Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 208/МА2025/00063

 

 

 

Х******* ******* ХХК, Б.П*******                                                     нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 316/ШШ2025/00794 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Х******* ******* ХХК, Б.П******* нар,

Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол 1,000,000,000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.П*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Р.М******* нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

... Манай Х******* ******* ХХК болон захирал Б.П******* миний биед хууль бус мод бэлтгэсэн гэсэн үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2018 оны 02-р сард эрүүгийн хэрэг үүсгэн улмаар 2018 оны 06-р сарын 14-ний Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 127 тоот яллах дүгнэлтээр миний бие болон Х******* ******* ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Х******* ******* ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр оруулсан. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 10-р сарын 23-ны өдөр 2018/ЩЦТ/216 тоот цагаатгах тогтоолоор надад болон Х******* ******* ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож цагаатгасан.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хууль цаазын зөвлөх Д.Нямдэлэг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр дахин давахын шүүх хуралдаан болж 2018 оны 12-р сарын 19-ний өдөр давж заалдах шатны шүүх 2018/ДШМ/83 тоот магадлалаар анхан шатны эрүүгийн шүүхэд буцаасан байдаг. Миний бие үүнийг үл зөвшөөрч Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргасан. 2019 оны 02-р сарын 20-ний өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар авч хэлэлцээд 82 тоот тогтоолоор Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн. Иймд миний бие болон Х******* ******* ХХК эрүүгийн хэрэг үүсгүүлэн 3 шатны шүүхээр явахдаа сэтгэл санаа, эд материал, компанийн орлого, мөн нэр хүндээрээ үлэмж хохирлоо. Иймд төрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 2.2-д тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан, 2.3-д тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирол арилгах нэхэмжлэлийн шаардлага үүсгэхээр зохицуулж өгчээ. Мөн хуулийн 45.3 дугаар зүйлд Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх гэдэгт 1.1-т хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, 1.2-т хуулийн этгээдийн орлого хэмээн тодорхойлсон байна. Миний бие болон Х******* ******* ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Х******* ******* ХХК-д Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ хэмээн заасан байна.

Мөн Х******* ******* ХХК-д тулгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж 20,000 нэгжээс 120,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ хэмээн үлэмж хэмжээний торгуулийн ялд унагаж, компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар байжээ. Мөн энэ Эрүүгийн хуулийн улмаас манай Х******* ******* ХХК-д нэг жил модны хуваарь олгоогүй таг зогссон. Орлогогүй болгосон гэсэн үг.

Иймээс Б.П******* миний бие болон Х******* ******* ХХК-ийн хохирол нь миний нэр төр, сэтгэл санаа, олох байсан орлого, эд материалын хохиролд 100,000,000 төгрөг, Х******* ******* ХХК-ийн нэг жилийн орлогогүй байсны олох ёстой ашиг 100,000,000 төгрөг нийт 200,000,000 төгрөгийг Б.П******* миний бие болон Х******* ******* ХХК төрөөс нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.9-д хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргагч шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдөнө. Монгол Улсын Дээд шүүхийн ...хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах тухай эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тайлбарт Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 9, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1.9-д заасан үндэслэлээр гэм буруутай албан тушаалтнаас хохирол нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл энэ хуулийн мөн зүйл болон Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 18 дугаар зүйлийн 1.3, 1.7-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэснийг үндэслэн Улсын тэмдэгтийн хураамжийг энэхүү нэхэмжлэлд төлөхгүй юм байна.

Б.П******* миний бие Х******* ******* ХХК-ийн 70 хувийг эзэмшигч мөн тул Монгол Улсын компанийн тухай хуульд зааснаар саналын эрхийн дагуу дангаараа шийдвэр гаргах эрх эдэлнэ нэхэмжлэл гаргах, учирсан хохирлоо арилгах хууль зүйн үндэслэлтэй тул өөрийн болоод *******тэй ******* ХХК-н үүсгэсэн эрүүгийн хэрэгт хязгааргүй хохирол учирсан тул зайлшгүй нэхэмжлэлээ гаргаж хохирлоо барагдуулах болно. Нэг удаа бус 2018 онд, 2013 онд 2019 онд надад болон *******тэй ******* ХХК-д эрүү үүсгэж удаан хугацаагаар шалгагдаж аж амьдрал, нэр хүнд сэтгэл санаагаар хохирсон. Миний ажил төрлөөр ******* сумын цагдаад 14 хоногоор шалгагдах, үүний улмаас эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохироох үзэгдэл үргэлжилсээр байна. Мөн ******* суманд эрүүдүүлж явсаар байгаад хүмүүс солиотой, Ноён солиот гэж хочилсон байгаа юм. Энэ киноны гол дүр нь. Мөн цагдаагаар хэлмэгдэж сүүлдээ эрүүл бус болж жүжиглэж байгаад амиа авардаг. Энэ дүрийн хочийг намайг цагдаагаар яваад байгаа болохоор надад өгсөн байна. Үүнийг нотолж шүүхэд нэр төрөө сэргээлгэх, үнэлж хохирлоо барагдуулна.

Олон удаагийн эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдсаны улмаас 2008 онд сууж байсан эхнэр салж, ажил, төрөлгүй болсон. Хэдэн модноос болж Цагдаа, прокурорынхон хахууль өгөөгүй гэж намайг яллаж, адаг сүүлд нь амьдралгүй болж, хохирсон. Прокурор, цагдаагийн хийсэн ажлаас болж, бид хохирчхоод зүгээр шалгасан юм гэж яриад сууж байдаг юм байна. Нийслэлийн ерөнхий прокурорт гомдол гаргасан. Өөрийнхөө гаргасан прокурорыг дэмжээд сууж байна. Өнөөдөр улсын ерөнхий прокурорт гомдол гаргах гээд сууж байна. Энэ олон удаагийн хэлмэгдүүлсэнд Б.П******* нь амьдралын идэвхтэй хүн. Ном бичиж, сэтгүүлч хийж, залуучуудын холбоонд гүйж байсан. Дандаа хүний асуудлыг үүрэх ч юм уу. Дандаа хэлмэгдэж явсан түүхээ сэтгэл санаагаар унахгүйгээр амьдрахыг хүсдэг. Гэтэл энэ болгонд хариу цохилт ирж байдаг. Би тэрбум төгрөг нэхэмжилж байгаа учир нь олон удаа хэлмэгдүүлэлт байна. Хоёрдугаарт эрүүл мэнд муудсан байна. Нэр төр ч байхгүй боллоо.

Иймд *******тэй ******* ХХК болон Б.П******* нарын олох байсан орлогод 100,000,000 төгрөг, нэр төрийн хохиролд 300,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 300,000,000 төгрөг, эрүүл мэндийн хохиролд 300,000,000 төгрөг нийт 1.000.000.000.000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэжээ.

Хариуцагч Төрийг төлөөлж прокурор хариу тайлбартаа:

... Тус компанийн захирал Б.П******* болон "Х******* Буян" ХХК-ыг эрүүгийн 1831000870103 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шалгасан байна.

Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрийг хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээсэн байна. Иймээс тус компанийн захирал Б.П******* ээс эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдсаны улмаас гэм хорын хохиролд 200 сая төгрөг төрөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хамт шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд болон хэргийн материалтай танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талаас хоёр агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж харж байна. Эхний шаардлагуудаас сэтгэл санааны хохирол 100,000,000 төгрөг нэхэмжил байна. Уг хэрэг нь 2 жил явж байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс удаа дараа нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шүүх шинжилгээний газар руу албан тоот хүргүүлж ажилласан. Шүүх, шинжилгээний үндэсний газраас нэхэмжлэгчид сэтгэл санааны хохирол тогтоох боломжгүй байна. Учир нь энэ хэргийн хохирогч биш учраас боломжгүй байна гэсэн албан бичгийг ирүүлсэн. Мөн Шүүх, сэтгэц гэм судлалын газраас нэхэмжлэгч Б.П******* нь ямар нэгэн байдлаар сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна гэх дүгнэлт гарсан байдаг. Нэхэмжлэгч Б.П*******гийн зүгээс эрүүдэн шүүсэн гэдэг асуудал яригддаг. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас 2024 оны 07 дугаар сард хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан шийдвэр гарсан байдаг. Б.П******* д сэтгэцэд учирсан хохирол тогтоогдоогүй байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэр төрд халдсан. Ард иргэд намайг хочилж дууддаг гэдэг асуудал яригдсан байдаг. Энэ асуудлаар шүүхийн шатанд хэд хэдэн гэрчээс асуусан байдаг. Энэ хүн нь 2018 онд шалгагдахаас өмнө энэ хоч байсан. Тухайн хүний хувийн байдал шударга ярьдаг. Өөрийн зан чанартай холбоотой ингэж хочилдог гэж гэрч нар мэдүүлсэн байдаг. Дараах нэхэмжлэлийн хувьд Х******* ******* ХХК нь 100,000,000 төгрөг нэхэмжилж байгаагийн хувьд прокурор болон Цагдаагийн байгууллагаас ямар нэгэн байдлаар тухайн хуулийн этгээдийн эрхийг хүчингүй болгосон асуудал байдаггүй. Мөн хуулийн этгээдийн эд хөрөнгийг битүүмжилсэн. Хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарласан баримт хэрэгт байдаггүй. Мөн тухайн компанийн 100,000,000 төгрөгийн орлого олдог байсан гэх баримт байдаггүй. Ямар баримтыг үндэслэж 100,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Ямар орлого олж байсан нь мөн тодорхойгүй. Тухайн нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэж хариуцагчийн зүгээс харж байна. 2018 оны хэрэгт шалгагдсан үйл баримт цагаадсан хэргийг аваад үзвэл анхан шатны шүүхээс цагаадсан байдаг. Прокурор шүүхийн байгууллага бол тухайн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд өөрийн дотоод итгэлийг үнэлж шийдвэр гаргаж байгаа. Тухайн Х******* ******* ХХК-д холбогдох хэрэг нь анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй гэдэг үндэслэлээр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтай зарчмыг баримталж, цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүхээс дахин шинжээч томилох шийдвэр гарсан боловч тухайн хүн, хуулийн этгээдийн илүүдэл гэсэн гэх хашаанд байсан мод нь үрэгдэж, ачигдсан байсан. Дахин дүгнэлт гаргах боломжгүй гэж хэлсэн. Прокурорын байгууллагаас тухайн хүн, хуулийн этгээдийг яллагдагчаар татаж, шүүхээр шийдвэрлүүлсэн үйл баримт илтэд хууль зөрчиж, хууль бусаар цагдан хорьж шийдвэрлэсэн нөхцөл байдал байхгүй. Б.П******* болон Х******* ******* ХХК-д холбогдуулан шалгасан асуудал нь бүхэлдээ Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдсан хууль ёсны ажиллагаа тул 200,000,000 төгрөг гаргуулах нь үндэслэлгүй байна гэх тайлбарыг гаргаж байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 316/ШШ2025/00794 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4-т заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 1,410,000 төгрөгийг гаргуулж Б. П*******, "Х******* *******" ХХК-нд олгож, үлдэх 998,590,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

-Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай "Х******* *******" ХХК болон Б. П******* миний биед хууль бус мод бэлтгэсэн гэсэн үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2018 оны 02-р сард эрүүгийн хэрэг үүсгэж энэ нь Давж заалдах шатны шүүх. Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх 2019 оны 09-р сарын 20-ны өдөр 82 тоот тогтоолоороо хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон билээ.

Ингээд Монгол улсын Иргэний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруугүйн улмаас прокурор, гурван шатны шүүхээр эрүүдэн шүүлгэсний улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрх зүйн дагуу Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх ******* сумаас Сүхбаатар сум хүртэл 7 удаа ирсэн гэж 1.410.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэж бусад нэхэмжлэгч талын үлдсэн нэхэмжлэлийг хүчингүй болгосонд гомдолтой байна.

Ер нь хэрэг шалгах явцад би ******* сумаас Сүхбаатар сум хүртэл, бас УБ хот хүртэл нийтдээ 24 удаа явсан байдаг. Гэтэл Улаанбаатар 1 удаа, Сүхбаатар сум руу 7 хон удаа явсан гэж андуурчээ.

Мөн нэр төрд учирсан хохирлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ асуудлаас болж сумынхан намайг Ноён солиот гэж дууддагийг гэрчилсэн гэрч байдаг. Гэтэл хэрэгт холбогдохоос өмнө хочилж байсан гэж дүгнэсэн байна. Х******* ******* ХХК-д эрүү үүсгэж ялласан. Тус компанид 2019 онд огт модны хуваарь олгоогүй, нэлээн хэл ам зарга хийж байж 40 куб мод тавьсан байдаг. Энэ өмнөх болон дараагийн жилүүдэд олгосон модны хуваариас харьцангуй бага хэмжээ юм. Энэ талаар нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Угаасаа гэмт хэрэгт холбогдсон компанид модны хуваарь олгохгүй байх Хууль зүйн яамны журам байдаг аа. Иймээс энэ хохирлыг би тооцсон байсан.

