Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2026/0072

 

 

“Т***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв,

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                 Д.Батбаатар

Шүүгчид:                               М.Батсуурь

                                              П.Соёл-Эрдэн

                                              Ц.Цогт                   

Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга:        Б.Зэнээмэдрээ       

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0089 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2026/0234 дүгээр магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2026/0245 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я***, гуравдагч этгээд “Л***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*** нарын гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н***, хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х***, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*** нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ***  дугаар албан бичиг, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А1/***  дүгээр албан бичиг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-1/***  дугаар албан бичиг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” А***  дугаар албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах, Түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан зөвлөмж, шийдвэр, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 883 дугаартай албан бичгийн дагуу түрээсийн гэрээ байгуулж баталгаажуулахыг даалгах”.

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “... Нэхэмжлэгч “Т***” ХХК нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2025 онд зарласан Пренатологийн тасгийн 1 давхарт өлгий худалдаалах зориулалттай талбай түрээслэх сонгон шалгаруулалтад оролцож, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 883 дугаар албан бичгээр шалгарсан болохыг, гэрээ байгуулахыг мэдэгдэн, улмаар түрээсийн төлбөр, барьцааг төлж гэрээ байгуулсан. Гэтэл Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ***  дугаар албан бичгээр өмнөх шийдвэрийг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахаар мэдэгдсэн тул нэхэмжлэгч уг шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт гомдол гаргасан боловч тус газраас сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах талаар хариу өгчээ. Иймд нэхэмжлэгч өмнө явагдсан сонгон шалгаруулалтын үр дүнг хүчинтэйд тооцож, түрээсийн гэрээг албажуулахыг хариуцагч нарт даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ...” гэж маргана.

3.Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хариу тайлбар: ... Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварын 1.5 дахь хэсэгт түрээсийн гэрээг нэг хүртэл жилээр 2 удаа сунгаж болно гэж заасны дагуу ... 2023 оны гэрээний сунгалтыг ирүүлээгүй байна. Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийг сонгон шалгаруулалтын хугацаанд ирүүлээгүй.

3.1. ... Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолын 2.1.1-д оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлж битүүмжлэн ирүүлнэ. Бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна гэж, 2.2.4-д сонгон шалгаруулалтын материалын дутуу, бүрдэл дутуу тохиолдолд оролцогчийг үл маргах журмаар хасна гэж заасан.

3.2.Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтын жишиг баримт бичгийн 1 дэх заалтад сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацааг сонгон шалгаруулалтыг зарласнаас хойш хуанли 15 хоногоос багагүй байна гэж заасныг зөрчиж, 14 хоногт материалыг нь хүлээн авсан. ... Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А1/***  дүгээр албан бичиг нь хууль ёсны үндэслэлтэй байна.  ...” гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

4.Хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хариу тайлбар: “... Тус компани удаа дараа шаардсан материалуудыг дутуу бүрдүүлэн оролцож тухай бүрд нь хариу тайлбар хүргүүлэн, зарим тохиолдолд биечлэн уулзаж материалыг нь үзүүлж байсан. 3 дахь удаагийн сонгон шалгаруулалтыг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр зарласан бөгөөд материал хүлээн авах эцсийн хугацааг 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл авч, 10 цаг 30 минутад нээсэн. Тус сонгон шалгаруулалтад “Т***” ХХК гэх ганцхан байгууллага материал ирүүлснийг дүгнэж, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдийн 883 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.

4.1. ... Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын лавлагаа сүүлийн нэг жилийн тодорхойлолт, ажилтан тухайн байгууллагын ажилтан байх, И Монголиягаас Нийгмийн даатгалын лавлагаа 2 ажилтан дээр гаргаж ирүүлсэн байсан ч ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар хавсаргаагүй байсан.

4.2.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А-1/1822 тоот албан бичгээр хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг мэдэгдсэн. Гэвч “Т***” ХХК-аас уг шийдвэрт гомдолтой талаараа албан бичиг ирүүлсэн. Олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд тогтсон харилцааг хүндэтгэж, манай компанийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүйгээр үүссэн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье гэсэн байсан.

