| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2019/00055/Э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2019-06-07 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-д холбогдох эрүүгийн 1922001080073 тоот хэргийг 2019 оны 6 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл-5, аав, ээж, ах, дүү нарын хамт Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4-р баг, “Гурван шовх” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ум базар овгийн Б.С
Шүүгдэгч Б.С нь 2019 оны 4 сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын төвд тус сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Б-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, биед нь халдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт: “Холбогдсон хэргийнхээ талаар мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна. Дахиж ийм асуудал гаргахгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
-Хохирогч М.Б-ийн: “...Би 2019.04.09-ний өдөр ажил дээрээ байж байтал 17 цаг 40 минутанд Цагаандэлгэр сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Сирина дэлгүүрийн худалдагч Бат-Өлзийт надруу утасдаж дэлгүүрийн өмнө хэдэн залуучууд зодолдоод байна гэсэн дуудлага өгсөн. Би уг дуудлаганд хэсгийн цагдаа Эрдэнэбулгантай хамт албаны дүрэмт хувцастайгаа очиход дэлгүүрийн баруун талд манай сумын Баяртмөнх, Баттүвшин, Сэргэлэн гэх 3-н залуу согтуу зогсож байсан...Сэргэлэн нь намайг бацаан минь гээд надруу дайрч намайг заамдаж авсан, тавиулах гэтэл хажуунаас Сэргэлэнтэй хамт явсан Баттүвшин, Баяртмөнх нар хажуунаас татаж чангаагаад байсан. Тэдэнтэй зууралдаад байж байтал Сэргэлэн миний нүүррүү баруун гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд миний хамраас цус гарч уруул язарсан. Тэгэхэд нь би цусаа тогтоочихоод түүнийг Цагдаагийн хэсэг рүү авч явж согтуурлыг нь шалгаж арга хэмжээ авахаар гавлах гээд гаваа гаргатал тэнд байсан найзууд нь гавлуулахгүй гээд миний гавыг булааж авсан. Тэгэхээр нь өөр гав гаргаж ирээд гавлах гэхэд гавлуулахгүй зууралдаад ерөөсөө болж өгөхгүй байсан. Тэгээд зууралдаж байтал Сэргэлэн салаад цааш явснаа та хоёрыг хоёуланг чинь алчихна шүү гэх мэтээр хэл амаар дайрч доромжлоод байсан. Би араас нь очоод шанаа руу нь нэг удаа цохиход доош тонгойсон. Тэгснээ газраас чулуу авч миний толгойн оройн хэсэг рүү чулуутай гараар нэг удаа цохисон. Тэгэхэд нь барьж аваад гавлахаар унагахад нөгөө найзууд нь дахиж ирээд л зууралдаад байсан. Би тэдэнд боль гэж хэлсэн боловч болихгүй над руу бөөнөөрөө дайраад байсан. Аймгийн Цагдаагийн газар руу дуудлага өгөхөөр утсаар залгахад тэд нарын нэг нь ирээд гар утас руу цохиж гар утас унагаасан. Маргаан болж байхад Баттүвшингийн эгч ирчихээд цагдаа нар өөрсдөө согтуу байна гээд байхаар нь та дүү нараа ав, согтуу гэж байгаа бол ажил дээрээ очоод шалгуулчихья гэж хэлсэн. Тэгэхэд дуугүй болсон. Хандмаа дүү нараа авч би Сэргэлэнг гавлаад ажил дээр очиж, согтуурал шалгах драгер багаж үлээлгэн шалгахад 1,57 хувийн согтолттой байсан...” гэв. /хх-ийн 33-34/
-“...Миний өмсөж явсан хувцсанд ямар нэгэн урагдал гэмтэл, учраагүй миний хамраас гарсан цус хувцсанд дээр дусаж толбо үүсгэсэн байсан. Одоо хувцсанд ямар нэгэн толбо байхгүй угаачихсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/
- Гэрч Б.Бадамсэрээжидийн: “...Мөндөө ахынд очиж ус уучихаад буцаад дэлгүүрийн гадаа очиход манай сумын 2 цагдаа ирчихсэн Сэргэлэнг Бат-Эрдэнэ барьчихсан, бусад хүмүүс нь салгах гээд байж байсан. Би Эрдэнэбулган цагдаагаас юу болсон талаар асуухад Сэргэлэн, хэсгийн төлөөлөгчтэй маргалдаад байна гэж хэлсэн, Эрдэнэбулган өөрөө согтуу байсан. Бат-Эрдэнэ хэсгийн мөрдөгчийн хамраас цус гарчихсан байсан, зууралдаж байх явцад Сэргэлэнгийн дээлний энгэр нь урагдчихсан, Сэргэлэнг улаан байшингийн хажууд аваачаад унагаж байгаад гавлаад Цагдаагийн хэсэг рүү аваад явсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/
-Гэрч Д.Бат-Өлзийтийн: “... Би 2019.04.09-ний өдөр Цагаандэлгэр сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Сирина” хүнсний дэлгүүртээ ажлаа хийгээд байж байтал 17 цаг өнгөрч байхад манай дэлгүүрийн гадаа Говь-Угтаал сумаас ирсэн 2 залуутай манай сумын залуучууд болох Сэргэлэн, Баяртмөнх, Төрөө, Бадамсэрээжид, Түвшнээ нар маргалдаж байгаа харагдсан /би яг юу гэж маргалдсан болохыг нь сонсоогүй/ Говь-Угтаал сумаас ирсэн 2 залууг Сэргэлэн тус бүр нэг нэг удаа алгадсан, тэгээд бөөн бужигнаан болсон, хэсэг үйлчлүүлэгч орж ирсний дараа хартал нөгөө Говь-Угтаал сумын 2 залуу нь явчихсан байхгүй байсан. Тэгтэл дэлгүүрт хүн орж ирээд тоосго барьчихсан явж байна, бөөн зодоон болж байна, ойрд ийм зүйл болоогүй гэж хэлсэн /хэн хэлснийг нь санахгүй байна/. Тэгэхэд нь би дэлгүүрийн цонх хагалчих вий, нэг нэгнийгээ гэмтээчих вий гэж бодоод болиулах гэж сумын цагдаад мэдэгдсэн. Тэрний дараа маргалдаж байсан залуучууд дэлгүүрийн баруун талруу ороод явчихсан. Хэсэг хугацааны дараа хартал Баяртмөнх, Түвшнээ 2 дэлгүүрийн урд талд зогсож байсан, Сэргэлэнгийн дээлнээс хэсгийн төлөөлөгч Бат-Эрдэнэ барьчихсан байсныг Сэргэлэн тавиулах гээд байгаа харагдсан, тэрний дараа нэг харахад хэсгийн төлөөлөгч Бат-Эрдэний хамраас нь цус гарчихсан, тонгойгоод цусаа гоожуулж байгаа харагдсан тэрнээс цааш юу болсныг хараагүй. Тухайн асуудал болох үед хэсгийн мөрдөгч Бат-Эрдэнэ, цагдаа Эрдэнэбулган нар албаны дүрэмт хувцсаа өмссөн байсан. Хэсгийн мөрдөгч Бат-Эрдэнэ, цагдаа Эрдэнэбулган нар эрүүл байсан байх, хэсгийн мөрдөгч, цагдаа хоёр 2019.04.09-ний өглөөнөөс эхлээд л төвөөр эргүүл хийж байсан. Уг асуудал болохын өмнөхөн хэсгийн мөрдөгч Бат-Эрдэнэ манай дэлгүүрт орж ирээд иргэнд шаардлага тавьчихаад гарсан юм, тэгэхэд эрүүл байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 46/
