| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0598/Э |
| Дугаар | 594 |
| Огноо | 2019-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 594
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал хөтлөн,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Оийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0232 10770 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Оийн Б нь Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” дээд сургуулийн 3 дугаар курсэд суралцаж байгаад чөлөө авсан, “...” ХХК-нд туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 3, хоёр дүүгийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, мөн дүүргийн ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
О.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний мухлагт Э.Мөнхтуяаг “хүүхэд тоглодог газар бие заслаа гэж загналаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь хэлэнд шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ:
2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр согтуу явж байгаад таван шараас нисэх рүү явах гээд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд явж байтал пиво уусан учраас бие засаж байтал Мөнхтуяа гэх хүн над руу уурласан. Би уг нь дуугүй явах зүйл дээр маргалдаж ийм зүйл болсон байна. Хохирогч намайг мухлаг руугаа чирж ороод чимхээд гаргахгүй гээд цагдаа дуудсан. Тэгээд би хохирогчийг өөрөөсөө холдуулах гээд тохойгоороо цохих үйлдэл хийсэн. Уг нь бол гараа л тэр хүнээс салгаж авах гэж цохисон юм. Хохиролд нь 500.000 төгрөг төлсөн гэв.
Хоёр. Эрүүгийн 1908 0232 10770 дугаартай хэргээс талуудын судалсан нотлох баримтууд:
1.Хохирогч Э.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд:
2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 13б байрны орчимд хүнсний мухлаг ажиллуулдаг юм. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 15 цаг өнгөрч байхад намайг хүнсний мухлагтаа байж байхад мухлагийн хажуу тал руу нэг танихгүй залуу бие засахаар нь би “наанаа битгий бие засаад бай, наагуур чинь хүн явдаг, хүүхэд тоглодог юм” гэсэн чинь тэр залуу нэг гартаа том савтай пиво барьсан уугаад, бие засаад “чамд ямар хамаатай юм, чам дээр бие засаа юу” гэхээр нь чи чинь ямар сонин юм бэ залуу хүн байж, хүүхэд тоглодог юм гэсэн чинь над руу ирээд “хамаргүй авгай минь хамрыг чинь нэмээд хамаргүй болгоод өгнө шүү” гэхээр нь чи юу солиороод байгаа юм, чи миний хүүхэд шиг л хүн байна гэсэн чинь тэр залуу гарын тохойгоороо миний шанаа руу цохихоор нь би зөрүүлээд мөр рүү нь түлхээд чи яаж байгаа амьтан бэ гэсэн чинь ууж байсан пивоныхоо савны ёроолоор миний баруун дух руу ёвроод түлхэхээр нь би куртикнээс нь зуурж аваад чи олон нийтийн газар бие заслаа гээд бид хоёр хоорондоо зууралцаад авсан. Би хажуудаа байсан хүүхэд Тэргэлээр цагдаа дуудуулсан. Тухайн үед миний хажууд манай ээж Б, хүү Тэргэл нар байсан. Цагдаа ирэх хооронд бид хоёр дэлгүүрт зууралцаж байхад тэр залуу намайг лангуун дээр нуруугаар дарж унагаагаад лангуун дээрх бараа нураагаад гарах гэхээр нь би хүүгээрээ хаалга хаалгаад цагдаад хүлээлгэж өгсөн. Тэр залуутай зууралцаж байгаад лангуун дээр байсан өндөг, будаа, гурил, кимчи, шалан дээр унаад хагарсан. Би гомдолтой байна. Тэр залуутай ноцолдсоноос болж миний нуруу нугасны өвчин өвдөж 10 хоног бариа хийлгэсэн, нэг бариа нь 50,000 төгрөг болсон, нийт 500,000 төгрөг, шүүх эмнэлэгт 8,000 төгрөгөөр үзүүлсэн, эмнэлэг болон барианд явсан, шатахууны мөнгө 41,600 төгрөг, мөн тэр залуутай мухлагт зууралцаж байгаад дангуун дээр байсан бараанд 56,200 төгрөгний хохирол учруулсан. Тэр залуугаас би нийт 605,800 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,
2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өгсөн “...миний эрүү рүү О.Б гэдэг залуу тохойгоороо цохиход би хэлээ хазаад хэл, эрүү гэмтсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4762 дугаартай дүгнэлтэд:
“...Хэсэг газрын үзлэгт: Эрүүний баруун талд бага зэрэг хавдсан, хэлний баруун хажуу хэсэгт 0,7х0,3 хэмжээтэй хүрэн улаан өнгийн хазагдсан шархтай.
