Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 208/МА2025/00061

 

Т.Б******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 316/ШШ2025/00747 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.Б,

Хариуцагч Г.С*******, Б.Х******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн С******* сум баг, Хонгорморьт Гэрэлт хөшөө ******* тоот, ******* улсын бүртгэлийн дугаартай, 49 м.кв бүхий орон сууц, ********** нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1328 м.кв бүхий газрыг тус тус гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгож, өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С******* нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

Т.Б би Г.С*******тэй 1987 онд гэр бүл болж, 2010 оны 02 сард захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан. Бид 13 жил 8 сар 3 хоног хамт амьдарч, бидний дундаас хүү Б******* Х*******, охин Б******* Т******* нар төрсөн. Бид ам бүл 6 амьдардаг байсан. Биднийг салахад бага хүү Б.Х******* 18 нас хүрсэн байсан. Гэр бүлийн хамтын амьдралын явцад эцэг хүний үүргийг Т.Б өөрийн хэмжээнд чадахаараа биелүүлсэн гэж үздэг.

 

Одоо би хорих ангид ял эдэлж байна, намайг гэх хүн төрсөн ээжээс минь өөр хүнгүй болсон. Илүү оройтохоос өмнө өөрийн хүч хөдөлмөрөөр бий болсон, бидний гэр бүлийн хамтын амьдралын явцад бий болсон хөрөнгүүдээс зөвхөн маргаан бүхий газар, орон сууцнаас өөрт оногдох хэсгийг авахыг хүсэж байгаа юм.

Иймд Т.Б нь гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгож, өөрт ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байх тул, хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

Түмт овогтой Б******* нэхэмжилсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүхийн 148/132024/01798 тоот захирамж, хэргийн нэхэмжлэлтэй бид танилцлаа. овогтой С******* миний бие нь Б овогтой Х******* гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж татгалзаж байгаа болно. Татгалзаж байгаа шалтгааныг дор бичсэн болно. Үүнд:

1. 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 142/11132023/07087 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан.

2. Нэхэмжлэгч Т.Б******* нэхэмжлэлийн дагуу Сэлэнгэ аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд Г.С******* ийг хариуцагчаар татаж, шүүх хурал нь 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймагт болсон. Уг шүүх хуралдаанд Т.Б нь өөрийн биеэр оролцож байсан. 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн 628-р тоот дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан.

3. Т.Б нь Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн тасагт 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* тоот гэрчилгээний дугаартай 49 м.кв хувийн орон сууцын өмчлөлөөс өөрийн гараар өргөдөл бичиж, өөрийн хүсэлтээр хасагдсан.

4. Миний бие Г.С******* нь Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн тасагт 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан Т.Б******* хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн С******* сумын багийн хэсэг 001 тоотод байршилтай 49 м.кв талбайтай хувийн сууцыг 5 хүний өмчлөлд бүртгүүлэх өргөдлийг гаргасан.

5. Сэлэнгэ аймгийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн албаны 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот дугаартай гэрчилгээнд 5 хүний өмчөөр Сэлэнгэ аймгийн С******* сумын багийн хэсэг 001 тоотод байршилтай 49 м.кв талбайтай хувийн сууцыг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар бүхий гэрчилгээг олгосон.

6. Т.Б нь Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн тасагт 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн С******* сумын багийн хэсэг 001 тоотод байршилтай ********** нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 1305.38 м.кв, тоот дугаартай газар өмчлөх эрхээс хасагдах хүсэлтийг өөрийн гараар бичиж, өөрийн хүсэлтээр хасагдсан.

7. Миний бие Г.С******* нь Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн тасагт 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан Т.Б******* хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн С******* сумын багийн хэсэг 001 тоотод байршилтай ********** нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 1305.38 м.кв, тоот дугаартай газар өмчлөх эрхийг 5 хүний өмчлөлд бүртгүүлэх өргөдлийг гаргасан.

8. 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Т.Б нь газар өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлээр хасагдаж, 5 хүний өмчлөлд шилжсэн.

9. Сэлэнгэ аймгийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн албаны 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн № *********** тоот дугаартай гэрчилгээнд 5 хүний өмчөөр Сэлэнгэ аймгийн С******* сумын багийн хэсэг 001 тоотод байршилтай ************ нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 1305.38 м.кв, гэрчилгээг олгож хууль ёсны өмчлөгчөөр бүртгэсэн.

10. 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өмчилсөн газрын өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусдад хамтран өмчлөгч болох Б.Б, Б.Т, Б.Т******* нар нь Г.С*******, Б.Х******* нарт 1305,38 м.кв газрыг бэлэглэх гэрээг байгуулсан.

11. Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гэрчилгээгээр Сэлэнгэ аймгийн С******* сумын баг, Хонгорморьт гэрэлт хөшөө гудамж ******* тоот байршилтай ************ нэгж талбарын дугаартай 1328 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай тоот гэрчилгээгээр 2 иргэн болох Б.Х*******, Г.С******* нар нь хууль ёсны өмчлөгч болж улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан.

12. Сэлэнгэ аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын кадастраар 1305.38 м.кв талбайн хэмжээ өөрчлөгдөж 1328 м.кв болж 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн кадастраар шинэчлэгдсэн.

13. Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гэрчилгээгээр Сэлэнгэ аймгийн С******* сумын баг, Хонгорморьт гэрэлт хөшөө гудамж ******* тоот байршилтай 49 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай ******* тоот гэрчилгээгээр 2 иргэн болох Б.Х*******, Г.С******* нар нь хууль ёсны өмчлөгч болж улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан.

14. Г.С******* миний бие нь Төв аймаг, Жаргалант сумын нутагт амьдарч байсан 2 өрөө байр болон эд хогшил, техникээ зарж Сэлэнгэ аймаг, С******* сум, баг, хэсэг, 001 тоот байрыг худалдаж авч байсан.

15. Г.С******* миний бие нь 1987 оны 04 дүгээр сарын 22-нд Т.Бтэй гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан.

16. Г.С******* миний бие 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн иргэний бүртгэл мэдээллийн албанд гэрлэлт цуцлуулах өргөдөл гаргасан. Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн CVL2443000001002149 тоот гэрлэлт дуусгавар болсны лавлагаагаар гэрлэлт цуцлагдсан болохыг баталж байна.

17. Т.Б нь 2010.02.01-ний өдөр Сэлэнгэ аймгийн иргэний бүртгэлийн албанд гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй, эд хөрөнгийн маргаангүй талаар өөрийн гараар өргөдөл бичиж өгч байсан.

18. Г.С******* миний бие нь Т.Б******* 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэр бүлээ цуцлуулсан. Бид 2 хууль ёсны эхнэр, нөхөр биш юм. Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн CVL2443000001002148 тоот гэрлэсний бүртгэлгүй лавлагаагаар эхнэр, нөхөр биш болохыг баталж байна.

19. Т.Б, Л.Х /төрсөн ээж нар нь 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр болсон шүүх хуралдааныг зохион байгуулж байсан бөгөөд одоо Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь шунал шунахайн сэдэлтэй байна. Өмнө нь энэ 2 хүн нь бидний өмчид халдаж, өмч болох хувийн сууцны вакум цонхыг хагалсан, хаалганы цоож эвдэх зэрэг сөрөг үйлдлүүд гаргаж байсныг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст тухайн үед дуудлага өгч бүртгүүлэн шалгуулж, цагдаагийн хамгаалалтад авхуулж байсан.

Иймд Г.С*******, Б.Х******* нар нь өөрийн өмчлөлийн газар болон хувийн сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд Т.Б г оруулахаас татгалзаж байна. Нэхэмжлэгч Т.Б д ногдох хэсгийг өгөхөөс татгалзаж байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 316/ШШ2025/00747 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн С******* сум баг, Хонгорморьт Гэрэлт хөшөө ******* тоотод байрлах, ******* улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, ********** нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг гэр бүлийн гишүүд /нөхөр Б (РД: ), эхнэр гийн С******* (РД: ), төрсөн хүүхэд Б******* Хонгорбиндэрьяа (РД: , Б******* Т******* (РД: , дагавар хүүхэд Б******* Б (РД: , Б******* Т (РД: / нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоож, дээрх хувийн сууц, газраас ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 148/Ш32024/01798 дугаартай шүүгчийн захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэх бөгөөд тухайн шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дээрх арга хэмжээ хүчингүй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Тус шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн гэж үзэж, нэхэмжлэгч Т.Бд ногдох хэсэг нь 7,602,280 төгрөг гэж үзсэн. Нэхэмжлэгчийн зүгээс өөрт ногдох хэсгийг л авахыг хүсэж байгаа. Гэтэл хөрөнгийг эхнэр болон үр хүүхдэдээ шилжүүлэх хэлцэл хийсэн, мөн агуулга бүхий хүсэлт гаргасан гэж үзэж, өөрт ногдох хэсгээ авахаас татгалзсан гэж үзэж, ногдох хэсгээ авах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Т.Б******* зүгээс уг хөрөнгийг бүхэлд нь авъя гээгүй, бүхэлд нь өмчлөх эрхтэй гээгүй, өөрт ногдох хэсгийг минь өгөөч л гэж хүссэн. Өмчлөх эрхээ шилжүүлсэн гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй, Т.Б******* зүгээс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг зарах, шилжүүлэх утга бүхий хэлцэл хийгээгүй, өөрийн гараар тийм хүсэлт ч өгөөгүй. Энэ байдлыг шүүх хуралдааны туршид тайлбарлаж хэлсэн.

Мөн хамгийн их гомдолтой байгаа зүйл бол Т.Б хөрөнгөтэй байхад нь өөрт нь байсан бүх хөрөнгийг эхнэр, хүүхдэдээ өгсөн. Ганц үлдсэн хөрөнгө гэж бодож байсан үл хөдлөх хөрөнгийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн, хариуцагч өөрт болон үр хүүхдийн нэр дээр шилжүүлж авсан байна.

Нэг гэр бүл байсан байж шоронд орсон гээд Т.Б гаргуунд гаргаж, хаясан. Яахав хүмүүс салсан байж болно, ядаж үр хүүхэд нь эргэж, тойрч, холбоотой байж эцгийнхээ элгийг дэвтээж болно доо, гэтэл тэр чигт нь хаяж, одоо чамаас авах зүйл байхгүй гэж байгаа юм шиг ямар ч холбоогүй, нэг ч удаа эргэж очоогүй.

Хариуцагч шүүх хуралдааны явцад шуналтай гэж буруутгасан. Гэтэл Т.Б шуналтай, хадам ээж намайг буруутгасан зүйл хэлэхээсээ өмнө үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, эцгийгээ хүндлэх наад захын ёс заах аргыг бодмоор хэний удам, угсаа, хэний үр хойч гэдгийг нь ойлгуулмаар юм. Т.Б******* бие муу, одоо дахин хөдөлмөр эрхэлж, орон гэртэй болно гэж байхгүй. Ядаж энэ хөрөнгөөс нь өөрт нь ногдох хэсгийг гаргуулах л хүсэлтэй юм.

Шүүхийн шийдвэрээр өмчлөгч биш болсон үндэслэлээр өөрт ногдох хэсгээ гаргуулах эрхгүй гэж үзсэн нь хууль бус болсон. Хариуцагчаас хуурамч бичиг баримт бүрдүүлэн өмчлөх эрхтэй болсныг, мөн бичиг баримтыг үндэслэн Т.Б өөрт ногдох хэсгийг авах эрхгүй болсон гэж үзсэнийг шударга бус гэж үзэж байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 316/ШШ2025/00747 дугаартай шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С******* шүүхэд ирүүлсэн болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

Түмт овогтой Б нь Сэлэнгэ аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 09-нд гомдол гаргасан байна.

1. Сэлэнгэ аймаг С******* сум баг, Хонгорморьт гэрэл хөшөө гудамж ******* тоот хаягт байршилтай, хувийн орон сууцны зориулалттай, тоот дугаартай, Ү-1317002681 дугаарын гэрчилгээтэй, 49 м.кв талбайтай хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1328 м.кв газар /үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг/-г тус тус гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгож, өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага;

2. Сэлэнгэ аймгийн С******* сум баг, Хонгорморьт гэрэл хөшөө гудамж ******* тоот хаягт байршилтай, хувийн орон сууцны зориулалттай, тоот дугаартай, Ү-1317002681 дугаарын гэрчилгээтэй, 49 м.кв талбайтай хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1328 м.кв газрын үнэлгээг Ашид билгүүн хөрөнгө ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 45.613.680 төгрөгөөр үнэлэгджээ. Нэг хүнд 7.602.280 төгрөг авахаар Түмт овогтой Б******* шүүхэд гаргасан гомдолтой бид тус тус танилцлаа.

овогтой С******* миний бие нь Б овогтой Х*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд бид нэхэмжлэлийн шаардлагыг, давж заалдах шатны гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж татгалзаж байгаа болно. ...Сэлэнгэ аймгийн Сүхбатар сумын анхан шатны шүүхэд 2024.11.29-ны өдөр ирүүлсэн Б******* хүсэлтэд дурьдсан Ү-1317002681 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө бидэнд байхгүй. ... Мөн бид Бид 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймагт шүүх хуралд оролцож дуусаад өөрийн өмчийг эргэхээр очиход бидний суурилуулж тавьсан 600,000 гаран мянган төгрөгийн камерыг урд өдөр нь эвдэж хаясан байсан. Уг камерын бичлэг нь гар утаснаасаа хянаж харах боломжтой байдаг ба камерын бичлэг нь шүүх хурал болохоос нэг хоногийн өмнөөс бичлэг дамжуулахгүй ажиллахаа больсон тухай Сэлэнгэ аймгийн цагдаад хандан, дахин хамгаалтад авах хүсэлтийг гаргаж, тухайн хэсэг хариуцсан цагдаатай биечлэн уулзаж танилцуулсан.

Л.Х нь нэхэмжлэлдээ үр хүүхдүүд нь эргэж тойрдоггүй гэж илтэд биднийг гүтгэж байна. Хүү Б******* Х******* нь эцэг Б Сэлэнгэ аймгийн хорих ангид 1 жил 5 сар байх хугацаанд нь 7 хоногт 2 удаа эргэж очих бүртээ 200,000-300,000 төгрөгийн зардал гарган эргэдэг байсан. Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын хорих ангид байх үед нь 1 жилийн дотор эргэж очих бүртээ 400,000-500,000 төгрөгийн зардлыг үр хүүхдүүдээс нь нийлүүлж эргэж тойрч байсан. Мөн хүргэн Дөөшкө нь 2024 онд 500,000 орчим мянган төгрөгөөр эм тариа болон утсаар ярьсан хүсэлтийн дагуу шаардсан зүйлийг нь Монгол шуудангаар илгээмж явуулсан. Хамгийн сүүлд хүү Б.Хонгорбиндэрьяа нь 2024 оны 11 сарын өдөр 25-ны өдөр 400,000 орчим мянган төгрөгийн зардал гарган аавыгаа эргэсэн болно. (Энэ өдөр нь Л.Х нь хүү Б эргээд гарсан байсан). Т.Б хэрэгт холбогдох бүрт нь бид өөрсдийн чадлаар эргэж байсан бөгөөд эргээд байхад эргэхгүй байна гэж удаа дараа худал гүтгэн, гүжирдэж байгаад харамсалтай байна. Бид доромжлуулан барин эргэхийг хүсэхгүй байна. Мөн бид урьд өмнө нь эргэж байсан бүх эргэлт үгүйсэгдэж байгаа учраас холбогдох байгууллагаас эргэж байсан он сар өдөр, эргэлтээр хэн очиж байсан түүхийг гаргуулан авах болно. Г.С******* миний бие нь төрсөн 4 хүүхдээ Бгээр овоглох хүсэлгүй байгаа тул өөрийн овог нэрээр овоглох хүсэлтэй байна.

Т.Б******* нэхэмжлэлтэй давж заалдах гомдолд өөрийн өмчлөлийн газар болон хувийн сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд Т.Б оруулах, Т.Б ногдох хэсгийг өгөхөөс тус тус татгалзаж байгаа болно. 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны 316/ШШШ2025/00747 тоот шүүхийн шийдвэр нь шударга, үнэн зөв, шийдвэр гарсан гэж үзэж уг гарсан шийдвэрийг дэмжиж байгаа болно гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хгийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Т.Б******* нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Хэргийг судлан үзвэл:

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Г.С*******, Б.Хонгорбиндэрьяа нарт холбогдуулан Сэлэнгэ аймгийн С******* сум баг, Хонгорморьт Гэрэлт хөшөө ******* тоот, ******* улсын бүртгэлийн дугаартай, 49 м.кв бүхий орон сууц, ********** нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1328 м.кв бүхий газрыг тус тус гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгож, өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

НэхэмжлэгчТ.Б нь ...Т.Б би Г.С*******тэй 1987 онд гэр бүл болж, 2010 оны 02 сард захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан... ...Илүү оройтохоос өмнө өөрийн хүч хөдөлмөрөөр бий болсон, бидний гэр бүлийн хамтын амьдралын явцад бий болсон хөрөнгүүдээс зөвхөн маргаан бүхий газар, орон сууцнаас өөрт оногдох хэсгийг авахыг хүсэж байгаа юм. Иймд Т.Б нь гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгож, өөрт ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байх тул, хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэж маргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х ...Шүүхийн шийдвэрээр өмчлөгч биш болсон үндэслэлээр өөрт ногдох хэсгээ гаргуулах эрхгүй гэж үзсэн нь хууль бус болсон. Хариуцагчаас хуурамч бичиг баримт бүрдүүлэн өмчлөх эрхтэй болсныг, мөн бичиг баримтыг үндэслэн Т.Б өөрт ногдох хэсгийг авах эрхгүй болсон гэж үзснийг шударга бус гэж үзэж байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 316/ШШ2025/00747 дугаартай шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.... гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь: Анхан шатны шүүхээс зохигчдын гэх бүл болж хамтын амьдралаа үргэлжлүүлэх үед бий болсон маргаан бүхий Сэлэнгэ аймгийн С******* сум баг, Хонгорморьт Гэрэлт хөшөө ******* тоот, ******* улсын бүртгэлийн дугаартай, 49 м.кв бүхий орон сууц, ********** нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1328 м.кв бүхий газар нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх заалтад заасан шинээр бий болсон хөрөнгөд хамаарч байх тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй талаар дүгнэж өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

Харин Нэхэмжлэгч Т.Б өөрөө хэлцэл хийх замаар Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өөрт оногдох хувийн орон сууц, газрын ногдох хэсгийн өмчлөх эрхийг дуусгавар болгож, бусад гэр бүлийн гишүүд тухайн ногдох хэсгийн өмчлөгч болсон талаар дүгнэж, дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Т.Б тухайн хувийн сууц, газрын өөрт ногдох хэсгээ хэлцэл хийх болон хүсэлт гаргах замаар бусдад гэр бүлийн гишүүдэд шилжүүлсэн байх ба түүний хүсэлтийг үндэслэн Улсын эрхийн бүртгэлд нэхэмжлэгчийн өөрт ногдох хэсгийг гэр бүлийн гишүүд нь өмчлөгчөөр бүртгэгдснээр нэхэмжлэгч Т.Б тухайн хувийн сууц, газрын өөрт ногдох хэсгийн өмчлөгч биш болсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

Нэхэмжлэгч Т.Б нь өөрийн дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт ногдох хөрөнгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэгч Т.Б гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг улсын бүртгэлээс хасуулах тухай хүсэлт гаргасан тухайн хүсэлтийн дагуу Улсын эрхийн бүртгэлд бүртгэгдсэн тус бүртгэл нь хуулийн хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэгчид ногдох хөрөнгийн хэсгийг бусад гэр бүлийн гишүүдээс гаргуулах боломжгүй.

Түүнчлэн 2011 онд нэхэмжлэгч Т.Б хариуцагч Г.С******* болон С******* сумын тойргийн нотариатч Р.Төгсбаяр нарт холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхэд тус шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 628 дугаартай захирамжаар тухайн маргааныг Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэсэн үндэслэлээр түүний гаргасан нэхэмжлэлийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х нь Орхон аймаг дахь сум дундын шүүхэд хандсан Т.Б******* үл хөдлөх хөрөнгийн эрхийг сэргээх тухай нэхэмжлэл гаргасан байх ба Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 сарын 19-ны өдрийн 7087 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Т.Б******* хүсэлтээр хийгдсэн Улсын бүртгэл хүчин төгөлдөр тул энэхүү маргааныг шийдвэрлэх харьяалал биш гэдэг үндэслэлээр түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 316/ШШ2025/00747 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 316/ШШ2025/00747 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИГ