| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 311/2025/00340/И |
| Дугаар | 205/МА2026/00002 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 205/МА2026/00002
А.М-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Ерөнхий шүүгч Б.Намхайдорж, шүүгч З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 311/ШШ2025/00513 дугаар шийдвэртэй
А.М-ийн нэхэмжлэлтэй Г.О-д холбогдох 11,640,740 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Нандинцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Г.О /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Г.О-д холбогдуулан 11,640,740 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн үндэслэл: Г.О нь PCL койн авч өгнө гэсэн тул түүний ......... тоот дансанд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 3,871,240 төгрөг, 05 дугаар сарын 02-ны өдөр 5,329,500 төгрөг, 05 дугаар сарын 12-ны өдөр 1,900,000 төгрөг, 06 дугаар сарын 11-ний өдөр 540,000 төгрөг нийт 11,640,740 төгрөг шилжүүлсэн. Гэтэл одоог хүртэл буцааж өгөөгүй байна. Иймд Г.О-с 11,640,740 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.О-с 11,640,740 /арван нэгэн сая зургаан зуун дөчин мянга долоон зуун дөч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид А.М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 201,202 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 201,202 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Хариуцагч Г.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: А.М-ийн нэхэмжлэлтэй Г.О надад холбогдох койн авсан 11,640,740 төгрөгөө гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт Г.О миний бие Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны 311/Ш2025/00513 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд: 2022 оны 04 сарын 25-ны өдөр А.М үдийн цайны цагаараа явж байна. Д-с мэдээлэл аваад /Д нь өөрийн олон улсын бирж дээр данс нээж, мэдээлэл оруулж доллар болгож, доллароо ust болгож, ust дээрээ койн худалдах авах, хадгалах, арилжиж чадахгүй өөрийг чинь чадна гэж байна гэж орж ирсэн. Энэ койны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авъя гээд би ч мэддэг зуйлээ хэлж өгсөн. Би энэ койны талаар 2022 оны 02 сард Ултима койнд /Ultima coin/ өөрийн хүүхдүүдийн хадгаламжийг барьцаалан зээл авч орсон. Уг койн нь тухайн үед 17000 америк долларын ханштай байсан байсан бөгөөд 110, 275, 550, 1100, 5500, 11000 евро гэсэн 6 төрлийн багцаас сонгон ордог байсан. Анх худалдаанд гарснаасаа хойш койны ханш нь тасралтгүй өсч анх оруулсан хөрөнгө оруулалтаа дараагийн 2 сардаа авч чадсан. Би тухайн үед У хотод очин Ултима койны оффис дээр очиж бирж дээр арилжаа хийх талаар суралцаж ирсэн бөгөөд энэ цагаас хойш гэрт байхад таньдаг хүмүүс ашиг олоод байгаа койноо хэлээд өгөөч, мэдээлэл авья зааж өгөөч гэх саналууд их ирдэг болсон.
Ингээд би А.М-д мэддэг бүх зүйлээ 2022 оны 04 сарын 25-ны өдөр хэлж өгөөд орой нь А.М над руу өөрөө койн авч чадахгүй байна гээд миний данс руу мөнгөө хийн өөрийнх нь сонгосон багцын дагуу би тухайн өдрийн ханш, элсэлтийн ерөнхий шаардлагын дагуу түүний охин Б-ын Ц-ын 110, А-ийн М-г 275 еврогийн багцаар тус тус элсүүлэн Gmail, QR code, гар утсан дээр нь Ultima wallet, Ultima warm гэх аппликейшн суулган койноо хэрхэн харах, хэрхэн ашиглах заавар зөвлөгөөг өгсөн. Койны ханш цаг минутаар өсөж байсан учраас хүнээс авсан мөнгөөр нь цаг алдалгүй хурдан койныг нь худалдан авч өгдөг байсан. Тухайн үед койны ханш 50000 орчим америк доллар байсан.
Мөн А.М нь өөрийн авсан койны хүү нь орж ирэхэд би хүүгээ монгол мөнгөөр авмааргүй байна. Тэр хүүн дээр мөнгө нэмээд шинэ том багц аваад өг гэхээр нь 1100 еврогийн хамгийн том багцийг нь авч өгсөн. Тэр багцад мөнгө нь хүрэхгүй байсан учраас надаас 922,157 төгрөгийн койныг дараа койноор нь өгнө гэж зээлж хамгийн том багц надаар авхуулсан. Ингээд дэлхийн хөрөнгийн бирж дээр 100000 америк доллар хүрч байсан койны ханш 2022 оны 05 сарын 01-нээс эхлэн хурдацтайгаар унаж хүмүүс анхны хөрөнгө оруулалт, ашгаа авч чадахаа байсан. Би ч алдагдалд орж эхэлсэн. Тухайн компани ханшаа хамгаалах олон арга хэмжээг хагас жил гаруй авч хэрэгжүүлсэн боловч ханш нь унасаар байсан. Тухайн компани 3 болон 5 жилээр койноо хөлдөөлтөнд оруулж өдөр бүр хүүнээс хүү хүртэлх нөхцөлийг санал болгож энэ койн худалдан авсан хүн бүр тодорхой нөхцөлийн дагуу хөлдөөлтөнд оруулсан. А. М нь өөрийн байгаа койноо 5 жилийн нөхцөлөөр хөлдөөлтөнд оруулаад явж байгаа.
Энэ нь германы компани болон түүний гаргасан койн устаж үгүй болоогүй дампуураагүй үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа. Зөвхөн богино хугацаанд өндөр ашиг өгч байгаад сүүлдээ ханш нь унаад хөлдөөлтөд ороод урт хугацаандаа ашгаа өгөхөөр болоод явж байгаа. Гэтэл нэхэмжлэгч А.М нь PLC койн авч өгнө гэсэн тул нийт 11,640,740 төгрөгийг одоог хүртэл буцааж өгөөгүй гэх шаардлагаар нэхэмжлэл өгсөн. Би Койн авч өгөх олон удаагийн үйлдлээр А.М-д койныг нь авч өгсөн, хувьдаа ашиглаагүй мөн тухайн байршуулсан Койнууд нь Ultima wallet, Ultima warm гэх аппликейшнуудад А.М, Б.Ц зэрэг нэрээр компанийн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа бөгөөд Blokchain технологи дээр явагддаг учир сайт руу ороод бүх зүйлийг он сартай нь дэлгэрэнгүйгээр нь харж болдог. Г.О би А.М-ийн гомдлын хариуд гаргасан анхан шатны нотлох баримтад үндэслээгүй шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. А.М нь 2022.04.25 нд хүнээс мэдээлэл сонсоод над дээр ирээд надаас нэмж мэдээлэл аваад тодорхой хэмжээний ойлголттой болсны дараа энэ койноос ашиг олж болох юм байна гэж өөрөө шийдвэр гаргаад өөрөө ашиг олох гэж, өөрийн хүсэлтээр миний данс руу мөнгөө шилжүүлсэн. Тухайн мөнгийг монгол мөнгийг USTT буюу койн авдаг олон улсын санхүүгийн доллар болгож өгдөг данстай хүн рүү дамжуулж явуулдаг. 2022 оны 04 сарын 25-ны өдрийн шилжүүлсэн 3,871,240 төгрөг дээр мөнгө нэмж 9,000,000 төгрөгийг буюу монгол мөнгийг USTT буюу койн авдаг олон улсын санхүүгийн доллар болгож өгдөг Г-ны Б (бид нар найман шарга дээр очоод төгрөгөө зохих шимтгэлийг нь өгч доллар болгодог шиг монгол мөнгийг шимтгэл авч USTT болгож өгдөг хүмүүс юм) гэдэг хүний Хаан банкны ............. тоот данс руу мөн л шилжүүлсэн. Би А.М-д анх эхэлж санал тавиагүй. Хүний мөнгө хүчээр аваагүй. Мөнгө данс руу хийсэн нь үнэн ч би А.М-тай зээлийн гэрээ байгуулаагүй. Би А.М-аас ямар ч мөнгө зээлж аваагүй болно. Крипто зах зээлээс ашиг хүртэхийн тулд тухайн компанийн сайт дээр өөрийн нэрээр аккаут үүсгэж гэрээ байгуулсан.
Тус компанийн 1 дэх нөхөн олговор нь Smart койн юм. Койноо хуримтлуулж байгаад нээгдэх үед нь зарж болно. Одоо компани бүх smart койны гүйлгээг хаасан байгаа. Техник ажиллагааг нь хийж өгөх бүртээ А.М-аас асууж лавладаг байсан. 2 дахь нөхөн олговрыг 2025.12.10-наас хойш мэдээлэл өгсний дагуу дахин олгоно гэсэн мэдэгдэл хийсэн. Энэ компанийн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа бөгөөд Blokchain технологи дээр явагддаг учир сайт руу ороод бүх зүйлийг он сартай нь дэлгэрэнгүйгээр нь харж болдог. Харин би хүнд тусалсныхаа хариуд хүнд гүтгүүлж мөнгө луйвардсан нэртэй болж нэр төрд минь халдсан. У хотоос З аймгийн хооронд хэд хэдэн удаа явж зардал мөнгө, цаг хугацаа, сэтгэл санааны хямралд оруулсанд гомдолтой байгаа бөгөөд нэр төрөө сэргээлгэж гарсан зардлаа төлүүлнэ. Тухайн койныг А.М л авна, би авах боломжгүй, надад өгөхгүй. Мөн би нэг ч төгрөг А.М-аас аваагүй учраас Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны10 сарын 30-ны өдрийн 311/ШШ2025/00513 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч Г.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... А.М-ийн шилжүүлсэн мөнгөн дүнгээр койн авдаг сайтаар койныг нь авч өгсөн... Энэ компанийн үйл ажиллагааг 5 жилээр хөлдөөлтөд оруулсан. Хөлдөөлтөд ороод 3 жил 1 сар болж байна. Сар болгон хүү нь орж ирээд явж байгаа. А.М өөрийн хүсэлтээр 2023 оны 04 сарын 12-ны өдрөөс 2028 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаагаар хөлдөөлтөд оруулсан. Койн устаж үгүй болоогүй, сар болгон хүүгийн ашгаа өгч байгаа. Энэ хүний мэйл хаягаар нэвтэрч ороод мэдээллийг харах боломжтой. А.М-аас мөнгө аваагүй, түүний хүсэлтийн дагуу койн худалдан авсан. 5 жилийн дараа койн авсан хүний мөнгийг гаргаж өгөхийн тулд компани үйл ажиллагаагаа явуулж байгаа. А.М-ийн мөнгө койн хэлбэрт шилжсэн. Өөрийнх нь эрхээр ороход харагдаж байгаа тул А.М-ийн нэхэмжилсэн мөнгийг өгөх боломжгүй гэв.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн гаргаж өгсөн А.М-аас өгсөн мөнгийг койн хэлбэрээр буцаан өгсөн гэх тайлбартай банкны хуулгыг үндэслэн шийдвэр гаргасан байдаг. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй гэж заасан бөгөөд шүүх баримтын эх хувийг нь шаардаж аваагүй. Дансны хуулганы эх хувийг авах нь зүйтэй байсан. Байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдаагүй бичмэл нотлох баримт хуульд заасан шаардлага хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх ёстой. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шинжийг хангахгүй байна гэж үзэж байна. Нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн шийдвэр гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг анхан шатны шүүх бүрэн дүүрэн тогтоож чадаагүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлд нэхэмжлэгч хариуцагчийн PCL гэх койныг надад авч өгнө гэсэн тул би мөнгө шилжүүлсэн гэдэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ мөнгөө буцааж өгөөгүй гэж дурдсан байдаг. Буцааж өгөөгүй гэдгийг койн авч өгөөгүй гэж ойлгох юм уу, койн худалдан авах гэж мөнгө шилжүүлсэн бол койноо буцаан шаардах нь зүйтэй. PCL гэх койныг авсан эсэх талаар тайлбар гаргаагүй. Койныг өөрийнх нь шилжүүлсэн мөнгөөр авсныг нэхэмжлэгч үгүйсгээгүй байдаг. Хариуцагч хариу тайлбартаа 4 удаа койн худалдан авахдаа нэхэмжлэгчийн нэр дээр авсан гэж тайлбарладаг. Үүнийг нэхэмжлэгч үгүйсгэдэггүй. Нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа нотлох, хариуцагчтай мэтгэлцэх боломжгүй нөхцөл үүсгэсэн. Койн авахаар мөнгө өгсөн, койн худалдаж аваагүй тул хариуцагчийн данс руу шилжүүлсэн мөнгөө буцаан авъя гэж нэхэмжилсэн бол өөр асуудал яригдана. Койн авна гэж шилжүүлсэн мөнгөөр койныг худалдан авсан байхад нэхэмжлэгч нэхэмжлэлдээ энэ талаар дурдаагүй байна. Койны эрсдэлийг хариуцагчид үүрүүлэх боломжгүй юм. Сайтад үзлэг хийх үед программ нь шинэчлэгдэж байсан. Энэ талаар хариуцагч тайлбарласан байдаг. Тухайн компанийн сайт одоо хэвийн ажиллаж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас эхэлж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох үүрэг хүлээдэг. Үүнтэй холбоотойгоор дансны хуулга гаргаж өгсөн байдаг. Энэ дансны хуулгатай холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан даргалагчаас дансны гүйлгээтэй холбоотой асуудлыг хариуцагчаас асууж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан. 3,871,240 /гурван сая найман зуун далан нэгэн мянга хоёр зуун дөч/ төгрөгийг А.М гэх хүний данснаас орж ирэхэд Ө эгчид гэж шилжүүлсэн нь ямар учиртай юм бэ? Эдгээр хүмүүс нь хаана ажилладаг ямар хүмүүс вэ? гэх байдлаар гүйлгээ хийсэн данс эзэмшигчдийн талаар асуусан байдаг. Гүйлгээ хийсэн харилцагч нар хариуцагчийн ярьж буй койн худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хүмүүс биш байсан. Тиймээс үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл байдал бүрдсэн байна гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. А.М-ийн зүгээс койн авна гэж мөнгө шилжүүлсэн. Койны ашиг хариуцагчийн ярьж байгаа шиг сар жилээр орж ирээгүй. Г.О рүү залгахад утсаа авдаггүй, хааяа нэг уулзахаараа койны талаар асуухад хөлдөөлтөд орсон гэж хэлдэг. Нэхэмжлэгчийн зүгээс өөрөө хүсэлт гаргаж хөлдөөсөн мэтээр хариуцагч тайлбарлалаа. А.М хүсэлт гаргаж хөлдөөсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо хариуцагч зургууд хавсаргасан байсан. Эдгээр зургууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Хаанаас ямар сайтаас татаж авсан нь ойлгомжгүй баримтууд байсан. Энэ нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэл болохооргүй баримтууд байсан. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байгаа талаараа нотлох үүрэгтэй. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо хавсаргасан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр даргалагчийн асуусан асуултад хариуцагч хариулсан байдал нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа энэ нь нотлох баримтын шаардлага хангасан баримт юм. Сайтад үзлэг хийх үед тухайн сайтад техникийн шинэчлэл хийж байгаа талаар мэдээлэл байгаагүй. Үзлэг хууль ёсны дагуу явагдсан. Үзлэг хийх үед тухайн сайт нэвтрэх боломжгүй сайт байсан. Хариуцагчийн тухайд үндэслэлгүйгээр бусдын мөнгийг шилжүүлэн авсан баримт хангалттай тогтоогдсон. н.О, н.Ц нарыг койн худалддаг, Монгол мөнгийг доллар руу хөрвүүлдэг талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд А.М-ийн нэхэмжлэлтэй Г.О-д холбогдох 11,640,740 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зөвхөн хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
2. Анхан шатны шүүх А.М-ийн нэхэмжлэлтэй Г.О-д холбогдох хэргийг бага үнийн дүнтэй нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж, тусгайлсан журмаар иргэний хэрэг үүсгэсэн байгаа боловч иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 757 дугаар зүйлийн 757.1 дэх хэсгийн 757.1.2-т шүүх тухайн хэрэг нь эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байж болзошгүй гэж үзсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар шийдвэрлэх захирамж гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэхээр заасан.
Тус хэргийн маргааны зүйл болох койн худалдан авах зорилгоор шилжүүлсэн 11,640,740 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага нь эрх зүйн шинэ ойлголт бөгөөд хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байх тул хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Тодруулбал, Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь харьцангуй тодорхой эрх зүйн маргаанаас үүдэлтэй, бага үнийн дүнтэй нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн нотлох баримт бүрдүүлэх, үнэлэх ажиллагааг хялбаршуулж, аль болох богино хугацаанд, хэргийн оролцогчийг чирэгдүүлэхгүй, тэдний эрхийг зөрчихгүйгээр шийдвэрлэх зорилготой бөгөөд ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хэргийг богино хугацаанд шийдвэрлэхээс гадна зохигчийн зарим эрхийг буюу хяналтын журмаар гомдол гаргах эрхийг хязгаарладгаараа онцлогтой.
Шүүх тухайн хэрэг маргааныг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэснээр хэргийн оролцогчийн хяналтын журмаар гомдол гаргах эрх хуульд зааснаар хязгаарлагдаж, хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх, эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээний практик тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.1-д нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг хуульд нэрлэн зааж, уг нэхэмжлэл нь тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахаар зохицуулсан байхад анхан шатны шүүх А.М-ийн нэхэмжлэлтэй Г.О-д холбогдох хэргийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн 492.1.1-д зааснаар шийдвэрлэсэн атлаа тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
4. Анхан шатны шүүх А.М-ийн нэхэмжлэлтэй Г.О-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн “А.М-аас ирсэн мөнгийг буцааж фаран болон койн авахад зарцуулсан гүйлгээнүүд” гэх банкны гүйлгээний баримтыг нотлох баримтаар үнэлсэн байна.
Хэргийн 24 дэх талд авагдсан дээрх баримт нь аль банкны хэний эзэмшлийн ямар дугаартай дансны гүйлгээний хуулбар болох нь тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт шүүхэд бичмэл нотлох баримт гаргаж өгөх журмыг зохицуулсан ба уг гүйлгээний баримт нь хуульд тусгайлан заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн байна.
5. Шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг нотлох баримтад үндэслэн бодитой тогтоогоогүй байна.
Нэхэмжлэгч койн худалдан авах зорилгоор хариуцагчид мөнгө шилжүүлсэн гэх ба тухайн койныг хэрхэн худалдан авдаг болох, хариуцагч койныг хэзээ, хаанаас худалдан авч, ямар байдлаар нэхэмжлэгчид шилжүүлсэн зэрэг маргааны үйл баримтыг тогтооход зайлшгүй ач холбогдолтой нөхцөл байдлуудыг тогтоох шаардлагатай байна.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж байгаа боловч талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж үзсэн үү эсхүл, талуудын хооронд үүссэн үүргийн харилцаа дуусгавар болсон эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичигдэх хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.
Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтыг зөв тогтоож, чадаагүйгээс талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн эсэхийг нотлох баримтад үндэслэн шийдвэрлэж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл маргааны үйл баримтыг тогтоосны дараа талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсан эсэхийг тодорхойлж, гэрээний үүргийн зөрчил үү, эсхүл хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа юу гэдгийг дүгнэх нь маргааныг үндэслэлтэй шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.
7. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг зөвтгөх боломжгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1 дүгээр зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 311/ШШ2025/00513 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Г.О-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 201,202 төгрөгийг тухайн шатны шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэдэг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
З.НАНДИНЦЭЦЭГ