Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 218/МА2025/00012

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 310/ШШ2025/00626 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал, хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Баярдаваа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ... Миний бие 1966 онд төрсөн, эрэгтэй, 59 нас хүрч байна. Улсад 23 жил 8 сар ажилласан юм Үүнээс 1982 оны 07 сарын 01-нээс 1985 оны 06 сарын 07-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1988 оны 06 сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Гурвансайхан сумын Давших зам ХК-нд жолоочоор ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, шатсан тул гэрчийн мэдүүлэг, анх ажилд томилогдсон тушаал зэргийг үндэслэн 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 сарын 07- ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1988 оны 06 сарын 19-нөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК-нд жолоочоор тус тус ажиллаж байсныг, мөн 1985.06.08-наас 1988.06.18-ны өдрийг хүртэл 3 жил хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд ээж *******аар овоглож гарч ирсэн тул архивын лавлагааны /хугацаат цэргийн алба хаасан/ жинхэнэ эзэмшигч нь ******* овогтой Бат-Эрдэнэ болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын Бат-Эрдэнэ /РД:*******/-ийг Батлан хамгаалахын төв архиваас 2024 оны 05 сарын 06-ны өдөр олгосон 06/1250 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа-ны жинхэнэ эзэмшигч болохыг, 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1988 оны 06 сарын 19-нөөс 1992 оны 03 сарын 23-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 03 сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ныг дуустал хугацаанд Давших зам ХК-нд ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгч *******э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Миний бие хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн /2000 онд шатсан/, холбогдох тушаал, шийдвэр олдохгүй байсан учраас 1982 оны 7 сарын 1-нээс 1985 оны 6 сарын 7-нийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1988 оны 6 сарын 19-нөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэл, Давших зам ХК, Давших зам ББХК-уудад жолоочоор ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хандсан.

Анхан шатны шүүх 1992 оны 3 сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:

Шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл, шаардлага бий болсон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл 2000 онд Гурвансайхан сумын Засаг даргын Тамгын газрын байр шатсанаар сумын ихэнх иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой баримт шатаж үгүй болсон. Нэгдэлд ажиллаж байсан иргэдийн хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал, шийдвэр, цалин хөлсний баримт гэх зэрэг бүх холбогдох баримт шатсан байдаг. Энэ нөхцөл байдал хэрэгт авагдсан Дундговь аймгийн Онцгой байдлыг газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 04/07 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Миний бие 1982 оны 7 сарын 1-нээс 1985 оны 6 сарын 7-нийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1988 оны 6 сарын 19-нөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэл, Давших зам ХК, Давших зам ББХК-уудад жолоочоор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан анх ажилд томилогдсон 44 дугаартай тушаалын хуулбар, 1985-1988 оны хооронд цэргийн албанд явж, ирсэн талаарх албан тоот, Дундговь аймгийн АХГЗ-ны өмч хувьчлалын комиссын 1992 оны 3 сарын 17-ны өдрийн тогтоол, түүний хавсралт, Давших зам нэгдэлд 1981 оноос 1995 он хүртэл туслах, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч *******ын мэдүүлэг, гэрч ын мэдүүлэг, хамт цэрэгт явж, ирж байсан гэрч *******ын мэдүүлэг баримтуудаар нотлогддог. Гэрч нар Давших зам нэгдэлд надтай хамт ажиллаж байсныг нотлох, нэхэмжлэлийн шаардлагатай уялдаатай баримт болох гэрчүүдийн шүүхийн шийдвэрийг хэрэгт давхар өгсөн.

Мөн намайг 1992 оны 3 сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд Гурвансайхан сумын Давших зам ХК, ББХК-уудад ажилласан болохыг нотлох 1992 оны 3 сарын 17-ны өдрийн тогтоол хэрэгт байгаа. Энэ тогтоолоор Давших зам нэгдлийг хувьцаат компани болгох, хувьцаа хуваарилах асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд үүний хавсралтад миний ээж болон би, манай дүү нарын нэр, ногдох хувьцааны код, хэмжээг тусгаж өгсөн байна. Тухайн үед хувьцааг дан ганц ажилтанд бус гэр бүлийн гишүүн бүрт хуваарилж байсан. Энэ нь ажилтныг ажлаас чөлөөлж байгаа болон Давших зам нэгдлийг нэг мөр татан буулгасан шийдвэр биш, зөвхөн бүтцийн өөрчлөлт орж байгаа шийдвэр юм.