-Гэрч А.Ариунжаргалын: “...Сэргэлэн мотоцикль дээрээс бууж ирээд миний уулзаж байсан 2 залуу дээр ирээд миний ахад томроод байгаа юм уу? гэж асуусан. Тэгэхэд нь би хажуунаас нь ах нь таньдаг юм гэж хэлээд эргэтэл Сэргэлэн нөгөө 2 залуугийн нэгийг нь нэг удаа цохисон, тэгэхэд нөгөөх нь зөрүүлээд Сэргэлэнгийн шүд рүү мөргөчихөөд цаашаа гүйгээд явчихсан. Би гүйгээд явсан залуугийн араас очиж уулзахад танай дүү чинь өөрөө эхэлсэн та хараа биздээ гэж хэлсэн. тэгэхэд нь ахын дүү зүгээр үү гэхэд зүгээр гээд гэрлүүгээ орсон, би буцаад дэлгүүрийн үүдэнд ирэхэд манай сумын цагдаа Эрдэнэбулган. хэсгийн мөрдөгч Бат-Эрдэнэ нар ирчихсэн Бат-Эрдэнэ, Сэргэлэнтэй зууралдаад байж байсан. Тэгтэл Сэргэлэн Бат-Эрдэний нүүрлүү гараараа нэг удаа цохиход Бат-Эрдэний хамраас цус гарсан, Бат-Эрдэнэ тонгойгоод эргэхэд Сэргэлэн газраас чулуу авч чулуутай гараар Бат- Эрдэнийн толгой руу дахин нэг цохисон. Би Бат-Эрдэнэ дээр очоод дүүгээ аваад явчихъя гэж гуйсан чинь үгүй гэж хэлсэн. Бат-Эрдэнэ нь Сэргэлэн болон түүнтэй хамт явсан залуучуудыг зодсон цохисон асуудал байхгүй. Сэргэлэнг гавлаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/
-Гэрч Г.Хандмаагийн: “... Би 2019.04.09-ний өдөр ажил дээрээ байж байтал манай ажпын хүн танай дүү нар дэлгүүрийн үүдэнд хүнтэй муудалцаад байна гэхээр нь би хүрээд очтол манай сумын хэсгийн төлөөлөгч Бат-Эрдэнэ, Сэргэлэн нар заамдалцчихсан, хэн, хэнийх нь хамраас цус гарчихсан байсан, Бат-Эрдэнэ чи намайг зодлоо гээд, харин Сэргэлэн би зодоогүй гээд байсан. Би тэр 2-г боль гээд салгасан. Тэгтэл Бат-Эрдэнэ аймгийн төврүү утсаар ярьсан. Тэгэхэд нь Сэргэлэн эргэж очоод дахиж Бат-Эрдэнэрүү дайрч гар утсыг нь унагаасан. Тэгэхэд нь Бат-Эрдэнэ зөрүүлж барьж авсан. Тэд зууралдаатай явсаар улаан тоосгон байшингийн урд очсон, тийшээ явж байх явцад Сэргэлэнгийн дээлний энгэр урагдсан. Тэгэхэд Сэргэлэн миний ээжийн оёж өгсөн дээлийг урчихлаа гээд уурлаад байсан, Бат-Эрдэнэ, Сэргэлэнг боож унагаасан тэгэхэд нь Баттүвшин очоод хүн боогоод унагаачихлаа болохгүй ш дээ гэж хэлэхээр нь би түүнийг боль гэж хэлээд аваад явсан. Би Сэргэлэнгийн ах болох Ариунжаргалд дүүгээ аваачээ гэж хэлсэн. Ариунжаргалыг очиход Сэргэлэнгийн гарыг ард нь гавлаад цагдаагийн хэсэг рүү авч явсан. Маргаан болж байхад Бат-Эрдэнэ, Эрдэнэбулган нар цагдаагийн дүрэмт хувцастайгаа байсан. Бат-Эрдэнэ би та нарыг аймаг явуулна гэж байсан, цагдаа Эрдэнэбулган больцгоо гэж хэлж байсан. Сэргэлэн болихгүй дайраад байсан. Би Бат- Эрдэнэ, Эрдэнэбулган нарыг өөрсдөө согтуу байсан гэж бодож байна. Би тэднээс өөрсдөө согтуу байж ямар шаардлага тавьсан юм гэж асуухад Бат-Эрдэнэ төлөөлөгч 2-уулаа ажил дээр очиж үлээлгэе хэн нь согтуу байгаагаа үзье гэж хэлсэн. Тэгэхэд нь би хамт очоогүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 49/
