Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 053

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны хуралдааныг шүүгч М.Риза , тус шүүхийн шүүх хуралданы танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн оршин суугч, Шеруши овогт Алимханы Хадысын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: - Бугат сумын Засаг даргад ;

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий Бугат сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай Б/37 дугаар захирамжийн тус сумын 2 дугаар багийн Засаг даргаар К.Батырханыг томилсон хэсгийг хүчингүй болгох, А.Хадысыг тус 2 дугаар багийн Засаг даргаар томилохыг сумын Засаг даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай тай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: А.Хадыс, хариуцагч Бугат сумын Засаг дарга А.Хайв, гуравдагч этгээд К.Батырхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Миний бие Алимханы Хадыс Бугат сумын 2 дугаар багийн Засаг даргаар 2005 оноос эхлэн 4 дэх удаагаа сонгогдон ажиллаж ирсэн. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус багийн Засаг даргыг сонгох ээлжит багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2 иргэн багийн Засаг даргад өрсөлдсөн ба А.Хадыс би багийн Хурлын хуралдаанд оролцсон нийт иргэдийн 60.5 хувийн саналыг авч багийн Засаг даргаар дахин сонгогдсон билээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасны дагуу багийн Хурлын хуралдааныг даргалагч К.Хавдилмалик багийн Засаг даргыг томилохыг уламжлах тухай 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг баталгаажуулж, сумын Засаг дарга Х.Хайвт хүргүүлсэн боловч 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 52 дугаартай албан бичгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн А.Хадыс нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар тогтоолоор баталсан журмын 1, 2 дугаар заалтад багийн Засаг даргад нэр дэвшигч нь дээд боловсролтой байх заалтыг зөрчсөн. Багийн Засаг даргад тавигдах шаардлагыг тус тус зөрчсөн маргаантай тул багийн Засаг даргаар томилохоос татгалзахыг үүгээр мэдэгдэж байна. Иймд багийн Хурлын хуралдаанд 2 дугаар багийн Засаг даргын орон тоонд өрсөлдөж олонхийн санал авч болзол хангасан дараагийн нэр дэвшигчийг багийн Засаг даргаар томилуулах саналыг ирүүлнэ үү гэсэн хариуг 2 дугаар багийн Хурлын Тэргүүлэгчдэд ирүүлсэн байна.

Бугат сумын Засаг дарга Х.Хайвын энэ үйлдэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан багийн Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлага болох шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөргүй байх, ялгүй байх гэсэн хуульд заасан шаардлагаас давж үндэслэлгүй болзол тавьсан хууль бус татгалзал болно.

Түүнчлэн надтай багийн Засаг даргад нэр дэвшин багийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн 37.1 хувийн саналыг авч ялагдал хүлээсэн К.Батырханыг буюу 2 дугаар багийн Засаг даргын орон тоонд өрсөлдөж олонхийн санал авч болзол хангасан дараагийн нэр дэвшигчийг багийн Засаг даргаар томилуулах саналыг ирүүлнэ үү гэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан ...уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд төлөөлөгчдийн олонхийн буюу 50-ас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгосны дагуу хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар сумын Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилох гэснийг тус тус зөрчсөн, илт хууль бус, тулган шаардсан үйлдэл байсан бөгөөд сумын Засаг даргын дээрх албан бичгийг хууль бус хэмээн үзэж, багийн иргэдийн Нийтийн Хурлаас А.Хадысыг багийн Засаг даргаар томилох шийдвэр гаргуулахыг хүссэн утга бүхий дахин албан бичиг хүргүүлсэн. Гэвч намайг ажлаас чөлөөлж, К.Батырханыг томилсон хууль бус шийдвэр гаргалаа. Энэхүү томилгоо нь шууд улс төрийн үзлээр ялгаварлан гадуурхсан үйлдэл бөгөөд багийн Засаг даргад өөрийн намын хүн буюу МАН-ын гишүүнийг томилсон. Бугат сумын Засаг дарга Х.Хайвт хандаж ард иргэдийн саналыг хүндэтгэж намайг томилохыг хүссэн боловч хүлээж аваагүй.

Сумын Засаг даргын дээрх үйлдэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасан ...баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргыг огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах... гэснийг зөрчиж тухайн багийн Хурлын бүрэн эрхэд халдсан гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай Б/37 дугаар захирамжийн К.Батырханд холбогдох хэсгийг хүчингүй болгож, А.Хадыс намайг Бугат сумын 2 дугаар багийн Засаг даргаар томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

А.Хадыс нь Бугат сумын 2 дугаар багийн Засаг даргаар урьд өмнө сонгогдон ажиллаж байсан нь үнэн. А.Хадысын гэр бүл, ах дүүс, төрөл садангийн болон танил, ойр дотны хүмүүс амьдардаг уг баг нь түүний ажиллаж байсан хугацаанд нийгмийн хөгжлийн ямар ч дэвшил хөгжилд хүрч чадаагүйгээс гадна ажилдаа хариуцлагагүй хандсан, түүний хариуцсан багийн нутаг дэвсгэрийн байгаль, экологийн хэвийн тэнцвэрт байдалд сөрөг өөрчлөлт бий болж, хадлан бэлчээр сүйдэж, төлөвлөлт зохион байгуулалт алдагдсанаас гадна явцуу хүрээнийхэнд алагчлах байдлаар үйлчилж байснаас нутгийн уугуул иргэдийн эрх ашиг зөрчигдөж, дургүйцэл газар авч төрийн залгамж үйл ажиллагаа зогсонгид орж, төрийн албан хаагчид итгэх итгэл алдагдсан юм.

А.Хадыс нь үүрэгт ажлаа дорвитой хийлгүй хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө үйлчилж ашиг сонирхол харж, шууд илэрхийлэхэд огт ажиллаагүйгээс тус багт төрийн ажил үгүй болсон юм.

А.Хадыс нь бага боловсролтой бөгөөд түүний боловсролын байдлыг харгалзаж үзэх нь үндэслэлтэй байсан юм.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-д ...нэр дэвшүүлэх хүсэлтийг сумын Засаг даргад уламжлах... гэж заасан болохоос томилохыг даалгах гэж тусгаагүй байдаг. Энэ заалтын дагуу томилох эсэхийг шийдвэрлэдэг юм. Ингэхдээ дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй гэсэн заалтыг дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзаж үзсэний үндсэн дээр А.Хадысыг тус сумын 2 дугаар багийн Засаг даргаар томилохоос татгалзаж томилоогүй юм.

Бугат сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан журмаар дахин нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргаж А.Хадысын материалыг дахин ирүүлээгүй тул хуулийн 26.4 дэх заалтыг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзээд К.Батырханыг багийн Засаг даргаар томилсон, А.Хадысын ажиллах бүрэн эрхийн хугацаа дууссаныг захирамжид дурдсан байгаа.

Мөн сумын Засаг даргын хувьд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд багийн Засаг даргыг сонгох талаар санал оруулсан ба уг саналыг дэмжиж, тогтоол гаргаж, журам баталсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан уг журмын 1,2 дугаар заалтад багийн Засаг даргад нэр дэвшигч нь дээд боловсролтой байх гэж заасныг үндэслэсэн юм. Энэ тогтоолоор өнөөгийн тавигдаж буй зорилт шаардлагын дагуу багийн Засаг дарга нарыг дээд боловсролтой чадварлаг болохыг зорьж дээрх журмыг баталсан байгаа. Тухайн үед 3, 4 дүгээр анги төгссөн дээд боловсролгүй, монгол хэл мэдэхгүй, компьютерынпрограмм сайн эзэмшээгүй багийн Засаг даргад нэр дэвших хүмүүс нэлээн олон байсан учраас би Тэргүүлэгчдийн хуралдаанд багийн Засаг даргад дээд боловсролтой иргэдийг өрсөлдүүлэх санал оруулсан юм. Иймээс багийн Засаг даргад нэр дэвшигчдийн боловсрол, мэргэжил, төрийн байгууллагад ажилласан байдал нь ямар байгааг бүртгүүлэх үед цуглуулсан материалаас олж авсан юм. Эдгээр нэр дэвшигчдийн материалыг бүрдүүлж авсны дараа Улаан-толгой баг буюу 2 дугаар багийн Засаг даргад Ардчилсан намаас А.Хадыс, Монгол ардын намаас К.Батырхан нар нэр дэвшсэн ба хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтад нам, эвслээс багийн Засаг даргад нэр дэвших талаар тодорхой заасны дагуу бид нэр дэвшүүлсэн. Багийн Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан учраас 4 жилийн хугацаатай ажиллах ба 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл багийн Засаг дарга нарыг сонгох санал хураалтын ажиллагааг явуулж дуусгасан байгаа.