ДҮГНЭЛТ:
-Э.Мөнхтуяагийн биед хэлэнд шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Т.Сэлэнгэ/ ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 28 дугаар тал/,
3. Шүүгдэгч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:
“... Би 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 5 шарын орчимд пиво хэрэглэсэн явж байгаад байрны буланд шороон дээр бие засаад зогсож байсан чинь нэг эмэгтэй орилоод “чи наад хүүхэд тоглодог газар бие заслаа” гээд загнахаар нь би “балай авгай минь таны түц рүү ямар бие зассан юм уу” гэж хэлсэн чинь “чи яасан том үгтэй бацаан бэ, нааш ир” гээд намайг чирээд түц рүүгээ оруулсан. Намайг чимхээд цохиод байсан. Миний бие засаж байсан газар тэр хүний түцнээс 10 орчим метрийн зайтай байсан. Тэр эмэгтэй намайг түцэндээ оруулж “түцэнд согтуу орж хүн орж ирээд, агсан тавиад байна” гэсэн дуудлага цагдаад өгөхөөр нь би цагдаагаас айгаад явъя гэж бодоод тэр эмэгтэйг түлхчихээд гарах гэтэл хаалга нь цоожтой байсан. Тэгээд хоорондоо зууралцаад байж байхад тэр эмэгтэй миний зүүн гар талд зогсож байхад нь би эмэгтэйг цээж, гараараа түлхсэн чинь лангуугаа биеэрээ налаад дээр нь байсан өндөг, гурилаа унагаасан. Тэр эмэгтэй намайг гаргахгүй гээд, би болохоор түцнээс нь гарах гээд зууралцаж ноцолдсон. Би түцнээс гарах гэж тохойгоороо тэр эмэгтэйг түлхэж холдуулах үед биед нь гэмтэл учруулсан байна лээ. Тухайн үед түцэнд бид хоёроос гадна нэг хүүхэд, нэг хөгшин эмэгтэй хүн байсан. Тэгээд удаагүй цагдаа ирсэн. Би тэр эмэгтэйн түцнээс гарч зугтаах гэж л тэр эмэгтэйтэй муудалцсан, түлхсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр тал/
4.Хохирогч Э.Мөнхтуяагийн хохирол нэхэмжилсэн баримтууд /хавтаст хэргийн 14-16, 33-34 дүгээр тал/,
5. Шүүгдэгч О.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 45 дугаар тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хавтаст хэргийн 47 дугаар тал/, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны тодорхойлолт /хавтаст хэргийн 49 дүгээр тал/, “Мандах” Их Сургуулийн тодорхойлолт /хавтаст хэргийн 61 дүгээр тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 50 дугаар тал/, “...” ХХК-ний тодорхойлолт /хавтаст хэргийн 62 дүгээр тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар шүүгдэгч О.Б /хавтаст хэргийн 59 дүгээр тал/, хохирогч Э.Мөнхтуяа /хавтаст хэргийн 60 дугаар тал/ нарын хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч О.Б нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр түүнд танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч О.Б нь иргэн Э.Мөнхтуяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, уг дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Бгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч О.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний мухлагт иргэн Э.Мөнхтуяаг “хүүхэд тоглодог газар бие заслаа гэж загналаа” гэх шалтгаанаар тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь хэлэнд шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
-хохирогч Э.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 15 цаг өнгөрч байхад ...хүнсний мухлагтаа байхад мухлагийн хажуу тал руу нэг танихгүй залуу бие захаар нь “наанаа битгий бие засаад бай, хүн явдаг, хүүхэд тоглодог юм” гэсэн чинь тэр залуу “чамд ямар хамаатай юм, чам дээр бие засаа юу” гэсэн. Чи чинь ямар сонин юм бэ залуу хүн байж, хүүхэд тоглодог юм гэсэн чинь над руу ирээд “хамаргүй авгай минь хамрыг чинь нэмээд хамаргүй болгоод өгнө шүү” гэхээр нь чи юу солиороод байгаа юм, чи миний хүүхэд шиг л хүн байна гэсэн чинь тэр залуу гарын тохойгоороо миний шанаа руу цохисон. ...