захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг гүйцэтгэхэд энэ журам үйлчилнэ гэж, 82.2-т дараах тохиолдолд захиргааны актад шийдвэр гүйцэтгэнэ гэж, 82.2.1-т гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж тус тус заасан. Иймд ТАЗ-ийн тогтоолд гомдол, нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсний дараа түүнийг хэрэгжүүлэх журам, зохицуулалттай билээ. Гэтэл ТАЗ-ийн маргаан бүхий тогтоолуудыг төрийн албан хаагчид эс зөвшөөрч, ТАЗ, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар тухайн төрийн албан хаагчид болон тэдгээрийн өмгөөлөгч А.Базар нь аймгийн Засаг дарга надад шаардлага, мэдэгдэл ирүүлж байсан. Тухайлбал, өмгөөлөгч А.Базарын 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 22/058 дугаартай хүсэлтэд Ё.М, Н.Б, Ц..А, С.Ц, Г.О, Б.П нар нь ТАЗ-ийн тогтоолыг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа талаар дурдаж, төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, халах шийдвэр гаргахгүй, шүүхийн маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдэхийг хүлээж ажиллахыг хүсье гэсэн байсан. Өмгөөлөгчийн тус хүсэлтэд нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр арын 09-ний өдрийн хариу хүргүүлэх тухай 2/502 дугаартай албан бичгийг хавсаргасан байсан. Тухайн албан бичигт дээрх төрийн албан хаагчид нь ТАЗ-ийн маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар тусгасан байсан. Үүнээс өмнө өмгөөлөгч А.Базар нь 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шаардлага хүргүүлэх нь Б/10 дугаартай албан бичгийг мөн ирүүлж байсан. Тухайн шаардлага нь дээрхтэй ижил мэдээлэл, агуулга бүхий байсан. Ийнхүү төрийн албан хаагчид нь ТАЗ-ийн тогтоолтой маргаж, шүүхийн маргаан шийдвэрлэг ажиллагаа үргэлжилж байсан, эцсийн шийдвэр гараагүй байсан.

       2.3. Төрийн албан хаагчид нь ТАЗ-ийн тогтоолын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаж буй тухай нөхцөл байдлыг би ТАЗ-д мэдэгдэж, тодорхой чиглэл, зөвлөмж хүсэж байсан. Тухайлбал, аймгийн засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1/1178 дугаартай албан бичгээр тус нөхцөл байдлын талаар дурдаж, өмгөөлөгчийн ирүүлсэн албан бичгийг хавсаргаж ТАЗ-д хүргүүлж байсан. Аймгийн засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/1751 дугаартай албан бичигт төрийн албан хаагч Г.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргасан талаарх мэдээллийг тусгаж илгээж байсан. Аймгийн засаг даргын 2022.9.14-ний 1/1574 дугаартай албан бичгээр төрийн албан хаагчид ТАЗ-ийн тогтоолын талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар тусгаж, тухайн нөхцөл байдалд хэрхэх эсэх талаар Зөвлөмж ирүүлэхийг хүссэн. Гэтэл ТАЗ-өөс бидэнд тодорхой Зөвлөмжийг бичгээр ирүүлээгүй. Ялангуяа шүүхийн маргаанаас үл хамааран ТАЗ-ийн тогтоолыг хэрэгжүүл гэх чиглэл, зөвлөмж өгөөгүй. Харин ч утсаар тодруулахад ТАЗ-ийн зүгээс шүүхийн маргаан явагдаж байна, удахгүй дуусчихна, тэр үед чөлөөлөх байх гэдэг агуулгатай зөвлөмж, мэдээлэл өгч байсан. Мөн ТАЗ-ийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн өргөдлийн хариу хүргүүлэх тухай 06/1635 дугаартай албан бичигт нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ТАЗ... тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс ТАЗ-ийн 2022 оны 117 дугаартай тогтоол хууль ёсны эсэх талаар эцэслэн шийдвэрлээгүй буюу төрд хохирол учрах эсэх асуудал тодорхойгүй тул таны гаргасан хүсэлтэд хариу өгөх боломжгүй байна гэх хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл, шүүх маргааныг шийдвэрлээгүй байгаа нөхцөлд ТАЗ-ийн тогтоолыг хууль ёсны гэж үзэх боломжгүй, төрд хохирол учирсан гэх үндэслэлгүй тухай тайлбарлаж байсан. Ийнхүү төрийн албан хаагчид шүүхээр маргаж байгаатай холбоотой ТАЗ-ийн зүгээс ч шүүхийн эцсийн шийдвэр гарахыг хүлээж байсан болно.

       2.4. Захиргааны ерөнхий хуулийн 83.1-т: Захиргааны шийдвэр гүйцэтгэхэд дараах шаардлагыг хангасан байна гэж, 83.1.4-т: үүрэг хүлээгчид 14 буюу түүнээс доошгүй хоногийн хугацаанд захиргааны шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байх гэж тус тус заасан. Ийнхүү ТАЗ-ийн тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлж байж захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах учиртай. Гэтэл ТАЗ-өөс тийнхүү мэдэгдэх хуудас ирүүлж байгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 84.1-т захиргааны шийдвэрийг дараах байгууллага гүйцэтгэнэ гэж, 84.1.1-т захиргааны актыг батлан гаргасан захиргааны байгууллага гэж тус тус заасан. Хуулийн тус зохицуулалтын дагуу ТАЗ өөрсдийн гаргасан тогтоолыг хэрэгжилтийг өөрсдөө хангах үүрэгтэй байсан. Гэтэл нэр бүхий албан хаагчдын ажлыг хүлээлцэж авах, дээрх байдлаар мэдэгдэл хүргүүлэх зэрэг ажлыг хийгээгүй. Иймд ТАЗ-ийн зүгээс шүүхийн маргаан эцэслэгдэхийг хүлээж, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлээгүй байсан гэж үзэх үндэслэлтэй юм.

        2.5. Хэрэв ТАЗ-ийн тогтоолыг хэрэгжүүлж тухайн хүмүүсийг ажлаас чөлөөлсний дараа тэдгээр хүмүүсийн нэхэмжлэлийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн бол тэдгээр хүмүүс улсаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс авах байсан. Энэ нөхцөлд төрийн албанд шинээр томилогдон ажиллаж байгаа албан хаагчид цалин авахын хажуугаар ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс бас цалин авч, улсын төсөвт хохирол учрах байсан. Харин дээрх нэр дурдсан төрийн албан хаагчид ажлаа хийж байгаа нөхцөлд угаас улсын төсвөөс гарах цалин гарч байсан болохоос нэмэлтээр төлбөр гараагүй, улсад хохирол учраагүй болно. ТАЗ-ийн тогтоол, нэхэмжлэлд нэр дурдсан иргэд ажил хийсний төлөө цалин авсан болохоос дэмий сууж цалин аваагүй билээ. Иймд яагаад улсад, төрд хохирол учирсан гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Хэрэв тухайн төрийн албан хаагчид үндэслэлгүйгээр, хууль бусаар төлбөр авсан гэж үзэж байгаа бол тэдгээр хүмүүсээс тус төлбөрийг нэхэмжлэх учиртай.

