| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 311/2025/00495/И |
| Дугаар | 205/МА2026/00001 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 205/МА2026/00001
Б.Э-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч З.Нандинцэцэг, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 311/ШШ2025/00511 дугаар шийдвэртэй
Б.Э-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч Б.Э нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Б.Э нь 1965 онд төрсөн. У хотод оршин суудаг. Би өмнө нь 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойших ажиллаж байсан байдлаа тогтоолгосон. 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Завхан аймгийн Д сумын ..... нэгдлийн Ц бригадад малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж, 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдөр халагдаж ирсэн. 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Д сумын .......... нэгдлийн Ц бригадад малчнаар үргэлжлүүлэн ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэрт холбогдох тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Иймд 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Д сумын ........... нэгдлийн малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Э-ын 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл, мөн 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Д сумын ........ нэгдлийн Ц бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 140/ШШ2024/00294 дугаартай шийдвэр, түүний үндэслэх хэсэгт “...1981 оноос 1986 он хүртэл, мөн 1986 оноос 1987 онуудад Завхан аймгийн Д сумын ........ нэгдлийн Ц бригадад мал маллаж байсан болохоо тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна...” гэсэн нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Э нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд хандаж байсан бөгөөд дээрх онуудад ажиллаж байснаа тогтоолгохоосоо өөрөө сайн дураараа татгалзаж байсан үйл баримт тогтоогдож байх тул дахин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзах нь зүйтэй гэжээ.
Б.Э нь анх 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд ажилласан жил тогтоолгох тухай нэхэмжлэлийг өгсөн бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзсан ч шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дурдаагүй, тухайн онуудын ажилласан жилийг дахин баримтаа бүрдүүлж тогтоох боломжтой гэж ойлгосон. Хариуцагчтай маргаантай хэргийн хувьд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тухайлан сануулж, гарах үр дагаврыг танилцуулж, гарын үсэг зуруулж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталгаажуулж захирамж гаргадаг.
Гэтэл нэхэмжлэгчид тухайн хуулийг тайлбарлаагүй, гарах үр дагаврыг танилцуулж гарын үсэг зуруулаагүй, татгалзсаныг баталгаажуулсан захирамж гаргаагүй байхад үндэслэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх онцгой ажиллагааны хэргийг зөвхөн нэхэмжлэгч баримт цуглуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд онцгой ажиллагааны хэргийг дан ганц нэхэмжлэгч цуглуулах үүрэггүй, шүүх цуглуулах үүрэг хүлээсэн.
Анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй. Учир нь нэхэмжлэгч нь цэргийн албанаас ирээд ажилласан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ямар ч үед би ажилгүй байгаагүй гэж тайлбарласан байхад шүүх ядахдаа тухайн онуудад ажилгүй байсан байна гэдгийг нотлох баримт байхгүй байхад мөн ажилласан талаарх баримт цуглуулах үүргээ анхан шатны шүүх биелүүлээгүйд гомдолтой байна. Шүүх тухайн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох үүрэгтэй болохоос олон жилийн явцад нэгдлийн хариуцлагагүй албан тушаалтнуудын буруутай ажиллагаанаас нэхэмжлэгч хохирч болохгүй юм.
Иймд 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Д сумын ......... нэгдлийн Ц бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо, гомдлынхоо хууль зүйн үндэслэлийг дэлгэрэнгүй бичсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу онцгой ажиллагааны журмаар ажиллаж байсан байдлыг тогтоож байгаа. Хэрэг маргааны үнэнийг шүүх тогтоох ёстой. Нэхэмжлэгч, хариуцагчийн маргаанд шүүх хөндлөнгийн байр сууринаас оролцож, хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргадаг. Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх хэргийн маргаанд шүүх нотлох баримт цуглуулах үүрэг хүлээдэг. Өмнө нь нэхэмжлэл гаргаж байгаад нэхэмжлэлээсээ татгалзсан боловч, нэхэмжлэлээсээ татгалзахад үүсэх үр дагаврыг тайлбарлан өгч гарын үсэг зуруулаагүй байдаг. Өмнө нь нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзээд шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо бүрэн дэмжиж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
2. Хүсэлт гаргагч Б.Э анхан шатны шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “... Би өмнө нь 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгосон. 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Завхан аймгийн Д сумын .......... нэгдлийн Ц бригадад малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж, 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдөр халагдаж ирсэн. 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Д сумын .......... нэгдлийн Ц бригадад малчнаар үргэлжлүүлэн ажилласан. Миний дээрх жилүүдэд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хөдөлмөрийн дэвтэр, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, эцэг Б-ын цалин хөлсний бичилттэй Д сумын ......... нэгдлийн 70 дугаар дансны хуулга, Б.Э-ын зарим хугацааны ажиллаж байсныг тогтоосон шүүхийн шийдвэр зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн,
Анхан шатны шүүх санаачилгаараа Завхан аймгийн .....-ээс ХААТР-1/А/ маягт гаргуулж авсан байна.
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Б.Э нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд хандаж байсан бөгөөд 1981-1986 он хүртэл, мөн 1986-1987 онуудад Завхан аймгийн Д сумын ....... нэгдлийн Ц бригадад мал маллаж байсан болохоо тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь тогтоогдож байна. гэж, мөн шүүх нотлох баримтгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй бөгөөд тус журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтыг гаргах, бүрдүүлэх, үнэлэх журам, явуулах ажиллагаа нь ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэхээс ялгаатай байдаг.
6. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг тогтооход гол нотлох баримт болгох хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдсэн хэрэгт ач холбогдолтой бичвэр болох /ажилд орсон, гарсан тушаал/-ын үнэн зөв эсэхийг тогтоох зорилгоор тухайн тушаалууд хадгалагдаж байж болох архивын баримтуудад үзлэг, шинжилгээ хийгээгүй, нэхэмжлэгчийн эцэгтэйгээ хамт мал маллаж байсан байдлын талаар мэдэх гэрч байгаа эсэхийг асууж тодруулж, гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг огт хийгээгүй байна.
Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэр болон Д сумын ....... нэгдлийн А дансны хуулга зэрэг баримтуудыг үнэлэхэд эргэлзээтэй бол холбогдох баримтуудад үзлэг, шинжилгээ хийх, нотлох баримтуудыг хооронд харьцуулан дүгнэх, бусад нотлох баримтаар дахин нотлогдож байгаа эсэхийг шалгах, зэрэг ажиллагаа хийлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
7. Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.Э нь 1981-1986, 1986-1987 онуудад Завхан аймгийн Д сумын ...... нэгдлийн Ц бригадад мал маллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан эсэхийг шийдвэрлээгүй байхад нэхэмжлэлээсээ татгалзсан гэж шүүхийн шийдвэрийг үнэлэхдээ бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг зөрчжээ.
8. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь зохицуулалтыг хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 311/ШШ2025/00511 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тухайн шатны шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ
ШҮҮГЧИД З.НАНДИНЦЭЦЭГ
Б.АРИУНБАЯР