пивоныхоо савны ёроолоор миний баруун дух руу ёвроод түлхэхээр нь би куртикнээс нь зуурж аваад чи олон нийтийн газар бие заслаа гээд бид хоёр хоорондоо зууралцаад авсан. ...Би гомдолтой байна. Тэр залуутай ноцолдсоноос болж миний нуруу нугасны өвчин өвдөж 10 хоног бариа хийлгэсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/, “...миний эрүү рүү О.Б гэдэг залуу тохойгоороо цохиход би хэлээ хазаад хэл, эрүү гэмтсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,
- Шүүгдэгч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“... 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 5 шарын орчимд пиво хэрэглэсэн явж байгаад байрны буланд шороон дээр бие засаад зогсож байсан чинь нэг эмэгтэй орилоод чи наад хүүхэд тоглодог газар бие заслаа гээд намайг загнахаар нь би балай авгай минь таны түц рүү ямар бие зассан юм уу гэхэд “чи яасан том үгтэй бацаан бэ, нааш ир” гээд намайг чирээд түц рүүгээ оруулж, намайг чимхээд цохиод байсан. ...дуудлага өгөхөөр нь би цагдаагаас айгаад явъя гэж бодоод тэр эмэгтэйг түлхчихээд гарах гэтэл хаалга нь цоожтой байсан. ...Тэр эмэгтэй намайг гаргахгүй гээд би болохоор түцнээс нь гарах гээд зууралцаж ноцолдсон. Би түцнээс гарах гэж тохойгоороо тэр эмэгтэйг түлхэж холдуулах үед биед нь гэмтэл учруулсан байна лээ. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4762 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 28 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч О.Б нь хохирогч Э.Мөнхтуяагийн эрүүл мэндэд “биед нь хэлэнд шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч О.Бгийн гудамж талбайд биеэ зөв авч яваагүй байдал, түүний ёс суртахуун, мөн шүүгдэгч, хохирогч нарын харилцан үл ойлголцлоос болжээ.
Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч О.Б нь хохирогч Э.Мөнхтуяагийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх ба, хохирогч Э.Мөнхтуяа нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд 485.800 төгрөгийг нэхэмжилсэн баримтыг хэргийн 14-16 дугаар талд ирүүлсэн байх ба, мөн гэмт хэрэг гарах үед хохирогчийн түргэн үйлчилгээний цэгт борлуулж байсан бараа бүтээгдэхүүн нурж унаж, гэмтсэн гэж мэдүүлсэн, “Тэнцвэр эстимэйт” ХХК нь эвдэрсэн гэх барааг 56.200 төгрөгөөр үнийг тогтоосон үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Б нь хохирогч Э.Мөнхтуяад 500.000 төгрөгийг нөхөн төлсөн байх ба, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь О.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулсан байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч О.Б нь дүгнэлтийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзсан үзсэн ба, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Иймд шүүгдэгч О.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзаж шүүгдэгчид 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, түүний ажил эрхэлдэг байдал, орлого, санхүүгийн эх үүсвэр буюу сард 350.000 төгрөгийн цалин хөлстэй зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
3.Бусад асуудлаар
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй зэргийг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Оийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000( дөрвөн зуун наян мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бгийн эдлэх торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Бгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Э.Мөнхтуяад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хууль зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА