Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 737

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Баярмаа, 

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Н.Я нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Хөхдан овогт Нарангийн Н.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911000000944 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 5 ам бүл, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, Баянхошууны 11-6 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хөхдан овогт Нарангийн Н.Я /РД: ДЮ89020471/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Н.Я нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Я нь 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Эрдэнээг архи уулаа гэх шалтгаанаар толгой руу нь чулуугаар 2-3 удаа цохиж, зодон эрүүл мэндэд нь "зүүн зулайн хуйх, дагзны хуйхны язарсан шарх, хүзүү, зүүн хацар, зүүн нүдний гадна булан дээд уруул, уруулын зүүн хажуу хэсэг, зүүн чихний дэлбээний зулгаралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний эмтрэл бүхий" хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Н.Ягийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай нагац дүү Эрдэнээ ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн байхыг мэдээд Д.Эрдэнээд хандан ажлын цагаар архи уулаа гэж загнахад улам онгирч гудамж, талбайд агсарч хүмүүс рүү гартаа чулуу барьчихаад агсараад байхаар нь би гарт нь байсан чулууг нь булаан авч, чулуугаар толгой руу 1 удаа цохичихсон юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 33-34х/,

 

хохирогч Д.Эрдэнээгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод ирж, нагац ах Н.Ягийн гэрт амьдарч байгаа. 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр миний найз Баяндалай нь Казакстан улсаас ирсэн. Би найзыгаа ирсэн гээд 0,5 литрийн Виски авч уусан. Тэгсэн нагац ах Н.Я уурлан, ажлын цагаар архи уулаа гээд улмаар чулуугаар 2-3 удаа миний толгой руу цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

 

гэрч Г.Мөнхнарангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нөхрийн ажлын байран дээр ирэхэд Эрдэнэ ажлын цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, гартаа чулуу барьчихсан, агсам согтуу тавиад тэр хавиар орилж хашгараад хүн цохиж авах гээд байхад нь манай нөхөр Н.Ямдамсүрэн Д.Эрдэнийн гарт байсан чулууг булаан авч, тэр чулуугаар нь 1 удаа толгой руу цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/,

 

гэрч Г.Баяндалайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр би Казакстан улсаас ирж, найз Д.Эрдэнээтэй уулзаж 0.5 литрийн одоо нэрийг нь санахгүй байна "виски" авч ирж өгч, улмаар Д.Эрдэнээ уг "вискинээс" нэг нэг хундага ууя гээд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй 3 дугаар гудамжны эсрэг талын гудамжинд уухаар болсон. Тэгээд Эрдэнээ "виски" уугаад сууж байтал ах Н.Я нь ирж уурлан загнахад Эрдэнээ миний хажууд онгирч, гудамж талбайд агсарч, гартаа чулуу барьчихсан хүмүүс рүү орилж хашгарахад нь гарт нь байсан чулууг ах Н.Я булаан авч, чулуугаар толгой руу 1 удаа цохичихсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 35-36х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 10352 тоот "...Д.Эрдэнээгийн биед зүүн зулайн хуйх, дагзны хуйхны язарсан шарх, хүзүү, зүүн хацар, зүүн нүдний гадна булан дээд уруул, уруулын зүүн хажуу хэсэг, зүүн чихний дэлбээний зулгаралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний эмтрэл гэмтэлтт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 26х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Н.Яг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Хөхдан овогт Нарангийн Н.Яг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Яг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт  тус тус зааснаар Н.Яг шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Яд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