       ТАЗ-ийн зүгээс маргаан бүхий ажлын байруудыг сул орон тоо гэж үзэж байсан бол сул орон тоог нөхөх хүрээнд төрийн албан хаагчийг шалгалт зарлах, нэр дэвшүүлэх зэрэг ажиллагааг хийх байсан. Гэтэл ТАЗ дээрх шүүхийн маргаантай хугацаанд төрийн албан хаагчийн шалгалт зарласан, нэр дэвшүүлсэн зүйл байхгүй. Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт зарлах, явуулах, нэр дэвшүүлэх нь аймгийн засаг даргын бүрэн эрх, чиг үүрэгт хамаарахгүй. Иймд энэ талаар намайг буруутгах үндэслэлгүй билээ. Эсрэгээр бид шалгалт зарлуулах хүсэлтийг удаа өгч байхад шалгалт зарлаагүй нөхцөл байдал байсан. Тухайлбал, нэхэмжлэлд дурдаж буй аймгийн засаг даргын тамгын газрын даргын албан тушаалын хувьд 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1/1436 дугаартай албан бичгээр шалгалт зарлуулах хүсэлтийг тавьж байсан байна. Аймгийн засаг даргын тамгын газрын ажилчид ТАЗ рүү утсаар ч холбогдож шалгалт зарлуулах талаар хүсэлт тавьдаг байсан. Гэтэл ТАЗ шалгалт зарлаж, нэр дэвшүүлж байгаагүй билээ. Аймгийн засаг даргын тамгын газрын даргын орон тоонд сүүлд шалгалт зарласан. Тухайн шалгалтад тухайн үеийн засаг даргын тамгын газрын даргын албан тушаалыг хашиж байсан иргэн, төрийн албан хаагч Г.Б хамгийн өндөр оноо авсан. Төрийн албаны тухай хууль, ТАЗ-ийн шалгалтын журмын дагуу хамгийн өндөр оноо авсан иргэнийг ТАЗ нэр дэвшүүлээгүй. Энэ нь ТАЗ-ийн хууль бус, буруутай үйл ажиллагаа билээ. ТАЗ-ийн тус шийдвэр, үйл ажиллагааны талаар төрийн албан хаагч, иргэн Г.Б нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, үүний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа. Тухайн захиргааны хэрэг шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэнээр ТАЗ-ийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоно гэж бодож байна. Үүнээс өмнө энэхүү хэргийг хянан шийдвэрлэх, ТАЗ эсвэл аймгийн засаг даргын зөв, буруу эсэхийг иргэний хэргийн шүүх дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Эсвэл аймгийн Засаг даргын зөв, буруу эсэхийг иргэний хэргийн шүүх дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн, аймгийн засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд иргэн Г.Б-ийг Засаг даргын 2022.12.27-ны өдрийн Б/51 дугаартай захирамжаар томилсон. Аймгийн засаг даргын тухайн захирамжийг ТАЗ-ийн зүгээс scean-шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэр, баримт байхгүй. Иймд ТАЗ нь намайг буруутгаж, аймгийн засаг даргын тамгын газрын даргын авсан хууль ёсны цалинг төрд учирсан хохирол гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр дүгнэж, маргааныг шударгаар шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

     3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 318/ШШ2025/00645 дугаар шийдвэрээр:

     - Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч ТАЗ-ийн хариуцагч Ч.Ч-д холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 395,291,404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

      - Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ТАЗ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

        4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүх 2025 оны 09 сарын 19-ний өдрийн 645 дугаар шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр үндэслэл бүхий болоогүй учир эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. 

        Давж заалдах журмаар гомдол гаргах тухайд: Анхан шатны шүүх “... ТАЗ нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй. Учир уг хуулийнд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, үйл баримтад үйлчилнэ ...” гэж, Дээрх нэр бүхий иргэдийг 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 01 дүгээр сар, 2021 оны 4 дүгээр саруудад болсон үйл баримтын үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргах эрхгүй байх тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн...” нь тус тус хуулийг буруу тайлбарлан, үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

        Учир нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “төрийн албаны төв байгууллага өөрөө, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ” гэж, 30.2 дахь хэсэгт “... хууль тогтоомж зөрчиж төрийн албанд томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна” гэж, 30.3 дахь хэсэгт: “Энэ хуулийн 30.2-т заасан үүрэг даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно” гэж, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д: “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж тус тус заасан.

      Хуулийн дагуу ТАЗ нь Увс аймгийн Засаг даргад дээрх нэр бүхий иргэдийг Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсон болохыг тогтоож, ТАЗ2021 оны 240 дүгээр тогтоолоор зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд өгсөн. Дээрх хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул Зөвлөл 2021 оны 68 дугаар, 2022 оны 111, 116, 117, 119, 127, 128 дугаар тогтоолуудыг гаргаж, Увс аймгийн Засаг даргын төрийн албанд хууль бусаар томилсон захирамжуудыг хүчингүй болгож хүргүүлсээр байтал нэр бүхий иргэдийг ямар нэгэн захирамж, шийдвэргүй ажиллуулж цалин хөлс олгосон нь буруу.

       Түүнчлэн ТАЗ-өөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор төрд учруулсан хохирлыг нэхэмжилсэн болно. Өөрөөр хэлбэл, нэр бүхий иргэдийг төрийн албанд томилсон шийдвэр байхгүй байхад ажиллуулж, цалин хөлс олгосон бөгөөд улмаар төрийн албанаас чөлөөлөгдөхөд 1 удаагийн буцалтгүй тусламж олгосон нь үндэслэлгүй юм.

        Мөн ТАЗ нь хариуцагч Ч.Ч-ийн гаргасан шийдвэр хууль бус болохыг тогтоох хүртэл хугацааны гэм хорын хохирлыг огт нэхэмжлээгүй, зөвхөн захирамж, тушаалгүй хүнд цалин хөлс, 1 удаагийн буцалтгүй тусламж олгосонтой холбоотой хохирлыг нэхэмжилсэн болно.

         Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

      5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий үйл баримтын талаар илтгэгч шүүгч маш тодорхой танилцууллаа. Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Ч нь нэр бүхий иргэдийг төрийн албанд хууль бусаар томилсныг ТАЗ бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалгалт хийж, иргэдийг хууль бусаар томилсон буюу төрийн албаны тусгай шалгалтыг өгөөгүй байхад нь томилж ажиллуулсан байна гэдгийг тогтоож, 2021 оны 240 тоот тогтоолыг хүргүүлсэн. Энэ тогтоолыг биелүүлэх тодорхой хугацааг олгож, томилох эрх бүхий албан тушаалтан буюу Увс аймгийн Засаг дарга Ч.Ч-д хүргүүлсэн.

