| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 316/2025/00648/И |
| Дугаар | 208/МА2025/00064 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 208/МА2025/00064
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 316/ШШ2025/00817 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч С.А*******
Хариуцагч Д.Г*******
Нэхэмжлэлийн шаардлага: 6,000,000 төгрөг гаргуулах тухай
Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д*******, хариуцагч С.Г*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.А******* нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй С.А*******ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл хариуцагчийн тайлбар татгалзлын талаар:
2.1. Нэхэмжлэгч С.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
...Миний бие хувийн орон сууц бариулахаар иргэн Э.Г*******той ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хуулийн дагуу нотариатаар орж хувийн орон сууц бариулах гэрээ байгуулсан. Энэ хүн анхнаасаа намайг хуурсан. Анх уулзахдаа би бригадтай гэж хэлээд 7 хоног хүлээлгэсэн. Гэтэл ажил эхлэх үед өөрийнхөө хүүхэд, нутгийнхаа танил, өөр хүмүүсийг авчирч юм хийлгэсэн. Миний байшинг хэмжээний алдаатай, өнгө үзэмжгүй, чанаргүй барьсан. Хөдөө байшин бариулж байсан учраас ойр хавийн хүмүүс орж ирээд ямар чанаргүй юм бэ гэж шүүмжилж байсан. Энэ ямар ч багаж байхгүй, дандаа тэр хавийн айлуудаас юм гуйж хийсэн. Би маш их гомдолтой байна.
Би эдийн засаг, цаг хугацаагаар хохирч байна. Одоо хүйтэн сэрүүн эхэлж байна. Би 3 настай нялх хүүхэдтэйгээ амьдардаг. Хүний хийсэн юмыг өөр хүн засаж янзлахад их хэцүү, зардал их байдаг юм байна.
Миний авчирч өгсөн материалыг гамгүй хэрэглэсэн. Гэрээнд авчирсан материалыг гамгүй хэрэглэвэл төлүүлэх заалт хүртэл байсан. Байшингийн хэмжээг зөв авч, төсөв гаргаж чаддаггүй, блокоо ялгаж мэддэггүй. Багш болохоор ирэхгүй байж байгаад 6 сарын сүүлээр хичээл тарах үед эхнэр хүүхдээ авчраад шавар зууруулахад нь тэвчээр маань барагдаад болиулсан. Хундам цутгасан, байшингийн өрлөгийг маш муу хийсэн. Би 2-3 сая төгрөгийн дээврийн банз авчирсан. Ер нь хэлсэн бүх материалыг нь авчирч өгсөн. Бүтэн банзаар хийж болох байтал яр идчихсэн гологдол банзаар хийсэн байсан.
Мөн намайг 2 хоног согтуу байсан гэж гүтгэж доромжилсон. Хүмүүс ирээд архи уусан ч гэсэн 2 хоноогүй, өдөртөө явсан. Хаалганы төмрийг уртаар нь хийхгүй юм уу, тайрч болохгүй байх гэхэд буланд нь ингэж хийх ёстой гэсэн. Гэтэл хээнээсээ урагш гарсан байх ёстой юмыг хээгээр нь тайрчихсан чинь таарахгүй, дахиж тайрч гологдол гарсан.
Миний байшин үнээний саравч шиг л болсон. Гэтэл хариу тайлбартаа 80 хувийг нь барьсан гэж бичсэн байсан. Зузаан банзаар давхарлаж хаалганы зайг нөхсөн. Дараагийн засварыг хийхэд их хэмжээний мөнгө шаардлагатай болж байна. Би одоог хүртэл байшиндаа орж чадаагүй, гомдолтой байна. Чи надад гоё байшин барьж өгөөрэй, би мөнгийг нь хангалттай өгнө гэдгээ хэлсэн. Нотариат дээр байхдаа би гэрээгээ хийж байгаа юм чинь мөнгөө авна биз дээ гэж байнга хэлээд байсан. Юу ч хийхгүй цалгардаж байснаа дандаа мөнгө нэхдэг. Ажил эхлэх мөчөөс ажлын шаардлага хангагдахгүй, чанаргүй, өнгө үзэмжгүй захиалагч миний сэтгэл ханамжийн баталгаагүй явцтай байсан учир ажлыг зогсоон урьдчилгаанд 11,900,000 төгрөг өгснөөс 6,000,000 төгрөгийг Д.Г******* гоос гаргуулж авмаар байна гэжээ.
2.2. Хариуцагч Д.Г******* хариу тайлбартаа:
...Миний бие А*******тэй 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан түүний амины орон сууцыг барихаар тохирч гэрээ байгуулан ажилласан.
Гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байх явцад тухайн ажил гүйцэтгүүлэгч захиалагч тал тохирсон хугацаандаа гэрээний дагуу барилгын материалаа цаг хугацаандаа багтаан нийлүүлж байгаагүй. 10-15 хоног хугацаа гэрээнд зааснаар хожимдуулж биднийг цаг хугацааны алдагдалд оруулж хүлээлт үүсгэн хохироон үүний улмаас манай ажилчид тарж бутарч гэр бүл рүүгээ явсан. Хэрэв хугацаа 10-15 хоног хойшлуулж захиалагч тал барилгын материалаа ирүүлээгүй, хугацаанд авчирч өгч байсан бол бид ажилчид маань явж хөлсний 2 ажилтан авч ажиллуулахгүй байсан. Бидэнд ч иргэн С.А******* нь маш их цаг хугацаа санхүү мөнгөний хохирол учруулж, гэрээнд заасан хугацаандаа материалаа нийлүүлээгүй чанарын шаардлага хангахгүй материал нийлүүлж бидэнд хохирол, чирэгдэл болж байсан.
Гэвч бид юм хэлэлгүй дуугай л ажил үүргээ хангалттай гүйцэтгэж гэрээний 3.3 дахь заалтын дагуу 50 хувийн гүйцэтгэлээ бүрэн гүйцэтгэсэн байтал гэнэт хөөж, уурлаж, аашилж, доромжилж биднийг хөөж явуулсан. Хэдийгээр тухайн үед хөөж явуулсан ч гэлээ тухайн орон сууцыг миний бие гэрээний дагуу 50 хувиас илүүг хийж гүйцэтгэсэн хойно хөөж явуулсан. Бид хөөж явуулаагүй байсан бол үлдэгдэл санхүүжилтээ авч дуусгаад л бүрэн хүлээлгэж өгөх хүсэл зорилго дүүрэн ажиллаж байсан. Харин ч шаардлага хангахгүй барилгын материал өгснийг өөрсдийн ур чадвараар нөхөн сайжруулж, хичээл зүтгэл гарган ажиллаж гүйцэтгэж өгсөн. Тус ажил гүйцэтгэх гэрээний 3.3-т зааснаар бол суурь тавигдах үед төлбөрийн 50 хувийг өгнө гэж заасан тус ажлыг бол 100 хувь гүйцэтгэсэн. Улмаар шал суурь хундаам, ханийн өрлөг дээвэр бүрэн дуусгаад дотор тасалгааны хана өрж байхад намайг хөөж явуулсан.Тэгэхээр гэрээнд заасны дагуу ажлаа маш сайн гүйцэтгэлтэй ихэнхи буюу 50 хувиас илүү 70 хувиас 90 хувь хүртэлх ажлыг бүрэн гүйцэтгэсэн байсан. Харин ч би нэхэмжлэх байтал тус иргэн нэхэмжилж байгаад маш их гайхаж байна. Өөрөө хөөж явуулчихаад ихэнхи ажлаа хөлсгүй хийлгэж биднийг цаг хугацаа хөрөнгө мөнгөний хохиролд оруулчихаад нэхэмжилж байгаад гомдолтой байна. Ямар ч төлбөр мөнгө өгөхгүй, өгөх хуулийн болон гэрээний үүрэг ч байхгүй, ажил гүйцэтгэх үүргээ хангалттай 90 хувьтай биелүүлсэн.
Объектыг бүхэлд нь буюу шал, хана, тааз, дээвэртэй нь босгоод дотор тасалгаагаа хийгээд явж байтал 2 согтуу залуу орж ирээд шүүмжлээд эхэлсэн. Гэтэл тэр 2 залуугийн үгээр миний ажлыг үгүйсгэж чи яв гэсэн. Би хамгийн хямд төсвөөр тооцож ажлаа хийсэн. Үндсэн ханш 350.000 төгрөг байдаг бол би 280.000 төгрөгөөр тооцсон. Нарийн дотор заслын ажлууд хийгдэхэд бэлэн болсон байхад өөрөө зогсоосон. Цааш нь үргэлжлүүлсэн бол би 8 сард дуусгаад түлхүүрийг нь гардуулж өгөх зорилго тавин ажиллаж байсан. Өөр байшингийн дээврийн төмөрт тааруулсан төмрийг авчирсан. Эдний байшин бол 4 тал руугаа уналттай мэлхий дээвэр байсан. Арай гэж тааруулаад л тавьсан. Гэхдээ 7-8 төмөр орохоор хэмжээний дутуу үлдсэн.
Гал голомт нь дээшээ бадарсан насаараа суух сайхан байшин барьж өгнө гэсэн сайхан сэтгэлээр ажиллаж байсан. Халуун зунаар баахан хүн ажиллуулчхаад одоо 6.000.000 төгрөг нэхэмжилж байна. Тэр байшин муу байсан юм бол нураачихгүй яасан юм. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.
3. Маргааны үйл баримтын талаар:
3.1. Нэхэмжлэгч С.А******* нь хариуцагч Д.Г******* д холбогдуулан гэрээгээр тохирсон ажлаа гүйцэтгээгүй тул ажлын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 11,900,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч гэрээнд заасны дагуу барилгын 80 хувийг гүйцэтгэсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3.2. Анхан шатны шүүхээс хариуцагч татгалзлаа нотлоогүй, түүнчлэн зохигчдын хооронд байгуулсан гэрээний 7.1-д зааснаар гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 6,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
Хариуцагч нь давж заалдах гомдлоо шүүх хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсанаас хэргийн зохигчийн эрхийг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх шаардлагатай гэж тайлбарлажээ.
3.3. Хэргийг судлан үзээд дүгнэх нь: Нэхэмжлэгч С.А******* нь хариуцагч Д.Г******* той 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тус гэрээгээр Сэлэнгэ аймгийн А******* сум 1 дүгээр баг Бүргэдэй Залуучууд ******* тоот хаягт * давхар 8х10 хэмжээтэй амины орон сууц барих ажлыг гүйцэтгүүлэхээр, ажлын хөлс болон гүйцэтгэх ажлыг үе шаттайгаар хэсэг тус бүрийн үр дүнг хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.
Талууд гэрээ байгуулсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба захиалагч талын буюу нэхэмжлэгч С.А******* ийн шаардлагаар гэрээ цуцлагдаж, нэхэмжлэгч С.А******* хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Д.Г******* нь гэрээнд заасан ажлаа чанаргүй гүйцэтгэсэн тул гэрээний урьдчилгаанд өгсөн 11,900,000 төгрөгөөс түүний гүйцэтгэсэн ажлын хөлсийг суутган 6,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа хариуцагч нь гэрээнд заасан ажлаа 50 хувь гүйцэтгэсэн гэж тайлбарладаг бол хариуцагч 80 хувь гүйцэтгэсэн гэж маргадаг.
3.4. Зохигчдын хэн аль нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын хэдэн хувийг гүйцэтгэсэн эсэх талаар маргаж түүнтэй холбоотой ажил гүйцэтгэж байсан үеийн гэрэл зургаас өөр баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргааныг хариуцагч нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, татгалзлаа нотлоогүй гэж тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
3.5. Зохигчид 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ээр ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тодорхойлж, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоон, үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж заажээ. Тухайлбал:
-гэрээний 3.3-т ...Байшингийн суурь тавигдсан үед төлбөрийн 50 хувь буюу 11,200,000 төгрөг /барилга суурь, шал өрлөг/ төлнө. Барилга 80 хувь /гадна дотор заслын ажил, сантехникийн ажил, нам даралтын зуух холболт, цахилгаан монтаж бүрэн хийгдсэн дээвэр, дотор хана хийгдэх, цонх хаалга бүрэн суулгах, гүйцэтгэлтэй болоход 25 хувь буюу 5,600,000 төгрөгийг, барилга 100 хувь дуусахад түлхүүр гардуулах 25 хувь буюу 5,600,000 төгрөгийг төлнө,
-гэрээний 7.1-т заасан ажлыг бүрэн дуусгахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй эрхтэй бөгөөд 7.6-д зааснаар ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж тус тус заажээ.
3.6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ажил гүйцэтгэгчид ажлын хөлс урьдчилсан шилжүүлсэн, гэрээ цуцлагдсан тул өөрт учирсан хохирлоо гаргуулна гэж байгаа боловч хохирлын хэмжээг 6,000,000 төгрөг гэдгийг хэрхэн тооцсон аргачилал нь тодорхойгүй зөвхөн хариуцагч нь гүйцэтгэх ажлынхаа 50 хувийг л хийсэн гэжээ.
Хууль зүйн ойлголтоор үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцдог.
Хэрэгт авагдсан гэрэл зураг болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар байшингийн суурь, өрлөг бүрэн хийгдсэн, дээвэр бүрэн тавигдаж, дээврийн төмөрлөгөө нь 80 хувьтай хийсэн, шал бүрэн цутгасан, дотор хана тодорхой хэмжээгээр хийгдсэн байх үед нэхэмжлэгчээс гэрээг цуцалснаар хариуцагчийн үйл ажиллагаа дуусгавар болсон байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлсийг 22,400,000 төгрөгөөр тооцсон байх ба нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд 11,200,000 төгрөгийг шилжүүлсэн, тус гэрээний 3.3-т зааснаар хариуцагч нь гүйцэтгэх ажлынхаа 50 хувийг гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.А******* нь Иргэний хуулийн 225, 227 дугаар зүйлд тус тус зааснаар хариуцагчтай байгуулсан гэрээг цуцлах, өөрт учирсан хохирлоо гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй боловч энэхүү шаардлагаа өөрөө нотлох үүргийг хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй түүнчлэн гэрээний үүргийн улмаас хариуцагч нь нэхэмжлэгчид 6,000,000 төгрөгийн бодит хохирол учруулсан болох нь тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй учир түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
4.Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлыг давж заалдах шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн тул түүний гомдол гаргахдаа урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 316/ШШ2025/00817 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3, 343 дугаар зүйлийн 343.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.А*******ийн хариуцагч Д.Г*******д холбогдуулан гаргасан 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Д.Г*******гоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгосугай.
3.Хариуцагч Д.Г*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол гаргахгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Г.ДАВААРЕНЧИН