Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2020/0291

 

П.Б-гийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 107 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, П.Б-гийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 107 дугаар шийдвэрээр: “...Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.2, 137 дугаар зүйлийн 137.2-д заасныг баримтлан П.Б-гийн нэхэмжлэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргаснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/477 дугаар тушаалын зарим хэсэг хууль бус байх бөгөөд тус тушаалын 2 дугаар заалтаар ажилласан жилийг дутуу тооцсон, 3 дугаар заалтаар тэтгэмжийг олгохдоо ажилласан жил дутуу тооцсонтой холбоотойгоор 36 сарын тэтгэмжийг дутуу олгосон гэж үзэж байгаа тул уг заалтуудыг хүчингүй болгуулах, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн алба хаагчдын албан тушаалаас чөлөөлөх тухай Б/550 дугаар тушаалыг илт хууль болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хариуцагч нь 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/550 дугаар “Алба хаагчдыг албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалаар Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 он/ хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн нэр бүхий албан хаагчдын хамт нэхэмжлэгчийг 2002 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон бэлтгэл офицероор чөлөөлсөн нь Дотоодын цэргийн тухай /1995 он/ хуулийн 13 дугаар зүйлд “Монгол Улсын цэргийн тангарагийг өргөж, дотоодын цэргийн аль нэг байгууллагад алба хааж, суралцаж байгаа Монгол Улсын иргэнийг дотоодын цэргийн алба хаагч гэнэ” 14 дүгээр зүйлийн 2-т “Дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний дагаж мөрддөг хууль тогтоомж, цэргийн дүрмүүдээр зохицуулна”, тусгайлсан зохицуулалт болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч нь цэргийн цол, дүрэмт хувцастай байна” гэж тус тус заасныг зөрчсөн.

Мөн тушаалын хууль зүйн үндэслэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэлтэй, хуулиар эрх олгоогүй, албан тушаалаас болон бэлтгэл офицероор чөлөөлөгдөх ямар нэгэн хүсэлт, санал гаргаагүй байхад чөлөөлсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.3, 47.1.7-д заасныг тус тус зөрчсөн илт хууль бус акт гэж үзэх үндэслэл болно.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 137 дугаар зүйлийн 137.3-д “Шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн 137.1.4, 137.2-т зааснаас бусад баталгааг эдэлнэ”-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасан болон дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

      ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/477 дугаар тушаалаар дэд хурандаа П.Б-г Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас нь хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлж, цэргийн албанд биеэр 16 жил 1 сар 1 хоног, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан хугацааны нэмэгдэл 1 жил 2 сарыг сарыг нэмж тооцон, цэргийн албанд нийт 17 жил 03 сар 14 хоног ажилласнаар тооцож, 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс дээрх тушаалын 2, 3 дахь хэсгийг эс зөвшөөрч буй үндэслэлээ “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/550 дугаар тушаалаар бэлтгэл офицероос чөлөөлөн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 65 дугаар тойрогт шийдвэр гүйцэтгэгчээр томилсон өдрөөс 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс ахлах дэслэгч цол сэргээн олгож, Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах гүйцэтгэгчээр томилогдох хүртэл нийт 5 жил 2 сарын хугацааг энгийн шийдвэр гүйцэтгэгчээр ажилласан гэж тооцсон нь хууль бус” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ “...нэхэмжлэгч нь тухайн жилд цэргийн цол тэмдэг зүүгээгүй бөгөөд энгийнээр ажилласан байсан. Нэхэмжлэгчийн энгийнээр ажилласан буюу нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаанд цэргийн албанд ажилласантай тэнцүүлэх үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд цэргийн алба хаагч нэг удаагийн тэтгэмж авах тохиолдлыг нэрлэн зааж, цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгохоор, улмаар хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “цэргийн алба хаагч ... эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж зохицуулсан байна.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох урьдчилсан нөхцөлийг хууль тогтоогчоос “цэргийн алба хаагч эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаах” гэж тусгайлан заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/550 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нэр бүхий албан хаагчдыг бэлтгэл офицероор чөлөөлсний дотор нэхэмжлэгч П.Б багтсан байх бөгөөд 2002 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/563 дугаар тушаалаар Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 65 дугаар тойрогт шийдвэр гүйцэтгэгчээр ажиллах эрх олгож, 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/884 дүгээр тушаалаар ахлах дэслэгч цолыг сэргээн олгосон байна. Уг хугацаанд нэхэмжлэгч нь цэргийн цолгүй энгийнээр ажилласан эсэх дээрээ маргаагүй, харин энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд оруулах ёстой, энгийнээр ажиллуулсан нь хууль бус гэж маргасан байна.

Энэхүү маргааны гол үйл баримт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээр цолгүй буюу энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцох эсэхэд оршиж байх бөгөөд дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн маргаж буй хугацааг 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох урьдчилсан нөхцөлд хамруулж, уг урьдчилсан нөхцөлийг хангасан гэж үндэслэлгүй байна.

Учир нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн зорилт нь Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд уг хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй”, 5-д “... шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч” гэж нарийвчлан зохицуулснаас үзэхэд нэхэмжлэгч П.Б-г 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцож, 36 сарын тэтгэмж олгох ёстой байсан гэж хууль зүйн хувьд дүгнэх боломжгүй.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Алба хаагчдыг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/550 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хэрэгжиж, уг хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг шийдвэр гүйцэтгэгч, хорих байгууллагын албан хаагчаас бүрдэхээр, үүнтэй холбоотойгоор эрх зүйн баталгаа нь харилцан адилгүй байхаар хуульчлагдсантай холбогдуулан Нийслэл болон аймгуудын шийдвэр гүйцэтгэгч нарыг 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/550 дугаар тушаалаар чөлөөлснийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” буюу илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус байх шинжийг тодорхойлсон бөгөөд утга агуулгын хувьд илэрхий алдаатай, баталсан байгууллага тодорхойгүй, эрх хэмжээгүй этгээд гаргасан, гүйцэтгэх этгээд нь тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэсэнтэй адилтгах хэмжээний буюу илэрхий алдаатай, мөн бодит байдалд хэрэгжих боломжгүй нөхцөлийг үүсгэсэн тохиолдолд “эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж ойлгох бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийг илт хууль бус акт гаргасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч холбогдох хуулийн зүйл заалтыг буруу бичсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 107 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1 ...” гэснийг “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 19 дүгээр зүйлийн 1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тус тус төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                                   ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                   ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