Өмнөх Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаа гэрээнд заасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дуусах учраас бид уг хугацааг хүлээж байгаад хугацаа нь дуусгавар болсноос хойш Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргад тухайн Хуралд дахь нам, эвсэл, бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэсний дагуу санал ирүүлсэн байсан.

А.Хадысыг 2 дугаар багийн Засаг даргаас чөлөөлөх тухай 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/37 дугаартай захирамжид дээрх үндэслэлүүд болон холбогдох хуулийн заалтуудыг баримталсан болохоор хууль зөрчигдөөгүй гэж үзэж байна.

Иймд А.Хадысын нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээдээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Би 2010 онд Монгол Улсын Их сургуулийн Завхан аймаг дахь эдийн засгийн салбар сургуулийг банкны эдийн засаг ня-бо мэргэжлээр төгссөн. Дээд сургууль төгссөнөөс хойш ажилгүй байсан. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Бугат сумын 2 дугаар багийн ээлжит иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд багийн Засаг даргад нэрээ дэвшүүлсэн. Үүнд Бугат сумын Засаг даргын шаардсан дээд боловсролтой бөгөөд санхүүгийн хувьд ямар нэг зөрчилгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй талаарх материалыг бүрдүүлж, Засаг даргад нэр дэвшүүлэх бүрэн боломжтой болсон. 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр намайг Б/37 дугаартай захирамжаар тус багийн Засаг даргаар томилсон. Энэ хугацаанд байгууллага, холбогдох хэлтсээс явагдсан сургалт болон судалгаанд хэд хэдэн удаа хамрагдаж, төрийн ажил болон 2 дугаар багийн ард иргэдтэй хамтран ажиллаж, үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. Улаан толгой буюу 2 дугаар баг бол миний хувьд хар багаасаа төрж өссөн уугал нутаг учир тус багийн ард иргэдтэй цааш хамтран ажиллах бүрэн боломжтой.

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тухайн багийн Засаг даргыг сонгох санал хураалт хуулийн хүрээнд явагдсан. Нийт 340 сонгогч санал өгсөн ба миний бие 140 хүний саналыг авсан, уг санал хураалтын өмнө багийн Засаг даргад дээд боловсролтой иргэд нэр дэвшүүлнэ гэсэн сумын Хурлын Тэргүүлэгчдээс гаргасан тогтоолын дагуу би багийн Засаг даргад нэрээ дэвшүүлсэн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Хадысын өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Урьд нь нэхэмжлэгч сумын Засаг даргын Б/37 тоот захирамжийг бүхэлд хүчингүй болгуулах, тус сумын 2 дугаар багийн Засаг даргаар томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай шаардлага гаргасан. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг багасгаж, зарим хэсгийг татгалзсан ба одоогоор үлдсэн шаардлага нь сумын Засаг даргын Б/37 дугаар захирамжийн К.Батырханыг тус сумын 2 дугаар багийн Засаг даргаар томилсон хэсгийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 2 дугаар багийн Засаг даргаар А.Хадысыг томилохыг Бугат сумын Засаг даргад даалгах тухай байгаа. Татгалзсан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж хэлэхэд, нэгэнт өмнөх хугацаанд багийн Засаг даргаар ажиллах бүрэн эрхийн хугацаа дууссан учраас түүнийг чөлөөлсөн асуудалд маргаагүй болно.