-Гэрч М.Довдонбалжирын: “...Би 2019.04.09-ний өдөр 17 цагийн үед Цагаандэлгэр сумын “Сирина” дэлгүүр орчихоод гараад иртэл дэлгүүрийн баруун талд хэдэн согтуу залуучууд сумын хэсгийн мөрдөгч Бат-Эрдэнэ, цагдаа Эрдэнэбулган нар руу дайрч давшилж байсан. Бат-Эрдэнийн хамраас нилээн их цус гарсан, Баярсайхан гэх хүний хүү Бат-Эрдэнийг заамдчихсан муу бацаан минь гээд л юм яриад байсан. Бусад 4-5 залуу Бат-Эрдэнэ рүү дайрч байсан. Тэднийг нь Эрдэнэбулган хорьж байсан. Би тэр хүүхдүүдэд та нар больцгоо, хүний олон хүнээ барьдаггүй юм шүү гэж хэлэхэд миний үгийг аваагүй, согтуу залуучууд байсан болохоор анзаарсан ч юм уу, үгүй юм уу мэдэхгүй, цагдаагийн бороохой газар уначихсан байсан, тэр залуучууд дээгүүр нь харайлаад байхаар нь би бороохойг автал Эрдэнэбулган цагдаа Довдон ахаа наадахаа надад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь өгсөн Намайг харж байхад цагдаа Эрдэнэбулган, хэсгийн мөрдөгч Бат-Эрдэнэ нар тэр хүүхдүүдийг зодож цохиогүй. нөгөө хүүхдүүд нь зууралдаад л дайраад байсан. Тэгээд л би яваад өгсөн. Цагдаа Эрдэнэбулган, хэсгийн мөрдөгч Бат-Эрдэнэ нар цагдаагийн дүрэмт хувцастайгаа байсан. Намайг харж байхад хэсгийн төлөөлөгч Бат-Эрдэнэ, цагдаа Эрдэнэбулган нар эрүүл байгаа харагдсан. Намайг Эрдэнэбулганд дөхөж очоод бороохойг нь өгөхөд архи дарс үнэртэхгүй байсан, эрүүл л байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50/
-Гэрч Н.Өнөржаргалын: “...Би 2019.04.09-ний өдөр 17 цагийн үед Цагаандэлгэр сумын эмнэлэг орчихоод буцаад алхаж явтал Цагаандэлгэр сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Сирина хүнсний дэлгүүрийн баруун талд манай сумын Сэргэлэн гэх залуу болон түүнтэй хамт явсан 4 залуу манай сумын хэсгийн төлөөгч Бат-Эрдэнэтэй зууралдчихсан маргалдаад байж байсан. Сэргэлэн нь Бат-Эрдэнэтэй зууралдчихсан байсан. Бусад нь хажуунаас элбэх байдалтай татаж чангаагаад байсан. Би тэднийг салгахаар очиж тэр хүүхдүүдэд тар больцгоо хууль сахиулж байгаа төрийн албан хаагчийн өөдөөс ингэж болохгүй гэж хэлэхэд тэр хүүхдүүд таны үгэнд бол орно гэсэн мөртлөө л хэсгийн төлөөлөгчтэй зууралдацгаагаад болихгүй байсан. Намайг анх маргаан болж байгаа газар очиход Бат- Эрдэний хамраас нь цус гарчихсан байсан, цус нь миний курткин дээр хүртэл дуссан, хэн, яаж Бат-Эрдэний биед гэмтэл учруулсан болохыг хараагүй. Сэргэлэн болон түүний найзуудын биед ямар нэгэн гэмтэл учирсан зүйл харагдаагүй, намайг очсоноос хойш цагдаа Эрдэнэбулган, хэсгийн төлөөлөгч Бат-Эрдэнэ нар тэр залуучуудад гар хүрээгүй. Ер нь бол цагдаа, хэсгийн төлөөлөгч 2 зодуулчихсан байсан гэж хэлэхэд болно. Сэргэлэн болон түүнтэй хамт явсан залуучууд бүгд халамцуу, архи уучихсан байсан, согтуу биш байсан бол тэд тийм үйлдэл гаргахгүй жаахан хүүхдүүд байгаа юм...”гэх мэдүүлэг /хх-ийн 51/