Би нэхэмжлэлийнхээ шаардлагаас тодорхой хэмжээгээр багасгасан хоол унд бусад зардал болох 7.042.187 төгрөг, мөн нэр төр хохирсны үнэлэмж 100,000,000 сая төгрөг, "Х******* ******* ХХК-ийн олох ёстой байсан 100,000,000 төгрөгийг тус тус нийтдээ 207.042.187 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн нэхэмжлээд нэмэгдүүлсэн шаардлага болох 1 тэрбум төгрөгийн 792,957.813 төгрөгөөс татгалзаж байна.Давж заалдсан гомдлыг минь хүлээн авч хангана уу гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна. Харин замын зардлыг зөвхөн нэг талыг нь хангаж шийдвэрлэснийг өөрчлөх боломжтой гэж үзлээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.П*******гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Х******* ******* ХХК болон Б.П*******гийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын заримыг хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Б.П******* нь хуулийн байгууллагын хууль зөрчсөн ажиллагааны улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд 1,000,000,000 төгрөг, Х******* ******* ХХК-ийн олох байсан орлого 200,000,000 төгрөгийг гаргуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэргийг судлан үзвэл: Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас Б.П******* болон түүний удирдан явуулдаг *******тэй ******* ХХК-нд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн ба Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/216 дугаартай цагаатгах тогтоолоор Б.П*******, Х******* ******* ХХК-нд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй. гэж,

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн баривчлагдсан, саатуулагдсан буюу буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Б.П******* өөрт болон Х******* Буян ХХК-нд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсны улмаас өөрт учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгчээс гаргасан шаардлагатайгаа холбогдуулан өөрийн гаргасан тооцоолол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бичгийн баримтуудыг шүүхэд ирүүлсэн ба тэдгээр баримтуудыг үндэслэн түүний олох байсан орлого, сэтгэцэд учирсан хохирол, нэр төр, алдар хүнд нь гутаагдсан зэргийг тодорхойлох боломжгүй байна.

Харин нэхэмжлэгч Б.П*******г хэрэгт холбогдуулан 2018 оны 06 сараас эхлэн шалгаж 2019 оны 02 сард түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ба энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа болон хэргийг шүүхээр шийдвэрлэх, мэдүүлэг өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зэргээр өөрийн оршин суух орон нутаг буюу ******* сумаас Улаанбаатар 1 удаа, ******* сумаас Сүхбаатар сум руу 7 ирж буцсан, энэхүү хугацаанд хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаа нь тодорхой хэмжээгээр тасалдсан үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаа нь 2018 оны 06 сараас 2019 оны 02 сар хүртэл хугацаанд тасалдсан боловч энэ хугацаанд олох байсан орлогыг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлох боломжгүй боловч тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр түүнд учирсан хохирлыг тооцон гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү тооцооллыг 2018 онд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөг, 2019 оны 01 сараас эхлэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг байхаар мөрдөгдөж байсан тул нэхэмжлэгчийн олох байсан 9 сарын хугацааны орлогыг 2018 оны 06 сараас 2019 оны 01 сар хүртэл /240,000 х 7 сар/ 1,680,000 төгрөг, 2019 оны 01 сараас 03 сар хүртэл /320,000 х 2 сар/ 640,000 төгрөг нийт 2,360,000 төгрөг гэж үзлээ.

Түүнчлэн анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан замын зардлыг гаргуулахаар дүгнэсэн нь үндэслэлтэй боловч зардлыг тооцохдоо зөвхөн нэг талын зардлыг 1,410,000 төгрөгөөр тооцон гаргасан нь үндэслэлгүй байх тул тухайн зардлыг хоёр талын буюу 2,820,000 төгрөгөөр тооцон гаргаж, дээрхи үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

4.Х******* ******* ХХК-ийг гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнээр тухайн компани үйл ажиллагаа зогссон гэж нэхэмжлэгчээс тайлбарлаж байгаа боловч тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг эрх бүхий этгээдээс зогсоосон, үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй, гэмт хэрэгт холбогдуулан шалгаснаар хуулийн этгээд нь хэдий хэмжээний орлого олох боломжоо алдсан, олох байсан ашиг орлогоо хэрхэн тооцож 200,000,000 төгрөг гэж тодорхойлсон нь тодорхойгүй, урьд оны болон тухайн үед санхүүгийн тайлан зэргээр шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн дээрхи шаардлага үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Б.П*******гийн нэр төр энэхүү гэмт хэрэгт холбогдсоноор сумын хэмжээнд гутаагдсан гэж нэхэмжлэгчээс тайлбарлаж байгаа боловч ямар хэлбэрээр хэрхэн гутаагдсан нь баримтаар тогтоогдоогүй энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 316/ШШ2025/00794 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас олох байсан орлого 2,360,000 төгрөг, мөрдөн шалгах ажиллангааны явцад гарсан зардал 2,820,000 төгрөг нийт 5,180,000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулан Б.П*******д олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас 794,820,000 төгрөг гаргуулах, Х******* ******* ХХК-ны олох байсан орлого 200,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийгн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргах тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

Г.ДАВААРЕНЧИН