Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 216

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Тэс сумын Зүр багт оршин суудаг Аз зээр овогт Замбалын Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булгантамир оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Мөнхцэцэг нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие З.Мөнхцэцэг нь 1965 онд төрсөн. Би 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн Мал бригадад аав ээжийн хамт мал маллаж байгаад 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийтийн ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан. Ийнхүү тэтгэвэр тогтоолгох болоход ажилласан жил дутаж байна. Тухайн үед надад хөдөлмөрийн дэвтэр олгоогүй миний авсан цалинг аав ээжийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийдэг байсан юм. Иймд намайг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ...”Миний бие З.Мөнхцэцэг нь тус шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан юм. Би Улаанбаатар хот руу эмчилгээнд явах болсон тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү”... гэжээ.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 Нэхэмжлэгч З.Мөнхцэцэг нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн Мал бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

Үүнд: Замбалын Мөнхцэцэгт 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон 179038 дугаартай бат илэрхийлэх,

1982 онд Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн Мал бригадын хамт олонтой авахуулсан гэрэл зураг /2 ширхэг/,

Завхан аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйн  Мал бригадын 1981 оны цалингийн тооцооны хуудас,

Завхан аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйн  Мал бригадын 1983 оны цалингийн тооцооны хуудас,

Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/568 дугаартай З.Мөнхцэцэг нь 1981-1983 онд Тэс сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан тухайгаа тоддруулахыг хүссэн боловч дээрх байгууллагын баримт манай архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн тодорхойлолт,

гэрч М.Оюунцэцэгийн “...З.Мөнхцэцэг бид хоёр 7 дугаар ангиа төгсөөд 1981 онд Тэжээлийн аж ахуйд ажилд орж байсан юм. З.Мөнхцэцэг 1983 он хүртэл эцэг, эхийн хамт малчнаар ажиллаж байгаад нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд шилжин ажиллаж байсан юм...” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Нэхэмжлэгч З.Мөнхцэцэгийн Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн Мал бригадад малчнаар 1981-1983 онуудад ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаалууд өөрт нь байхгүй буюу олдохгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/568 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч З.Мөнхцэцэгийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэрч М.Оюунцэцэгт хууль тайлбарлан өгсний үндсэн дээр гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн байх тул дээрх гэрчийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой баримт гэж үзлээ.

179038 дугаартай бат илэрхийлийг 1981 оны 1 сард нээж Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн зөвлөлийн дарга гарын үсэг зурж, тамга дарж З.Мөнхцэцэгт олгож 1981,1982,1983,1984,1985 ондууд татвар төлж байсан талаар тэмдэглэсэн байна.

Мөн Тэсийн тэжээлийн аж ахуйн Мал бригадын малчдын 1981-1983 оны цалингийн тооцооны хуудасанд  З.Мөнхцэцэгийн маллаж байсан малын төрөл, тоо толгой, авч байсан хөдөлмөрийн хөлсийг бичсэн байдал, 1982 онд Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн Мал бригадын хамт олонтой авахуулсан гэрэл зураг зэрэг үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгчийн төрсөн он, ажиллаж байсан гэх цаг хугацаатай тохирч байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иймд З.Мөнхцэцэгийг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн Мал бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч З.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Аз зээр овогт Замбалын Мөнхцэцэгийг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн Мал бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОТГОНХИШИГ