Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1533

 
     

   “Кабель гэрэл трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04475 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Кабель гэрэл трейд” ХХК-ийн

Хариуцагч “Баянмогод” ХХК-д холбогдох

           

Зээлээр худалдан авсан материалын үлдэгдэл төлбөр болон алданги 10 044 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Хариуцагч “Баянмогод” ХХК-ийн төлөөлөгч С.Батболдын гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Кабель гэрэл трейд” ХХК-ийн  төлөөлөгч Ж.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 100 айлын барилгын материалын худалдааны төвд барилгын материалын худалдаа үйлчилгээ эрхэлдэг. “Баянмогод” ХХК-ийн захирал болон нягтлан гэх С.Батболд, н.Ганхүү нар нийт 43 146 300 төгрөгийн бараа материалыг зээлээр худалдан авсан. Үүнд 25 244 500 төгрөгийн үнэ бүхий 8705 метр /1м нь 2 900 төгрөг/ Син-25 кабель, 5 700 000 төгрөгийн үнэ бүхий 1500м /1м нь 3 800 төгрөг/ Син-35 кабель, 2 750 000 төгрөгийн үнэ бүхий 500м /1ме нь 5 500 төгрөг/ Син-50 кабель, 7 800 000 төгрөгийн үнэ бүхий 1 500м /1м нь 5 200 төгрөг/ Син-50 кабель, 580 000 төгрөгийн үнэ бүхий 200м /1м нь 2 900 төгрөг/ Син-25 кабель, 190 000 төгрөгийн үнэ бүхий 38 ширхэг баригч, 270 000 төгрөгийг үнэ бүхий 45 ширхэг татагч, 320 000 төгрөгийн үнэ бүхий 80 ширхэг зажем, 4 800 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг төгсгөвч, 6 000 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг төгсгөвч, 240 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг тоолуурын хайрцаг, 5 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг автомат фаз, 140 000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг автомат, 112 000 төгрөгийн үнэ бүхий 14 ширхэг оройн хомут зэргийг авсан болно. Тухайн үед бараа материал өгч байхдаа гэрээ байгуулаагүй бөгөөд худалдан авагч нь 1 450 000 төгрөгөөс өөр төлбөр төлөхгүй байсан тул 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дээрх авсан бараанд падаан үйлдэж баримт үйлдсэн. Худалдан авсан бараа материалын төлбөрөө төлөхийг хариуцагч компаниас удаа дараа шаардаж байсан боловч төлбөрийг төлөхгүй явсаар 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр н.Ганхүү, н.Батболд нар нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор худалдан авсан бараа материалын төлбөр болох 41 696 300 төгрөгийг төлж барагдуулахаар баталгаа гаргаж, заасан хугацаанд төлбөрийг өгөөгүй тохиолдолд өдрийн 0.3 хувийн алданги тооцохоор болсон. Гэвч хариуцагч “Баянмогод” ХХК нь заасан хугацаанд төлбөр төлөлгүй 2016 оны 3 дугаар сарын 23-нд 20 000 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 31-нд 15 000 000 төгрөг төлсөн боловч өнөөдрийн байдлаар 6 696 300 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд зээлээр худалдан авсан бараа материалын үлдэгдэл төлбөр 6 696 300 төгрөг, алданги 3 348 150 төгрөг, нийт 10 044 450 төгрөгийг нэхэмжилсэн боловч 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 4 000 000 төгрөг өгсөн тул одоо 6 044 450 төгрөгийг “Баянмогод” ХХК-иас гаргуулж өгнө үү. Анх алданги тохироогүй боловч үлдэгдэлийг баталгаажуулахдаа алданги тохирсон гэжээ.

 

Хариуцагч “Баянмогод” ХХК-ийн төлөөлөгч С.Батболд шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Залбирлын хүч” буюу “Кабель гэрэл трейд” ХХК-иас худалдан авалт хийсэн, 6 696 300 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 4 000 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 2 696 300 төгрөгийг төлнө. Талуудын хооронд бичгээр хийсэн гэрээ байхгүй тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн төлбөр 2 696 300 төгрөгийг төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “Баянмогод” ХХК-иас 4 858 862 төгрөгийг гаргуулан “Кабель гэрэл трейд” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шарадлагаас үлдсэн 1 185 588 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 661 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Баянмогод”  ХХК-ас 175 661 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Кабель гэрэл трейд ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Баянмогод” ХХК-ийн төлөөлөгч С.Батболд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийн үлдэгдэл төлбөр 2 696 300 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алдагнги 2 162 562 төгрөгийг үл зөвшөөрч гомдол гаргаж байна. “Баянмогод” ХХК нь анх бараа худалдан авахдаа алданги тооцохоор тохиролцоогүй бөгөөд зээлээр худалдан авах гэрээ бичгээр хийгээгүй болно. 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн баталгааны баримтаар алданги төлөх үүрэгтэй бол 3 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үлдэгдэл 6 696 300 төгрөг 1 өдрийн алданги 20 088,9 төгрөг болно. Үүнийг нэхэмжлэл гаргасан 4 дүгээр сарын  22-ны өдөр хүртэл алданги тооцвол  нийт  52 өдрийн алданги нь 20 088,9 = 1 044 622 төгрөг байна. Гэвч энэ алдангийг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтооосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Кабель гэрэл трейд” /Залбирлын хүч/ ХХК нь хариуцагч “Баянмогод” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 6 696 300 төгрөг, алданги 3 348 150 төгрөг нийт 10 044 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийгээгүй, алданги тооцохоор тохиролцоогүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч “Кабель гэрэл трейд” /Залбирлын хүч/ ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нийт 43 146 300 төгрөгийн үнэ бүхий цахилгааны кабель утсыг дагалдах хэрэгслийн хамт худалдан авсан үйл баримтын талаар хариуцагч “Баянмогод” ХХК маргаагүй боловч худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй гэж маргажээ.

 

Талууд цахилгааны кабель утсыг дагалдах хэрэгслийн хамт хариуцагч “Баянмогод” ХХК-д шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар маргаагүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээг байгуулсан тул хариуцагч нь худалдан авсан барааны үнийг төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч нь худалдан авсан бараа материалын төлбөрөө төлөөгүй тул 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр худалдан авсан бараа материалын төлбөр 41 696 300 төгрөгийг төлж барагдуулахаар баталгаа /хх-7/ гэх баримт үйлдсэн байна. Уг баримтад зааснаар 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр худалдан авсан бараа материалын үнэ  41 696 300 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төлөх бөгөөд төлөөгүй тохиолдолд өдрийн 0.3 хувиар алданги төлөхөөр талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар бичгээр хэлцэл хийжээ.

 

Талуудын байгуулсан баталгаа гэх баримт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэсэн хуулийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч нь уг гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Хариуцагч нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 20 000 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 15 000 000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 4 000 000 төгрөгийг тус тус төлж гэрээний үндсэн үүрэгт нийт 2 696 300 төгрөг төлөх үүргийн талаар маргаагүй.

 

Хариуцагчийн төлбөр төлөх ёстой байсан 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 23 хоногийн алдангийг төлөгдөөгүй 41 696 300 төгрөгөөсхоногийн 0.3 хувиар тооцоход 2 877 044 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 8 хоногийн алдангийг үлдэгдэл 21 696 300 төгрөгөөс тооцоход 520 711 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 22 хоногийн алдангийг үлдэгдэл 6 696 300 төгрөгөөс тооцоход 441 955 төгрөг, нийт 3 839 710 төгрөгийн алдангийг төлөх тооцоо гарч байна.

 

Анхан шатны шүүх тооцооны алдаа гаргаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон ч энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3 348 150 төгрөгөөс илүү гаргуулан шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим, 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй.

 

Иймд үндсэн төлбөрийн үлдэгдэл 2 696 300 төгрөг, алданги 3 348 150 төгрөг нийт 6 044 450 төгрөгийг гаргуулсан шүүхийн шийдвэрийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хэвээр үлдээх боломжтой.

 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинжаргалын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04475 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинжаргалын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинжаргалаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                  Д.БАЙГАЛМАА