Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 740

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Баярмаа, 

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Жавхлант овогт Чулуунбатын Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911015390879 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, селесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоот 60-817 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Жавхлант овогт Чулуунбатын Ч.Б /РД: ДД71040335/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Ч.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын 60-817 тоотын гадна талд хохирогч Д.Баасандорж, Н.Гэрэлмаа нартай "хашааруу бие заслаа" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Д.Баасандоржийг газарт унагаан толгойн тус газарт нь гараараа цохиж баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол,

Хохирогч Н.Гэрэлмаагийн нүүрэн тус газар 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн зовхины шарх, зүүн доод зовхи, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 47-48х/,

хохирогч Д.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  "...хашааруу бие засаад зогсож байтал ард талд гэнэт хүн хүрч ирээд миний ард талаас намайг үүрээд шидчихсэн. Тэгээд миний дээрээс гараараа баруун нүдрүү 1 удаа цохисон ...тэр хойгуур манай эхнэр Гэрэлмаа машинаас бууж ирээд намайг авах гэж дундуур орж Ч.Бт цохиулсан... миний биед учирсан баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон байна. Уг гэмтлийг Ч.Б цохиж учруулсан... надад эмчилгээний зардалд гаргах баримт байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,

хохирогч Н.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...манай нөхрийг Ч.Б газар унагаачихсан байхаар нь би машинаас буугаад нөхөр дээрээ очиж салгах гэж байгаад Ч.Бт хамарлуугаа цохиулсан. Миний биед учирсан хамар ясны хугарал, зүүн зовхинд шарх, зүүн доод зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдсон байна. Уг гэмтлийг Ч.Б цохиж учруулсан... Надад эмчилгээний зардалд гаргах баримт байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х/,

гэрч Д.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...манай хашааруу Д.Баасандорж нь шээж байхад нь манай нөхөр Ч.Б "яагаад айлын хашааруу шээгээд байгаа юм бэ" гэхэд Д.Баасандорж "Увсынхан хамаагүй шээдэг юм" гээд ...тэгсэн манай нөхөр Ч.Б Д.Баасандоржийг өргөж аваад газар шидчихсэн юм Тэгээд Ч.Б, Д.Баасандорж нар нь заамдалцаж ноцолдож байхад дундуур нь Баасандоржийн эхнэр Н.Гэрэлмаа орж байгаад цохиулчихсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 29-30х/,

Шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5559 дугаартай дүгнэлт "...Д.Баасандорж-н биед баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй..." /хх-ийн 34х/,

Шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5558 дугаартай дүгнэлт "...Н.Гэрэлмаа-н биед хамар ясны хугарал, зүүн зовхины шарх, зүүн доод зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл гогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." /хх-ийн 38х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Ч.Быг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Жавхлант овогт Чулуунбатын Ч.Быг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Быг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Ч.Бт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхийг тогтоосугай.

 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

               5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

              6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

             

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