4.3.Дараагийн сонгон шалгаруулалтад материал бүрэн ирүүлж оролцохыг зөвлөсөн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1057 тоот албан бичгийг “Т***” ХХК-д хүргүүлсэн. “Т***” ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон ч одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа ба тус талбайд барилгын эх засвар оруулан эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эм олгох хэсгийн дэд агуулахын зорилгоор ашиглахаар төлөвлөлт хийсэн. ...” гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

5.Гуравдагч этгээд “Л***” ХХК-аас шүүхэд гаргасан хариу тайлбар: “ … “Л***” ХХК нэг дэх сонгон шалгаруулалтад оролцож шалгараад, гэрээ байгуулснаас хойш хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ хийгээд явчихсан. ... Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаад гэрээ байгуулаад явахаар гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна. ... Гэрээ байгуулах нэхэмжлэлийн шаардлага биелэгдчихсэн тохиолдолд төлбөр төлж чадахгүй гэдгээ илэрхийлж байна. Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон шийдвэр хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж байгаа учраас хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэнэ.

6.Хэргийн нөхцөл байдал:

6.1.Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн өргөтгөл Пренатологийн төвийн 1 давхарт байрлах 9 м.кв талбайг түрээслүүлэх сонгон шалгаруулалтыг нийт дөрвөн удаа зохион байгуулсан.

6.2.Эхний сонгон шалгаруулалтад 4 компани оролцож, “Л***” ХХК шалгарсан, уг шийдвэрт “Т***” ХХК гомдол гаргаж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А1/1015 дугаар албан бичгээр сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэдэгдсэн.

6.3.Хоёр дахь сонгон шалгаруулалтад “Т***” ХХК, “Х***” ХХК оролцсон боловч материалын бүрдэл дутуу үндэслэлээр оролцогчдоос татгалзаж, шалгаруулалтыг хүчингүй болсон байна.

6.4.Гурав дахь сонгон шалгаруулалтад “Т***” ХХК ганцаараа оролцож, Ажлын хэсгийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар шаардлага хангасан гэж дүгнэн, түрээсийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгчээс 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр барьцаа болон төлбөрт нийт 1,120,000 төгрөгийг төрийн сангийн дансанд байршуулсан.

6.5.Уг шийдвэрт “Л***” ХХК Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт гомдол гаргаж, тус газар 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А-1/*** дугаар албан бичгээр сонгон шалгаруулалт нь холбогдох журам зөрчсөн гэж үзэн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэдэгдсэн.

6.6.Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ***  дугаар албан бичгээр дээрх шийдвэрийг үндэслэн “Т***” ХХК-тай гэрээ байгуулах мэдэгдсэн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 883 дугаар албан бичгийг хүчингүй, дахин зохион байгуулах болсныг мэдэгдсэн.

6.7.“Т***” ХХК-аас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт гомдол гаргасан ба тус газраас 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А1/***  дүгээр албан бичгээр хариу өгч, сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах шийдвэр хэвээр болохыг мэдэгдсэн байна.

7.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:

7.1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т***” ХХК-аас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ***  дугаартай албан бичиг, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А1/***  дугаартай албан бичиг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-1/***  дугаартай албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” А***  дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, Түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан зөвлөмж, шийдвэр, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 883 дугаартай албан бичгийн дагуу түрээсийн гэрээ байгуулж баталгаажуулахыг хариуцагч нарт даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

7.2.Шүүх дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн байна.

7.2.1.“... Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс төрийн өмчийн түрээсийн гэрээ байгуулах эрх олгосныг “Т***” ХХК-д мэдэгдсэн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 883 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид сөрөг үр дагавар үүсгэсэн шинжээрээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” А-1/*** дугаартай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулж байна.

7.2.2.Харин Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ***  дугаартай албан бичиг нь дээрх захиалагчийн сонгон шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэрийг нэхэмжлэгчид мэдэгдсэн байх бөгөөд тусдаа эрх зүйн үр дагаврыг үүсгээгүй байна.

7.2.3. ... 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А1/*** , 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-1/***  дугаартай албан бичгүүдээр тус тус хариу өгсөн байх бөгөөд энэ нь тус газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А-1/*** дугаартай 3 дахь удаагийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон шийдвэрийн үндэслэлийг дэлгэрүүлэн тайлбарлаж, нэхэмжлэгчийн гомдолд хариу өгсөн агуулгатай байна.

7.2.4.Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай ***  дугаартай албан бичиг, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А1/***  дугаартай албан бичиг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-1/***  дугаартай албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7.2.5. ... Нэхэмжлэгч “Т***” ХХК-ийн ирүүлсэн сонгон шалгаруулалтын материал нь захиалагчийн тавьсан сонгон шалгаруулалтын шаардлагад заасан бүрдэл дутуу болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 3 дахь удаагийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг аж ахуйн нэгжийн гомдлоор хянан үзээд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолоор баталсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох Сонгох шалгаруулалтын жишиг баримт бичиг-ийн 2.1.1-д “Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлж ... ирүүлнэ ... гэж заасныг зөрчсөн гэж дүгнэж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 883 тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй.

7.2.6.Иймд нэхэмжлэгчийн гаргасан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” А-1/*** дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7.2.7. ... 3 дахь удаагийн сонгон шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгосон 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А-1/*** дугаартай шийдвэр нь дээр дүгнэсэнчлэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байх тул нэхэмжлэгчийн Түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан зөвлөмж, шийдвэр, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 883 дугаартай албан бичгийн дагуу түрээсийн гэрээ байгуулж баталгаажуулахыг хариуцагч нарт даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй, иймээс уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. ...” гэжээ.

8.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал:

8.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ дараах агуулгатай дүгнэлтийг хийжээ:

8.2. ...  хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь өөрийн эрх хэмжээгээ нотолсон баримт бичгийг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүхээс удаа дараа “Л***” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг тодруулах, түүнтэй холбоотой баримтыг цуглуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.

8.3. ... анхан шатны шүүх 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүх хуралдааны ирцтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн захирамж гаргасан бөгөөд уг захирамжид “гуравдагч этгээдээр оролцож буй компанийг төлөөлөх эрхтэй этгээд гэдгийг нотлох баримтыг 3 удаагийн шүүх хуралдааны явцад гаргаж өгсөнгүй ... Э.А***-г шүүх хуралдаанд ажиглагчийн байрнаас оролцох боломжтой” болохыг дурдсан атлаа шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсэгт  “Л***” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарыг тэмдэглэж, эрх зүйн байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй.

8.4.Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “ ... Сүүлийн албан бичгүүдтэй холбоотой өгч байгаа хариунуудыг хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгчийн хувьд өмнө өгсөн, манайд эрх олгосон албан бичгүүдийг үгүйсгэсэн байдлаар албан бичгүүд ирээд байсан учраас үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ...” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулах ажиллагаа хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдыг чирэгдүүлэхгүй байх, хэмнэлттэй байх зарчимд нийцэхгүй байгааг анхаарах шаардлагатай ...” гэжээ.

9.Хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга: хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я*** 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

9.1.“... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүх хуралдаан нийт 4 удаа хойшлогдсон бөгөөд ... компанийг төлөөлөх эрхтэй болохыг нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Иймд ... гуравдагч этгээдийн төлөөллийг шүүх хуралдаанд оролцуулахгүй тухай захирамж гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн.

9.2.Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны ***  дугаар албан бичиг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны А-1/2***, А-1/***  дугаар албан бичгүүд нь нэхэмжлэгчийн гаргасан гомдолд тайлбар, хариу өгсөн шинжтэй бөгөөд эрх зүйн үр дагавар үүсгээгүй гэж анхан шатны шүүх дүгнэж, уг шаардлагыг хүлээн авахаас татгалзан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. ... Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны А-1/*** дугаар албан бичгийг хүчингүй болгуулах болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 883 дугаар албан бичгийн дагуу гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн “нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй” гэх дүгнэлт нь хэрэгт авагдсан баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулгад нийцээгүй.

9.3. ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аливаа зөрчил бүр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд тухайн зөрчил шүүхийн шийдвэрийг агуулгад бодитоор нөлөөлсөн байхыг шаарддаг. Гэтэл гуравдагч этгээдийн төлөөллийн асуудал, нэхэмжлэлийн шаардлага тодруулсан эсэх зэрэг асуудал нь маргааны эцсийн шийдвэр хэрхэн нөлөөлсөн талаар тодорхой дүгнэлт хийлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон нь хууль хэрэглээний алдаа болсон. ... ” гэжээ. 

10.Хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*** 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдол: “... гуравдагч этгээдээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хэрэгт хавсаргаагүй байгаа ч opendata.burtgel.gov.mn-д байршуулсан нийтэд ил мэдээллээс хуулийн этгээдийн төлөөллийн хэн бүхэн харах боломжтой. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн гэрчилгээ авагдаагүй ч улсын бүртгэлийн сайтад манай мэдээлэл нийтэд ил байгаа, энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 дэх хэсэгт зааснаар “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэж заасанд нийцэхгүй. … анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага бүрд хууль зүйн дүгнэлт хийсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд дүгнэхдээ “нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй шийдвэрлэсэн” гэж үзсэн нь үндэслэлгүй. ...” гэжээ.

11.Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2026/0245 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

12.Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я*** хяналтын журмаар гомдол гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*** хяналтын журмаар гомдол гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тус тус цахимаар танилцуулсан гэж тэмдэглэсэн байна. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ

13.Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь буруу байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

14.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал”, 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” тохиолдол нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл болохоор заасан, давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ үндэслэлийг баримталж,  “... гуравдагч этгээдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн”, “... шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулах ажиллагаа хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэх үндэслэлүүд дурдаж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.   

15.Талууд шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл хэсгийн агуулга, хэрэгт авагдсан бусад баримтуудаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг зайлшгүй буцаах хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй, ийм үндэслэл тогтоогдохгүй байна.

16.Тодруулбал, гуравдагч этгээд “Л***” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Д.Н*** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, түүнийг “Л***” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй,  гуравдагч этгээдийн зүгээс энэ талаар “... opendata.burtgel.gov.mn-д байршуулсан нийтэд ил мэдээллээс хуулийн этгээдийн төлөөллийн хэн бүхэн харах боломжтой, ... улсын бүртгэлийн гэрчилгээ авагдаагүй ч улсын бүртгэлийн сайтад манай мэдээлэл нийтэд ил байгаа” гэх тайлбарыг шүүхэд гаргасан, түүнчлэн энэ тохиолдолд Д.Н***-г төлөөлөх эрхтэй эсэх талаар гуравдагч этгээд “Л***” ХХК болон хэргийн бусад оролцогчоос маргаагүй байх тул  “шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн” гэх үндэслэлд хамруулан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу, энэ талаар хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

17.Түүнчлэн, нэхэмжлэгч “Т***” ХХК-аас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн өргөтгөл Пренатологийн төвийн 1 давхрын 9 м.кв талбайг түрээслүүлэхтэй холбоотой гурав дахь удаагийн сонгон шалгаруулалтын үр дүн буюу нэхэмжлэгч “Т***” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах, гуравдагч этгээд  “Л***” ХХК-ийг шалгаруулсан хариуцагч нарын шийдвэрийг хүчингүй болгуулах агуулгаар буюу “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ***  дугаар албан бичиг, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А1/***  дүгээр албан бичиг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-1/***  дугаар албан бичиг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” А***  дугаар албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах, Түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан зөвлөмж, шийдвэр, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 883 дугаартай албан бичгийн дагуу түрээсийн гэрээ байгуулж баталгаажуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, өөрийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол, түүнийг эргүүлэн сэргээлгэх хүсэл зоригоо тодорхой илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” талаараа тодорхойлохоор заасантай нийцсэн байхад “шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулах ажиллагаа хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэх дүгнэлт хийж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

18.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулах шаардлага үүсээгүй бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн маргааны үйл баримт, хууль зүйн асуудалд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл өөрчлөх, хүчингүй болгох замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй.

19.Дээр дурдсан үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2026/0234 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар гуравдагч этгээд “Л***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                 М.БАТСУУРЬ

                                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ 

                                                                                    Ц.ЦОГТ