-Гэрч Г.Баттүвшингийн: “...дуран бүсийг Бат-Эрдэнэ төлөөлөгчөөс авах гэж Сэргэлэн, Баяртмөнх бид 3 булаацалдаж байсан. Тэрнээс болж л Сэргэлэн, Бат- Эрдэнэ төлөөлөгчтэй маргалдаж эхэлсэн. Дараа нь миний санаж байгаагаар манай эгч Хандмаа ирчихсэн намайг татаж аваад чи одоо болиоч гэж хэлсэн. Сэргэлэн, Бат- Эрдэнэ төлөөлөгчтэй зууралдсаар л байсан, Баяртмөнх тэдний дундуур орж салгасан. Тэгэхэд Сэргэлэн, Бат-Эрдэнэ төлөөлөгч 2 дахин барьцалдаж авсан, Бат-Эрдэнэ төлөөлөгч Сэргэлэнг гавлах гээд байхаар нь би эгчийг тавьж бай гэж хэлчихээд тэдэн дээр очиж Бат-Эрдэнэ төлөөлөгчийн гавнаас татаж бариад найзыгаа одоо аваад явчихъя гэж хэлсэн. Тэгэхэд манай эгч Хандмаа ирээд Баяртмөнх бид 2-ыг одоо боль гээд арагш татаж авсан. Тэгэхэд Бат-Эрдэнэ төлөөлөгч Сэргэлэнгийн нэг гарыг нь ард өчөөд баруун тийшээ авч яваад баригдаж байгаа улаан тоосгон байшингийн өмнө аваачаад унагаж байгаад гавлаад явсан. Тухайн үед Эрдэнэбулган цагдаа ирчихсэн байгаа харагдсан. Би тэгээд л гэртээ харьсан. Би өөр зүйл санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59/
-Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №190200110 тоот: “...Б.Сгийн биед баруун хөмсөг, баруун хацар, эрүү, баруун шуу, сарвуу, зүүн чамархай, зүүн хөмсөг, зүүн шуу, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
|
|
|
|
Б.Сгийн баруун дээд 1-р шүдний эмтэрэл нь нүүр ам судлалын эмчийн үзлэгээр хуучин ломбоны үлдэгдэлтэй байгаа тул шүдний эмтрэлийг үнэлж гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй байна гэх...” шинжээчийн дүгнэлт ...” /хх-ийн 90-91/
-Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №190200105 тоот: “...М.Бат-Эрдэний биед хамар, дээд уруулд зулгаралт, дээд уруул, толгойн орой хэсгийн хуйх, зүүн дээд 2-р шүдний буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-4/
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Дээрх баримтуудаар шүүгдэгч Б.С нь 2019 оны 4 сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын төвд тус сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Бат-Эрдэнийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, биед нь халдсан үйлдэл гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Сгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.С-г хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэж биед нь халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хохирогч М.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 13 см урттай, 7 см өргөнтэй, 3.5 см зузаантай чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Умбазар овгийн Б.С-г хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-ийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2-ын 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчилсөн нөхцөлд Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч М.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-ийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 13 см урттай, 7 см өргөнтэй, 3.5 см зузаантай чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгүй
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