Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 00475

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1962 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой,багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Баяннуур сумын 1 дүгээр баг, Өлзийт байшин хороо 1-5 тоотод оршин суух Жаран овогт Дашдаваагийн Зоригт /РД:ГО62100574/-ыннэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох,

Булган аймгийн Баяннуур сумын сургуулийн насан туршийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, 2014, 2015 оны цалин болон зэргийн нэмэгдлийн зөрүү 9328438 төгрөг гаргуулах, тус сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/34 тоот, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/09 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах тухай 132/2016/00332/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Зоригт, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: 1966 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй,дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Булган аймгийн Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай, Булган аймгийн Баяннуур сумын 1 дүгээр баг, 3-6 тоотод оршин суухБоржигон овогт Чойжилхорлоогийн Сарантуяа /РД:ЦД66042760/, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн,

Гэрч: 1965 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, Булган аймгийн Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежер ажилтай, Баяннуур сумын Өлзийт баг байшин хороо 2-5 тоотод оршин суух, Шарнууд овогт Цэвээний Цэндээхүү /РД:ГО65101767/,

Гэрч: 1963 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Булган аймгийн Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багш ажилтай, Баяннуур сумын Өлзийт баг 1-5 тоотод оршин суух Хариугчин овогт Эрдэнэ-Очирын Энхтуяа /РД: ГО63040361/, нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Зоригт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие 1983 оноос хойш Баяннуур сумандаа тогтвор суурьшилтайгаар 33 жил багш,боловсролын нийгмийн ажилтан, сургалтын менежер, насан туршийн боловсролын нэгжийнажлуудыг хийж, сурсан мэдсэн бүхнээ бусдын сайн сайхны төлөө гэсэн сэтгэлээр хандаж, ажлын арга барилтай, туршлагатай ажлын амжилтаа төр засгаараа үнэлүүлэн түүндээ урамшин хийе, бүтээе гэсэн сэтгэл өвөрлөн ажилладаг нэгэн. Улсад ажилласан энэ хугацааны 13 жилийг боловсролын нийгмийн ажилтан, албан бус боловсролын багшийн ажлыг хавсран хийж, 2011 оны 09 дүгээр сараас сургалтын менежерээр томилогдон, 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан.Насан туршийн боловсролын багшийн цалинг 2013 оны 9 дүгээр сараас 2014 оны 01 дүгээр сар хүртэл сумын Засаг даргын нөөц сангаас 200000 төгрөгөөр урамшуулал олгосон. 2014 оны 01дүгээр сараас дүйцсэн хөтөлбөрт суралцах 27 хүүхдийн хувьсах зардал болох 455200 төгрөгөөрцалинжуулсан. Урамшуулал олгох, цалин нэмэгдүүлэх асуудлаа Сарантуяа захиралд удаа дараа тавьж байсан. Цалинг нэмж олгоогүй 2014 оныг дуусгасан. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Аймгийн Боловсрол соёлын газрын дарга Цогоотой уулзаж, асуудлыг тавьсан ба 2015 оны 02 дугаар сард Цогоо дарга манай суманд ажлаар ирэхэд нь дээрх асуудлаа дахин танилцуулж, улмаар 553700 төгрөг болгож, үндсэн цалин нэмсэн боловч тэргүүлэх зэргийн болон хөдөөгийн нэмэгдэл олгоогүй юм.2015 оны 09 дүгээр сард сургуулийн бүх багш нарт улирлын урамшуулал цалингийн 45 хувь олгосон боловч зөвхөн надад олгоогүй. Энэ талаар захиралд хэлсэн ч шийдээгүй. 2014, 2015 оны цалинг сумын Засаг даргын захирамж болон БСШУ-ны Сайдын зөвлөмжийг үндэслэн Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолын ТҮБД-4-ийн 5 дугаар шатлалаар үзэхэд авбал зохих цалин нэмэгдлүүд 16888056 төгрөг олгогдохоос 2014 онд 3651197 төгрөг, 2015 онд 3908421 төгрөг, бүгд 7559618 төгрөг олгосон байх тул 2 жилийн цалингийн зөрүү, тэргүүлэх зэргийн болон хөдөөгийн нэмэгдлүүд нийт9328438 авах ёстой. 2015 оны 12 дугаар сарын цалингаас 20% цалин хассан талаар 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр багш ажилчдын хурал дээр мэдээд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр сургуулийн бичээч Н.Отгонтуяагаас 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/34 дугаартай тушаалыг авсан тул уг тушаалд гомдол гаргах хугацааг сэргээж, захирлын Б/34 дугаартай тушаалыг хүчингүй болгох, сургуулийн захирал Ч.Сарантуяагийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/09 дугаартай тушаал үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1, мөн хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар Булган аймгийн Баяннуур сумын сургуулийн насан туршийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, 2014, 2015 оны цалин болон зэргийн нэмэгдлийн зөрүү 9328438 төгрөг гаргуулах, тус сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/34 тоот, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/09 тоот тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Сарантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариутайлбартаа: Д.Зоригт нь 2014, 2015 оны цалинг нэхэмжлэж байгаа ч өгөх ямар ч боломжгүй ба Авилгатайтэмцэх газар, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн маргаан таслах комисс шалгаад өгөх боломжгүй гэдгийг удаа дараа Зоригт багшид хэлж ойлгуулсан. Мөн Боловсрол соёлын газрын дарга Д.Цогоо, төсвийн мэргэжилтэн Ихбаяр нар тодорхой тайлбарласан ба энэ тухайгаа өөрөө ч зөвшөөрч гэрээ хийн ажиллаж байсан. Энэ хүний яриад байгаа насан туршийн боловсролын багшийн цалинг олгох эрх зүйн үндэслэл тодорхой гараагүй харин албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрийн хүүхдийн хувьсах зардлаар тус жилүүдэд цалинжиж явсан болно. 2015 оны 12 дугаар сард цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авахад дараах үндэслэлүүд нөлөөлсөн юм. Үүнд: Багш ажилчдын гарын үсэгтэй өргөдөл /Энэ нь тухайн багш, багш суралцагчдын нэр хүндийг унагаж байгаа, багшийн ёс зүй зөрчиж байгаа талаар/, дүйцсэн хөтөлбөрийн 27 хүүхдийг сургах байсан боловч 2-3 хүүхэд л сургасан, үйл ажиллагаагаа сайн зохион байгуулаагүй, сургалтанд хамруулаагүй. 2015 оны ажлын тайланг бэлтгэл муутай тавьсан, хүний шүүмжлэл хүлээн авдаггүй. Залуу багш нарын ажиллах эрч хүчийг мохоож худал хуурмаг яриа гаргадаг тул захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн 1 сарын цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан. Энэ арга хэмжээ авсан тухайгаа багш нарын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16.00 цагийн хурал дээр албан ёсоор уншиж танилцуулсан ба тухайн хуралд Зоригт багш суугаагүй тасалсан болно. Ер нь сургуулипн захиргаанаас зохион байггуулж буй үйл ажиллагаанд оролцдоггүй хурал цуглаанд хамрагддагүйг ирцийн
бүртгэлээс харж болно. Манай сургууль долоо хоногийн нэг дэх өдөр бүр 16.00 цагаас
цуглаан хийж тухайн 7 хоног, сард хийх дотоод ажлаа ярьж хэлэлцэж хэвшсэн.
Зоригт багш 12 дугаар сарын цалингаас 20 хувь нь хасагдсан талаар болон арга хэмжээ авсан талаар асууж орж ирээгүй. Ажлаас чөлөөлсөн тушаал гаргачихсан байхад одоо хүртэл ажлаа хүлээлгэж өгөөгүй өрөөгөө цоожлоод явж байна. Ажлын хэсэг ажил хүлээж авах ёстой боловч өгөхгүй гэсэн тайлбар өгөн би удахгүйшүүхээр ялах тул өгөөд яахав гэж хэлдэг. Бидэнтэй ингэж харьцаж байгаа нь багшийн ёс зүйг хэтэрхий зөрчиж байгааг илтгэж байна. Зоригт нь сургуулийн хамт олныг хүндлэж багаар ажиллах чадваргүй болох нь тодорхой харагдсан. Зоригт багшийг ажлаас халах болсон шалтгаан өмнө нь арга хэмжээ аваад хэлж яриад байхад алдаа дутагдлаа давтан гаргасан мөн багшийн ёс зүйг ноцтой зөрчсөн нь багш ажилчын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хурлаар тогтоогдсон болно. Ёс зүй зөрчсөн талаар дурьдвал дотуур байрны багш, биеийн тамирын багш нарыг хүүхэд зодсон гэж худал ярьсан, аймгийн Засаг дарга ажлаа тайлагнаж иргэдтэй уулзалт хийж байхад сургуулийн захиргаа муу ажилладаг, залуу багш нар ур чадвар туутай гэх зэргээр сургууль, багш нарын нэр хүндийг унагасан гэх мэтээр баг хамт олон багш нар хурцаар шүүмжилж санал хураалгахад хуралд оролцсон 32 хүнээс 4 хүн санал өгөөгүй ба 26 хүн нь ёс зүй зөрчсөн гэсэн саналыг өгсөн Тухайн саналыг тус сургуулийн багшийн ёс зүйн ажлын хэсгийн гишүүд авсан болно.Өмнө нь сургалтын менежер хийж байх хугацаандаа багшийн нэр хүндийг унагаж багш нарыг учир дутагдалтай үнэлж дүгнэж байгаад 2013 онд багш нарын хурлаас 100 хувийн саналаар сургалтын менежерийн ажлаас чөлөөлөгдөж байсан ба удаа дараа хэлж арга хэмжээ аваад байхад ер тоосон шинжгүй авирлаж байна. Энэ нь Зоригттой байгуулсан хөдөлмөрийн гэрээий 3.3 дахь заалт болон байгууллагындотоод журмын 13 дугаар зүйлийн 13.В.11 дэхь заалтуудыг зөрчиж байна. Мөн Зоригт багш нь гэгээрэл төвд аливаа үйл ажиллагааг явуулахдаа төлбөр авдаг боловч сургуулийн захиргаа санхүүд хэлж орлого авахүүлалгүй дур мэдэн зарцуулдаг нь дараах үйл ажиллагаануудаар тогтоогдож байна. Үүнд: Гэгээрэл төвд авто жолооны курс хичээллүүлэн 150000 төгрөгийн төлбөр авсан ба теннисний ширээг залуучууд болон хүүхдүүдэд төлбөртэй өгч тоглуулдаг, албан бус боловсролын сургалын төлбөрт хонь ямаа цуглуулсан боловч орлого авахуулахгүй, өөрөө очиж ямааг самнах, хонь, ямаанаас хоолондоо хэрэглэдэг талаар малчин нь ярьсан. Үүнийг өмнө нь цагдаагийн байгууллагаар шалгуулахад Баярсайханы хотонд 3 ямаа, 5 хонь, Баатарын хотонд 16 тооны ямаа тавиулан маллуулж байгааг тогтоосон ба түүнийгээ хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих сангийн мал гэж хэлсэн байсан. Манай суманд ийм сан үйл ажиллагаа явагддаггүй.Мөн Шар тал багийн иргэн Тунгалаг сургуульд 600000 төгрөг хандивласан ба багш нарын өрөөнд диван авч өгөхөөр багш нарт амласан боловч юу авсан нь тодорхой бус орлого авахуулахгүй дур мэдэн зарцуулж байгаа нь Төрийн албаны хуульд заасан захирах захирагдах ёс, багшийн ёс зүйг ноцтой зөрчиж байгааг илтгэж байна. Мөн 2015 оны эд хөрөнгийн тооллогод хамрагдаагүй болно. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 3.5 дахь заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд багш ажилчдын хурлын шийдвэрийг үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10.00 цагт захирлын дэргэдэх зөвлөл хуралдан Д.Зоригтыг ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн 100 хувийн саналаар ажлаас чөлөөлсөн болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Зоригт нь Булган аймгийн Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн насан туршийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, 2014, 2015 оны цалин болон зэргийн нэмэгдлийн зөрүү 9328438 төгрөг гаргуулах, тус сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/34 тоот, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/09 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, захирлын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/34 тоот, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/09 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлагын тухай:

Нэхэмжлэгч Д.Зоригт нь Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот захирамжаар сумын насан туршийн боловсролын арга зүйч багшийн ажилд томилогдсон байна.

Нэхэмжлэгч Д.Зоригт, хариуцагч Булган аймгийн Баяннуур сумын Ерөнхий боловсролынсургуулийн хооронд 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ бичгээр хийгдэж талууд гарын үсэг зурсан байна. Дээрх гэрээнээс харвал талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар буюу ажил, албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тохиролцож, гарын үсэг зурсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар дээрх хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон байна.

Булган аймгийн Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/34 тоот тушаалаар насан туршийн боловсролын багш Д.Зоригтын 2015 оны 12 дугаар сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсан байна. Уг тушаалыг нэхэмжлэгч Д.Зоригтод 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гардуулсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон.Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Мөн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/09 тоот тушаалаар цуцлажээ. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба уг тушаалыг нэхэмжлэгч Д.Зоригтод 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гардуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон ба нэхэмжлэгч сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай гомдлоо ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хамтатган 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд сахилгын шийтгэл буруу ногдуулсан, ажлаасүндэслэлгүй чөлөөлөгдсөн тухай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

Ажил олгогч нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах, ажилтныг ажлаас халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж,ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгахшаардлагатай. Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/34 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.11-д заасныг баримтлан сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь дүйцсэн хөтөлбөрт хамрагдах 27 хүүхдийг сургалтанд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж явуулаагүй, 2015 онд хийсэн ажлын тайлан нь бэлтгэл муутай шаардлага ханаагүй, багш нарын нэр хүндийг олон нийтийн дунд унагасан тухай тэдний гарын үсэг бүхий гомдол бичгээр ирсэн, залуу боловсон хүчний ажиллах эрч хүчийг бууруулсан гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ...хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэжээ. Нэхэмжлэгч Д.Зоригт дээрх зөрчлүүдийг гаргасан нь баримтаар нотлогдоогүй, тус сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд байхгүй заалтыг үндэслэл болгож сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй байна /13 дугаар зүйлийн 13.11/.

Мөн хариуцагч Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/09 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 3.5, хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.в.11 дэх заалтыг баримтлажээ. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасныг ойлгох ба эдгээр зөрчил тус, тусдаа баримтаар нотлогдсон байх шаардлагатай. Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасан багш болон сургуулийн нэр хүндийг унагах зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн зөвлөл болон багш ажилчдын хурлаар хэлэлцэгдэн 2-оос дээш удаа зөрчил гаргасан нь тогтоогдсон, 3.5-д заасан хандивийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан ...тохиолдол-д хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан хэдий ч нэхэмжлэгч нь дээрх зөрчлийг гаргасан болох нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.Тус сургуулийн багш ажилчдын хурлыг 2015 оны 12 дугаар сарын 19, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хуралдуулж, Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн гэж тайлбарласан. Тус сургуулийн Захирлын дэргэдэх зөвлөл ямар ажил, албан тушаалын хүмүүсээс бүрддэг, бүрэлдэхүүнтомилсон ямар нэг шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй, хандивийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан болохыг хэрхэн, яаж тогтоосон нь тодорхойгүй зэргээс үндэслэн Д.Зоригтыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг бодит үнэнд нийцсэн, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй байна.

Иймд Д.Зоригтод сахилгын шийтгэл ногдуулсан 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/34, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/09 тоот тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн насан туршийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно. Иймд нэхэмжлэгчД.Зоригтын ажилгүй байсан хугацааны ажлын 85 өдрийн /2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /1907782 : 3 сар = 635927 : 21.5 ажлын өдөр= 29578 х 85 өдөр = 2514130 төгрөг/ 2514130 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор байна. Сүүлийн 3 сарын цалин хөлсийг тодорхойлохдоо ажлаас халагдсан 4 сарыг оруулахгүй 3, 2, 1 дүгээр сарын цалингийн дундажаар тогтоох нь хуульд нийцнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн дээрх дэвтрүүдэд ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн бичихийг даалгах нь зүйтэй байна.

Хоёр. 2014, 2015 оны цалин болон зэргийн нэмэгдлийн зөрүү 9328438 төгрөг гаргуулах шаардлагын тухай:

Монгол улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1а/4765 тоот Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийн хавсралтын 2 дугаарт Сангийн сайдын 2015 оны 07 дугаар тушаалын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцаас албан бус дүйцсэн сургалтын зардлыг нэг сурагчид ногдох хувьсах зардал болон тухайн жилд санхүүжих хүүхдийн тоонд үндэслэн батлуулж, аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулдаг Засгийн газрын чиг үүргийг орон нутаг хэрэгжүүлэх гэрээ-нд Насан туршийн боловсрол гэсэн зориулалтад тусад нь тусгаж санхүүжүүлдэг. Энэхүү санхүүжилтэд цалин, шимтгэл, бараа үйлчилгээний зарим зардал, албан бус боловсролд хамрагдах хүүхдийн тоог тусгадаг... ...орон нутгийн өмчийн насан туршийн боловсролын хэвийн үйл ажиллагааны зардлыг үүсгэн байгуулагч буюу аймгийн Засаг дарга орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх шаардлагатайг анхаарахыг зөвлөмжилсөн байна.

Сургуулийн захирал нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй, 6 дугаар зүйлийн 6.6.6-д Тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

Булган аймгийн Баяннуур сумын хэмжээнд 2014, 2015 онд албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрт тус бүр 27 иргэн хамрагдах тооцоо гарч, аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 2014, 2015 онуудын төсвийн төсөлд батлагдсан ёсоор албан бус боловсролын үйлчилгээ, дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсролд олгох санхүүжилтээр 2014 онд 6476400 төгрөг, 2015 онд 5530600 төгрөг олгогдож, дээрх төсвийг насан туршийн боловсролын багшийн тухайн жилийн цалинд зарцуулсан болох нь зохигчдын тайлбараар батлагдаж байна. Иймд нэхэмжлэгч Д.Зоригтын 2014, 2015 оны цалин болон зэргийн нэмэгдлийн зөрүү 9328438 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Зоригт нь 2014, 2015 оны цалин болон зэргийн нэмэгдлийн зөрүү 9328438 төгрөг гаргуулах тухай шаардлагадаа Улсын тэмдэгтийн хурмаажийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 164205 төгрөгийг урьдчилан төлөх байсан хэдий ч тус шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1103 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртлэх хугацаагаар хойшлуулсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 164205 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

Харин ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, захирлын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/34 тоот, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/09 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах тухай шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарч байгаа тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Булган аймгийн Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 55176 төгрөг гаргуулж Төрийн санд олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Булган аймгийн Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/34 тоот, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/09 тоот тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Зоригтыг Булган аймгийн Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн насан туршийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Булган аймгийнБаяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулиас 2514130 /хоёр сая таван зуун арван дөрвөн мянга нэг зуун гуч/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Зоригтод олгож, нэхэмжлэлээс 9328438 /есөн сая гурван зуун хорин найман мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Д.Зоригтын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг Булган аймгийн Булган аймгийнБаяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчид үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 164205 /нэг зуун жаран дөрвөн мянга хоёр зуун тав/ төгрөг төлөх хугацааг хойшлуулсан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Зоригтоос 164205 /нэг зуун жаран дөрвөн мянга хоёр зуун тав/ төгрөг, хариуцагч Булган аймгийн Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулиас 55176 /тавин таван мянга нэг зуун далан зургаа/ төгрөгийг тус тус гаргуулан Төрийн санд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