Сумын Засаг даргын хувьд дараах 3 үндэслэлээр А.Хадысыг багийн Засаг даргад томилохоос татгалзсан байдаг. Үүнд, нэгдүгээрт журам ёсоор багийн Засаг дарга нь дээд боловсролтой байх, хоёрдугаарт, А.Хадыс нь багийн Засаг даргаар ажиллах хугацаанд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, гуравдугаарт, хуульд зааснаар 15 хоногийн дотор дахин нэр дэвшүүлэх тогтоол гаргаж ирүүлээгүй гэсэн үндэслэлүүдээр А.Хадысыг багийн Засаг даргаар томилоогүй гэж хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд нэмж хэлсэн тайлбарт дурдаж байна. Засаг даргыг сонгох санал хураалтын ажиллагаанд 2 иргэн өрсөлдсөн ба үүнээс нэр дэвшигч А.Хадыс нь санал хураалтад оролцсон нийт иргэд, сонгогчдын 60.5 хувийн саналыг авч багийн Засаг даргаар дахин сонгогдсон байдаг. Улмаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар тус багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор багийн Засаг даргад иргэд, сонгогчдын олонхийн саналыг авсан А.Хадысыг томилуулах саналыг сумын Засаг дарга Х.Хайвт хүргүүлсэн байна. Сумын Засаг даргаас мэдэгдэл бүхий албан бичиг явуулсан ба уг мэдэгдэлд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс гаргасан журамд заасан дээд боловсролтой байх гэсэн шаардлагыг нэр дэвшигч А.Хадыс ханаагүй гэж татгалзсан ба дараагийн шаардлага хангасан хүний нэрийг дэвшүүлэх саналыг багийн ХурлынТэргүүлэгчдэд ирүүлсэн юм. Гэвч сумын Засаг даргын энэхүү мэдэгдэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан багийн Засаг даргад нэр дэвшигч нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөргүй байх, ял шийтгэлгүй байх гэсэн хуулийн шаардлагаас давсан, үндэслэлгүй татгалзал болсон гэж бид үзэж байгаа.

Ер нь хуулиас давсан ямар нэгэн дүрэм, журам баталж болохгүй бөгөөд үйл ажиллагааны журмыг гагцхүү хуульд нийцүүлэн гаргах ёстой гэдгийг Үндсэн хуульд тусгасан байдаг. Түүнчлэн 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвшиж болзол хангасан дараагийн нэр дэвшигчийг томилуулахаар санал ирүүлэх гэж дурдсан ба дараагийн нэр дэвшигч нь К.Батырхан байсан нь тодорхой байна. Учир нь тухайн багийн Засаг даргад хоёрхон хүн нэр дэвшсэн байдаг. Гэвч сонгогчдын олонхийн саналыг аваагүй, 37 хувийн санал авч ялагдал хүлээсэн, багийн Засаг даргад нэр дэвших болзол журмыг ханаагүй хүний нэрийг томилуулахаар санал ирүүл гэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан ... 50-иас дээш хувийн санал авсан иргэний нэрийг томилуулахаар санал болгоно, 26.3-т заасан ... 4 жилийн хугацаагаар томилно гэснийг тус тус зөрчсөн. Мөн сумын Засаг даргын энэхүү мэдэгдэл нь илт хууль бус, тулган шаардсан хууль бус хэмээн үзэж, А.Хадысыг багийн Засаг даргад томилохыг хүссэн утгатай албан бичгийн хүргүүлсэн хэдий ч А.Хадысыг ажлаас чөлөөлж, К.Батырханыг томилж хууль бус шийдвэр гаргасан учраас урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулах үүднээс аймгийн Засаг даргад хандаж хариу авсны дараа урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хангагдсан гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгийг хэлэх нь зүйтэй байна.

Маргааны гол үндэслэлийн талаар хариуцагч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар 15 хоногийн дотор дахин нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргаж, А.Хадысын материалыг дахин ирүүлээгүй тул томилоогүй гэжээ. Сумын Засаг даргын энэхүү тайлбарыг дараах байдлаар няцааж байна. Үүнд, нэгдүгээрт, сумын Засаг даргын мэдэгдэл 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр, багийн Хурлын даргын хариу бичиг мөн оны 3 дугаар сарын 06-ны өдөр гарсан байдаг.

Мөн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр багийн Засаг дарга нарыг чөлөөлж, зарим багийн Засаг дарга нарыг томилох шийдвэр гаргасан бөгөөд хуульд зааснаар 15 хоногийн дотор тогтоол гаргаж хүргүүлэх ёстой байсан гэвэл хугацааны хувьд 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 14-ний өдөр хүртэл 11 хоног байна. Өөрөөр хэлбэл сумын Засаг дарга нь хуульд заасан 15 хоногийг хүлээхгүйгээр шууд томилгоо хийсэн байдаг. Нэгэнт томилгоо хийсэн учраас дахин нэр дэвших эрх зүйн орчин бүрдээгүй. Хоёрдугаарт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан 3 шаардлагыг нэр дэвшигч хангаагүй тохиолдолд түүнийг томилохоос татгалзах хуулийн зохицуулалттай. Эрх бүхий албан тушаалтан зохих шатны Хурлаас томилуулахаар санал болгосон нэр дэвшигчийг томилохоос татгалзах эрхтэй боловч татгалзсан үндэслэл нь хуульд нийцсэн байх ёстой. Нэр дэвшигч хуулийн шаардлагыг хангасан байхад хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан сумын Засаг даргын татгалзал нь өөрөө хууль бус гэдгийг хэлмээр байна. Гуравдугаарт, дараагийн болзол хангасан нэр дэвшигч байгаагүй, 50-иас дээш хувийн санал авч чадаагүй К.Батырханы нэрийг дэвшүүлэх боломжгүй болсон. Мөн сумын Засаг даргын татгалзалд холбогдуулан албан бичгээр хандсан байх тул дахин нэр дэвшүүлэх шаардлага байхгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл А.Хадысын нэрийг дэвшүүлсэн багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын тогтоол хэвээр үйлчилж байсан ба 15 хоногийн дотор тогтоол хүргүүлэх хуулийн зохицуулалттай боловч уг хугацааг хүлээхгүйгээр томилгоо хийх боломж олгоогүй гэдгийг хэлэх нь зүйлтэй байна. Дээрээс нь Багийн ИНХ-ын дарга, болон Засаг даргыг сонгох, зохион байгуулах түр журам-ыг танилцуулсан ба уг журамд дээд боловсролтой байх гэсэн шаардлага тавиагүй, журамд зааснаас өөр шаардлага тавихыг хориглоно гэж тусгасан байдаг. Хэрэв сонгуульд дээд боловсролтой хүн нэр дэвших ёстой гэвэл нэхэмжлэгчийн материалыг хүлээж авахгүй байх, сонгуульд өрсөлдүүлэхгүй байх арга хэмжээ авах ёстой байсан юм. Тийм учраас нэхэмжлэгчийн зүгээс тус сумын 2 дугаар багийн Засаг даргаар томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Сумын Засаг даргын Б/37 тоот захирамж хуулийн үндэслэлтэй гаргасан байгаа. Хариуцагчаас А.Хадысыг багийн Засаг даргаар томилоогүй шалтгаан нөхцөл, Б/37 тоот захирамжийн үндэслэлийн талаар тодорхой тайлбарлаж хэллээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтын дагуу томилохоос татгалзсан байдаг. Хуульд заасан шаардлагыг хангасан байхад буцаасан нь үндэслэлгүй гэдэг талаас нь тайлбарлаж байгаа нэхэмжлэгч талын тайлбар, үндэслэл нь чухал биш, нэгэнт буцаасан учраас хуулийн 26.4-т зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 15 хоногийн дотор дахин хуралдуулж томилох эрх бүхий албан тушаалтан буюу сумын Засаг даргад тогтоол гаргаж дахин уламжлах ёстой. Уг тогтоолыг Засаг дарга хүлээж авснаас хойш 5 хоногийн дотор томилох шийдвэр гаргана. Хуульд зааснаар албан ёсоор тогтоол гаргаж ирүүлсэн бол ийм маргаан гарахгүй байсан. Гэтэл тийм тогтоол ирүүлээгүй, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 3 хоногийн дараа хариу хүргүүлэх тухай албан бичиг ирүүлсэн ба уг албан бичигт сумын Засаг даргын татгалзлыг эс зөвшөөрсөн үндэслэлийг тайлбарласан байдаг.

Мөн А.Хадысын бүрэн эрхийн хугацаа дууссан ба төрийн ажил тасралтгүй явуулах журамтай учраас К.Батырханыг багийн Засаг даргаар томилсон байна.Тийм учраас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. 15 хоног болоогүй байхад томилгоо хийсэн гэж нэхэмжлэгч тал маргаж байгаа боловч хуульд 15 хоногийн дотор гэж заасан байна. Эрх бүхий албан тушаалтан нэгэнт хүлээж авахгүй татгалзсан учраас хуульд заасан журмын дагуу дахин нэр дэвшүүлж тогтоол гаргах ёстой байсан. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тогтоол гаргаж багийн Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагуудыг тусгасан журам баталсан ба уг журмыг нэр дэвшигч нарт танилцуулсан байдаг. Нэхэмжлэгч уг журмыг мэдсээр байж санал хураалтад оролцсон байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20.1.7-д зааснаар эрх хэмжээний хүрээнд сумын Хурлын Тэргүүлэгчид орон нутагт хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байдаг. Энэхүү орон нутагт хэрэгжих шийдвэрийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Хурал, Засаг даргаас эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ гэж заасан байх ба уг журмыг сонгууль зохион байгуулсан эрх бүхий албан тушаалтан болон нэр дэвшигчид эс зөвшөөрвөл дээд шатны байгууллага болон шүүхэд хандах боломжтой байсан ба өнөөдөр хүртэл зохих газарт хандаагүй болно. Энэхүү журам нь тухайн орон нутагт дагаж мөрдөгдөх эрхийн акт мөн байна. Сумын Засаг дарга нэхэмжлэгчийг томилохоос татгалзахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 26 дугаар зүйлийн 26.3, 26.4, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг болон 10 дугаар тогтоолыг үндэслэн байдаг. Иймээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалт, 10 дугаар тогтоол зөрчигдсөн учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломж байхгүй, хангаж шийдвэрлэлээ гэхэд шат шатны шүүхэд очих байх. Дээрх хуулийн заалтууд болон сумын Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс тус шүүхэд анх Бугат сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай Б/37 дугаар захирамжийн тус сумын 2 дугаар багийн Засаг даргын албан тушаалаас А.Хадысыг чөлөөлж, К.Батырханыг томилсон хэсгийг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, А.Хадысыг 2 дугаар багийн Засаг даргаар томилохыг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлүүлж, даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус сумын Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлүүлж, даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах талаарх нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, маргаан бүхий захиргааны актын Бугат сумын 2 дугаар багийн Засаг даргын албан тушаалаас А.Хадысыг чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзснаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

Хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзах эрхтэй тул Бугат сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай Б/37 дугаар захирамжийн тус сумын 2 дугаар багийн Засаг даргын албан тушаалаас А.Хадысыг чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсныг хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т зааснаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох Бугат сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай Б/37 дугаар захирамжийн тус сумын 2 дугаар багийн Засаг даргаар К.Батырханыг томилсон хэсгийг хүчингүй болгох, А.Хадысыг Бугат сумын 2 дугаар багийн Засаг даргаар томилохыг тус сумын Засаг даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар багийн ...Засаг даргад тухайн нэгжийн хуралдаанд оролцсон иргэд нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд Бугат сумын 2 дугаар багийн Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанд багийн Засаг даргад нэхэмжлэгч А.Хадыс, гуравдагч этгээд К.Батырхан нар нэрээ дэвшүүлснээр Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 60.5 хувийн саналыг нэхэмжлэгч А.Хадыс авсан байжээ.

Ингэснээр багийн Засаг даргад нэр дэвшигч нь ...олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан байх хуулийн 26.3-т заасан шаардлагыг нэхэмжлэгч А.Хадыс хангаснаар мөн зүйлд заасан журмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас түүнийг сумын 2 дугаар багийн Засаг даргад томилуулахаар санал болгосон 02 дугаартай тогтоол гарч, Бугат сумын Засаг даргад хүргүүлсэн байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Томилох эрх бүхий этгээдээс нэхэмжлэгч А.Хадысыг багийн Засаг даргаар томилохоос тодорхой үндэслэлээр татгалзаж, энэ талаарх 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 52 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг Бугат сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлсэн байх ба уг албан бичгээс[1] үзэхэд нэхэмжлэгчийг томилохоос татгалзахдаа багийн Засаг даргад нэр дэвшигч дээд боловсролтой байх шаардлагыг А.Хадыс хангаагүй, энэ талаарх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор баталсан журмын 1,2-т заасныг зөрчсөн гэж үзжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар Бугат сумын Засаг дарга нь эрх бүхий этгээдийн хувьд хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг томилохоос татгалзах эрхтэй боловч нэхэмжлэгчийг томилохоос татгалзсан тодорхой үндэслэл бүхий татгалзал нь дараах байдлаар хууль бус байна.

Үүнд багийн Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагыг зохицуулсан хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д багийн Засаг даргад нэр дэвшигчид дээд боловсролтой байх шаардлага тавигдаагүй, тус сумын Хурлын Тэргүүлэгчдээс 2017 оны 10 дугаартай тогтоолоор Бугат сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон багийн Засаг дарга нарыг сонгох багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулах журам баталж[2], уг журмын 1-д багийн Засаг даргад нэр дэвшигч дээд боловсролтой ба бакалавр зэрэгтэй байна, 2-т харилцааны өндөр соёлтой, одоогийн төр засаг, аймаг, сумын засаглалын ажлыг дэмждэг, өнгөрсөн бүх сонгуулийн үед дээрх чиглэлийн бодлогыг дэмжин ажилласан байхаар заасан байх боловч уг журам нь багийн Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагыг зохицуулсан хуулийн 26.6, 17.1.1-д заасан баг хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх багийн Хурлын бүрэн эрхийг тус тус зөрчсөн, хуулийн 20 дугаар зүйлд заасан сумын Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар эрх хэмжээгүй этгээдээс гаргасан хууль бус шийдвэр гэж үзэхээр байна.

Дээрх байдлаар эрх хэмжээгүй этгээдээс хууль зөрчиж гаргасан журмыг үндэслэж, хуульд заагаагүй шаардлага тавьж, нэхэмжлэгчийг сумын 2 дугаар багийн Засаг даргаар томилохоос татгалзсан болон хуулийн[3] 26.2-т зааснаар ...Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал аваагүй сумын 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвшигч К.Батырханыг тус багийн Засаг даргаар томилсон хариуцагчийн шийдвэр тус тус хууль бус байх тул Бугат сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай Б/37 дугаар захирамжийн тус сумын 2 дугаар багийн Засаг даргаар К.Батырханыг томилсон хэсгийг хүчингүй болгож, А.Хадысыг багийн Засаг даргаар томилохыг хариуцагчид даалгаж, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Мөн нэхэмжлэгчийг багийн Засаг даргаар томилохоос анх татгалзсан үндэслэл нь дээрх байдлаар хууль бус байх тул хуулийн 26.4-т зааснаар 26.2-т заасан нэр дэвшигчийг дахин нэр дэвшүүлээгүй гэх хариуцагчийн маргааныг үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчийг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан гол үндэслэл нь дээд боловсролтой байх шаардлагыг хангаагүйтэй холбоотой гэж тайлбарласан ба шүүхэд ирүүлсэн тайлбарын 1 дэх хэсэгт тусгасан нэхэмжлэгч А.Хадыс нь өмнөх хугацаанд багийн Засаг даргын ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлийн хувьд энэ нь 2017 оны 52 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээс үзэхэд тухайн үед нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилохоос татгалзсан үндэслэл биш байгаагаас гадна уг маргаан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч А.Хадыс өмнө нь тухайн багийн Засаг даргаар 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Бугат сумын Засаг даргын 28 дугаар захирамжаар[4] томилогдож, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/37 дугаар захирамжаар чөлөөлөгдснөөр хуулийн 26.3-т заасан өмнөх хугацаанд багийн Засаг даргаар ажиллах 4 жилийн бүрэн эрхийн хугацаа дууссан, өөрөөр хэлбэл энэхүү маргаан нь нэхэмжлэгчийг багийн Засаг даргаар эгүүлэн тогтоох тухай маргаан биш бөгөөд нэхэмжлэгч А.Хадыс нь тус багийн Засаг даргад хуульд заасан журмаар дахин томилогдох үндэслэл бүрдснээр түүнийг маргаан бүхий албан тушаалд томилохыг шүүхээс эрх бүхий этгээдэд даалгаж шийдвэрлэсэн боловч энэ нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах үндэслэл болохгүй тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч А.Хадыс нь тус багийн Засаг даргад дахин нэр дэвшиж, хуульд зааснаар иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан боловч багийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.4,106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг тус тус баримтланБаян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай Б/37 дугаар захирамжийн тус сумын 2 дугаар багийн Засаг даргын албан тушаалаас А.Хадысыг чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Хадысын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, томилох тухай Б/37 дугаар захирамжийн тус сумын 2 дугаар багийн Засаг даргаар К.Батырханыг томилсон хэсгийг хүчингүй болгож, А.Хадысыг Бугат сумын 2 дугаар багийн Засаг даргаар томилохыг тус сумын Засаг даргад даалгаж, үлдсэн хэсэг болох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээрзүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давжзаалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 9 дүгээр хуудас

[2] Хэргийн 54-56 дугаар хуудас

[3] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль

[4] Хэргийн 28 дугаар хуудас