Дундговь аймгийн АХГЗ-ны өмч хувьчлалын комиссын 1992 оны 3 сарын 17- ны өдрийн тогтоолоор Давших зам нэгдэл ХК болон өөрчлөгдсөн энэхүү шийдвэрээр намайг 1992 оны 3 сарын 23-ыг хүртэл ажилласан, үргэлжлүүлэн ажилласан нь нотлогдохгүй байна гэж дүгнэн үүнээс хойших шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймээс Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 сарын 6-ны өдрийн 626 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... Шүүх 1992 оны 03 сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Давших зам хувьцаат компани болон бүрэн бус хариуцлагатай хувьцаат компаниудад ажилласан нь тогтоогдохгүй байна гэж үзсэн. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад 1992 оны өмч хувьчлалтай холбоотой баримт тогтоол, хавсралтууд байна. Шүүхээс 1992 оны 03 сарын 23-ны өдрөөр бүх ажилчдыг чөлөөлөөд нэгдэл гэж байхгүй болчхож байгаа мэтээр дүгнэж байгаа нь үндэслэл муутай болсон байна. Өөрөөр хэлбэл 1990 онд тус нэгдэлд харьяалал хамааралтай өмч хувьчлалд хамрагдаад ажиллаж байсныг нотолсон баримт хэрэгт байна. Мөн гэрчүүдийн мэдүүлэг, гэрчүүдийн тухайн нэгдэлд ажиллаж байсан талаарх шүүхийн шийдвэр, хөдөлмөрийн дэвтрүүдийг хэрэгт өгсөн байгаа. Эдгээр хүмүүсээс 1981-1995 оныг дуустал, 1996 онд хоршоо бүрэн бус хариуцлагатай хувьцаат компани болох хүртэл нягтлангаар ажиллаж байсан гэрч Лхам гэдэг хүн дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн үед одоогийнх шиг хүнийг өөрийнх нь хүсэлтээр ажиллуулдаг биш, ажилгүй хүн байвал тухайн нэгдэлд албадан шахуу ажиллуулж бүх хүн ажилтай байсан цаг үе байгаа. Тэгэхээр хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч 1994 оныг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам хувьцаат компани, Давших зам бүрэн бус хариуцлагатай хувьцаат компаниудад ажиллаж байсан байна гэдэг нь бүрэн дүүрэн тогтоогдсон гэж үзэж байна. ... гэв.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч *******э нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэл, Давших зам ХК, Давших зам ББХК-д 1982 оны 07 сарын 01 өдрөөс 1985 оны 06 сарын 07 өдөр хүртэл, 1988 оны 06 сарын 19 өдрөөс 1994 оны 12 сарын 31 өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг, Батлан хамгаалах төв архиваас олгосон *******ын Бат-Эрдэнийн 1985 оны 06 сарын 08 өдрөөс 1988 оны 06 сарын 18 өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тус тус тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Батлан хамгаалахын төв архиваас 2024 оны 05 сарын 06-ны өдөр олгосон 06/1250 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа-ны жинхэнэ эзэмшигч болохыг, 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1988 оны 06 сарын 19-нөөс 1992 оны 03 сарын 23-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 03 сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд Давших зам ХК-нд ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.Нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 03 сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд Давших зам ХК, Давших зам ББХК-нд ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй алдааг, мөн 1985 оны 06 сарын 02 өдрөөс 1985 оны 06 сарын 07 өдрийг хүртэлх хугацааг шийдвэрлээгүй /хангасан, эсхүл хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй/ орхигдуулсан алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөнө.

5.Хэрэгт авагдсан баримтаар гэрч *******, *******, нар нэхэмжлэгчийг 1982 онд 8-р анги төгсөөд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар 1985 онд цэрэгт явах хүртэл, 1988 оны 06 сарын 19 өдрөөс 1994 оныг дуустал Давших зам нэгдэлд, нэгдлийн бүтэц өөрчлөгдсөний дараах байгууллагад жолоочоор ажиллаж байсан талаар мэдүүлсэн, гэрч ******* 1981 оны 04 сарын 01 өдрөөс 1994 оны 12 сарын 30 хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд туслах болон ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан болох Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 11 сарын 7 өдрийн 273 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна.

6.Дээрх дам нотлох баримт болон нотолгооны хэрэгслээр нэхэмжлэгч нь 1985 оны 06 сарын 02-оос 07 өдөр хүртэл, 1992 оны 03 сарын 23 өдрөөс 1994 оны 12 сарын 31 хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХК, Давших зам ББХК-д жолоочоор ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 310/ШШ2025/00626 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын ...1985 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал гэснийг 1985 оны 06 сарын 07-ны өдрийг дуустал гэж, мөн заалтын ... 1992 оны 03 сарын 23 өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 03 сарын 23 өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд Давших зам ХК-д ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ... 1994 оны 12 сарын 31 өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэл, Давших зам ХК, Давших зам ББХК-д жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ

 

ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

Г.БАЯРДАВАА