     Тогтоолын хэрэгжих хугацаа болоход Ч.Ч тогтоолын биелэлтийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар тайлбар ирүүлээгүй, дээрх нэр бүхий албан тушаалтнуудыг чөлөөлөөгүй. ТАЗ бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн нэр бүхий иргэдийг томилсон шийдвэрийг хүчингүй болгосон тогтоолыг дахин гаргаж хүргүүлсэн. 2022 оны 3 сард тогтоолууд гараад хүргэгдсэн. Төрийн албаны тухай хуульд 2022 оны 7 сарын 5-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Нэмэлт өөрчлөлтөөр төрийн албанд иргэнийг хууль бусаар томилсонтой холбогдуулж түүнд олгосон цалин хөлсийг төрд учирсан хохиролд тооцож буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр заасан. ТАЗ дээрх нэмэлт өөрчлөлт орсноос үеэс  буюу 2022 оны 7 сараас тухайн албан хаагч нарыг төрийн албанаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрээр нь төрд учирсан хохирол гэж үзэж нэхэмжилсэн.

     Мөн Г.Б-ийг Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж буюу мөнгөн тэтгэмж олгосныг буруу гэж үзсэн. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд, тухайн төрийн албан хаагч нь төрийн албанд буюу тухайн албан тушаалдаа хууль ёсоор томилогдсон байвал түүнд нэг удаагийн тэтгэмжийг олгоно гэж заасан ба энэ заалтыг зөрчсөн. Үндсэндээ тухайн албан тушаалд Б хууль ёсоор томилогдоогүй байхад түүнд нэг удаагийн тэтгэмж олгосон нь үндэслэлгүй. Ингээд нийлбэр дүнгээрээ 395,291,404 төгрөгийг Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Ч-ээс нэхэмжилж байгаа.

      Төрд хохирол учруулахгүйгээр асуудлыг шийдвэрлэх бүрэн боломж нь Ч.Ч-д байсан. ТАЗ эхлээд хууль бусаар дээрх албан хаагчдыг томилсон зөрчлөө засах тухай хугацаатай бичиг хүргүүлээд байхад биелүүлээгүй. Биелүүлээгүй учраас ТАЗ өөрийн бүрэн эрхийн хүрээнд томилсон шийдвэрүүдийг буюу тухайн нэр бүхий 7 албан хаагчтай холбоотой Засаг даргын захирамжуудыг бүгдийг нь хүчингүй болгосон. Ингээд тогтоолыг хүргүүлээд байхад бас биелүүлээгүй. Тийм учраас ямар ч тушаал шийдвэргүйгээр хүнийг төрд ажиллуулаад, түүнд цалин хөлс, нэг удаагийн буцалтгүй тусламж олгоод байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй юм.

       Г.Б-ийг тухайн албан тушаалд анх томилсон 118 дугаар захирамжийг ТАЗ бүрэн эрхийнхээ хүрээнд хүчингүй болгосон. Харин 2 жилийн дараа жинхэлж томилсон 51 дүгээр захирамжийг манайх хүчингүй болгоогүй, үүнтэй холбогдуулан мөнгө нэхээгүй. Анх төрийн албанд хууль бусаар томилсон захирамж болох 118 дугаар захирамжтай холбогдуулан Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой цалин хөлс олгосон баримтыг 2022 оны 7 сараас эхэлж албан тушаалаас чөлөөлөгдөх хүртэлх хугацааны цалин хөлсийг нэхэмжлээд байгаа.

        Төрд хохирол учруулж байгаа нь цалингийн карт болон төлбөр олгосон санхүүгийн баримтаар тогтоогдоод байгаа. Анхан шатны шүүх нэр бүхий иргэдийг 2020, 2021 онд томилсон шийдвэр гаргасан байна, танай хуульд 2022 оны 7 сарын 5-нд нэмэлт өөрчлөлт орсон байна. Цаг хугацааны хувьд томилсон шийдвэрүүд нь 2020, 2021 онд гараад байхад 2022 оны 7 сарын 05-наас хойш орсон нэмэлт өөрчлөлтөд хамааруулаад төрд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй гэж буруу тайлбарлаж, хууль хэрэглээний алдаа гаргаад байна гэж үзэж байгаа.

    Гол үндэслэл нь,  2022 оны 7 сарын 05-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсноос хойш ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр нэр бүхий иргэдийг ажиллуулаад, түүнд цалин хөлс, нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон нь буруутай тул албан хаагчдыг тухайн албан тушаалаас чөлөөлөх хүртэлх хугацаанд олгосон цалин хөлсийг хохирол учруулсан гэж үзэж нэхээд байгаа, энэ талаар дурдаж давж заалдах гомдлоо гаргасан. Гаргасан гомдлоо бүхэлд нь дэмжиж оролцож байна. Шүүх бүрэлдэхүүн гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

      6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолтой холбогдуулаад товчхон нэмэлт тайлбар хэлье. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх ёстой. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гол агуулга санаа нь ТАЗ хууль бусаар томилсон гэдгийг тогтоосон тогтоолууд Төрийн албаны хуулийн 50-д нэмэлт өөрчлөлт орсноос цаг хугацааны хувьд өмнө байгаа учраас Төрийн албаны хуульд нэмэлт өөрчлөлт орсон цаг хугацаанаас хойш хууль бусаар томилсон гэдгийг нь тогтоогоогүй. ТАЗ-ийн тогтоол нь хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө гарсан тогтоол байна гэж анхан шатны шүүх тайлбарладаг. Үүнийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа.

     Нэр бүхий иргэдийг хууль бусаар томилсон гэдгийг тогтоосон ТАЗ-ийн 2021, 2022 онуудад гарсан хүчин төгөлдөр тогтоол байдаг, одоо ч хүчин төгөлдөр. Тухайн үед шүүхээр маргаж байгаад зарим нэхэмжлэлээсээ татгалзсан, заримынх нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Анхны 2021 оны 240 гэдэг тогтоолтой хэн ч маргаагүй үйл баримтууд авагдсан байдаг. Эдгээр үйл баримтуудтай хариуцагч маргадаггүй.

     Хүчин төгөлдөр тогтоолуудаас үйлчилсэн цаг хугацааных нь хувьд, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон хугацаанаас хойш төрд учирсан хохирлыг нэхэмжилсэн. 2021 оны 240, 2022 оны 3 сард гарсан тогтоолуудаас хойш 2022 оны 7 сард хуульд нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Энэ хугацаанд төрд учирсан хохирлыг нэхэмжлээгүй. Үүнээс хойших хугацааг, яагаад гэвэл тогтоолууд хүчин төгөлдөр байгаа учраас тэдгээрийг үндэслээд 2022 оны 7 сараас хойш авсан цалин хөлсийг нэхэмжилсэн.

      Үүнийг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 498-д болон Захиргааны ерөнхий хуулийн 103.1-д заасны дагуу төрийн албан хаагчийн хууль бусаар учруулсан хохирлыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүлнэ гэсэн зарчмын хүрээнд ТАЗ нэхэмжилж байгаа юм.

       Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл Ч.Ч гэж хүний хувьд засаг даргын ажил, албан тушаалаар өөрт давуу байдал бий болгож, хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий этгээдүүдийг хууль бусаар томилсон нөхцөл байдаг. Үүнтэй хариуцагч тал маргадаггүй. Нэр бүхий иргэдийг хууль бусаар томилсон ТАЗ-ийн тогтоол шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Нэр бүхий иргэдийг Ч.Ч хууль бусаар томилсон гэдгийг ТАЗ тогтоосон. ТАЗ-ийн шийдвэрийг биелүүлээгүй учраас томилсон шийдвэрүүдийг хүчингүй болгосон. Хөдөлмөрлөх эрх зүйн харилцаа байхгүй болсон хүмүүсийг ажиллуулаад төрөөс цалин хөлс олгоод байсан алдаа зөрчил гаргасан учраас авсан цалин хөлсийг нь төрд учирсан хохирол гэж үзэж байгаа.

       Буруутай үйлдлийнхээ хариуцлагыг үүрэх ёстой гэдэг байдлаар ТАЗ хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргаж байгаа гэдгийг шүүх бүрэлдэхүүнд тайлбарламаар байна.

      Хамгийн гол нь анхан шатны шүүхийн шийдвэрээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглээд байна гэдгийг шүүх бүрэлдэхүүн олж хараасай гэж хүсэж байна.

     Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэл, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

     7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.Базар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдол үндэслэлгүй байгаа учраас шүүхийн шийдвэрийг хэвээр хүлээж өгнө үү гэж хүсэж байгаа.

     Хэргийг давж заалдах шатны журмаар шийдвэрлэж байгаа учраас бид хэргийн үйл баримтыг бүхэлд нь ярихгүй. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, дүгнэлт яагаад үндэслэлтэй, давж заалдах гомдол яагаад үндэслэлгүй вэ гэдэг талаар ярья.

    1 дүгээрт, шүүхийн шийдвэрийн 30 дахь талд, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой тайлбарласан. ТАЗ нь Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх заалтын дагуу хууль бусаар томилсонтой холбоотой хохирол нэхэмжилж байна гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хууль бусаар томилсонтой холбоотой хохирол нэхэмжлэх хуулийн өөрчлөлт нь 2022 оны 8 сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилжээ. Гэтэл түүнээс өмнөх томилгоотой холбоотой хохирлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй буюу нэхэмжлэх эрхгүй, хуулийг буцаан хэрэглэхгүй.

      Шүүхийн практикийн хувьд анх удаа шийдээд байгаа асуудал биш. Бусад аймгууд, Улаанбаатар хот, Увс аймагт ч гэсэн Төрийн албаны тухай хуулийн 50.1-д заасан яг энэ агуулгаар тайлбарлаж маргаан шийдсэн магадлалууд байна. Тухайн магадлалууд нь Улсын дээд шүүхээр хэвээр үлдсэн, хууль хэрэглээний хувьд практик болж тогтсон байгааг бид судалж мэдсэн. Миний олж харснаар ТАЗ-ийн нэхэмжлэлтэй, Ц.А-д холбогдох хэрэг, ТАЗ-ийн нэхэмжлэлтэй Г.Б-д холбогдох хэрэг зэрэг иргэний маргаануудад Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх заалтад яг энэ агуулгаар тайлбарласан тухайн шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон. Тэгэхээр энэ маргааны хувьд буюу ТАЗ-ийн нэхэмжлэлтэй Ч.Ч-д холбогдох хэргийн хувьд анхан шатны шүүх хуулийг яг өмнө тайлбарласан агуулгатай ижил байдлаар тайлбарласан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа.

      2 дугаарт, Г.Б-ийг өндөр насны тэтгэвэрт гарсантай холбоотой нэг удаагийн тэтгэмжийг хууль бусаар олгосон  гэж нэхэмжлээд байгаа. Гэхдээ үүнд хийсэн шүүхийн дүгнэлтийг нэхэмжлэгч маань давж заалдах гомдол гаргахдаа няцааж чадахгүй байгаа. Шүүхийн шийдвэрийн 29 дэх талд, Г.Б-ийг аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар 2022 оны 12 сарын 27-ны өдөр томилсон байна. Тухайн засаг даргын тамгын газрын даргаар томилсон аймгийн засаг даргын захирамжийг хууль бус гэж үзэж хүчингүй болгосон талаар баримт хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, үүнийг няцаах зүйл юу байгаа юм бэ?. Давж заалдах гомдол дээр ч тайлбарлаагүй, сая ч тайлбарласангүй.

    Яагаад гэвэл, угаасаа Увс аймгийн Засаг даргын дээрх захирамжийг ТАЗ-өөс хүчингүй болгосон зүйл байдаггүй. Хүчингүй болгоогүй байж захирамж хууль бус гэдэг байдлаар тайлбарлах үндэслэлгүй. Г.Б-ийг энэ захирамжаас өмнө аймгийн засаг даргын тамгын газрын даргаар түр орлон гүйцэтгүүлэх байдлаар ажиллуулж байсан. 2022 оны 12 сарын 27-ны өдрийн захирамж нь жинхэлж томилсон захирамж. Түр орлон гүйцэтгүүлж байсан үеийн захирамжийг хууль бус гэж үзэж хүчингүй болгосон. Гэхдээ ТАЗ үүнтэй холбоотой хохирол нэхээгүй, харин жинхэлж томилсон 2022 оны 12 сарын 27-ны өдрийн захирамжтай холбоотой хохирол нэхэж байгаа боловч энэ захирамжийг хүчингүй болгосон зүйл байхгүй. Эдгээр эрх зүйн харилцаа бол тус тусдаа гэдгийг нэхэмжлэгчид маань ойлгох хэрэгтэй.

       Г.Б-ийн хувьд нэг удаагийн буцалтгүй тусламжийг тэтгэвэрт гарахдаа авсан, гэтэл үүнийг хохирол гэж Ч.Ч-ээс нэхэмжилж байгаа. Гэхдээ ТАЗ ямар тохиолдолд хохирол нэхэмжлэхээр нэхэмжлэл гаргадаг вэ, ямар үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бэ гэдгээ мартаж болохгүй. Төрийн албаны тухай хуулийн 50.1-д зааснаар хууль бусаар чөлөөлсөн, томилсон, халсантай холбоотой хохирлыг нэхэмжилнэ гэж байгаа. Гэтэл Г.Б гэж хүн тэтгэвэрт гарахдаа авсан тэтгэмжийг нь Г.Б-ийг хууль бусаар томилсонтой холбоотой хохирол гэж үзэхгүй. Г.Б гэж хүн ажиллаж байгаад тэтгэвэрт гарахдаа авсан тусламж нь хуульд заасан ёсоор авсан, тэтгэвэрт гарсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотой авсан тэтгэмж. Томилсноос үүдсэн хохирол, томилсноос үүдэж авч байгаа мөнгө биш, харин ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотой авч байгаа зүйл. Харин Г.Б-ийг тэтгэвэрт гарсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж хүчингүй болгосон зүйл байхгүй. Тийм учраас нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон нь томилсонтой холбоотой биш гэдгийг бодох хэрэгтэй.

      Г.Б-ийг хууль бусаар томилсон байсан гэдэг зүйл ярьж байна. ТАЗ Ч.Ч-д холбогдуулаад нэхэмжлэлийг Увс аймаг дахь анхан шатны шүүхэд гаргах үеийн байдлаар Г.Б, ТАЗ хоорондын хөдөлмөрийн эрх зүйн харилцаа шүүхээр маргаантай явж байсан. Энэ талаарх баримтууд байгаа. Би Г.Б-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байсны хувьд энэ асуудлыг маш сайн мэдэж байна. 2021 оны 8 сарын 31-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” тухай 6578 дугаартай захирамжаар ТАЗ Г.Б-д холбогдох тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, эрх зүйн үйлчлэлийг нь түр зогсоочихсон байсан нь 2 дугаар хавтаст хэргийн 165 дахь талд авагдсан. Тиймээс Ч.Ч гэж хүнийг Г.Б-ийг хууль бусаар ажиллуулж байсан гэж үзэх боломжгүй. ТАЗ-ийн тогтоолыг биелүүлээгүй гэдэг байдлаар буруутгах боломжгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлж л ажилласан. ТАЗ, Ч.Ч гэдэг засаг дарга ч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу ажилласан.

       Шүүгчийн захирамжаар ТАЗ-ийн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлээд байхад Г.Б гэх хүнийг ажлаас халсан бол харин төрд хохирол учрах байсан. Яагаад гэвэл шүүгчийн захирамжийг биелүүлэхгүйгээр ажиллах явдал болох байсан. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад зааснаар шүүхийн захирамжийг иргэн, хуулийн этгээд биелүүлж ажиллах үүрэгтэй байсан.

      Нэхэмжлэгч талаас, Ч.Ч нь ТАЗ-ийн тогтоолуудыг ер нь биелүүлээгүй, ямар нэгэн тогтоол шийдвэргүйгээр хүмүүсийг ажиллуулж ирсэн гэдэг байдлаар сая тайлбарлаж байна. Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх заалтын дагуу ТАЗ нэхэмжлэл гаргасан. Төрийн албан хаагчдыг хууль бусаар томилсонтой холбоотой хохирол нэхэж байна, томилсон шийдвэр нь хууль бус гэж тайлбарлахдаа ямар нэгэн шийдвэргүйгээр ажиллуулж байсан гэж тайлбарлаад байна. Томилсон шийдвэр байгаа болоод ажиллуулсан, тэр томилсон шийдвэр нь хууль бус эсэх маргаан. Гэтэл тайлбарлахдаа ямар ч шийдвэргүйгээр ажиллуулж байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

     Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх заалт нь ямар нэгэн шийдвэргүйгээр ажиллуулсан, эсхүл ТАЗ-ийн тогтоолыг биелүүлэхгүйгээр ажиллуулсантай холбоотой хохирлыг ТАЗ нэхэмжилнэ гэдэг агуулгатай заалт биш. ТАЗ гагцхүү хууль бусаар томилсонтой, чөлөөлсөнтэй холбоотой хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэдгийг хэлэхийг хүсэж байна.

       ТАЗ-өөс Ч.Ч засаг даргын гаргасан тухайн албан тушаалуудад хүмүүсийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэрүүдийг бүгдийг нь хүчингүй болгочихсон байсан гэж тайлбарлаж байна. Маш чухал зүйлийг орхиж ярьж байна. Тухайн төрийн албан хаагчид маань ТАЗ-ийн тогтоолыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад, маргаад явж байсан. Тухайн хэрэг маргаанд ТАЗ, түүнийг төлөөлж Р.Ж оролцож байсан учир энэ талаар сайн мэдэж байгаа. Мөн хэрэгт нотлох баримтууд авагдсан нь захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж, хэрэг хэзээ шийдэгдсэн гэх шүүхийн шийдвэр, мөн ТАЗ-ийн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжууд авагдсан. ТАЗ-ийн тогтоолыг Ч.Ч гэх хүн биелүүлэхгүй байсан асуудал биш, харин захиргааны хэргийн шүүхээс ТАЗ-ийн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсэн байсан юм. Тийм учраас Ч.Ч гэдэг хүн шүүхийн шийдвэрийг дагаж мөрдөж, биелүүлж ажилласан. Шүүхээс ТАЗ-ийн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсэн байхад тухайн шүүхийн шийдвэрийг давж ажиллах боломжгүй байсан. Энэ талаар анхан шатны шүүхэд ч яригдсан, хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч Б.А хэлэхдээ, шүүхээс ТАЗ-ийн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсэн байсан учраас Ч.Ч гэх хүн шүүхийн шийдвэрийг барьж ажилласан. ТАЗ-ийн тогтоолыг шууд биелүүлэх боломжгүй байсан, мөн ТАЗ яагаад тэр хүмүүсийг өөрсдөө чөлөөлөхгүй байсан юм бэ гэж асуусан. ТАЗ-ийн төлөөлөгч нар хариулахдаа , шүүхийн маргаантай байсан юм чинь бид нар яаж тэр хүмүүсийг чөлөөлж чадах юм бэ, чөлөөлж болохгүй гэж тайлбарласан. Хууль бусаар томилсон гээд байгаа нь шүүхээр маргаад явж байсан учраас бид нар чөлөөлөх боломжгүй байсан гэдгийг ТАЗ өөрсдөө хэлсэн. ТАЗ чөлөөлөх боломжгүй юм бол Ч.Ч яагаад чөлөөлөх ёстой гэж.

     Тухайн хууль бусаар томилогдсон гэж байгаа хүмүүс шүүхээр маргаад явж байхад би тухайн хүмүүсийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан учир үйл баримт, нөхцөл байдлыг маш сайн мэдэж байгаа. Энэ үед ТАЗ-ийн төлөөлөгч юу гэж хэлсэн бэ гэвэл, бид нар энэ хүмүүсийг чөлөөлөхгүй, хууль бусаар томилогдсон эсэх талаар маргаан Захиргааны хэргийн шүүхээр явж байна, шүүхийн шийдвэрийг хүлээгээд маргаан эцэслэгдэж шийдэгдсэний дараа энэ хүмүүсийг чөлөөлөх эсэх асуудлыг ярина гэдэг байдлаар шүүхэд тайлбар гаргаад явж байсан.

      Одоо тайлбарлахдаа, шүүхийн маргаан хамаагүй, Ч.Ч гэж хүн шүүхийн шийдвэрийг хүлээхгүйгээр ТАЗ-ийн тогтоолын түдгэлзүүлсэн захирамжийг биелүүлэхгүйгээр шууд ажлаас халах байсан гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Мөн хэрэгт авагдсан нотлох баримт болох, Аймгийн засаг дарга Ч.Ч-ээс ТАЗ рүү албан бичгээр “та бүхэн энэ хүмүүсийг чөлөөл гэсний дагуу би чөлөөлөх гээд томилсон, түр орлон гүйцэтгүүлж байгаа хүмүүсээ дуудаж сонсох ажиллагаа хийлээ. Гэтэл энэ хүмүүс шүүхэд хандаад, захиргааны хэрэг үүсгэсэн байна. Одоо яах вэ гэж ТАЗ-өөс чиглэл хүссэн, шүүхийн шийдвэрийг хүлээх үү, эсхүл шүүхийн шийдвэрийг хүлээхгүйгээр ТАЗ-ийн тогтоолыг шууд биелүүлээд энэ хүмүүсийг ажлаас халах уу гэсэнд ТАЗ бичгээр хариу өгөөгүй, утсаар хариу өгөхдөө, шүүхийн шийдвэрийг хүлээнэ гэдэг байдлаар хэлсэн гэж тайлбарладаг.

     ТАЗ үүнийг няцаагаагүй. Томилсон хүмүүсээс нэг нь ТАЗ-д хандахад, таныг хууль бусаар томилсон гэдэг асуудал маргаантай байгаа учраас одоогоор ямар нэгэн хохирол учирсан гэдэг үндэслэлгүй, төрд хохирол учирсан гэж үзэх боломжгүй гэдэг агуулгаар албан бичиг хариу өгч байсан. ТАЗ-ийн албан бичгүүд юуг харуулж байна вэ гэвэл, төрийн албаны томилгоотой холбоотой асуудал захиргааны хэргийн шүүхээр маргаантай байсан учраас хэн нэгнийг шууд буруутгах, эсхүл ТАЗ-ийн тогтоол үндэслэлтэй гэж шууд дүгнэх боломжгүй байсан гэдгийг харуулж байгаа юм.

     Тийм учраас шүүхийн шийдвэрт заасан үндэслэл, дүгнэлтүүд үндэслэлтэй, бусад байдлаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

      8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Сая А.Базар өмгөөлөгчийн хэлсэн баримтууд нь 1 дүгээр хавтаст хэргийн 112 дугаар тал, мөн 2 дугаар хавтаст хэрэгт мөн холбогдох нотлох баримтууд нь байдаг.

      1 дүгээр хавтаст хэргийн 112 дугаар талд авагдсан ТАЗ Г.О-д өгсөн хариунд, ТАЗ117 дугаар тогтоол нь хууль ёсны эсэх талаар эцэслэн шийдвэрлээгүй байна. Шүүхийн маргаантай байгаа учраас төрд хохирол учирсан эсэх нь тодорхой биш гэдэг хариу тайлбар өгсөн. Төрд хохирол учраагүй гэдэг агуулгатай тайлбар байдаг.

      Тухайн маргаан нь шүүхийн журмаар яваад шийдвэрлэгдсэний дараа Ч.Ч нь төрд хохирол учруулчихлаа гэдэг агуулгаар нэхэмжлэл гаргаад явж байгаа нь үндэслэлгүй.

       Нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 7 сараас хойших тухайн хүмүүсийг чөлөөлөх хүртэлх хугацааны хохирлыг нэхэж байна гэж тайлбарлаад байгаа юм. Тэгвэл яагаад 2022 оны 7 сараас өмнөх цалин хөлсийг хохирол гэж үзэхгүй байгаа юм. Үүнийг тайлбарлахдаа хууль зүйн өөрчлөлт орсонтой холбоотой гэж байгаа юм. Гэтэл энэ хүмүүсийг 2020 оны 12 сар, 2021 оны 01 сард томилсон томилгоо байдаг. Томилоод байгаа үйл баримт нь хуулийн өөрчлөлтөөс өмнө үүссэн байхад хууль бусаар томилсноос хохирол учирсан гээд 2022 оны 7 сард орсон хуулийн өөрчлөлтийг баримтлаад байгаа нь үндэслэлгүй. Тэгвэл анх хууль бус гэж үзэж байгаа хугацаанаас буюу томилсноос нь авхуулаад цалин хөлсийг нь нэхэмжил л дээ.

     2 дугаар хавтаст хэргийн 135, 154 талд авагдсан баримтууд гэх мэт маш олон нотлох баримтууд хэрэгт авагдсан. Г.О, Н.Б, Ц..А гэх мэтчилэн хүмүүс нь Захиргааны хэргийн шүүхэд хандаад явж байгаа байдлууд. Тухайн маргаантай холбоотой захиргааны хэрэг үүссэн захирамжуудын дугаарыг харахад, дандаа 2022 оны 7 сараас өмнө хэрэг үүссэн захирамжууд байгаа. Хуулийн өөрчлөлт орлоо, чи энэ хүмүүсийг чөлөөл гэх үед захиргааны хэргийн маргаан үүсээд явчихсан байсан учраас Ч.Ч шийдвэр гаргах боломжгүй байсан.

     Нэр бүхий иргэдийн нэхэмжлэлтэй хэрэгт Ч.Ч гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг Захиргааны хэргийн шүүхэд байнга гаргаж байсан. Магадгүй энэ хүмүүсийг хууль бусаар томилсон гэдэг асуудал яригдаад цалин хөлс хууль бусаар олгож, төрд хохирол учирлаа гэдэг асуудал яригдах юм бол миний эрх ашиг хөндөгдөнө, тийм учраас би маргаанд чинь орох ёстой гэдэг байдлаар хүсэлт өгч байхад Захиргааны хэргийн шүүх Ч.Чийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй байна гэдэг үндэслэлээр гуравдагч этгээдээр оруулахаас татгалзсан захирамжууд хэрэгт авагдсан байгаа. Иймд төрд хохирол учруулсан гэдэг үндэслэлээр Ч.Ч-д холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

       Г.Б-д олгож байгаа нэг удаагийн буцалтгүй тусламжтай холбоотой асуудал нь  Ч.Ч өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэж байгаа асуудал биш. Төрийн албаны тухай хуулийн 60.1-т маш тодорхой заасан байгаа, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж,  тэтгэвэр тогтоолгож байгаа төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй  тусламжийг олгоно гэж заасан. Энэ бол үүрэг болгосон заалт. Тэрнээс олгож, олгохгүй ч байж болно гэдэг заалт биш. Нэг удаагийн буцалтгүй тусламж олгож байгаатай холбоотой шийдвэрийг хүчингүй болгосон зүйл огт байхгүй.

       Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

      1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-ийн давж заалдах гомдлыг үндэслэн, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний  өдрийн 318/ШШ2025/00645 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

       2.  Нэхэмжлэгч Монгол Улсын ТАЗ нь хариуцагч Ч.Ч-д  холбогдуулан, төрийн албанд иргэн Г.Б, Ё.М, Ц..А, Г.О, С.Ц, Б.П, Н.Б нарыг хууль бусаар томилж, төрд хохирол учирсан гэж үзэн, анх шүүхэд:

      - Г.Б-д 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд олгосон  64,670,323 төгрөг,

       - Ё.М-д 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд олгосон 17,131,009 төгрөг,

      - Ц.А-д 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд олгосон 55,215,776 төгрөг,

       - Г.О-д 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд олгосон 17,057,251 төгрөг

      - С.Ц-д 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд олгосон 26,906,685 төгрөг,

      - Б.П-т 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд олгосон 47,750,645 төгрөг,

        - Н.Б-т 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 7 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлсөнд олгосон 20,867,215 төгрөг  нийт  249.598.904  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

       Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал  нэхэмжлэлийн шаардлагаа  дараах байдлаар нэмэгдүүлсэн байна. Үүнд: 

        - Г.Б-ийн 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс  55,490,054 төгрөг болон  түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгосонтой холбоотой нэг удаагийн буцалтгүй тусламжид олгосон  46,742,100 төгрөг,

        - Ц.А-д  2024 оны 1 дүгээр 01-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд олгосон цалин хөлс 40,654,735 төгрөг,

          - Г.О-д олгосон цалингийн  зөрүү 2,414,269төгрөг,

        - Б.П-т  олгосон  цалингийн  зөрүү 391,342 төгрөг, нийт  145,692,500 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нийт 395,291,404 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн  байна.

     3. ТАЗ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Хариуцагч Ч.Ч  нь Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа  төрийн албанд иргэн Г.Б, Ё.М, Ц..А, Г.О, С.Ц, Б.П, Н.Б нарыг  хууль бусаар томилсон байсан тул уг тушаалуудыг ТАЗ-өөс хүчингүй болгосон. Гэтэл Ч.Ч нь  ТАЗ-ийн тогтоолыг эс биелүүлж, дээрх нэр бүхий иргэдийг хууль зөрчин ажиллуулж, эдгээр иргэнд нийт цалин хөлсөнд 348.549.304 төгрөг, мөн иргэн Г.Б-д өндөр насны тэтгэвэрт гаргахад 46.742.100 төгрөгийн тэтгэмж олгосон байна. Төрийн албанд иргэнийг хууль бусаар томилсноос үүдэн төрд нийт  395,291,404 төгрөгийн хохирол учирсан байна” гэж тайлбарласан байна.

    4. Хариуцагч Ч.Ч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ: “...нэхэмжлэлд дурдагдсан нэр бүхий иргэдийг төрийн албанд томилох үед Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль үйлчилж байсан. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасны  дагуу төрийн албаны сонгон шалгаруулалт явуулах, сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн албан хаагчийг томилох боломжгүй байсан тул өөрийн бүрэн эрхийн хүрээнд   агентлагийн дарга нарын сул орон тоон дээр сонгон шалгаруулалтгүйгээр томилгоо хийсэн. ТАЗ-ийн дээрх төрийн албан хаагч нарыг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон  тогтоолуудыг тухайн цаг үед бидэнд өгөөгүй бөгөөд Засаг даргын Тамгын газарт 2022 оны 5 сарын 3-ны өдрийн 04/940 албан бичгээр ирүүлсэн. Ингээд дээрх албан бичгийг хүлээж авч нэр бүхий албан тушаалтан тус бүрд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлэх, сонсох ажиллагааг зохион байгуулах зэргээр Төрийн албаны хууль, ТАЗ-ийн албан шаардлагыг биелүүлэхээр ажиллаж эхэлсэн. Гэвч тухайн төрийн албан хаагчид тогтоолыг хүлээн аваад, уг тогтоолыг эс зөвшөөрч тус тус захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байсан.

        Миний бие  ТАЗ-д 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1/1574 дугаартай албан бичгээр нэр бүхий төрийн албан хаагчид ТАЗ-ийн тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар тусгаж, тухайн нөхцөл байдалд хэрхэх талаар зөвлөмж ирүүлэхийг хүссэн. Гэтэл ТАЗ-өөс бидэнд тодорхой зөвлөмжийг бичгээр ирүүлээгүй. Харин утсаар тодруулахад,  шүүхийн маргаан явагдаж байна, удахгүй дуусчихна, тэр үед чөлөөлөх байх гэдэг агуулгатай зөвлөмж, мэдээлэл өгч байсан.  Мөн ТАЗ нь маргаан бүхий ажлын байруудыг сул орон тоо гэж үзэж байсан бол сул орон тоог нөхөх хүрээнд төрийн албан хаагчийн шалгалт сонгон шалгаруулалт зарлах, нэр дэвшүүлэх зэрэг ажиллагааг хийх байсан. Гэтэл ТАЗ дээрх шүүхийн маргаантай хугацаанд төрийн албан хаагчийн шалгалт зарласан, нэр дэвшүүлсэн зүйл байхгүй, энэ талаар ажиллагаа хийгээгүй тул намайг буруутгах үндэслэл байхгүй.

       Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын орон тоонд сүүлд шалгалт зарласан. Тухайн шалгалтад тухайн үеийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг хашиж байсан,  албан хаагч Г.Б хамгийн өндөр оноо авсан. ТАЗ нь Төрийн албаны тухай хууль, ТАЗ-ийн шалгалтын журмын дагуу хамгийн өндөр оноо авсан иргэнийг  тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх ёстой, гэтэл ТАЗ Г.Б-ийг нэр дэвшүүлээгүй. Энэ нь ТАЗ-ийн хууль бус буруутай үйл ажиллагаа тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд иргэн Г.Б-ийг Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/51 дугаартай захирамжаар томилсон. Аймгийн Засаг даргын дээрх захирамжийг ТАЗ болон шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэр, баримт байхгүй. Иймд ТАЗ нь намайг буруутгаж, Г.Б-ийн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд ажиллаж авсан хууль ёсны цалинг төрд учирсан хохирол гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ” гэж тайлбарлан, маргасан байна.

      5. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1, 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан ТАЗ-ийн, хариуцагч  Ч.Ч-д холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 395.291.404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

      6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд хэрэгт тогтоогдсон зарим үйл баримтад  давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.       

      7. Хэргийн баримтаас үзэхэд, хариуцагч Ч.Ч нь Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/114 дүгээр захирамжаар Ц.А-г тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар Г.О-ыг тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр,  2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн  Б/107 дугаар захирамжаар Н.Б-ыг тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн  Б/116 дугаар захирамжаар С.Ц-г тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/115 дугаар захирамжаар Ё.М-ыг тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар Б.П-ийг тус аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түр орлон гүйцэтгэгчээр,  2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн  Б/118 дугаар захирамжаар иргэн Г.Б-ийг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр  тус тус томилсон,

       - Монгол Улсын ТАЗ-ийн даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг Увс аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн шийдвэрт хяналт, шалгалт хийж, уг хяналт шалгалтын үр дүнг хэлэлцэж, ТАЗ-ийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор иргэн Г.О, Ц.А, Ё.М, С.Ц, Б.П, Н.Б нарыг тус тус төрийн албанд томилсон Увс аймгийн Засаг даргын шийдвэр нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох эрхийн актуудыг зөрчсөн гэж дүгнэж, зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг хариуцагч Ч.Ч /Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан/-д өгсөн,

       - дээрх хугацаатай үүрэг даалгаврыг Увс аймгийн Засаг дарга Ч.Ч биелүүлээгүй гэх үндэслэлээр ТАЗ 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 111, 116, 117, 119, 127, 128  дугаар тогтоолуудаар Ё.М, Ц.А, Г.О, С.Ц, Б.П, Н.Б нарыг тус тус төрийн албанд томилсон Увс аймгийн Засаг даргын 2020 оны Б/107, Б/114, Б/115, Б/116, 2021 оны Б/08, Б/24 дүгээр  тушаалуудыг тус тус хүчингүй болгосон,

     - Увс аймгийн Засаг дарга Ч.Ч-ийн “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжуудаар Ё.М-ыг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, Г.О-ыг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр, Н.Б-ыг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр, С.Ц-г 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, Б.П-ийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, Ц.А-г 2024 оны 9 дүгээр сарын 20-ны  өдөр тус тус албан тушаалаас нь чөлөөлсөн,

      - Монгол Улсын ТАЗ-ийн 2021 оны 03 сарын 03-ны өдрийн 68 дугаар “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай” тогтоолоор, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 118 дугаар “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай”  захирамж /Г.Б-ийг аймгийн Засаг даргын тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон/ нь Төрийн албаны тухай хууль, Захиргааны  ерөнхий хууль зөрчсөнийг тогтоож, тогтоолын биелэлтийг хэрэгжүүлэн тус захирамжийг хүчингүй болгож, биелэлтийн талаар 2021 оны 3 сарын 17-ны өдөр хариу ирүүлэхийг Засаг дарга Ч.Ч-д үүрэг болгосон зэрэг  үйл баримт хэрэгт тус тус тогтоогдсон байна.

     8. Нэхэмжлэгч ТАЗ нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан зохицуулалтаас, төрийн албанд хууль бусаар томилсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба нэхэмжлэгч нь энэхүү хуулийн зохицуулалтыг баримтлан 2022 оны 7 дугаар сараас 2022 оны 12 сарыг дуустал хугацаанд Г.Б-д олгосон цалин хөлс, 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд Ё.М-д олгосон цалин хөлс, 2022 оны 7 дугаар сараас 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Ц..Ад  олгосон цалин хөлс,  2022 оны 7 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд  Г.О-д олгосон цалин хөлс, 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд С.Ц-д олгосон цалин хөлс, 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд Б.П-т  олгосон цалин хөлс, 2022 оны 7 дугаар сараас 2023 оны 7 дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд Н.Б-т олгосон цалин хөлсийг тус тус төрийн албанд хууль бусаар томилсноос учирсан хохиролд тооцож  шаардах эрхгүй  байна. 

       Учир нь, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2019 оны 1 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан: “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэх заалтад, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж өөрчилсөн байна. Тодруулбал, тухайн заалтад төрийн албанд “хууль бусаар томилсон” гэсэн хэм хэмжээг шинээр нэмсэн байна.

      Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хариуцагч Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Ч-ийн сонгон шалгаруулалтгүйгээр төрийн жинхэнэ албан тушаалд иргэн Ц..А, Г.О, Н.Б, С.Ц, Ё.М, Б.П, Г.Б нарыг томилсон үйл баримт нь 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 01, 4  дүгээр сард тус тус  болсон байх бөгөөд тухайн  үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтаар, зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан нь тогтоогдсон тохиолдолд төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр хуульчилсан байсан бөгөөд тухайн зохицуулалтаар төрийн албанд хууль бусаар томилсон буруутай шийдвэрийн үр дагавар буюу төрд учирсан хохирлыг шаардах эрх зүйн үндэслэлийг хуульчлаагүй байжээ. 

      Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт,  2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлт буюу “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон...” гэх нэмэлт өөрчлөлт нь тухайн хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойших хугацаанд төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон үйл баримтад үйлчилнэ. 

      Хууль буцаан хэрэглэх асуудал нь шинээр батлагдсан хуулийг түүнийг дагаж мөрдөхөөс өмнө бий болсон харилцаа буюу болж өнгөрсөн үйл баримтад хэрэглэх ойлголт бөгөөд энэ нь маргалдагч нэг буюу 2 талын эрх, хууль ёсны  ашиг сонирхлыг хөндөхгүй буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн нөхцөлд хэрэглэх үндэслэл болдог. 

     Талуудын хооронд үүссэн маргаанд шинээр баталсан хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл бий болоогүй байх тул Төрийн албан тухай хуульд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар шинээр нэмсэн хэм хэмжээг хэрэглэн  хохирол шаардах үндэслэлгүй.            

    Иймд нэхэмжлэгч ТАЗ нь 2022 оны 7дугаар сарын 05-ны өдөр шинээр батлагдсан Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтыг баримтлан тухайн хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх буюу 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 1, 4  дүгээр сард болсон үйл баримтын үр дагавар буюу хохирол арилгуулахаар шаардлага гаргах эрхгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв. Дээрх үндэслэлүүдээр, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.       

      9. Харин Г.Б-ийн хувьд, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/51 дүгээр захирамж /1-р хх-ийн 107-р тал/-аар түүнийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилж, тус захирамж гарсантай холбогдуулан /захирамжийн 3 дахь заалтаар/ Г.Б-ийг Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/118 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцжээ.

       Г.Б нь Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/51 дүгээр захирамжийн үндсэн дээр 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг дуустал тус аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажилласан байх бөгөөд энэ хугацаанд түүнд олгосон цалин хөлс болон түүнийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч төрийн албанаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор олгосон нэг удаагийн буцалтгүй тусламжийг тус тус төрийн албанд хууль бусаар томилсноос учирсан хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

        Учир нь, Увс аймгийн Засаг дарга Ч.Ч нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/51 дүгээр захирамжаар Г.Б-ийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон тухайн цаг хугацаанд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт орсон нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан байх боловч  уг заалтыг баримтлан хохирол гаргуулахаар шаардах эрхийн хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

       Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т: “иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж,

     мөн зүйлийн 50.2-т: “төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус  заасан байна.

        Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, ТАЗ нь төрийн албанд хууль бусаар томилсны улмаас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй боловч тухайн албан тушаалтны гаргасан шийдвэр нь хууль бус болохыг төрийн албаны төв байгууллага буюу Монгол Улсын ТАЗ, эсхүл шүүх тогтоосон тохиолдолд тухайн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хэрэгжүүлэхээр байна.

       Гэтэл Увс аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/51 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоосон, хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн шийдвэр буюу Монгол улсын ТАЗ-ийн тогтоол болон шүүхийн шийдвэр гарсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Тодруулбал, Г.Б-ийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон Засаг даргын захирамж нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалт болон түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актуудыг зөрчсөн буюу хууль бусаар томилсон болохыг тогтоосон, уг захирамжийг хүчингүй болгосон үйл баримт хэрэгт тогтоогдоогүй байна.            

      Иймд нэхэмжлэгч Монгол Улсын ТАЗ нь Г.Б-д 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойших хугацаанд олгосон цалин хөлс болон өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдсөнтэй холбоотой олгосон нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг тус тус хариуцагч Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Ч-ээс нэхэмжлэх шаардах эрхийн хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

       10. Дээрх үндэслэлүүдээр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний  өдрийн 318/ШШ2025/00645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 318/ШШ2025/00645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Нэхэмжлэгч Монгол Улсын ТАЗ нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөнийг дурдсугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

        Д                                        ДАРГАЛАГЧ,

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.АЛТАН

                                                                        ШҮҮГЧ                             М.НЯМБАЯР

                                                              ШҮҮГЧ                             Н.МӨНХЖАРГАЛ

АРГАЛ