Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 70

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Алдармаа

Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч: И.З нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн И.З-д холбогдох 1922001760086 тоот хэргийг 2019 оны 8 сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1995.04.24-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг 145-8 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Зана овогт И.З /РД: нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

           Яллагдагч И.З нь 2019 оны 6 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 02 цагийн үед  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Замын цагдаагийн постны орчим иргэн Д.Ш-ыг зодож хөнгөн хохирол учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  • Хохирогч Д.Ш-ын: “...Би 2019.06.23-ны шөнө 02:00 цагийн үед өөрийн танил Чимэддоржтой хамт аймгийн төвийн хойд “Сайн яваарай” самбар дээр хүнтэй уулзаж машины ремень өгөх гээд очиход ремень авах хүн байгаагүй учир эргээд Чимэддорж бид 2 хамтдаа аймгийн төврүү явсан. Тэгээд Замын цагдаагийн пост орчимд ирж явтал постны гадна Энх-Амгалан гэх хүн зогсоогоод машин холбоод өгөөч гэж хэлсэн.'' Тэгэхээр би замаас гараад машиныг нь аккумлятороор холбож өгөх гээд зогсож байтал Х.Хаянхярваа, И.З нар машинтайгаа хүрч ирсэн. Тэгээд намайг зогсож байтал И.З гэх залуу надад хандаж, галаа өгөөч гэхээр нь би асаагуураа гаргаж өгсөн. Тэгээд тамхиа асаачихаар нь би галаа буцаагаад И.Згаас нэхэхэд, чи надаас гал нэхдэг хэн бэ? би шүүхэд ажилладаг хүн, чи амжихгүй шүү гэж тухайн үед хэлэх хэлэхгүй хараалын үгээр доромжилж байсан. Тэгэхэд би И.Зд хандаж, чи хүнээс гал авч хэрэглэчихээд буцаагаад авах гэхээр яагаад хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд тэр И.З гэх залуу нь миний нүүрэнд юугаар цохисоныг мэдэхгүй ямар ч байсан нэг удаа цохисон. Тэгэхэд миний толгой манараад бие эвгүй болсон. Цааш нь юу болсоныг мэдэхгүй байна. Тэгээд би холбож байсан 2 машины дундаас босож ирэхэд Х.Хаянхярваа, И.З нар машинтайгаа явчихаад удалгүй эргэж хүрч ирээд надад хандаж, сая болсон явдалд намайг уучлаарай, миний зуун хувь буруу би буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж хэлж байсан. Тэгээд би 2019.06.25-ны өдөр Улаанбаатар хот явах гээд байж байтал И.З манай гэрт хүрч ирээд уучлаарай би чамд учирсан хохирлыг бүрэн барагдуулна эхлээд 500.000 төгрөг өгье гээд миний дансанд мөнгөө хийсэн. Дараа нь И.З манай эгчтэй уулзаад надад мөнгө төгрөг олдохгүй байна, шийддэг газраар нь шийдүүлэхээс гэж хэлсэн байсан. Тэгээд би энэ талаараа цагдаагийн газарт гомдол гаргасан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Харин И.З гэх хүн согтуу байсан. Тухайн И.З гэх хүн намайг миний нүүрэнд цохих үед миний хажууд Д.Чимэддорж, А.Энх-Амгалан Х.Хаянхярваа нар хамт байсан. Би И.З гэх хүний биед халдаагүй, миний биед ч өөр хэн нэгэн хүн халдаагүй. Миний хамар хугарсан, доод уруул цоорч 2 оёдол тавиулсан, зүүн доод араа ясан шүд эмтэрсэн. Толгой байнга өвдөж байна. Надад учирсан хохирлыг буруутай этгээдээр гаргуулна. Эмчилгээнээс гарсан болон гарах зардлыг нэхэмжилнэ. Одоогоор И.З надад учирсан хохирлын эмчилгээний зардалд 500.000  төгрөг өгсөн байгаа. Энэ мөнгөөр нь компьютер томограпт харуулсан...” гэх мэдүүлэг /хх7-8/
  • Гэрч Д.Чимэддоржийн “...Би 2019.06.23-ны шөнө 12:00 цаг өнгөрч байх үед миний танил надруу утсаар яриад машины ремень тасарчихлаа ремень олоод “Сайн яваарай” самбрын хойно хүрээд ирээч гэж ярихаар нь би ремень олж аваад Д.Ш гэдэг хүнтэй хамт явахаар болсон. Тэгээд Д.Шын хамт аймгийн төвийн хойд “Сайн яваарай” самбарын орчимд очсон боловч ремень авах хүн байгаагүй учир эргээд аймгийн төврүү явсан. Тэгээд Замын цагдаагийн пост орчимд ирж явтал постны гадна постны цагдаа Энх-Амгалан Д.Шт хандаж, машин холбоод өгөөч гэж хэлсэн. Тэгээд Д.Ш бид 2 машиныг нь холбож өгөх гээд машины аккумляторыг салгаад зогсож байтал Хаянхярваа, Заминдий нар машинтайгаа хүрч ирсэн. Тэгээд биднийг машин холбоод зогсож байтал Замэндий гэх залуу галаа өгөөч гэхээр нь Д.Ш асаагуураа гаргаж өгсөн. Тэгээд тамхиа асаачихаар нь Д.Ш галаа буцаагаад нэхсэн. Тэгтэл И.З, Д.Ш нар юунаас болсоныг мэдээгүй хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгээд би машины аккумляторыг буцаагаад холбоод байж байтал И.З гэх залуу Д.Шын нүүрэнд нь цохиод газар унагасан байсан. Тэгэхээр нь би Замэндийд уурласан. Хаянхярваа, И.З нар машинтайгаа явчихаад удалгүй эргэж хүрч ирээд Д.Шаас уучлал гуйж байсан. Тэгээд Энх-Амгалангийн машин нь ассан болохоор Д.Ш бид 2 буцаад гэр гэртээ ирсэн. Тухайн үед Д.Ш бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. ...Тухайн үед Д.Ш доод уруул язарчихлаа гээд надад уруулаа цорвойлгож харуулж байсан...” гэх мэдүүлэг /хх13-14/
  • Гэрч А.Энх-Амгалангийн ”... Би 2019.06.22-ноос 2019.06.23-ны өдөр хүртэл ЗЦТ-ийн постонд үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгээд 2019.06.23-ны шөнө 01:00 цаг өнгөрч байх үед би машины аккумлятор суучихаар нь хамт ажилладаг Х.Хаянхярваа руу утсаар нь яриад ирээд миний машиныг холбоод өгөөч машины аккумляторын цэнэг дуусчихаж гэж хэлсэн. Тэгээд би хүлээгээд сууж байтал аймгийн хойд “Сайн яваарай” самбрын орчмоос Д.Чимэддорж, Д.Ш нар машинтайгаа хүрээд ирэхээр нь би гуйгаад машинаа холбуулахаар болсон. Тэгээд Д.Чимэддорж, Д.Ш бид нар аккумлятор салгаад машин холбоод зогсож байтал миний анх дуудсан байсан Х.Хаянхярваа, найз И.Згийнхаа хамт машинтайгаа хүрч ирсэн. Тэгээд биднийг машин холбоод зогсож байхад И.З гэх залуу галаа өгөөч гэхээр нь Д.Ш асаагуураа гаргаж өгсөн. Тэгээд тамхиа асаачихаар нь Д.Ш галаа буцаагаад нэхэж байсан. Тэггэл И.З, Д.Ш нар юунаас болсныг мэдээгүй хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгтэл И.З гэх залуу Д.Шын яг хаана нь цохисоныг мэдэхгүй Д.Ш газар унасан. Тэгээд Д.Ш газраас босож ирэхэд доод уруулаас нь цус гарч байсан. Д.Шын биед И.З халдсан өөр хэн нэгэн хүн халдаагүй.Тухайн үед Д.Ш доод уруулаас нь цус гарч байсан. Өөр ил харагдах гэмтэл анзаарагдаагүй...” гэх мэдүүлэг /хх 15-16/
  • Гэрч Х.Хаянхярваагийн “…Би 2019.06.23-ны шөнө багцаагаар 01:00 дөхөж байх үед И.Зн гэрт нь очсон юм. Тэгэхэд И.З халамцсан байсан ба яг тэр үед А.Энх- Амгалан над руу утсаар яриад надад хандаж, чи ЗЦТ-ийн постон дээр ирээд машин холбоод өгөөч асахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би И.Згийн хамтаар удалгүй өөрийнхөө хувийн машинтай ЗЦТ-ийн постонд хүрч очиход Д.Чимэддорж, Д.Ш нар машиныхаа аккумлятороор А.Энх-Амгалангийн машиныг асаах гээд холбоод зогсож байсан. Тэгээд И.З бид нар машинаас буугаад яасан гээд би Д.Чимэддорж, А.Энх-Амгалан нартай яриад зогсож байтал И.З машин холбож өгч байсан Д.Ш гэх залуутай маргаад байх шиг байснаа ямар ч байсан гараараа 2 удаа цохисон. Яг хаана нь цохисоныг шөнө харанхуй болсон байсан болохоор анзаараагүй. Тэгээд Д.Ш газраас босож ирэхэд доод уруулаас нь цус гарч байсан. Тэгэхээр нь би И.Зг Д.Шаас уучлал гуйлгуулаад машиндаа суулгаад авч явсан. Д.Шын биед И.Згаас өөр хүн халдаагүй ....”гэх мэдүүлэг /хх 17-18/
  • Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 сарын 02-ны өдрийн 161 тоот: 1.Д.Шын биед хамар ясны хугаралт, доод уруулд шарх,зөөлөн эдийн   няцрал,хамар,доод уруулд,зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэлүүд хатуу мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчилэлээр үүсгэгдэнэ.3.Дээрх гэмтэлүүд нь тухайн бусдад зодуулсан гэх цаг хугцаанд үүссэн байх боломжтой. 4.Д.Шын гэмтсэн эрхтэнүүдзд хиймэл эрхтэн тогтоогдсонгүй. 5.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Хамар ясны хугарал, доод уруулын шарх гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. хамар, доод уруулын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 7.Д.Шын зүүн доод 7-р шүдний эмтрэл нь гэмтлийн улмаас үүсээгүй шүдний сувгийн хуучин үрэвслээс болж эмтэрсэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх22-24/

 

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

 

Шүүгдэгч И.З нь 2019 оны 6 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Шыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэсэн болох нь хохирогч Д.Ш, гэрч Д.Чимэддорж, А.Энх-Амгалан Х.Хаянхярваа нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч И.Зн энэхүү үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч И.Зг гэмт хэрэг үйлдээд бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнд тооцлоо.

Шүүгдэгч И.З нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Шүүгдэгч Зана овогт Ичинхоролын Замэндийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Зана овогт И.З-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

     3. Шүүгдэгч И.Замэндий нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Д.Ш-т 500.000 /таван зуун мянган/ төгрөг шилжүүлэн өгснийг хохирогч хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогч Д.Ш-ын эмчилгээний зардал, төлбөр нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч И.З нь болон өөрийн  оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Амгаланбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